Судрууд
1 Нифай 14


Бүлэг 14

Харийнхан дээр буух адислалуудын болон зүхлүүдийн тухай тэнгэр элч Нифайд хэлэв—Зөвхөн хоёр сүм буй: Бурханы Хурганы сүм мөн чөтгөрийн сүм болой—Бүх үндэстэн дэх Бурханы гэгээнтнүүд агуу бөгөөд жигшүүрт сүмд хавчигдав—Төлөөлөгч Иохан дэлхийн төгсгөлийн тухай бичиглэх болно. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Мөнхүү улиран тохиох дор, Бурханы Хурга өөрийгөө үгээр, мөн түүнчлэн хүчээр, бодит үйлэнд үзүүлэн, тэдний тээглэх чулууг зайлуулах тэр өдөр, хэрэв харийнхан Бурханы Хургыг анхаарах аваас—

2 Мөн Бурханы Хурганы эсрэг зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, тэд чиний эцгийн үр удмын дунд тоологдох болно; тийм ээ, тэд Израилын угсааныхны дунд тоологдох болно; мөн тэд амлагдсан нутагт үүрд адислагдсан ард түмэн байх болно; тэд дахин хэзээ ч дарангуйлалд оруулагдахгүй; мөн Израилын угсаа дахин хэзээ ч шившиглэгдэхгүй.

3 Мөн хүмүүсийн сүнсийг доош тамд удирдаж болохын тулд чөтгөр болон түүний хүүхдүүдийн үндэслэсэн, агуу бөгөөд жигшүүрт сүмээр хүмүүст зориулагдан ухагдсан тэр агуу нүх—тийм ээ, хүмүүсийн устгалын тулд ухагдсан тэр агуу нүх нь ухсан тэднээрээ, тэдний бүрмөсөн устгалыг хүртэл дүүргэгдэх болно хэмээн Бурханы Хурга хэлдэг; төгсгөл үгүй тамд хаягдахаас бусдаар сүнс устгагдах нь үгүй болой.

4 Учир нь болгоогтун, энэ нь чөтгөрийн дарангуйллын дагуу, мөн түүнчлэн Бурханы өмнө ёс бусыг болон жигшүүрт хэргийг үйлдэх тэд бүгдийн дээрх Түүний шударга ёсны дагуу буюу.

5 Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч, Нифай надад хандаж, хэлрүүн: Хэрэв харийнхан наманчлах аваас тэдэнд сайн болохыг чи болгоосон билээ; мөн түүнчлэн Израилын угсаан дахь Их Эзэний гэрээнүүдийн тухай чи мэдэх бөлгөө; мөн түүнчлэн наманчлахгүй хэн боловч эрсдэх ёстойг чи сонссон билээ.

6 Тиймийн тул, хэрэв тэд Бурханы Хурганы эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах аваас харийнханд халаг тохиох буюу.

7 Учир нь би хүмүүсийн үрсийн дунд агуу болон гайхамшигт ажлыг үйлдэх цаг ирэх болно хэмээн Бурханы Хурга хэлэв; аль аль талаас үзэхэд үүрдийнх болох тэрхүү үйлийг буюу, нэг талаас тэднийг энх амгалан болон мөнх амьдралд ороход ятгах, эсвээс өөрсдийнх нь зүрх сэтгэлийн хатуу мөн санаа бодлын харалган байдлаас нь болж зуурдын биеийн болон сүнслэг байдлаар, миний өгүүлсэн чөтгөрийн дарангуйллын дагуу тэднийг доош дарангуйлалд, мөн түүнчлэн устгалд хүргэх болно.

8 Мөнхүү улиран тохиох дор уг тэнгэр элч эдгээр үгийг ярьсныхаа дараа, тэрбээр надад хандан: Израилын угсаатай хийсэн Эцэгийн гэрээнүүдийг чи санаж байна уу? хэмээв, би түүнд хандан, тийм ээ гэв.

9 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр надад хандан: Харагтун, мөн жигшүүрт хэргүүдийн эх, үндэслэгч нь чөтгөр болох тэр агуу бөгөөд жигшүүрт сүмийг болгоогтун хэмээв.

10 Мөн тэрээр надад хандан ийн хэлэв: Зөвхөн хоёр сүм буйг болгоогтун; нэг нь Бурханы Хурганы сүм, мөн нөгөө нь чөтгөрийн сүм бөлгөө; иймийн тул, Бурханы Хурганы сүмд эс харьяалагдах хэн боловч жигшүүрт хэргүүдийн эх болох тэр агуу сүмд харьяалагдана, мөн тэр нь бүх дэлхийн янхан эм билээ.

11 Мөнхүү улиран тохиох дор би харж бас бүх дэлхийн янхан эмийг болгоов, мөн тэрээр их усан дээр сууж байв: мөн тэр нь бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмний дунд, бүх дэлхийг ноёрхох бөлгөө.

12 Мөнхүү улиран тохиох дор би Бурханы Хурганы сүмийг болгоов, мөн энэ нь их усан дээр суугч янхан эмийн тэрхүү ёс бус болон жигшүүрт хэргүүдийн учир тоогоороо цөөн байв; хэдий тийм ч, Бурханы гэгээнтнүүд байсан Хурганы сүмийнхэн түүнчлэн бүх дэлхийн гадаргуугаар оршин байхыг би болгоов; мөн тэдний ноёрхол нь дэлхийн гадаргуугаар бага байв, миний харсан тэр агуу янхан эмийн ёс бусын учир болой.

13 Мөнхүү улиран тохиох дор жигшүүрт хэргүүдийн агуу эх, харийнхны бүх улсын дундаас олон ардыг Бурханы Хурганы эсрэг тулалдуулахаар, бүх дэлхийн гадаргуу даяар нэгтгэн цуглуулахыг би болгоов.

14 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн дэлхийн гадаргуугаар тархсан байсан Их Эзэний гэрээт хүмүүс дээр Бурханы Хурганы хүч буусныг болгоов; мөн тэд ялгуусан сүр жавхланд зөв шударга байдлаар болон Бурханы хүчээр зэвсэглэсэн байв.

15 Мөнхүү улиран тохиох дор Бурханы хилэгнэл тэрхүү агуу бөгөөд жигшүүрт сүмийн дээр цутгагдаж, үүний хэрээр дэлхийн бүх үндэстэн, ястны дунд дайнууд болон дайны цуурхлууд байгааг би болгоов.

16 Мөн дайн болон дайны цуурхлууд жигшүүрт хэргүүдийн эхийн эзэгнэсэн бүх үндэстний дунд гарч эхэлсэн учраас, сайхь тэнгэр элч надад хандаж, хэлрүүн: Болгоогтун, Бурханы хилэгнэл садар эмсийн эх дээр буй; мөн болгоогтун, чи эдгээр бүх зүйлийг харж буй—

17 Мөн бүх дэлхийн агуу бөгөөд жигшүүрт сүм, түүний үндэслэгч нь чөтгөр болох, садар эмсийн эх дээр Бурханы хилэгнэл цутгагдах тэрхүү өдөр ирэхэд, тийн тэр өдөр, Израилын угсааны ард түмэнтэй өөрийн хийсэн тэр гэрээнүүдийг биелүүлэх замыг бэлтгэхээр Эцэгийн ажил эхлэх болно.

18 Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан ярьж: Харагтун! хэмээв.

19 Мөн би харж бас нэгэн хүнийг болгоов, мөн тэрээр цагаан орхимж өмссөн байв.

20 Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Хурганы арван хоёр төлөөлөгчийн нэгийг болгоогтун хэмээв.

21 Болгоогтун, тэрээр эдгээр зүйлийн үлдэгдлийг; тийм ээ, мөн түүнчлэн тохион байсан олон зүйлийг харж бас бичиглэх болно.

22 Мөн түүнчлэн тэрээр дэлхийн төгсгөлийн талаар бичиглэх болно.

23 Иймийн тул, түүний бичиглэх зүйлс шударга бөгөөд үнэн бөлгөө; мөн тэдгээр нь Иудейн амнаас гарсныг нь чиний болгоосон тэр номд бичиглэгдсэнийг болгоогтун; мөн тэдгээр нь Иудейн амнаас үүссэн тэр цагт, өөрөөр хэлбэл, уг ном Иудейн амнаас үүссэн тэр цагт, бичиглэгдсэн тэр зүйлс нь тодорхой болон хольцгүй, мөн бүх хүмүүнд ойлгоход хялбар бас эрхэм үнэт байв.

24 Мөн болгоогтун, Хурганы энэ төлөөлөгчийн бичиглэх зүйлс нь чиний харсан олон зүйл байх бөлгөө; мөн болгоогтун, үлдсэнийг нь чи харах болно.

25 Гэвч үүнээс хожим чи өөрийн үзэх зүйлсийг бичиглэхгүй; учир нь тэдгээрийг тэр бичиглэвэл зохино хэмээн Бурханы Хурганы төлөөлөгчийг Их Эзэн Бурхан томилсон бөлгөө.

26 Мөн түүнчлэн байсан өөр заримд, тэдэнд бүх зүйлийг тэрээр үзүүлж, мөн тэд тэдгээрийг бичиглэсэн буюу; мөн тэдгээр нь Хурган дахь үнэний дагуу Израилын угсаанд Их Эзэний тогтоосон цагт хольцгүй цэвэр байдлаараа авчрагдахын тулд лацдагдсан болно.

27 Мөн Нифай би, Хурганы төлөөлөгчийн нэр нь, тэнгэр элчийн хэлснээр, Иохан гэдэг болохыг сонссон бөгөөд ийн гэрчлэх бөлгөө.

28 Мөн болгоогтун, Нифай надад өөрийн үзсэн болоод сонссон зүйлсийн үлдэгдлийг бичих нь хориглогдсон билээ; иймийн тул миний бичсэн зүйлс надад хангалттай; мөн би үзсэн зүйлсээсээ зөвхөн багахан хэсгийг бичиглэсэн ажгуу.

29 Мөн би эцгийнхээ харсан зүйлсийг харсан хэмээн би гэрчилж буй бөгөөд Их Эзэний тэнгэр элч тэдгээрийг надад мэдүүлсэн бөлгөө.

30 Мөн эдүгээ би Сүнсэнд эзэгнэгдсэн үедээ харсан тэдгээр зүйлийн талаар ярихаа төгсгөл болгоё; мөн миний харсан бүх зүйл бичигдээгүй хэдий ч, миний бичсэн зүйлс үнэн бөлгөө. Мөн энэ нь ийм болой. Амен.