Бүлэг 16
Ёс бусыг үйлдэгчдэд үнэн нь хатуу санагддаг—Лихайн хөвгүүд Ишмэилийн охидтой гэрлэв—Лиахона тэдний замыг аглаг буйдад удирдав—Их Эзэнээс ирэх үгс Лиахона дээр цагаас цагт бичигдэж байв—Ишмэил нас барав; түүний гэр бүлийнхэн зовлон зүдгүүрийн улмаас бувтналдав. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Нифай намайг ах нартаа хандсан яриагаа төгсгөл болгосны дараа, болгоогтун, тэд надад хандан: Бидний тэвчиж чадахаас хэтэрсэн хатуу зүйлийг чи бидэнд тунхаглалаа хэмээв.
2 Мөнхүү улиран тохиох дор тэдэнд хандан би үнэний дагуу, ёс бусыг үйлдэгчдийн эсрэг хатуу зүйлсийг ярьсан гэдгээ би мэдсэн гэж хэлэв; мөн би зөв шударгыг үйлдэгчдийг зөвтгөн, мөн тэд эцсийн өдөр өргөмжлөгдөнө гэдгийг гэрчилсэн; иймийн тул гэмтнүүдэд, энэ нь тэдний зүрхийг зүсэх учир үнэн нь хатуу санагддаг бөлгөө.
3 Мөн эдүгээ ах нар минь, хэрэв та нар зөв шударга мөн та нар Бурханы өмнө зөв шударгаар алхаж болохын тул үнэнийг дуртайяа анхааран сонсдог бол мөн үүнд анхаарлаа хандуулдагсан бол, та нар үнэнээс болж бувтналдаж: Чи бидний эсрэг хатуу зүйлсийг ярив хэмээхгүй байсан.
4 Мөнхүү улиран тохиох дор Нифай би, Их Эзэний зарлигуудыг сахихыг ах нартаа байдгаараа хичээнгүйлэн ухуулав.
5 Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгав; үүний хэрээр тэд зөв шударгын замуудаар алхлах болно хэмээн тэдний төлөө баясал мөн их найдлага надад төрөв.
6 Эдүгээ, Лемүел гэж түүний нэрлэсэн тэр хөндийд эцэг минь майханд аж төрөн байхад эдгээр бүх зүйл хэлэгдсэн мөн хийгдсэн бөлгөө.
7 Мөнхүү улиран тохиох дор Нифай би, Ишмэилийн охидын нэгийг эхнэр болгон авав; мөн түүнчлэн, миний ах нар Ишмэилийн охидоос эхнэр болгон авцгаав; мөн түүнчлэн Зорам Ишмэилийн ууган охиныг эхнэр болгон авав.
8 Мөн тийн миний эцэг өөрт нь өгөгдсөн Их Эзэний бүх зарлигийг гүйцэлдүүлсэн байв. Мөн түүнчлэн Нифай би, Их Эзэнээр адислагдсан нь үлэмж бөлгөө.
9 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой эцэгт минь хандан шөнөөр ярьж, мөн тэр маргааш нь аглаг буйдад аяндаа гарвал зохино хэмээн түүнд зарлигласан бөлгөө.
10 Мөнхүү улиран тохиох дор эцэг минь өглөө босоод мөн майхны үүдэнд ирэхдээ, гайхлыг нь төрүүлэн, газарт буй нарийн хийцтэй бөмбөрцгийг олж харав; мөн энэ нь сайн чанарын гууль байв. Мөн тэр бөмбөрцөг хоёр зүүтэй байв; нэг зүү нь аглаг буйдад бидний хааш явбал зохих замыг зааж байв.
11 Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйд тийш авч явбал зохих бүх зүйлээ, мөн Их Эзэн бидэнд өгсөн хоол хүнсний үлдэгдлийг бүгдийг нь бөөгнүүлэн цуглуулав; мөн бид төрөл бүрийн үрийг аглаг буйдад тээхээр авав.
12 Мөнхүү улиран тохиох дор бид майхнуудаа авч мөн Лемений голыг гатлан аглаг буйд тийш одов.
13 Мөнхүү улиран тохиох дор бид дөрвөн өдрийн турш зүүн урд, урд зүг орчмыг чиглэн аялаад, мөн бид майхнуудаа дахин босгов; мөн бид уг газрыг Шазер хэмээх нэрээр нэрлэв.
14 Мөнхүү улиран тохиох дор бид нум сумаа агсан, мөн гэр бүлийнхэндээ ан агнаж өгөхөөр аглаг буйдад одов; мөн бид гэр бүлийхэндээ зориулж ан агнаад, дараа нь аглаг буйд дахь Шазер нутагт гэр бүлийнхэндээ эргэж ирэв. Тэгээд бид урьдын адил чигийг даган, Улаан Тэнгисийн эрэг дагуу орших аглаг буйдын хамгийн үржил шимтэй хэсгийг даган аглаг буйдад дахин одов.
15 Мөнхүү улиран тохиох дор бид замдаа нум сумаараа болон чулуу бас дүүгүүрээрээ ан хийж, олон өдрийн турш аялав.
16 Мөн бид аглаг буйдын илүү үржил шимтэй хэсгээр нь дагуулах тэр бөмбөрцгийн заах чиглэлийг дагаж явсан бөлгөө.
17 Мөн олон хоногийн турш аялсныхаа дараа бид хэсэг хугацаанд өөрсдийгөө дахин амрааж мөн гэр бүлийнхэндээ хүнс залгуулахаар майхнуудаа босгов.
18 Мөнхүү улиран тохиох дор Нифай би, ан агнахаар явахдаа, болгоогтун, сайн гангаар хийсэн нумаа хугалчихав; мөн намайг нумаа хугалсны дараа, болгоогтун, бид хүнс залгуулаагүй учир, миний нум хугарсны улмаас ах нар минь надад уурлаж байв.
19 Мөнхүү улиран тохиох дор бид гэрийнхэндээ хүнсгүй буцаж ирэв, тэд аяныхаа улмаас ихэд эцэж ядарсан учир хоол хүнсээр гачигдаж ихэд шаналан байв.
20 Мөнхүү улиран тохиох дор Лемен болон Лемүел мөн Ишмэилийн хөвгүүд аглаг буйд дахь зовлон, зүдгүүрүүдийнхээ улмаас үлэмж ихээр бувтналдаж эхлэв; мөн түүнчлэн эцэг минь Их Эзэн Бурханыхаа эсрэг бувтнаж эхлэв; тийм ээ, мөн тэд бүгд бүр Их Эзэний эсрэг бувтналдахаар үлэмжийн уй гашууд автагдсан байв.
21 Эдүгээ улиран тохиох дор, Нифай намайг нумаа алдсаны улмаас ах нар минь зовоож мөн тэдний нум хөвчгүй болсон байсан учир үлэмж хэцүү болж эхлэв, тийм ээ, үүний улмаас бид хүнс залгуулж чадахгүй байв.
22 Мөнхүү улиран тохиох дор ах нар маань зүрх сэтгэлээ дахин хатууруулж, бүр Их Эзэн Бурханыхаа эсрэг гомдоллож байсан учир Нифай би, тэдэнд хандан ихийг ярив.
23 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, модоор нум, шулуун саваагаар сум хийв; иймийн тул, би өөрийгөө нум сум, дүүгүүр бас чулуугаар зэвсэглэв. Мөн би эцэгтээ хандан: Би хүнс залгуулахаар хааш явах билээ? хэмээв.
24 Мөнхүү улиран тохиох дор тэд миний үгсийн учир өөрсдийгөө даруусгасан байсан тул тэрээр Их Эзэнээс асуув; би бодгалийнхаа эрч хүчээр тэдэнд хандан олон зүйлийг ярьсны учир болой.
25 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой эцэгт минь ирэв; мөн Их Эзэний эсрэг бувтнасныхаа учир тэр үнэхээр зэмлэгдсэн бөлгөө, үүний хэрээр тэр гүнээ харамсалд орсон байв.
26 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой түүнд хандан: Бөмбөрцгийн дээрхийг хар, мөн бичигдсэн зүйлсийг болгоогтун хэмээв.
27 Мөнхүү улиран тохиох дор эцэг минь бөмбөрцөг дээр бичигдсэн тэр зүйлсийг хараад, тэрээр, мөн түүнчлэн миний ах нар болон Ишмэилийн хөвгүүд мөн бидний эхнэрүүд үлэмж ихээр айж, чичирцгээж байв.
28 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, уг бөмбөрцөгт буй зүүнүүдийг, тэдгээр нь бидний тэдгээрт хандуулсан итгэлийн бас хичээнгүй байдлын болон анхаарлын дагуу ажилладаг байсныг болгоов.
29 Мөн тэдгээрийн дээр түүнчлэн уншихад илэрхий, Их Эзэний замуудын талаар бидэнд ойлголт өгөх шинэ бичиглэл байв; мөн энэ нь түүнд хандах бидний итгэлийн болон хичээнгүй байдлын дагуу цагаас цагт бичигдэж, өөрчлөгдөж байсан ажгуу. Мөн бид өчүүхэн арга замаар Их Эзэн агуу зүйлсийг тохиох болгож чадахыг ийн хардаг буюу.
30 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, бөмбөрцөг дээр өгөгдсөн тэр чиглэлийн дагуу уулын оргил дээр гарлаа.
31 Мөнхүү улиран тохиох дор би зэрлэг амьтныг агнаж, үүний хэрээр би гэр бүлийнхэндээ өгөх хоолтой болов.
32 Мөнхүү улиран тохиох дор би агнасан амьтнаа үүрсээр майхнууддаа эргэж ирэв; мөн эдүгээ тэд намайг хоол олж ирснийг хараад, тэдний баяр хөөр хэчнээн их байсан гээч! Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, мөн түүнд талархал өргөв.
33 Мөнхүү улиран тохиох дор бид дахин аяндаа гарч, эхний удаагийнхтай ойролцоо чиглэлд аялав; мөн бид олон хоногийн турш аялсны дараа бид хэсэг хугацаанд буудаллахаар майхнуудаа дахин босгов.
34 Мөнхүү улиран тохиох дор Ишмэил нас барж, мөн Нахом хэмээх газарт түүнийг оршуулав.
35 Мөнхүү улиран тохиох дор Ишмэилийн охид эцгээ алдсан учир, басхүү аглаг буйд дахь зүдгүүрүүдийн учир үлэмж гашуудан байв; мөн тэд эцгийн минь эсрэг, тэр тэднийг Иерусалим нутгаас гарган авчирсны учир бувтналдан, өгүүлсэн нь: Бидний эцэг үхэв; тийм ээ, мөн бид аглаг буйдад ихээр бэдрэв, мөн бид ихэд зовж зүдэрч, өлсөж цанган бас ядрав; мөн эдгээр бүх зовлонгийн эцэст бид энэ аглаг буйдад өлсгөлөнгийн улмаас эрсдэх нь зайлшгүй хэмээв.
36 Мөн тэд тийн эцгийн минь эсрэг, мөн түүнчлэн миний эсрэг бувтналдав; мөн тэд Иерусалим руу дахин буцах хүсэлтэй байлаа.
37 Мөн Лемен нь Лемүелд мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүдэд хандан: Болгоогтун, манай эцгийг мөн түүнчлэн ах нар нь болох бидний захирагч болон багш болох үүргийг өөртөө авсан манай дүү Нифайг бүгдээрээ алцгаая хэмээв.
38 Эдүгээ, тэрээр Их Эзэн өөртэй нь ярьсан, мөн түүнчлэн тэнгэр элч нар өөрт нь тохинуулсан гэж хэлсэн. Гэвч болгоогтун, тэр бидэнд худал хэлж буйг бид мэднэ; мөн тэрээр бидний нүдийг хуурч болохын тулд, магадгүй, биднийг харь этгээд аглаг буйд тийш дагуулан одож болно хэмээн бодоод; мөн тэр биднийг дагуулсныхаа дараа биднээр өөрийн хүсэл болон тааллын дагуу хийлгэж болохын тулд, өөрийгөө бидний хаан мөн захирагч болгоно хэмээн бодоод, эдгээр зүйлийг тэр бидэнд хэлж мөн олон зүйлийг башир аргаар үйлддэг. Мөн миний ах Лемен тэдний зүрх сэтгэлийг уурлуулахаар энэ маягаар өдөөн хатгав.
39 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн бидэнтэй хамт байв, тийм ээ, бүр Их Эзэний дуу хоолой ирж мөн тэдэнд хандан олон үгийг ярив, мөн тэднийг үлэмж зэмлэсэн бөлгөө; мөн тэд Их Эзэний дуу хоолойгоор зэмлүүлснийхээ дараа уурлахаа больж, мөн нүглүүдээ наманчлав, үүний хэрээр Их Эзэн биднийг дахин хоол хүнсээр адисалсан тул бид эрсдээгүй бөлгөө.