Бүлэг 17
Нифай усан онгоц барихаар зарлигдуулав—Ах нар нь түүнийг эсэргүүцэв—Тэрээр Израилынханд Бурханы үйлдсэн үйл хэргүүдийн түүхийг давтан байж тэднийг ухуулав—Нифай Бурханы хүчээр дүүргэгдэв—Ах нар нь түүнд гар хүрэх нь хориглогдов, тэгэх аваас тэд хатсан зэгс мэт гандах байв. Ойролцоогоор МЭӨ 592–591 он.
1 Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйдад дахин аяндаа гарав; мөн бид тэр цагаас хойш барагцаалбал дорнодыг чиглэн аялсан бөлгөө. Мөн бид аглаг буйдад аялж бас их зүдгүүрийг туулав; мөн эмэгтэйчүүд маань аглаг буйдад хүүхдүүд төрүүлэв.
2 Мөн бидэн дээрх Их Эзэний адислалууд агуу их байв, иймээс аглаг буйдад бид түүхий махаар амь зогоож байхад манай эмэгтэйчүүд хүүхдүүдээ хөхүүлэн элбэг цатгаж, бас тэд хүч тамиртай, тийм ээ бүр эр хүний адил байв; мөн тэд аяны замаа бувтналдалгүйгээр туулж эхлэв.
3 Мөн бид Бурханы зарлигууд биелэгдэх ёстойг ийн харав. Мөн хүмүүсийн үрс Бурханы зарлигуудыг сахивал тэрээр тэднийг тэжээн мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас өөрийн зарлигласан тэрхүү зүйлийг биелүүлэх арга замуудыг тэдэнд хангаж өгдөг бөлгөө; иймийн тул, тэрээр биднийг аглаг буйдад нүүдэллэж байх зуур арга замуудаар хангаж байв.
4 Мөн бид аглаг буйдад олон жилийн турш, тийм ээ, бүр найман жил нүүдлийн байдалд байлаа.
5 Тэгээд жимс, бас зэрлэг зөгийн бал элбэгтэй учир Өгөөмөр хэмээн бидний нэрлэсэн нутагт бид хүрч ирэв; мөн эдгээр бүх зүйл биднийг эрсдүүлэхгүйн тулд Их Эзэнээр бэлтгэгдсэн байлаа. Мөн Иррентум хэмээн бидний нэрлэсэн, орчуулбал их усан гэгдэх тэнгисийг бид болгоов.
6 Мөнхүү улиран тохиох дор бид тэнгисийн эрэгт майхнуудаа босгов; мөн бид их зүдгүүр, олон бэрхшээлийг, тийм ээ, бүр бид бүгдийг нь бичиж чадахааргүй ихийг туулсан, гэсэн хэдий ч, бид тэнгисийн эрэгт ирэх үедээ үлэмж баяртай байв; мөн их жимстэйнх нь улмаас уг нутгийг Өгөөмөр хэмээн бид нэрлэв.
7 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, Өгөөмөр нутагт олон өдөр байсны дараа Их Эзэний дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Бос, мөн ууланд гарагтун хэмээв. Мөнхүү улиран тохиох дор би босож мөн уулан дээр гараад, Их Эзэнд хандан залбирав.
8 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад ярьж, өгүүлсэн нь: Би чиний хүмүүсийг энэ усаар зөөхийн тулд, чамд миний үзүүлэх тэр маягаар, чи усан онгоц барих болно хэмээв.
9 Мөн би хэлэв: Их Эзэн, надад таны үзүүлсэн тэр маягийн дагуу онгоц барих багажуудыг хийж болохын тулд хайлуулах хүдрийг олохоор би хаашаа явах вэ?
10 Мөнхүү улиран тохиох дор би багаж хийж болохын тулд хүдэр олохоор хааш явахыг Их Эзэн надад хэлэв.
11 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би амьтны арьсаар гал үлээлгэх хөөрөг хийв; мөн гал хөөргөдөх хэрэгсэлтэй байж болохын тулд би хөөрөг хийсний дараа, гал үүсгэж болохын тулд хоёр чулуу харшуулан цахив.
12 Учир нь, Их Эзэн эдүгээ болтол биднийг аглаг буйдад аялах зуураа гал ихээр түлэхийг зөвшөөрөөгүй байсан билээ; учир нь тэрээр: Би та нарын хоолонд амт оруулах учраас та нар үүнийг гал дээр чанах хэрэггүй;
13 Мөн түүнчлэн би аглаг буйдад та нарын гэрэл байх болно; мөн хэрэв та нар миний зарлигуудыг сахивал, би та нарын өмнө замыг бэлтгэнэ; иймийн тул, та нар миний зарлигуудыг сахихынхаа хэрээр амлагдсан нутгийн зүг удирдагдах болно; мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно хэмээсэн болой.
14 Тийм ээ, мөн Их Эзэн түүнчлэн: Та нар амлагдсан нутагт хүрсний дараа, би бол Их Эзэн, Бурхан мөн гэдгийг; мөн Их Эзэн би, та нарыг устгалаас ангижруулсныг; тийм ээ, би та нарыг Иерусалим нутгаас гаргаж авчирсныг та нар мэдэх болно хэмээв.
15 Иймийн тул, Нифай би, Их Эзэний зарлигуудыг сахихаар мэрийж мөн итгэлтэй бас хичээнгүй байхыг би ах нартаа ухуулсан билээ.
16 Мөнхүү улиран тохиох дор би хаднаас хайлуулсан хүдрээр багаж хийв.
17 Мөн ах нар маань намайг усан онгоц барих гэж буйг хараад, тэд миний эсрэг бувтналдаж эхлэн, өгүүлсэн нь: Дүү маань мулгуу юм, учир нь тэр өөрийгөө усан онгоц барьж чадна хэмээн бодно; тийм ээ, мөн түүнчлэн тэр энэ агуу их усыг гаталж чадна гэж бодох ажээ.
18 Мөн ах нар минь миний эсрэг ийн гомдоллож, мөн тэд намайг усан онгоц барьж чадна гэж итгээгүйн учир, тэд хөдөлмөрлөхгүй байх хүсэлтэй байсан буюу; бас тэд намайг Их Эзэнээр зааварлагдаж байсан гэдэгт ч итгэхгүй байв.
19 Мөн эдүгээ улиран тохиох дор, Нифай би, тэдний зүрх сэтгэл хатуугийн учир үлэмж ихээр гуниглан байв; мөн эдүгээ тэд намайг гуниглаж эхлэхийг хараад зүрх сэтгэлдээ баярлаж, үүний хэрээр тэд надаас болон баясаж, өгүүлсэн нь: Бид чамайг усан онгоц барьж чадахгүйг чинь мэдсэн, учир нь дүгнэж цэгнэхдээ мууг чинь бид мэдсэн; иймийн тул, чи ийм агуу үйлийг гүйцэлдүүлж чадахгүй.
20 Мөн чи зүрх сэтгэлийнхээ мунхаг төсөөлөлд хөтлөгдөх бидний эцэгтэй адил юм; тийм ээ, тэр биднийг Иерусалим нутгаас удирдан гаргасан, мөн бид аглаг буйдад өдий олон жил бэдрэн явна; мөн бидний эмэгтэйчүүд бие давхар байж хүнд ажилд зүтгэв; мөн тэд аглаг буйдад хүүхдүүдээ төрүүлж мөн үхэхээс бусдаар бүх зүйлийн зовлонг үзлээ; мөн тэд Иерусалимаас гарч ирэхээсээ өмнө үхсэн бол эдгээр зүдгүүрийг туулснаас дээр байх байсан биз ээ.
21 Болгоогтун, ийм олон жил бид аглаг буйдад зовлоо, бид энэ хугацаанд өөрсдийн эд хөрөнгө болон өв газраа сэтгэл хангалуун эдэлж болох байсан; тийм ээ, мөн бид баяр хөөртэй байж болох байсан.
22 Мөн Иерусалим нутагт байсан тэр хүмүүс зөв шударга хүмүүс байсныг бид мэднэ; учир нь тэд Их Эзэний тогтоолууд болон шүүлтүүдийг мөн түүний бүх зарлигийг Мосегийн хуулийн дагуу сахидаг байсан бөлгөө; иймийн тул, тэд бол зөв шударга хүмүүс гэдгийг бид мэднэ; мөн бидний эцэг тэднийг шүүж, мөн бид түүний үгсийг анхаарах учраас биднийг гарган удирдсан юм; тийм ээ, мөн манай дүү түүнтэй адил юм. Мөн иймэрхүү маягийн хэлээр ах нар маань бидний эсрэг гомдоллон бувтналдав.
23 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, тэдэнд хандан ярьж, хэлрүүн: Израилын хүүхдүүд болох бидний эцэг өвгөд, хэрэв тэд Их Эзэний үгсийг анхаараагүй бол египетчүүдийн гараас гарган удирдагдах байсан гэдэгт та нар итгэдэг үү?
24 Тийм ээ, хэрэв тэднийг боолчлолоос удирдан гаргахыг Их Эзэн Мосед зарлиг болгоогүй бол, тэд боолчлолоос удирдагдан гарах байсан гэж та нар таамаглана уу?
25 Эдүгээ Израилын хүүхдүүд боолчлолд байсныг та нар мэднэ; мөн тэд тэсэхэд хэцүү ажилд дарагдаж байсныг та нар мэднэ; иймийн тул, тэд боолчлолоос гаргагдан авчрагдсан нь тэдэнд сайн зүйл болсон нь гарцаагүйг та нар мэднэ.
26 Мосе тэр агуу үйлийг хийхээр Их Эзэнээр зарлигдуулсан байсныг эдүгээ та нар мэднэ; мөн түүний үгээр Улаан Тэнгисийн ус нааш цааш ярагдан, мөн тэд хуурай газар дээгүүр хөндлөн гарч ирснийг та нар мэднэ.
27 Харин Фараоны их цэрэг болох тэр египетчүүд Улаан тэнгист живснийг та нар мэднэ.
28 Мөн түүнчлэн тэд аглаг буйдад маннагаар тэжээгдэж байсныг та нар мэднэ.
29 Тийм ээ, мөн түүнчлэн Мосе өөрийн үгээр, түүнд байсан Бурханы хүчний дагуу хадыг цохиж, тэндээс ус гарахад Израилын хүүхдүүд цангаагаа тайлж болох болсныг та нар мэдэх бөлгөө.
30 Мөн тэдний Их Эзэн Бурхан, тэдний Гэтэлгэгч өмнө нь явж, өдрөөр тэднийг удирдан дагуулж мөн шөнөөр гэрэл гэгээ өгч, мөн хүнд өгөгдвөл зохих тэдгээр бүх зүйлийг тэдэнд хийж өгч, тэд удирдагдаж байсан атал, тэд зүрх сэтгэлээ хатууруулан мөн оюунаа харалган болгож, Мосегийн эсрэг мөн үнэн болоод амьд Бурханы эсрэг хараан доромжилж байсан билээ.
31 Мөнхүү улиран тохиох дор өөрийн үгийн дагуу тэр тэднийг устгасан бөлгөө; мөн өөрийн үгийн дагуу тэр тэднийг удирдсан бөлгөө; мөн өөрийн үгийн дагуу тэр тэдэнд бүх зүйлийг хийж өгсөн билээ; мөн түүний үгээр бус аваас нэгээхэн ч зүйл эс хийгдсэн бөлгөө.
32 Мөн тэд Иордан голыг гаталсны дараа тэрээр тэднийг уг нутгийн хүүхдүүдийг хөөн зайлуулах, тийм ээ, тэднийг устгалд нь хүртэл тараах хүчтэй болгосон буюу.
33 Мөн эдүгээ, та нар ийн таамаглана уу, амлалтын нутагт байсан, бидний эцэг өвгөдөөр хөөгдөн гаргагдсан, энэ нутгийн хүүхдүүдийг, тэднийг та нар зөв шударга байсан гэж таамаглана уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй.
34 Хэрэв тэд зөв шударга байсан бол манай эцэг өвгөд тэднээс илүүтэйгээр сонгомол байх байсан гэж та нар таамаглана уу? Би та нарт хэлнэ, Үгүй.
35 Болгоогтун, Их Эзэн бүх маханбодыг адилхан үздэг; зөв шударга тэрээр Бурханы тааллыг хүртдэг. Гэвч болгоогтун, энэ хүмүүс Бурханы үг бүрийг эсэргүүцэж, мөн тэдний алдас боловсорч гүйцээд байв; мөн Бурханы хилэн тэдний дээр үлэмж ихээр ирэв; мөн Их Эзэн уг нутгийг тэдний эсрэг зүхэж, мөн бидний эцэг өвгөдийн төлөө үүнийг адисалсан юм; тийм ээ, тэрээр үүнийг тэдний эсрэг, устгалд нь хүртэл зүхэж, мөн тэрээр бидний эцэг өвгөдийг, үүнийг эзэмших хүчээр тэднийг адисалсан юм.
36 Болгоогтун, Их Эзэн газар дэлхийг эзэмшүүлж болохын тулд бүтээсэн юм; мөн тэд үүнийг эзэмшиж болохын тулд тэрээр өөрийн хүүхдүүдийг бүтээсэн юм.
37 Мөн тэрээр зөв шударга үндэстнийг бий болгон, мөн ёс бус үндэстнүүдийг устгадаг болой.
38 Мөн тэрээр зөв шударгыг үйлдэгчдийг эрхэм сайхан нутгууд тийш удирдаж, мөн ёс бусыг үйлдэгчдийг тэрээр устган, мөн тэдний улмаас, тэдэнд уг нутгийг зүхдэг бөлгөө.
39 Тэрээр тэнгэрийн дээдэд ноёлдог, учир нь энэ бол түүний сэнтий, мөн энэ дэлхий бол түүний хөлийн тавиур юм.
40 Мөн тэрээр өөрийг нь Бурханаа болгогч тэднийг хайрладаг. Болгоогтун, тэрээр бидний эцэг өвгөдийг хайрлаж, мөн тэрээр тэдэнтэй гэрээ хийсэн билээ, тийм ээ, бүр Абрахам, Исаак мөн Иаковтой буюу; мөн тэрээр өөрийн хийсэн гэрээнүүдийг санасан буюу; иймийн тул, тэрээр тэднийг Египет нутгаас гарган авчирсан бөлгөө.
41 Мөн тэрээр өөрийн саваагаар аглаг буйдад тэднийг шийтгэв; учир нь тэд яг та нарын адил зүрх сэтгэлээ хатууруулсан билээ; мөн Их Эзэн тэдний алдсын улмаас тэднийг шийтгэв. Тэрээр нисдэг галт могойнуудыг тэдний дунд илгээсэн бөлгөө; мөн тэднийг хазуулсны дараа тэрээр тэдний эдгэрч болох арга замыг бэлтгэсэн ажгуу; мөн тэдний гүйцэтгэх ажил нь харах байв; мөн уг арга замын энгийн байдал эсвэл үүний амархны учир эрсэдсэн нь олон байв.
42 Мөн тэд цагаас цагт зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Мосегийн эсрэг, мөн түүнчлэн Бурханы эсрэг тэд хараан доромжилж байв; гэсэн хэдий ч, түүний зүйрлэшгүй хүчээр амлалтын нутагт тэд удирдагдсаныг та нар мэднэ.
43 Мөн эдүгээ, эдгээр бүх зүйлийн дараа, тэдний ёс бус болсон цаг ирлээ, тийм ээ, бараг л боловсорч гүйцээд байна; мөн энэ өдөр тэд устгагдах гэж байгаа эсэхийг би эс мэднэ; учир нь тэдний дарангуйлалд хүргэгдэх цөөн хэдээс бусад нь устгагдах ёстой тэр өдөр гарцаагүй ирэх ёстойг би мэднэ.
44 Иймийн тул, Их Эзэн эцэгт минь, тэрээр аглаг буйд тийш одвол зохино хэмээн зарлигласан ажгуу; мөн түүнчлэн иудейчүүд түүний амийг авахыг эрэлхийлэв; тийм ээ, мөн та нар ч түүнчлэн түүний амийг авахаар эрэлхийлсэн; иймийн тул, та нар зүрх сэтгэлдээ алуурчид, мөн та нар бас тэдний адил бөлгөө.
45 Та нар алдсыг үйлдэхдээ шаламгай боловч Их Эзэн Бурханаа санахдаа удаан болой. Та нар тэнгэр элчийг харсан, мөн тэрээр та нарт ярьсан; тийм ээ, та нар түүний дуу хоолойг цагаас цагт сонссон; мөн тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан, гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн байсан, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй; иймийн тул, дэлхийг салж хуваагдах мэт сэгсрэхэд хүргэсэн аянгын дуугаар тэрээр та нарт ярьсан билээ.
46 Мөн түүнчлэн тэрбээр өөрийн бүхнийг чадагч үгийн хүчээр газар дэлхийг ч үгүй болгож чадахыг та нар мэднэ; тийм ээ, мөн тэр өөрийн үгээр бартаатай газрыг тэгш сайхан, мөн тэгш сайхан газруудыг эвдэж чадахыг та нар мэднэ. Өө, тэгвэл, та нар яагаад зүрх сэтгэлдээ ийм хатуу байж чадна вэ?
47 Болгоогтун, бодгаль минь та нараас болоод шаналалдаа урагдаж, мөн зүрх сэтгэл минь өвднөм; би та нарыг үүрд хаягдах болуузай хэмээн айна. Болгоогтун, би Бурханы Сүнсээр дүүрэн байнам, үүний хэрээр миний бие хүчгүй байна.
48 Мөн эдүгээ улиран тохиох дор намайг эдгээр үгийг ярихад тэд надад уурлаж, мөн намайг тэнгисийн гүнд хаяхыг хүсэж байв; мөн тэд надад гар хүрэхээр урагшлан ирэхэд би тэдэнд ярьж, өгүүлсэн нь: Бүхнийг Чадагч Бурханы нэрээр, надад бүү хүр хэмээн би та нарт тушааж байна, учир нь бүр бүх биеийг минь эзэгнэх Бурханы хүчээр би дүүргэгдээд байна; мөн хэн надад гар хүрнэв, тэр нь бүр хатсан зэгс адил гандах болно; мөн тэрээр Бурханы хүчний өмнө юухан ч биш байх болно, учир нь Бурхан түүнийг цохих болно.
49 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, тэд эцгийнхээ эсрэг цаашид бувтналдах нь зохисгүй; бас Бурхан намайг усан онгоц баривал зохино хэмээн зарлигласан тул, тэд надаас өөрсдийн хөдөлмөрийг харамлах учиргүй хэмээн тэдэнд хэлэв.
50 Мөн би тэдэнд хэлэв: Хэрэв Бурхан надад бүх зүйлийг хийхийг зарлиглах юм бол би тэдгээрийг хийж чадах бөлгөө. Хэрэв тэр, энэ усанд газар бол гэж хэл хэмээн надад зарлиглах юм бол энэ нь газар болохсон; мөн хэрэв би үүнийг хэлэх юм бол энэ нь биелэх болно.
51 Мөн эдүгээ, хэрэв Их Эзэн ийм агуу их хүчтэй байж, мөн хүмүүсийн үрсийн дунд ийм олон гайхамшгийг гүйцэлдүүлсэн юм бол, усан онгоц барихыг тэрээр надад яахан зааварлаж чадахгүй байх билээ?
52 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, ах нартаа хандан олон зүйлийг хэлэв, үүний хэрээр тэд мадлагдан мөн миний эсрэг маргаж чадсангүй; бүр олон хоногийн турш тэд надад гар хүрж ч, хуруугаа хүргэж ч зүрхэлсэнгүй. Эдүгээ тэд миний өмнө гандах болуузай хэмээснээс ийн үйлдэж эс зүрхэлсэн болой, Бурханы Сүнс тийм хүчтэй байв; мөн энэ нь тэдэнд ийнхүү нөлөөлсөн буюу.
53 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Гараа ах нарынхаа зүг дахин сунга, мөн тэд чиний өмнө гандахгүй, харин би тэднийг цочрооно, мөн би бол Их Эзэн тэдний Бурхан гэдгийг тэд мэдэж болохын тулд би үүнийг үйлдэх болно хэмээн Их Эзэн хэлэв.
54 Мөнхүү улиран тохиох дор би ах нарынхаа зүг гараа сунгавал, мөн тэд миний өмнө гандсангүй; харин Их Эзэн бүр өөрийн хэлсэн тэрхүү үгийн дагуу тэднийг сэгсэрсэн буюу.
55 Мөн эдүгээ, тэд хэлэв: Бид Их Эзэн чамтай буйг гарцаагүй мэдлээ, учир нь биднийг сэгсэрсэн нь Их Эзэний хүч гэдгийг бид мэднэ. Мөн тэд миний өмнө унаж, мөн намайг бишрэн шүтэхийг завдав, гэвч би тэдэнд зөвшөөрөлгүй, ийн хэлэв: Би бол та нарын дүү, тийм ээ, бүр насан бага дүү чинь; иймийн тул, Их Эзэн Бурханаа бишрэн шүт, мөн эцэг эхээ дээдлэн хүндэл, Их Эзэн Бурхан тань та нарт өгөх тэрхүү нутагт та нарын өдрүүд урт байж болохын тулд болой.