Судрууд
1 Нифай 20


Бүлэг 20

Их Эзэн Өөрийн зорилгуудыг Израилд илчлэв—Израил зүдгүүрийн зууханд сонгогдсон мөн Вавилоноос явах бөлгөө—Исаиа 48-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Анхаар мөн үүнийг сонс, Израилын нэрээр нэрлэгдсэн, мөн Иудагийн уснаас, өөрөөр хэлбэл баптисмын уснаас гарч ирсэн, Их Эзэний нэрээр тангарагладаг, мөн Израилын Бурханыг дурддаг, ай Иаковын угсаа, тийм хэдий ч тэд үнэнээр бас зөв шударгаар тангарагладаггүй болой.

2 Гэсэн хэдий ч, тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлэдэг, гэвч тэд өөрсдөө Израилын Бурханд, Түмний Их Эзэн түүнд тулгуурладаггүй; тийм ээ, Түмний Их Эзэн гэдэг нь түүний нэр болой.

3 Болгоогтун, би урьдын зүйлсийг эхлэлээс тунхагласан болой; мөн тэдгээр нь миний амнаас гарч, мөн би тэдгээрийг үзүүлсэн бөлгөө. Би тэдгээрийг гэнэтхэн үзүүлсэн билээ.

4 Мөн би та нарын гөжүүд гэдгийг, мөн та нарын хүзүү төмөр шөрмөс, мөн та нарын магнай гуулин гэдгийг мэддэг учраас би үүнийг хийсэн болой;

5 Мөн би бүр эхлэлээс та нарт тунхагласаар ирсэн; энэ нь улиран тохиохоос урьд би та нарт тэдгээрийг үзүүлсэн; мөн та нар—Миний хиймэл шүтээн тэдгээрийг хийсэн, мөн миний зормол дүрс, мөн миний цутгамал дүрс тэдгээрийг зарлигласан гэж хэлэх болуузай хэмээн эмээсэн учир би тэдгээрийг үзүүлсэн юм.

6 Та нар энэ бүхнийг харж бас сонссон билээ; мөн та нар тэдгээрийг тунхаглахгүй гэж үү? Мөн би та нарт энэ цагаас хойших шинэ зүйлсийг, бүр далдлагдсан зүйлсийг үзүүлсэн, мөн та нар тэдгээрийг мэдээгүй байсан буюу.

7 Тэдгээр нь эдүгээ бүтээгдсэн, мөн эхлэлээс бус, бүр та нар тэдгээрийг сонсоогүй тэр өдрөөс өмнө тэдгээр нь та нарт тунхаглагдсан, та нарыг—Болгоогтун би тэдгээрийг мэдсэн гэж хэлэх болуузай хэмээн буюу.

8 Тийм ээ, мөн та нар сонссон нь үгүй; тийм ээ, та нар мэдсэн нь үгүй; тийм ээ, тэр цагаас сонор тань нээгдээгүй байлаа; учир нь та нар ихэд итгэл эвдэн үйлдэхийг, мөн хэвлийд байхаасаа зөрчигч хэмээн нэрлэгдсэнийг би мэдсэн билээ.

9 Гэсэн хэдий ч, өөрийн алдар суугийн төлөө би өөрийн хилэнг хойшлуулан, мөн өөрийгөө магтуулахын тулд би та нарыг хороохгүйгээр тэвчинэ.

10 Учир нь болгоогтун, би та нарыг цэвэршүүлсэн, би та нарыг зүдгүүрийн зууханд сонгосон бөлгөө.

11 Миний өөрийн тусын тулд, тийм ээ, миний өөрийн тусын тулд би үүнийг хийнэ, учир нь миний нэр гутаагдахыг би үл зөвшөөрнө, мөн би өөрийн алдар сууг өөр нэгэнд өгөхгүй.

12 Намайг анхаарагтун, ай Иаков, мөн миний дуудсан Израил, учир нь би бол тэр; би бол эхнийх, мөн түүнчлэн би бол эцсийнх.

13 Миний мутар түүнчлэн дэлхийн суурийг тавьсан юм, мөн миний баруун мутар тэнгэрүүдийг бүтээсэн бөлгөө. Би тэдгээрийг дуудахад мөн тэдгээр нь нэгдэн зогсох болно.

14 Та нар бүгд, чуулан цуглар, мөн сонс; тэдний дундах хэн эдгээр зүйлийг тэдэнд тунхагласан билээ? Их Эзэн түүнийг хайрласан; тийм ээ, мөн тэрээр тэднээр тунхаглуулсан өөрийн үгийг тэр биелүүлэх болно; мөн тэрээр Вавилонд өөрийн тааллаар үйлдэж, мөн түүний мутар халдеичууд дээр ирэх болно.

15 Түүнчлэн, Их Эзэн хэлнэ; Их Эзэн би, тийм ээ, би ярьсан; тийм ээ, тунхаглуулахын тул би түүнийг дуудсан билээ, би түүнийг авчирсан, мөн тэрээр өөрийн замыг амжилттай болгоно.

16 Та нар надад ойртон ир; би нууцаар яриагүй; эхлэлээс, үүний тунхаглагдсан тэр цагаас би ярьсан; мөн Их Эзэн Бурхан, мөн түүний Сүнс намайг илгээсэн бөлгөө.

17 Мөн Их Эзэн, та нарын Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн ийн хэлэв; би түүнийг илгээсэн, ашиг тусыг олохыг та нарт сургасан тэр, та нарын явбал зохих тэр замаар та нарыг удирдах тэр Их Эзэн та нарын Бурхан үүнийг үйлдсэн бөлгөө.

18 Ай та нар миний зарлигуудыг анхаарсан ч болоосой—тэгсэн бол амар амгалан чинь гол мэт, мөн зөв шударга байдал чинь далайн давалгаа мэт байхсан буюу.

19 Та нарын үр удам түүнчлэн элс мэт байхсан; хэвлийн үр удам чинь далайн хайрга чулуу мэт байхсан; түүний нэр миний өмнө арилгагдахгүй бас устгагдахгүй байх байсан болой.

20 Та нар Вавилоноос яв, та нар Халдеичуудаас зугт, та нар магтан дуулах дуугаар тунхагла, дэлхийн хязгаарт сонсго, үүнийг хэл; та нар: Их Эзэн өөрийн үйлчлэгч Иаковыг гэтэлгэв хэмээн хэлцгээ.

21 Мөн тэд цангасан нь үгүй; тэрээр тэднийг цөлийг гаталган удирдсан; тэдний төлөө тэрээр хаднаас ус гаргасан; тэрээр түүнчлэн хадыг хагалахад ус олгойдон гарсан билээ.

22 Мөн тэрээр энэ бүгдийг, мөн түүнчлэн илүү агууг хийсэн хэдий ч, Их Эзэн хэлсэнчлэн, ёс бусыг үйлдэгчдэд амар амгалан үгүй болой.

Хэвлэх