Судрууд
1 Нифай 21


Бүлэг 21

Мессиа харийнханд гэрэл байж, мөн хоригдлуудыг чөлөөлөх болно—Израил эцсийн өдрүүдэд хүчтэйгээр цуглуулагдах болно—Хаад тэдний асрагч эцэг байх болно—Исаиа 49-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөн үүнчлэн: Анхаарцгаа, ай Израилын угсааныхан та нар, миний хүмүүсийн хоньчдын ёс бус үйлүүдийн улмаас салгагдсан мөн зайлуулагдсан та нар бүгд; тийм ээ, салгагдсан, энгээр нэг тараагдсан миний хүмүүсийнх болох та нар бүгд, ай Израилын угсаа. Намайг сонс, ай арлууд, алс тэртээ дэх хүмүүс та нар анхаарцгаа; Их Эзэн намайг хэвлийд байхаас дуудсан билээ; эхийнхээ хэвлийд байхаас тэр миний нэрийг дурдсан бөлгөө.

2 Мөн тэрээр миний амыг хурц илд мэт болгосон; тэр мутрынхаа сүүдэрт намайг халхалж, мөн намайг өнгөлсөн сум болгосон; тэр саадагтаа намайг далдалсан;

3 Мөн надад хэлэв: Чи бол миний үйлчлэгч, ай Израил, чамаар би алдар суугаа дуурсгуулах буюу.

4 Тэгэхэд би хэлэв, би дэмий хөдөлмөрлөсөн, би хүчээ юунд ч биш, дэмий зүйлд үрсэн; миний шүүлт Их Эзэнтэй хамт, мөн миний ажил миний Бурхантай хамт байгаа нь гарцаагүй буюу.

5 Мөн эдүгээ Их Эзэн хэлэв—хэвлийд байхаас нь Иаковыг түүнд буцааж авчрахын тулд өөрийн үйлчлэгч байхаар намайг бүрдүүлсэн тэр—Израил цуглуулагдаагүй байгаа хэдий ч, гэсэн ч би Их Эзэний мэлмийд хүндлэгдэх болно, мөн миний Бурхан миний хүч байх болно.

6 Мөн тэр хэлэв: Иаковын овгуудыг бий болгоход, мөн Израилын хадгалагдсан тэднийг сэргээхэд чи миний үйлчлэгч байх нь амархан зүйл. Чи түүнчлэн дэлхийн хязгааруудад миний аврал байж болохын тулд, харийнханд гэрэл болгон чамайг би өгөх болно.

7 Их Эзэн, Израилын Гэтэлгэгч, түүний Ариун Нэгэн нь, хүмүүнд ад үзэгдэх түүнд, үндэстнүүдэд жигшигдэх түүнд, захирагчдын үйлчлэгч түүнд: үнэнч Их Эзэний учир, хаад хараад бас босох болно, хунтайжууд түүнчлэн бишрэн шүтэх болно хэмээн хэлэв.

8 Их Эзэн ийн хэлэв: Тохиромжтой цагт би та нарыг сонссон, ай тэнгисийн арлууд, мөн авралын өдөр би та нарт тусалсан билээ; мөн би та нарыг хамгаалж, мөн хүмүүсийн гэрээ болгон өөрийн үйлчлэгчийг та нарт өгөх болно, дэлхийг тогтоох, эзэнгүй өвүүдийг өвлүүлэхийн тулд бөлгөө.

9 Та нар хоригдлуудад: Урагш од; харанхуйд суугаа тэдэнд: Өөрсдийгөө үзүүл хэмээн хэлж болохын тулд бөлгөө. Тэд замдаа идэшлэх болно, мөн тэдний бэлчээр бүхий л өндөр газруудад байх болно.

10 Тэд өлсөхгүй бас цангах ч үгүй, мөн халуунд бас наранд цохиулахгүй; учир нь тэдний дээр нигүүлслийг хайрлах тэрээр тэднийг удирдах болно, бүр тэрээр усны ундаргаар тэднийг дагуулах болно.

11 Мөн би өөрийн бүх уулыг зам болгож, мөн миний дардан замууд өргөмжлөгдөх болно.

12 Мөн тэгээд, ай Израилын угсаа, болгоогтун, эдгээр нь холоос ирэх болно; мөн харагтун, эдгээр нь умардаас мөн өрнөдөөс; мөн эдгээр нь Синим нутгаас ирэх болно.

13 Дуул, ай тэнгэрүүд; мөн баяс, ай дэлхий; учир нь дорнодод байгчдын хөл бэхжүүлэгдэх болой; мөн дуулцгаа, ай уулс; учир нь тэд цаашид цохигдохгүй; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулж мөн өөрийн зовж зүдрэгсдийн дээр нигүүлслийг хайрлах болно.

14 Гэвч, болгоогтун, Сион ийн хэлрүүн: Их Эзэн намайг орхисон, мөн миний Их Эзэн намайг мартсан гэв—гэвч тэрээр тэгээгүй гэдгээ үзүүлэх болно.

15 Учир нь бүсгүй хүн хэвлийнээсээ гарсан хүүгээ өрөвдөн хайрлахгүйгээр хөхүүл хүүхдээ мартаж чадна гэж үү? Тийм ээ, тэд мартаж болох юм, гэвч би та нарыг мартах нь үгүй, ай Израилын угсаа.

16 Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн; та нарын хананууд миний өмнө үргэлж байх бөлгөө.

17 Хүүхдүүд чинь та нарыг устгагчдын эсрэг яарах болно; мөн та нарыг балгас болгосон тэд та нараас явах болно.

18 Нүдээ өргөн, хараа бэлчээж мөн болгоогтун; эдгээр бүгд өөрсдөө нэгдэн цугларч, мөн тэд та нарт ирэх болно. Мөн би амьдын адил, Их Эзэн хэлнэм, та нар тэр бүгдийг өөртөө чимэглэл мэтээр гоёж, мөн бүр хуримын бэр мэтээр зүүх нь гарцаагүй бөлгөө.

19 Учир нь, та нарын балгас мөн та нарын эзгүйрсэн газрууд, мөн та нарын устгалын нутаг, бүр эдүгээ оршин суугчдын улмаас дэндүү давчуухан байх болно; мөн та нарыг залгисан тэд алс хол байх болно.

20 Та нар эхнийхийгээ алдсаны дараа, та нарын төрүүлэх хүүхдүүд, чихэнд чинь дахин: Уг газар надад дэндүү давчуу байна; миний оршиж болох тэр газрыг надад өг хэмээн хэлэх болно.

21 Тэгээд та нар өөрсдийн зүрхэндээ: Намайг хүүхдүүдээ алдсан мөн хүүхэд гаргадаггүй, олзлогдмол, мөн нааш цааш нүүдэллэгч байсан гэдгийг мэдсэн мөртлөө эдгээрийг хэн надад төрүүлсэн билээ? Мөн хэн эднийг халамжлан өсгөв? Болгоогтун, би ганцаар орхигдсон байсан, тэд хаана байсан бэ? хэмээн хэлэх бөлгөө.

22 Их Эзэн Бурхан ийн хэлэв: Болгоогтун, би мутраа харийнханд өргөх болно, мөн далбаагаа ард түмэнд харуулна; мөн тэд та нарын хөвгүүдийг гар дээрээ авчрах болно, мөн та нарын охид тэдний мөрөн дээр зөөгдөх болно.

23 Мөн хаад та нарын асрагч эцгүүд, мөн тэдний хатад та нарын асрагч эхүүд болно; тэд нүүрээ газарт хандуулан та нарт доош бөхийж, мөн та нарын хөлийн тоосыг долоох болно; мөн би бол Их Эзэн гэдгийг та нар мэдэх болно; учир нь намайг хүлээх тэд ичихгүй байх болно.

24 Өөрөөр хэлбэл чадалтай нэгний олз булаан авагдаж, эсвэл хууль ёсоор олзлогдсон нь чөлөөлөгдөх үү?

25 Харин Их Эзэн ийн хэлэв, бүр чадалтай нэгний олзлогдогсод ч авагдах болно, мөн аймшигт нэгний идэш ч чөлөөлөгдөх болно; учир нь та нартай тэрслэгч түүнтэй би тэрслэх болно, мөн би хүүхдүүдийг чинь аврах болно.

26 Мөн би та нарыг дарамтлах тэднийг өөрсдийнх нь биесээр тэжээх болно; тэд амтат дарсанд адил өөрсдийнхөө цусанд согтсон байх болно; мөн би Их Эзэн, та нарын Аврагч мөн та нарын Гэтэлгэгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг бүх маханбод мэдэх болно.