Бүлэг 4
Нифай Их Эзэний зарлигаар Лебенийг хөнөөж, мөн тэгээд гуулин ялтаснуудыг арга мэхээр гартаа оруулав—Зорам аглаг буйд дахь Лихайн гэрийнхэнтэй нэгдэхээр шийдэв. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөнхүү улиран тохиох дор би ах нартаа хандаж, хэлрүүн: Иерусалим өөд дахин явцгаая, мөн Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байцгаая; учир нь болгоогтун тэрээр бүхий л дэлхийнхнээс илүү чадалтай атал яахан Лебен болон түүний тавиас, тийм ээ, эсвэл бүр түүний хэдэн арван мянгаас илүү чадалтай биш байх билээ?
2 Тиймийн тул бүгдээрээ өгсөн явцгаая; Мосегийн адил хүчтэй байцгаая; учир нь тэрбээр үнэхээр Улаан тэнгисийн усанд хандан ярьсан бөгөөд тэр нь нааш цааш хуваагдан, ингээд бидний эцэг өвгөд дарангуйллаас ангижирч, хуурай газар дээгүүр хөндлөн гарсан бөгөөд Фараоны их цэрэг дагаж орон, мөн Улаан тэнгисийн усанд живсэн буюу.
3 Эдүгээ болгоогтун, энэ нь үнэнийг та нар мэднэ; мөн түүнчлэн тэнгэр элч та нарт хандан ярьсныг та нар мэднэ; та нар яахан эргэлзэж чадна вэ? Бүгдээрээ өгсөн явцгаая; Их Эзэн биднийг, бүр эцэг өвгөдийг минь чөлөөлсний адилаар чөлөөлж, бүр египетчүүдийг устгасны нэгэн адил Лебенийг устгах чадалтай бөлгөө.
4 Эдүгээ намайг энэ үгсийг ярьсны дараа, тэд бас хилэгнэсээр, мөн үргэлжлэн бувтналдсаар байв; гэсэн хэдий ч Иерусалимын хэрмийн гадна иртэл тэд намайг дагасан буюу.
5 Мөнхүү энэ нь шөнийн цаг байв; мөн би тэднийг хэрмийн гадна өөрсдийгөө далдлан нуух болгов. Мөн тэд өөрсдийгөө далдлан нуусны дараа, Нифай би, хотод сэм гэтэж ороод, Лебений гэрийг чиглэн явав.
6 Мөн би хийвэл зохих зүйлсээ урьдаас мэдэхгүй байсны улмаас Сүнсээр удирдуулж байсан болой.
7 Гэсэн хэдий ч би урагшлан явж, мөн бибээр Лебений гэрт дөхөж ирэх үедээ нэгэн хүнийг болгоов, мөн тэрээр дарсанд согтсоны учир миний өмнө газар унасан байв.
8 Мөн би түүн рүү хүрч очоод энэ нь Лебен байсныг олж мэдсэн бөлгөө.
9 Мөнхүү бибээр түүний илдийг хараад, мөн би үүнийг хуйнаас нь сугалав; мөн бариул нь шижир алт, бас ур хийц нь үлэмж сайн, бас ир нь хамгийн үнэт ган байсныг би харсан буюу.
10 Мөнхүү улиран тохиох дор бибээр Лебенийг албал зохино хэмээн Сүнсээр албадуулав; гэвч би зүрх сэтгэлдээ хэлрүүн: Хэзээ ч, ямар ч цагт би хүний цус урсгасан нь үгүй. Мөн би халшран бас түүнийг хөнөөхгүй байж болохсон болоосой хэмээн хүсэв.
11 Мөн Сүнс дахин надад хандаж: Болгоогтун, Их Эзэн түүнийг чиний гарт оруулсан болой хэмээв. Тийм ээ, мөн түүнчлэн тэрээр миний амийг авахаар эрэлхийлснийг; тийм ээ, мөн тэр Их Эзэний зарлигуудыг анхаарахгүй байсныг; мөн тэр бидний эд хөрөнгийг булааж авсныг би мэдэж байв.
12 Мөнхүү улиран тохиох дор Сүнс надад дахин хэлрүүн: Их Эзэн түүнийг чиний гарт оруулсан учир түүнийг хөнөө;
13 Болгоогтун, Их Эзэн зөв шударга зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ёс бус тэднийг хөнөөдөг бөлгөө. Нэгэн үндэстэн итгэлээ алдан доройтож мөхсөнөөс нэг хүн эрсэдсэн нь дээр буюу хэмээв.
14 Мөн эдүгээ, Нифай би, эдгээр үгийг сонссоныхоо дараа, аглаг буйдад Их Эзэний надад хандан: Чиний үр сад миний зарлигуудыг сахихын хэрээр тэд амлалтын нутагт дэгжих болно хэмээн ярьсан үгсийг саналаа.
15 Тийм ээ, мөн түүнчлэн тэдэнд Мосегийн хууль байхгүй л бол, тэд Их Эзэний зарлигуудыг Мосегийн хуулийн дагуу сахиж чадахгүйд хүрнэ хэмээн би бодов.
16 Мөн түүнчлэн уг хууль гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн байсныг би мэдэж байсан бөлгөө.
17 Мөн үүнээс гадна, Их Эзэн Лебенийг энэ шалтгааны улмаас миний гарт оруулж өгснийг би мэдсэн ажгуу—түүний зарлигуудын дагуу би цэдгүүдийг олж авч болохын тулд буюу.
18 Тиймийн тул би Сүнсний дуу хоолойг дагаж, мөн Лебенийг толгойн үснээс нь татан, мөн би өөрийнх нь илдээр түүний толгойг тас цавчив.
19 Мөнхүү би түүний толгойг өөрийнх нь илдээр цавчсаныхаа дараа, Лебений хувцсыг авч, мөн өөрийн биед өмсөв; тийм ээ, бүр нэг бүрчлэн; мөн би түүний хуягийг авч биедээ агсав.
20 Мөн би үүнийг хийсний дараа, Лебений сан хөмрөгийг чиглэн явлаа. Мөн би Лебений сан хөмрөгийн зүг явж байхдаа, болгоогтун, сангийн түлхүүрийг баригч, Лебений зарцыг харав. Мөн би түүнд Лебений дуугаар, түүнийг надтай хамт санд очих ёстой хэмээн тушаалаа.
21 Мөн тэр миний хувцсыг болон түүнчлэн миний хэвлийнхээ тус бүсэлсэн илдийг харсан учир тэрбээр намайг өөрийн эзэн Лебен хэмээн бодсон ажгуу.
22 Мөн тэрээр надад иудейчүүдийн ахлагчдын тухай ярьж байв, тэрээр түүний эзэн Лебен шөнөөр тэдний дунд байсныг мэдэж байсны учир болой.
23 Мөн би түүнд хандан Лебен байсан мэтээр ярьж байлаа.
24 Мөнхүү түүнчлэн би гуулин ялтаснууд дээр хийгдсэн тэр сийлбэрүүдийг хэрмийн гадна буй ах нартаа аваачих ёстой хэмээн би түүнд ярьсан болой.
25 Мөн түүнчлэн намайг дагах ёстой хэмээн би түүнд тушаасан буюу.
26 Мөн тэрээр намайг сүмийн ах нарын тухай ярьж буй бөгөөд намайг үнэхээр миний алсан тэрхүү Лебен хэмээн бодсоны учир, иймийн тул тэрбээр намайг дагасан авай.
27 Мөн намайг хэрмийн гадна буй ах нарынхаа зүг явах зуур, тэрбээр надад иудейчүүдийн ахлагчдын талаар олон удаа ярьсан бөлгөө.
28 Мөнхүү улиран тохиох дор Лемен намайг хараад машид айв, мөн Лемүел болон Сэм ч бас айв. Мөн тэд миний дэргэдээс зугтав; тэд намайг Лебен гэж, мөн тэр намайг алаад бас түүнчлэн өөрсдийнх нь амийг авахаар эрэлхийлж буй хэмээн таамагласны улмаас болой.
29 Мөнхүү улиран тохиох дор би тэдний араас дуудав, мөн тэд намайг сонсов; иймийн тул тэд миний дэргэдээс зугтахаа болив.
30 Мөнхүү улиран тохиох дор Лебений зарц, ах нарыг минь хараад дагжиж эхлэв, мөн тэрээр миний хажуугаас зугтан бас Иерусалим хот руу буцахыг завдав.
31 Мөн эдүгээ, Нифай би, бие томтойн учир, мөн түүнчлэн Их Эзэнээс ихээхэн чадлыг авсан байсны улмаас, тиймийн тул би Лебений зарцыг барин авч, түүнийг зугтаалгахгүйн тулд барьж байсан болой.
32 Мөнхүү улиран тохиох дор би түүнд, хэрэв тэрээр миний үгсийг анхаарваас, Их Эзэн амьдын адил мөн би ч амьд буйн адилаар, тэрчлэн хэрэв тэрээр бидний үгсийг анхааран сонсвол, бид түүний амийг өршөөнө хэмээн өгүүлэв.
33 Мөн би түүнд хандан, түүнийг айх хэрэггүйг; хэрэв тэр бидэнтэй хамт аглаг буйд руу явбал бидний адил чөлөөт хүн байхыг бүр тангараглан хэлэв.
34 Мөн түүнчлэн би түүнд хандаж хэлрүүн: Их Эзэн энэ зүйлийг хийхийг бидэнд зарлигласан нь дамжиггүй; мөн бид Их Эзэний зарлигуудыг сахихдаа хичээнгүй байх ёсгүй гэж үү? Тиймийн тул, хэрэв та аглаг буйд тийш, эцэгт минь очвол бидний дунд орших байр танд байх болно.
35 Мөн улиран тохиох дор Зорам миний ярьсан үгэнд зоригжив. Эдүгээ Зорам гэдэг нь уг зарцын нэр байсан ажгуу; мөн тэрээр аглаг буйд тийш одож бидний эцэгт очно хэмээн амлав. Тийм ээ, мөн түүнчлэн тэр цагаас хойш бидэнтэй үлдэнэ хэмээн тэр бидэнд тангараг тавив.
36 Эдүгээ иудейчүүд аглаг буйд тийш бидний дүрвэснийг мэдэхгүй байж болохын тул, тэд биднийг мөшгөж мөн биднийг устгах вий хэмээсний учир, бид түүнийг өөрсөдтэйгөө хамт үлдээсэй хэмээн хүссэн бөлгөө.
37 Мөнхүү улиран тохиох дор Зорамыг бидэнд тангараг тавихад, түүний талаарх бидний айдас замхрав.
38 Мөнхүү улиран тохиох дор бид гуулин ялтаснуудыг бас Лебений зарцыг авч, мөн аглаг буйд тийш одож, мөн эцгийнхээ майханд очтолоо аялав.