Судрууд
1 Нифай 5


Бүлэг 5

Сариа Лихайн эсрэг үглэн гомдоллов—Хөвгүүдийнхээ эргэж ирсэнд хоёул баясав—Тэд тахил өргөв—Уг гуулин ялтаснууд Мосегийн болон бошиглогчдын бичиглэлүүдийг агуулжээ—Уг ялтаснууд Лихайг Иосефын үр удам гэдгийг харуулав—Лихай өөрийн үр удмын талаар мөн ялтаснууд хадгалагдан хамгаалагдах талаар бошиглов. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйдад эцэгтээ ирсний дараа, болгоогтун, тэрбээр баяр хөөрөөр дүүргэгдэв, мөн түүнчлэн миний эх Сариа үлэмжийн баяртай байв, учир нь тэрээр бидний төлөө үнэхээр гашуудаж байсан ажгуу.

2 Учир нь тэр биднийг аглаг буйдад үрэгдсэн хэмээн бодсон ажээ; мөн тэрээр эцгийн минь эсрэг үглэн гомдоллож, түүнийг үзэгдэл үзэгч хүн байсныг нь түүнд дурдан; хэлсэн нь: Болгоогтун та биднийг өв газраас маань удирдан гаргасан буюу, ингээд хөвгүүд минь үгүй болов, мөн бид аглаг буйдад үрэгдэх болой.

3 Мөн эх минь эцгийн минь эсрэг иймэрхүү маягийн хэлээр гомдоллосон байв.

4 Мөнхүү улиран тохиох дор эцэг минь түүнд хандаж, хэлсэн нь: Би үзэгдлийг үзэгч хүн гэдгээ мэднэ; учир нь би Бурханы зүйлсийг үзэгдэлд хараагүйсэн бол Бурханы сайн сайхныг мэдэхгүй байх байсан, харин Иерусалимд үлдэн, ах дүүстэйгээ хамт хөнөөгдөх байсан биз ээ.

5 Гэвч болгоогтун, би амлалтын нутгийг хүлээн авлаа, би эдгээр зүйлд баясна; тийм ээ, мөн Их Эзэн хөвгүүдийг минь Лебений гараас чөлөөлнө гэдгийг, мөн тэднийг аглаг буйдад бидэнд дахин авчирна гэдгийг би мэднэ.

6 Мөн иймэрхүү маягийн хэлээр миний эцэг Лихай, эх Сариаг минь бидний тухайд тайтгаруулан байв, биднийг иудейчүүдийн цэдгийг олж авахаар, Иерусалим нутаг өөд аглаг буйдад аялах зуур болой.

7 Мөн биднийг эцгийнхээ майханд эргэж ирэхэд, болгоогтун тэдний баяр хөөр дүүрч, мөн эх минь тайтгарав.

8 Мөн ээж минь ярьж, хэлсэн нь: Эдүгээ Их Эзэн миний эр нөхөрт аглаг буйд тийш зугтахыг зарлигласныг би баттай мэднэ; тийм ээ, мөн түүнчлэн Их Эзэн хөвгүүдийг минь хамгаалсныг, бас тэднийг Лебений гараас чөлөөлснийг мөн Их Эзэн тэдэнд зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах хүчийг тэдэнд өгснийг би баттай мэднэ. Мөн тэрээр иймэрхүү маягийн хэлээр ярив.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд үлэмж ихээр баясан, бас Их Эзэнд тахил мөн шатаалт өргөлийг өргөв; мөн тэд Израилын Бурханд талархал илэрхийлсэн болой.

10 Мөн тэд Израилын Бурханд талархал илэрхийлсний дараа, миний эцэг Лихай гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн тэрхүү цэдгүүдийг авч, мөн тэдгээрийг эхнээс нь судалсан авай.

11 Мөн тэрээр тэдгээрт дэлхийн үүслийн тухай, мөн түүнчлэн бидний анхны эцэг эх байсан Адам, Ева хоёрын тухай шастирыг өгүүлсэн Мосегийн таван ном агуулагдсаныг болгоов;

12 Мөн түүнчлэн эхлэлээс бүр Иудагийн хаан Зедикиагийн хаанчлалын эхлэл хүртэлх иудейчүүдийн цэдгийг буюу;

13 Мөн ариун бошиглогчдын бошиглолууд нь эхлэлээс бүр Зедикиагийн хаанчлалын эхлэлийг хүртэл; мөн түүнчлэн Иеремиагийн амаар яригдсан олон бошиглолыг түүнчлэн багтаасан байв.

14 Мөнхүү улиран тохиох дор миний эцэг Лихай түүнчлэн гуулин ялтаснууд дээрээс эцэг өвгөдийнхөө удмын бичгийг олов; иймийн тул тэрээр өөрийгөө Иосефын удам байсныг олж мэдсэн ажээ; тийм ээ, Иаковын хүү асан тэр, Египетэд худалдагдсан тэр, мөн өөрийн эцэг Иаков, түүний бүхэл өрх гэрийг өлсгөлөнгөөр эрсдэхээс хамгаалж болохын тулд Их Эзэний мутраар хадгалагдан хамгаалагдсан бүр тэрхүү Иосефын болой.

15 Мөн түүнчлэн тэднийг хадгалан хамгаалсан мөнхүү тэр Бурханаар тэд түүнчлэн дарангуйллаас мөн Египет нутгаас удирдуулан гарсан бөлгөө.

16 Мөнхүү тийн миний эцэг Лихай, эцэг өвгөдийнхөө удмын бичгийг мэдэж авсан ажгуу. Мөн түүнчлэн Лебен ч бас Иосефын удам байв, иймийн тул тэрээр мөн түүний эцэг өвгөд уг цэдгүүдийг хадгалж байжээ.

17 Мөн эдүгээ эцэг минь эдгээр бүх зүйлийг хараад, тэрээр Сүнсээр дүүргэгдэв, мөн үр удмынхаа талаар бошиглож эхлэв—

18 Энэ гуулин ялтаснууд өөрийнх нь үр удам болох бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэнд очно гэдгийг болой.

19 Иймийн тул, эдгээр гуулин ялтас хэзээ ч үрэгдэх учиргүй; цаг хугацааны туршид илүү бүдгэрэх нь ч бас үгүй хэмээн тэр хэлэв. Мөн тэрээр үр удмынхаа талаар олон зүйлийг бошиглов.

20 Мөнхүү улиран тохиох дор өдий хүртэл бидэнд зарлигласан Их Эзэний зарлигуудыг миний эцэг, бид хоёр дагасаар ирсэн болой.

21 Мөн Их Эзэний бидэнд зарлигласнаар цэдгүүдийг бид олж аван, мөн тэдгээрийг судлан, мөн тэдгээр нь хүсүүштэй болохыг олж мэдэв; тийм ээ, бидэнд бүр агуу үнэ цэнэтэй болохыг олж мэдэв, үүний хэрээр бид үр хүүхдүүддээ Их Эзэний зарлигуудыг хадгалан үлдээж чадахаар болов.

22 Иймийн тул, амлалтын нутгийг зорин аглаг буйдад зорчихдоо бид эдгээрийг өөрсөдтэйгөө авч явах нь Их Эзэний мэргэн ухаан байсан буйза.