Бүлэг 9
Нифай хоёр тусдаа цэдгийг бүтээв—Тус бүр нь Нифайн ялтаснууд хэмээн нэрлэгдэв—Их ялтаснууд нь шашнаас ангид түүхийг; бага ялтаснууд нь ариун нандин зүйлсийг голчлон агуулав. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөнхүү миний эцэг Лемүелийн хөндийд, майханд аж төрөн байхдаа эдгээр бүх зүйлийг, мөн түүнчлэн эдгээр ялтас дээр бичигдэж эс чадах илүү агуу олон зүйлийг харж, сонсож мөн ярьсан бөлгөө.
2 Мөн эдүгээ, би эдгээр ялтасны талаар ярьсанчлан, болгоогтун тэдгээр нь өөрийн ард түмний түүхийн бүрэн шастирыг дээр нь хийх тэр ялтаснууд биш болой; учир нь би өөрийн ард түмний бүрэн шастирыг дээр нь хийх тэр ялтаснуудад бибээр Нифайн хэмээх нэрийг өгсөн буюу; иймийн тул тэдгээр нь Нифайн ялтаснууд хэмээн өөрийн минь нэрээр нэршив, мөн энэ ялтаснууд түүнчлэн Нифайн ялтаснууд хэмээн нэрлэгддэг бөлгөө.
3 Гэсэн хэдий ч, би эдгээр ялтсыг өөрийн ард түмний тохинууллын шастирыг сийлэх онцгой зорилгын улмаас бүтээвэл зохино хэмээн Их Эзэнээс зарлиг хүлээн авсан болой би.
4 Нөгөө ялтаснууд дээр хаадын засаглал, мөн өөрийн ард түмний дайн, зөрчилдөөнүүдийн шастир сийлэгдэх ёстой ажгуу; иймийн тул эдгээр ялтас нь тохинууллын тухайд илүүтэй зориулагдах буюу; мөн нөгөө ялтаснууд нь миний хүмүүсийн дайнууд болон тэмцлүүд бас хаадын засаглалын тухайд илүүтэй зориулагдах болой.
5 Иймийн тул, Их Эзэн эдгээр ялтсыг өөрийнх нь мэргэн зорилгын тулд бүтээхийг надад зарлигласан, миний мэдэх нь үгүй тэрхүү зорилгын тулд буюу.
6 Харин Их Эзэн бүх зүйлийг эхлэлээс нь мэддэг буюу; иймийн тул, тэрээр хүмүүсийн үрсийн дунд өөрийн бүхий л үйлүүдийг биелүүлэх замыг бэлтгэдэг ажээ; учир нь болгоогтун, тэрбээр өөрийн бүх үгийг гүйцэлдүүлэх бүхий л хүчийг эзэмшдэг ажгуу. Мөн энэ нь ийм болой. Амен.