Судрууд
Мормон 1


Мормоны Ном

Бүлэг 1

Ариун нандин цэдгүүдийн талаар Аммарон Мормонд зааварлав—Нифайчууд болон леменчүүдийн хооронд дайн дэгдэв—Гурван нифай үндэстэн холдуулагдан авагдав—Ёс бус явдал, үл итгэх байдал, илбэ шидүүд, мөн шулмын арга газар авав. Ойролцоогоор МЭ 321–326 он.

1 Мөн эдүгээ Мормон би, өөрийн үзэж бас сонссон зүйлсийн цэдгийг бүтээж, мөн үүнийг Мормоны Ном хэмээн нэрлэе.

2 Мөн Аммарон Их Эзэний төлөө цэдгүүдийг нуусан тэр үеийн орчим, тэрбээр надад ирж (би арав орчим настай, мөн өөрийн хүмүүсийн эрдэм мэдлэгийн дагуу ямар нэг хэмжээгээр суралцаж эхэлсэн байв), мөн Аммарон надад хэлсэн нь: Чи бол чанд хүүхэд, мөн ажиглан ойлгохдоо түргэн болохыг би ухаарч байна;

3 Тиймийн тул, чи хорин дөрөв орчим настай болох үедээ, энэ хүмүүсийн талаар ажигласан зүйлсээ чамайг санаасай хэмээн би хүснэ; мөн тэр насандаа чи Антамын нутаг тийш, Шим хэмээн нэрлэгдэх гүвээ рүү явагтун; мөн би тэнд энэ хүмүүсийн талаарх бүх ариун нандин сийлбэрийг Их Эзэний төлөө хадгалсан буй.

4 Мөн болгоогтун, чи Нифайн ялтаснуудыг өөртөө авах болно, мөн үлдсэнийг нь тэдгээрийн байгаа тэр газарт нь үлдээх болно; мөн чи энэ хүмүүсийн талаар өөрийн ажигласан бүх зүйлийг Нифайн ялтаснууд дээр сийлбэрлэх болно.

5 Мөн Мормон би, Нифайн удам болохоор, (мөн миний эцгийн нэр Мормон байсан буюу) Аммароны надад зарлиг болгосон зүйлсийг би санав.

6 Мөнхүү улиран тохиох дор би арван нэгэн настай байхдаа, өмнө зүгийн нутаг тийш, бүр Зарахемла нутагт эцгээрээ хүргэгдэв.

7 Уг нутгийн бүх гадаргуу нь барилгуудаар бүрхэгдсэн байж, мөн хүмүүс нь бараг л тэнгисийн элс мэт олон тоотой байв.

8 Мөнхүү улиран тохиох дор энэ онд, нифайчууд болон иаковчууд, иосефчууд, мөн зорамчуудаас бүрдсэн нифайчууд дайнд оров; мөн энэ дайн нь нифайчууд, мөн леменчүүд, лемүелчүүд түүнчлэн ишмэилчүүдийн хооронд байсан бөлгөө.

9 Эдүгээ леменчүүд, лемүелчүүд мөн ишмэилчүүд нь леменчүүд хэмээн нэрлэгдэж, мөн хоёр тал нь нифайчууд болон леменчүүд байв.

10 Мөнхүү улиран тохиох дор Зарахемлагийн хил дээр, Сидоны усны дэргэд, тэдний дунд дайн эхлэв.

11 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд агуу тооны, бүр гучин мянгаас давах тооны эрчүүдийг нэгтгэн цуглуулсан байв. Мөнхүү улиран тохиох дор тэрхүү жилд нифайчууд, леменчүүдийг ялан мөн тэднээс олныг нь хөнөөсөн хэд хэдэн тулалдаанд оров.

12 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд төлөвлөснөө орхиж, мөн уг нутагт амар амгалан тогтов; мөн дөрвөн жил орчмын туршид амар амгалан байсан тул ямар ч цус урссангүй.

13 Гэвч бүх нутгийн гадаргуу дээр ёс бус байдал газар авч, үүний хэрээр Их Эзэн өөрийн хайрт шавь нарыг холдуулан авч, мөн хүмүүсийн алдсын улмаас гайхамшгийн болоод эдгээх үйлүүд байхаа болив.

14 Мөн тэдний ёс бус явдал мөн итгэлгүй байдлын улмаас, Их Эзэнээс ямар ч бэлэг байсангүй, мөн Ариун Сүнс хэн дээр ч ирсэнгүй.

15 Мөн би арван таван настай мөн зарим талаар чанд бодолтой байсны учир, тиймийн тул би Их Эзэнээр зочлогдон, мөн Есүсийн сайн сайхныг амталж мөн мэдэв.

16 Мөн би энэ хүмүүст номлохыг оролдов, гэвч миний ам хамхигдаж, мөн тэдэнд номлох нь надад хориглогдов; учир нь болгоогтун тэд Бурханаа санаатайгаар эсэргүүцсэн болой; мөн тэдний алдсын улмаас хайрт шавь нар нь уг нутгаас холдуулан авагдсан бөлгөө.

17 Гэвч би тэдний дунд үлдэв, харин тэдний зүрх сэтгэл хатуугийн улмаас, тэдэнд номлох нь надад хориглогдсон буюу; мөн тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас уг нутаг тэдний төлөө зүхэгдсэн бөлгөө.

18 Мөн леменчүүдийн дунд байсан Гадиантоны дээрэмчид уг нутагт бужигналдан, үүний хэрээр үүний оршин суугчид эд баялгаа газарт нууж эхлэв; мөн Их Эзэн уг нутгийг зүхсэний улмаас, тэдгээр нь тогтворгүй болсон тул, тэд тэдгээрийг хянаж, бас эзэмшин үлдэж чадахгүй байв.

19 Мөнхүү улиран тохиох дор ид шидүүд, шулмын арга, мөн илбүүд байв; мөн бүр Абинадайн, мөн түүнчлэн лемен үндэстэн Самуелын бүх үгийг биелүүлэн, уг хилэнцэт нэгний хүч чадал бүх нутгийн гадаргуу дээр хүч нөлөөтэй байв.