Бүлэг 3
Мормон нифайчуудад наманчлалыг тунхаглав—Тэд агуу ялалтыг олж мөн өөрсдийн хүчинд онгиров—Мормон тэднийг удирдахаас татгалзав, мөн тэдний төлөөх түүний залбирлууд найдвар үгүй байв—Мормоны Ном Израилын арван хоёр овгийг сайн мэдээнд итгэхэд урьдаг. Ойролцоогоор МЭ 360–362 он.
1 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд ахиад арван жил улирч одох хүртэл дахин тулалдахаар ирсэнгүй. Мөн болгоогтун, би өөрийн хүмүүс нифайчуудыг, нутгаа мөн зэр зэвсгээ тулааны цагт бэлтгэхээр хөдөлмөрлүүлэв.
2 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Энэ хүмүүст ийн тунхагла—Наманчлагтун та нар, мөн надад ирэгтүн, мөн баптисм хүртэгтүн та нар, мөн миний сүмийг дахин байгуулагтун, мөн та нар хэлтрүүлэгдэх болно.
3 Мөн би энэ хүмүүст тунхаглав, гэвч энэ нь үр дүнгүй байв; мөн тэднийг хэлтрүүлсэн нь, мөн тэдэнд наманчлалын боломж олгосон нь Их Эзэн байсныг тэд ухаарсангүй. Мөн болгоогтун тэд Их Эзэн Бурханыхаа эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан байв.
4 Мөнхүү улиран тохиох дор Христийн ирэлтээс хойш, нийтдээ гурван зуун жаран жил болж, энэ арав дахь жил улирч одсоны дараа, леменчүүдийн хаан тэд дахин бидний эсрэг тулалдахаар ирэхэд бэлтгэж байгааг мэдэгдсэн захидлыг надад илгээв.
5 Мөнхүү улиран тохиох дор би Эзгүйрэл нутагт, хил дээр орших хотод, өмнө зүгийн нутаг тийш хөтөлсөн нарийн гармын ойр өөрийн хүмүүсийг цугларах болгов.
6 Мөн бид леменчүүдийн их цэргийг зогсоож болохын тул, тэд бидний аль ч нутгийг эзэмшилдээ авахгүй байж болохын тулд, бид өөрсдийн их цэргийг тэнд байрлуулав; тиймийн тул бид бүх хүчээрээ тэдний эсрэг бэхлэлт босгов.
7 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран нэг дэх онд леменчүүд бидний эсрэг тулалдахаар Эзгүйрэл хот тийш уруудан ирэв; мөнхүү улиран тохиох дор тэр жилд бид тэднийг ялж, иймээс тэд дахин нутагтаа буцав.
8 Мөн гурван зуун жаран хоёр дахь онд тэд тулалдахаар дахин уруудан ирэв. Мөн бид тэднийг дахин ялж, мөн тэднээс агуу олныг хөнөөв, мөн тэдний үхэгсэд тэнгист хаягдсан буюу.
9 Мөн эдүгээ, миний хүмүүс нифайчууд, үйлдсэн энэ агуу зүйлийнхээ улмаас хүчиндээ сагсуурч эхлэн мөн дайснуудаараа хөнөөгдсөн ах дүүсийнхээ цусны өшөөг тэд өөрсдөө авах болно хэмээн тэнгэрийн өмнө тангараглаж эхлэв.
10 Мөн тэд дайсныхаа эсрэг тулалдахаар явж мөн тэднийг уг нутгийн гадаргуу дээрээс устгах болно хэмээн тэнгэрээр, мөн түүнчлэн Бурханы сэнтийгээр тангараглав.
11 Мөнхүү улиран тохиох дор, Мормон би, тэдний ёс бус мөн жигшүүрт хэргийн улмаас, энэ цагаас энэ хүмүүсийн жанжин бөгөөд удирдагч байхаас бүрнээ татгалзав.
12 Болгоогтун, би тэднийг удирдсан, тэд ёс бус байдалд байсан хэдий ч би тэднийг олон удаа тулалдаанд удирдсан, мөн надад байсан Бурханы хайрын дагуу тэднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг байв; мөн бүх өдрийн туршид тэдний төлөө өөрийн Бурханд зүрх сэтгэлээ залбиралд уудлан нээсэн билээ; гэсэн хэдий ч, тэдний зүрх сэтгэл хатуугийн улмаас, энэ нь итгэлгүй байв.
13 Мөн гурвантаа би тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлж авав, мөн тэд нүглүүдээсээ наманчилсангүй.
14 Мөн тэд дайсныхаа эсрэг тулалдахаар явж, мөн өөрсдөө ах дүүсийнхээ цусны өшөөг авна хэмээн, бидний Их Эзэн мөн Аврагч Есүс Христээр тэдэнд хориглогдсон тэр бүгдээр тэд тангарагласны дараа, болгоогтун Их Эзэний дуу хоолой надад ирж, хэлсэн нь:
15 Өшөө авалт бол минийх, мөн би хариу төлөх болно; мөн би тэднийг чөлөөлсний дараа энэ хүмүүс наманчлаагүйн улмаас, болгоогтун, тэд дэлхийн гадаргуу дээрээс устгагдах болно.
16 Мөнхүү улиран тохиох дор би дайснуудынхаа эсрэг явахаас бүрнээ татгалзав; мөн бүр Их Эзэн надад зарлиг болсончлон би үйлдэв; мөн ирэх зүйлсийн талаар гэрчилсэн Сүнсний үзүүлэлтүүдийн дагуу, би харсан мөн сонссон тэдгээр зүйлийг дэлхийд үзүүлэхээр хөндлөнгийн нэгэн гэрч болон зогссон бөлгөө.
17 Тиймийн тул би харийнхан та нарт, мөн түүнчлэн Израилын угсааныхан та нарт хандан бичиж байна, уг ажил эхлэхэд, та нар өвийнхөө нутаг тийш буцаж очихоор бэлтгэхээр завдаж байх болно;
18 Тийм ээ, болгоогтун, би дэлхийн бүх хязгаарт; тийм ээ, Иерусалим нутагт шавь нараа болгохоор Есүсийн сонгосон тэр арван хоёроор үйлсийнхээ дагуу шүүгдэх Израилын арван хоёр овгийнхон та нарт хандан бичиж байна.
19 Мөн би Есүсийн энэ нутагт сонгосон арван хоёроор түүнчлэн шүүгдэх тэд болох энэ хүмүүсийн үлдэгдэлд хандан түүнчлэн бичиж байна; мөн тэд Иерусалим нутагт Есүсийн сонгосон өөр арван хоёроор шүүгдэх болно.
20 Мөн эдгээр зүйлийг Сүнс надад үзүүлж байна; тиймийн тул та бүгдэд би бичиж байна. Мөн би энэ шалтгааны улмаас та нарт бичиж байна, та нар бүгд, тийм ээ, Адамын хүмүүний бүх гэр бүлд хамрагддаг бодгаль болгон Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстойг; мөн та нар өөрсдийн үйлүүдээр, тэдгээр нь сайн эсвээс хилэнцэт байлаа ч, шүүгдэхээр зогсох ёстойг та нар мэдэж болохын тулд;
21 Мөн түүнчлэн та нарын дунд байх Есүс Христийн сайн мэдээнд та нар итгэж болохын тулд; мөн түүнчлэн Их Эзэний гэрээт хүмүүс болох иудейчүүд өөрсдийн хөнөөсөн тэр Есүсийг чухамхүү Христ мөн чухамхүү Бурхан хэмээн гэрчлэх, өөрсдийн харсан мөн сонссон түүнээс өөр гэрчтэй байхын тулд буюу.
22 Мөн би дэлхийн бүх хязгаар та нарт наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор бэлтгэхэд ятгахыг хүснэ.