Бүлэг 4
Дайн ба хядаан үргэлжлэв—Ёс бусыг үйлдэгчид ёс бусыг үйлдэгчдээ шийтгэдэг—Бүх Израилд урьд үзэгдээгүй илүү агуу ёс бус явдал тархав—Эмэгтэйчүүд мөн хүүхдүүд хиймэл шүтээнүүдэд өргөл болгогдов—Леменчүүд нифайчуудыг өөрсдийнхөө өмнө хөөн, устгаж эхлэв. Ойролцоогоор МЭ 363–375 он.
1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор гурван зуун жаран гурав дахь онд нифайчууд их цэрэгтэйгээ Эзгүйрэл нутгаас гаран, леменчүүдийн эсрэг тулалдахаар өгсөн одов.
2 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудын их цэрэг дахин Эзгүйрэл нутагт хүртэл ухраагдав. Мөн тэднийг туйлдсан хэвээр байхад нь, леменчүүдийн ядраагүй их цэрэг тэдэн рүү дайрав; мөн тэд ширүүн тулалдаанд орж, үүний хэрээр леменчүүд Эзгүйрэл хотыг эзэмшилдээ авч, мөн нифайчуудын олныг хөнөөн, олныг олзлон авсан бөлгөө.
3 Мөн үлдсэн нь зугтаж мөн Тианкам хотын оршин суугчидтай нэгдэв. Эдүгээ Тианкам хот тэнгисийн эргийн ойролцоо хилийн дэргэд байсан ажээ; мөн энэ нь түүнчлэн Эзгүйрэл хотын ойр байв.
4 Мөн нифайчуудын их цэрэг леменчүүд рүү дайрсан учраас тэд цохигдож эхэлсэн болой; учир нь тэгээгүй байсан аваас, леменчүүд тэднийг давах хүчтэй байж чадахгүй байв.
5 Гэвч, болгоогтун, Бурханы шүүлтүүд ёс бусыг үйлдэгчдэд ирэх болно; мөн ёс бусыг үйлдэгчдээр ёс бусыг үйлдэгчид нь шийтгэгддэг; учир нь ёс бусыг үйлдэгчид хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг цус урсгахад өдөөн хатгадаг юм.
6 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Тианкам хотын эсрэг ирэх бэлтгэлээ базаав.
7 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран дөрөв дэх онд леменчүүд түүнчлэн Тианкам хотыг эзэмшилдээ авч болохын тулд, Тианкам хотын эсрэг ирэв.
8 Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудад ялагдан мөн ухрав. Мөн нифайчууд, тэд леменчүүдийг ухрааснаа хараад дахин өөрсдийн хүчинд сагсуурав; мөн тэд өөрсдийн хүчээр урагшилж, мөн Эзгүйрэл хотыг дахин эзэмшилдээ авсан ажгуу.
9 Мөн эдүгээ эдгээр бүх зүйл тохиож, мөн нифайчууд болон леменчүүдийн аль аль талд мянга мянга нь хөнөөгдөв.
10 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран зургаа дахь жил улиран одож, мөн леменчүүд тулалдахаар нифайчуудын дээр дахин ирэв; мөн нифайчууд өөрсдийн үйлдсэн хилэнцээс наманчлаагүй хэвээр байв, харин ёс бусын үйлийг үргэлжид үйлдсээр байсан ажгуу.
11 Мөн нифайчууд болон леменчүүдийн ард түмний дунд байсан цус мөн хядааны аймшигт дүр зургийн төгс дүрслэлийг үгээр тайлбарлах, эсвээс бичих нь хүмүүний хувьд боломжгүй юм; мөн зүрх сэтгэл болгон хатуурав, тиймээс тэд үргэлжид цус урсгахдаа баясдаг байв.
12 Мөн Их Эзэний үгсийн дагуу, энэ хүмүүсийн дунд байсны адил тийм агуу ёс бус байдал нь Лихайн бүх хүүхдийн дунд ч, бас бүр Израилын бүх угсааны дунд ч байсангүй.
13 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд Эзгүйрэл хотыг эзэмшилдээ авав, мөн энэ нь тэдний тоо нифайчуудын тооноос илүү байсны учир буюу.
14 Мөн тэд түүнчлэн Тианкам хотын эсрэг урагш давшиж, мөн оршин суугчдыг нь тэндээс хөөв, мөн эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн аль алинаас олныг олзлон авч, мөн тэднийг хиймэл бурхаддаа өргөл болгон өргөв.
15 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран долоо дахь онд, леменчүүд тэдний эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг нь өргөл болгосон учир нифайчууд хилэгнэж, иймээс тэд агуу их хилэнтэйгээр леменчүүдийн эсрэг явж, үүний хэрээр тэд леменчүүдийг дахин дийлж, мөн тэднийг нутгаасаа хөөн гаргав.
16 Мөн гурван зуун далан тав дахь он хүртэл леменчүүд нифайчуудын эсрэг дахин ирсэнгүй.
17 Мөн энэ онд тэд өөрсдийн бүх хүчээр нифайчуудын эсрэг дахин ирэв; мөн тэдний тооны агуу ихийн улмаас тэд тоологдоогүй буюу.
18 Мөн энэ цагаас эхлэн нифайчууд леменчүүдийн дээгүүр хүч чадлыг олсонгүй, харин нарны өмнөх шүүдэр адил тэднээр арчигдаж эхлэв.
19 Мөнхүү улиран тохиох дор леменчүүд дахин Эзгүйрэл хотын эсрэг уруудан ирэв; мөн Эзгүйрэл нутагт үлэмж ширүүн тулалдаан болж, энд тэд нифайчуудыг дийлэв.
20 Мөн тэд дахин тэдний өмнө зугтаж, мөн тэд Боаз хотод ирэв; мөн тэнд тэд үлэмж зоригтойгоор леменчүүдийн эсрэг зогсов, үүний хэрээр леменчүүд, тэд хоёр дахь удаагаа дахин ирэх хүртлээ тэднийг дийлсэнгүй.
21 Мөн тэднийг хоёр дахь удаагаа ирэхэд, нифайчууд хөөгдөн мөн үлэмж агуу аллагаар хядагдав; тэдний эмэгтэйчүүд мөн хүүхдүүд дахин хиймэл шүтээнүүдэд өргөл болгогдов.
22 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд дахин тэдний өмнө, хотод бас тосгодод байсан бүх оршин суугчийг өөрсөдтэйгөө аван зугтав.
23 Мөн эдүгээ Мормон би, леменчүүд уг нутгийг сүйрүүлэх гэж буйг харсан учир, тиймийн тул би Шим гүвээ рүү очин, мөн Их Эзэний төлөө Аммароны нуусан бүх цэдгийг авав.