Судрууд
Мормон 5


Бүлэг 5

Мормон Нифайн их цэргийг цус мөн хядааны тулалдаанд дахин удирдав—Есүс бол Христ гэдгийг бүх Израилд үнэмшүүлэхээр Мормоны Ном гарч ирэх болно—Тэдний итгэлгүйн улмаас, леменчүүд тараагдаж мөн Сүнс тэдэнд нөлөөлөхийг хичээхээ болих болно—Тэд хожмын өдрүүдэд харийнхнаас сайн мэдээг хүлээн авах болно. Ойролцоогоор МЭ 375–384 он.

1 Мөнхүү улиран тохиох дор би нифайчуудын дунд урагш явж, мөн би тэдэнд хойшид туслахгүй хэмээн өгсөн тангаргаасаа буцав; мөн тэд дахин их цэргийнхээ удирдлагыг надад өгөв, учир нь тэд намайг зовлон зүдгүүрээс нь өөрсдийг нь чөлөөлж чадах мэтээр үзэж байв.

2 Гэвч болгоогтун, надад найдвар байсангүй, учир нь тэдний дээр ирэх Их Эзэний шүүлтүүдийг би мэдэж байсан юм; учир нь тэд алдсуудаа наманчилсангүй, харин өөрсдийг нь бүтээсэн Нэгэнийг дуудалгүйгээр амиа хамгаалахаар тэмцсэн ажгуу.

3 Мөнхүү улиран тохиох дор бид Иорданы хот тийш зугтсан үед леменчүүд бидний эсрэг ирэв; гэвч болгоогтун, тэд ухраагдсанаас тэр үед тэд уг хотыг эзэлсэнгүй.

4 Мөнхүү улиран тохиох дор тэд дахин бидний эсрэг ирж, мөн бид хотыг хадгалан хамгаалав. Мөн нифайчуудаар хадгалагдан хамгаалагдсан өөр бусад хот байв, тэдгээрийн бат бэх хамгаалалтууд нь тэднийг зогсоосноос тэд манай нутгийн оршин суугчдыг устгахаар бидний өмнө буй нутаг руу нэвтэрч чадаагүй болой.

5 Гэвч улиран тохиох дор бидний дайрч гарсан, мөн оршин суугчид нь цуглуулагдаагүй бүх нутаг леменчүүдээр устгагдав, мөн тэдний суурингууд, тосгод, мөн хотууд галд шатаагдав; мөн гурван зуун далан есөн жил тийн улирч одов.

6 Мөнхүү улиран тохиох дор гурван зуун ная дахь онд леменчүүд бидний эсрэг тулалдахаар дахин ирж, мөн бид тэдний эсрэг зоригтойгоор зогсов; гэвч энэ бүхэн бүгд үр дүнгүй байв, учир нь тэдний тоо машид агуу байснаас тэд нифайчуудыг хөл дороо дэвсэлсэн бөлгөө.

7 Мөнхүү улиран тохиох дор бид дахин зугтаж, мөн леменчүүдээс хурдан гүйсэн тэд амьд гарч, мөн леменчүүдээс илүү хурдан байгаагүй тэд нь арчигдаж мөн устгагдав.

8 Мөн эдүгээ болгоогтун, Мормон би, миний нүдний өмнө тавигдсаны адил, цус мөн хядааны тийм аймшигт дүр зургийг хүмүүсийн өмнө үзүүлснээр тэдний сэтгэлийг тарчилгахыг би үл хүснэ; гэвч би эдгээр зүйл гарцаагүй мэдүүлэгдэх ёстойг, мөн нуугдсан бүх зүйл байшингийн дээвэр дээрээс илчлэгдэх ёстойг мэддэг учир—

9 Мөн түүнчлэн эдгээр зүйлийн мэдлэг нь энэ хүмүүсийн үлдэгдэлд, мөн түүнчлэн харийнханд ирэх ёстойг, Их Эзэний хэлсэнчлэн харийнхан энэ хүмүүсийг тараана хэмээн, мөн энэ хүмүүс тэдний дунд юу ч биш хэмээн тооцогдоно гэдгийг би мэддэг учир—тиймийн тул, би хүлээн авсан зарлигийнхаа улмаас, өөрийн харсан тэр зүйлсийн бүрэн шастирыг өгөхийг үл зүрхлэхийн учир, мөн түүнчлэн энэ ард түмний ёс бус үйлээс болж та нар дэндүү их харуусалтай байхгүй байж болохын тулд би нэг жижиг хураангуйллыг бичье.

10 Мөн эдүгээ болгоогтун, би тэдний үрсэд, мөн түүнчлэн Израилын угсаанд санаа тавьдаг, адислалууд нь хаанаас ирдгийг ухаарч мөн мэддэг харийнханд үүнийг ярьж байна.

11 Учир нь тийм тэд нь Израилын угсааны гай гамшгийн улмаас шаналахыг би мэднэ; тийм ээ, тэд энэ ард түмний устгалын улмаас шаналах болно; Есүсийн мутарт тэврүүлж болохын тулд энэ хүмүүс наманчлаагүйд тэд шаналах болно.

12 Эдүгээ эдгээр зүйл нь Иаковын угсааны үлдэгдэлд бичигдсэн бөлгөө; мөн ёс бус байдал нь тэдгээрийг урагш тэдэнд авчрахгүй нь Бурханаар мэдэгдсэний улмаас, тэдгээр нь энэ маягаар бичиглэгдсэн буюу; мөн тэдгээр нь түүний тогтоосон цагт авчрагдаж болохын тулд Их Эзэний төлөө нууцлагдах ёстой.

13 Мөн миний хүлээн авсан зарлиг энэ болой; мөн болгоогтун, тэдгээр нь Их Эзэний зарлигийн дагуу, тэрбээр зохистой хэмээн өөрийн мэргэн ухаанд үзэх тэр үед авчрагдах болно.

14 Мөн болгоогтун, тэдгээр нь иудейчүүдийн үл итгэх тэдэнд очих болно; мөн энэ зорилгын учир тэдгээр нь очих болно—тэд, Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэдэгт ятгуулагдаж болохын тулд; Эцэг өөрийн хамгийн Хайртаар дамжуулан өөрийн агуу бөгөөд мөнхийн зорилгыг, иудейчүүдийг эсвээс Израилын бүх угсааг Их Эзэн Бурханых нь тэдэнд соёрхсон, тэдний өвийн нутагт сэргээснээр өөрийн гэрээг биелүүлэн гүйцэлдүүлж болохын тулд болой;

15 Мөн түүнчлэн, харийнхнаас тэдэнд очих түүний сайн мэдээнд энэ хүмүүсийн үрс илүү бүрнээр итгэж болохын тулд буюу; учир нь энэ хүмүүс тараагдаж, мөн бидний дунд байсан хүмүүсийн дүрслэгдэж байснаас, тийм ээ, бүр леменчүүдийн дунд байснаас ч илүүгээр харанхуй, бохир мөн зэвүүцэм хүмүүс болох болно, мөн энэ нь тэдний итгэлгүй байдал болоод хиймэл шүтээн шүтдэгийн улмаас буюу.

16 Учир нь болгоогтун, Их Эзэний Сүнс тэдний өвөг дээдэст нөлөөлөхийг хичээхээ аль хэдийн больсон ажгуу; мөн тэд дэлхийд Христ болон Бурхангүйгээр байгаа болой; мөн тэд салхинд туугдах буудайн хальс адил хөөгдөж байгаа билээ.

17 Тэд нэгэн цагт тааламжит хүмүүс байв, мөн тэд Христийг өөрсдийн хоньчин болгосон байв; тийм ээ, тэд бүр Бурхан Эцэгээр удирдуулдаг байв.

18 Гэвч эдүгээ, болгоогтун, тэд Сатанаар хөтлүүлж байгаа бөлгөө, бүр салхинд туугдах буудайн хальс адил, эсвээс далбаа юм уу зангуугүй, эсвэл түүнийг жолоодох юу ч үгүйгээр давалгаан дээр шидэгдэх хөлөг адил буюу; мөн тэд үүний адил байгаа болой.

19 Мөн болгоогтун, тэдний уг нутагт хүлээн авч болох байсан тэдгээр адислалыг уг нутгийг эзэмших харийнхны төлөө Их Эзэн хадгалсан бөлгөө.

20 Гэвч болгоогтун, улиран тохиох дор тэд харийнхнаар хөөгдөж мөн тараагдах болно; мөн тэд харийнхнаар хөөгдөж мөн тараагдсаны дараа, болгоогтун, тэгэхэд Их Эзэн, Абрахамд мөн Израилын бүх угсаанд хийсэн гэрээгээ санах болно.

21 Мөн түүнчлэн Их Эзэн тэдний төлөө түүнд өргөгдсөн зөв шударгыг үйлдэгчдийн залбирлуудыг санах болно.

22 Мөн тэгвэл, ай харийнхан та нар, наманчилж мөн хилэнцэт замаасаа эргэхээс бусдаар, та нар Бурханы хүчний өмнө хэрхэн зогсож чадах билээ?

23 Бурханы мутарт байдаг гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр бүх хүчийг эзэмшдэг, мөн түүний агуу тушаалаар газар дэлхий хуйлмал бичиг адил хуйлагдах болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?

24 Тиймийн тул, наманчлагтун та нар, мөн тэрбээр та нарын эсрэг шударга ёсонд ирэх вий хэмээн—Иаковын үрээс үлдсэн нэгэн та нарын дунд арслан адил явж, мөн та нарыг хэдэн хэсэг тасчин, мөн чөлөөлөх хэн ч үгүй байх вий хэмээн түүний өмнө өөрсдийгөө даруусгагтун.

Хэвлэх