Судрууд
Мормон 7


Бүлэг 7

Мормон хожмын үеийн леменчүүдэд Христэд итгэж, Түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрч, мөн аврагдахыг урив—Библид итгэдэг хэн бүхэн Мормоны Номд түүнчлэн итгэх болно. Ойролцоогоор МЭ 385 он.

1 Мөн эдүгээ, болгоогтун, энэ хүмүүсийн хэлтрүүлэгдсэн үлдэгдэлд би заримыг ярихыг хүснэ, хэрэв Бурхан миний үгсийг тэдэнд өгөх аваас, тэгснээр тэд өөрсдийн өвөг дээдсийн тухай зүйлсийг мэдэж болох буюу; тийм ээ, би та нарт, Израилын угсааны үлдэгдэл та нарт ярьж байна; мөн миний ярих үгс нь эдгээр буюу:

2 Израилын угсааных гэдгээ мэдэгтүн, та нар.

3 Наманчлалд ирэх ёстойгоо, эсвээс аврагдаж чадахгүйгээ мэдэгтүн, та нар.

4 Дайны зэр зэвсгүүдээ тавьж, мөн цус урсгахад цаашид үл баясаж, мөн Бурхан та нарт зарлиглахаас бусдаар, тэдгээрийг дахин өргөхгүй байхаа мэдэгтүн, та нар.

5 Өөрсдийн өвөг дээдсийн мэдлэгт ирж, мөн өөрсдийн бүх нүгэл мөн алдсаас наманчилж, мөн Есүс Христэд итгэх ёстойгоо, тэрбээр Бурханы Хүү, мөн тэрбээр иудейчүүдээр хөнөөгдсөн, мөн Эцэгийн хүчээр тэрбээр дахин боссон, тэгснээр тэрбээр булшны дээгүүр ялалт олсон; мөн түүнчлэн түүгээр үхлийн гашуун нь дийлэгдсэн гэдэгт итгэх ёстойгоо мэдэгтүн, та нар.

6 Мөн тэрбээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог, үүгээр хүмүүн түүний шүүлтийн суудлын өмнө зогсохоор босгогдох ёстой.

7 Мөн тэрбээр дэлхийн гэтэлгэлийг улируулан тохиолгосон, тэгснээр шүүлтийн өдөр түүний өмнө гэмгүй нь тогтоогдсон тэрэнд Бурханы оршихуйд, түүний хаант улсад амьдрах нь өгөгдөнө, эцэсгүй аз жаргалын байдалд, нэг Бурхан болох, Эцэгт, мөн Хүүд, мөн Ариун Сүнсэнд, тэнгэрийн найрал дуутай хамт магтууг зогсолтгүй дуулахаар буюу.

8 Тиймийн тул наманчлагтун, мөн Есүсийн нэрээр баптисм хүртэгтүн, мөн Христийн сайн мэдээг дагагтун, зөвхөн энэ цэдгээр бус харин түүнчлэн иудейчүүдээс харийнханд ирэх, харийнхнаас та нарт ирэх тэр цэдгээр та нарын өмнө тавигдах түүнийг буюу.

9 Учир нь болгоогтун, энэ нь та нар тэрэнд итгэж болно хэмээх зорилготойгоор бичигдсэн юм; мөн хэрэв та нар тэрэнд итгэх аваас та нар түүнчлэн үүнд итгэх болно; мөн хэрэв та нар үүнд итгэх аваас та нар өөрсдийн өвөг дээдсийн талаар, мөн түүнчлэн тэдний дунд Бурханы хүчээр үйлдэгдсэн гайхамшигт ажлуудын талаар та нар мэдэх болно.

10 Мөн та нар Иаковын үрийн үлдэгдэл болохоо түүнчлэн мэдэх болно; тиймийн тул та нар анхны гэрээт хүмүүсийн дунд тоологддог буюу; мөн хэрэв та нар Христэд итгэн, мөн бидний Аврагчийн жишээг даган, тэрээр бидэнд зарлиг болгосны дагуу, эхлээд усаар, дараа нь галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэх аваас, шүүлтийн өдөр та нарын хувьд сайн байх болно. Амен.