2019
Гэрээсээ хол байхдаа Христийн мэндэлсний баярыг сайхан өнгөрүүлэх таван санаа
2019 оны 12-р сар


Гэрээсээ хол байхдаа Христийн мэндэлсний баярыг сайхан өнгөрүүлэх таван санаа

Христийн мэндэлсний баярын өдрүүдийг ганцаараа өнгөрүүлэхдээ уйтгар гунигаа даван туулах таван арга

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Америкийн Христийн мэндэлсний баярын сонгодог дуунуудын нэг бол Элвисийн дуулсан “Blue Christmas” гэдэг дуу юм. Би үүнд дургүй. Гэвч “Чамгүйгээр Христийн мэндэлсний баяраар юутай уйтгартай. Чиний тухай бодсоор уйтгарлан өнгөрүүлнэ” гэдэг нь залуучуудад ойр дотно санагдаж болох юм. Номлол, ажил, сургуульд явснаас юм уу бид өөрсдөө эсвэл гэрийнхэн маань хилийн чанадад амьдарч байгаагаас шалтгаалан бидний олон нь Христийн мэндэлсний баярыг гэрийнхэн болон найз нөхдөөсөө хол өнгөрүүлэх болдог.

Христийн мэндэлсний баяр нь Аврагчийн мэндэлснийг тэмдэглэх гайхалтай баяр боловч Христийн мэндэлсний баярын олон уламжлал бусадтай хамт цагаа өнгөрүүлэхэд төвлөрч байдаг. Бид хамтдаа хооллож, бусдад бэлэг өгөхөөр цуглардаг. Бид хамтдаа дуулж эсвэл Христийн төрөлтийн түүхийг уншдаг.

Тэгвэл та ганцаараа байсан ч хэрхэн Христийн мэндэлсний баярыг утга учиртай болгож чадах вэ? Энд таван санааг дурдав. Та номлогч байсан ч эдгээрийг хийж болно. Гэхдээ та үйл ажиллагааг өөрчилж эсвэл бэлтгэлийн өдрөөрөө хийж болохоор болгох хэрэгтэй байж болох юм.

  1. Өөрсдийн ёс уламжлалыг хадгал.

Та гэрийнхэнтэйгээ хамт байхгүй байна гэдэг нь гэрийнхээ уламжлалыг дагаж болохгүй гэсэн үг биш юм. Алдартай цагаан гааны амтлаг жигнэмгээ эсвэл мах, улаан чинжүүтэй хольж буталсан эрдэнэ шишээ хий. Эсвэл өөрийн гэсэн уламжлалыг бий болго. Та аль ч уламжлалыг сонголоо гэсэн танд Христийн тухай сануулдаг зүйлс дээр төвлөр. Та Аврагч дээр төвлөрөхдөө зөвхөн Христийн мэндэлсний баярын Сүнсийг мэдрээд зогсохгүй, нөлөө нь танд илүү их амар амгалан, тайтгарлыг авчирч чадах Ариун Сүнсийг мэдэрч чадах юм.

  1. Гэр бүлийн ураг үндэс дээрээ төвлөр.

Миний өвөг дээдсийн ихэнх нь Норвегээс гаралтай бөгөөд миний Христийн мэндэлсний баярын дурсамж ихэнхдээ Норвегийн уламжлал, хоол хүнстэй холбоотой байдаг. Гэр бүлийнхнээ эзгүйд би эдгээр уламжлалын хэдийг нь л хийж чадах ба харин би өвөг дээдсийнхээ тухай бас бодож болно. Христийн мэндэлсний баяр ариун сүмд авч очих нэр олох, өвөг дээдэс тань баяраа хэрхэн тэмдэглэдэг байсныг судлах эсвэл тэмдэглэл хөтлөх гэх зэрэг гэр бүлийн түүхийн ажлыг хийх төгс цаг юм. Та юу ч хийхээр сонголоо гэсэн, өв уламжлалаа бодохыг сонгох нь танд амьд ч бай, нас барсан ч бай гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр дотно байдлыг мэдэрч, илүү агуу зорилготой болоход туслах болно.

  1. Бусадтай хамт тэмдэглэ.

Ялангуяа та бүрэг ичимхий бол энэ нь танаас зориг гаргахыг шаардаж болох ч Христийн мэндэлсний баярыг гав ганцаараа өнгөрөөх шаардлагагүй юм. Та бас хиймээргүй зүйлсээ хийх гэж өөрийгөө тэгтлээ албадах шаардлагагүй ба бусад залуучуудтай хамт оройн хоол идэж, найрал дуунд дуулж эсвэл зүгээр хамтдаа цаг өнгөрөөж болно. Тэнд Христийн мэндэлсний баярыг тантай адил гэрээсээ хол өнгөрүүлж байгаа хүмүүс ч байж болох юм. Тиймээс ялангуяа нөхөрсөг урилга хүлээн авч болох хүмүүсийг хайж ол.

  1. Цаг агаарыг таатайгаар өнгөрүүлж эсвэл гэр доторхоо чимэглээрэй.

Таны хаана амьдарч байгаагаас шалтгаалан Христийн мэндэлсний баяр нь хамгийн хүйтэн эсвэл хамгийн дулаан улирлын үе байж болох ба үүнийг давуу тал болгон ашиглаарай. Чаргаар гулгах, явган аялах, мөсөн дээр гулгах эсвэл дугуй унах зэрэг байж болно. Эсвэл гадаа үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй бол дотор байж, гэртээ чимэглэл хий. Христийн мэндэлсний баяраар баярын уур амьсгал оруулах боломжтой, хийхэд амархан чимэглэл олон байдаг.

  1. Бусдад үйлчил.

Үйлчлэлээс илүү танд Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрүүлэх цөөхөн зүйл байдаг. Сүм #Дэлхийг гэрэлтүүл гэсэн бүх нийтийг хамарсан ажил эсвэл JustServe.org вэбсайтаар дамжуулан бусдад үйлчлэх боломж олгох олон эх сурвалжийг гаргаж өгсөн. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч “үйлчлэлийн энгийн үйлдлүүд бусдад болон өөрсдөд маань хүчирхэг нөлөө үзүүлж чадна. Аврагч юу хийсэн бэ? Түүний Цагаатгал, Амилалтын мөнхийн бэлгээр дамжуулан ‘Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүнд ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй.’ Тэрээр инээмсэглэж, ярьж, хамт алхаж, сонсож, цаг гаргаж, урамшуулан дэмжиж бас зааж, хооллож, уучилж байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, хөршүүдэд болон танихгүй хүмүүст ч мөн адил үйлчилж, танилуудаа, хайртай хүмүүсээ Өөрийн сайн мэдээний гайхамшигт адислалуудын баяр хөөрийг хүлээн авахад урьсан”1 хэмээн сануулсан.

Та Христийн мэндэлсний баяраар гэртээ байхгүй байж болох ч баяраа онцгой болгох боломжтой. Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Христийн мэндэлсний баярын сүнс бидэнд байгаа цагт, бид жилийн энэ үед Түүний төрөлтийг тэмдэглэхдээ: “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:11)2 гэсэн судрын үгсийг санадаг билээ” хэмээн хэлсэн.

Эшлэлүүд

  1. Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130.

  2. Thomas S. Monson, “Rediscovering the Christmas Spirit,” Ensign or Liahona, Dec. 2012, 4.