Аврагчийн өгсөн дөрвөн бэлэг
2018 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтаас эш татав.
Хайрт ах, эгч нар аа, ямар сайхан баярын улирал вэ! Их Эзэн Есүс Христийн амьдрал, тохинуулал, сургаал, Цагаатгалд төвлөрөх зуур бидэнд ирдэг адислалуудын талаар хамтдаа эргэцүүлэн бодоцгооё.
Энэ баярын үеэр би та нарыг өөрсдийн хүслийг эргэцүүлэн бодоорой гэж урьж байна. Та Есүс Христтэй улам бүр адилхан болохыг үнэхээр хүсэж байна уу? Та Тэнгэрлэг Эцэгтэй болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрэв та хүсэж байгаа бол мөнх бус амьдралд тань туслахын тулд Их Эзэний өгсөн олон бэлгийг хүлээн авахыг хүсэх болно. Хүлээн авах хүсэлтэй бүх хүнд Есүс Христийн өгсөн дөрвөн бэлэгт анхаарал хандуулцгаая.(Сургаал ба Гэрээ 88:33-ыг үзнэ үү).
Нэг дэх нь, Тэр та бидэнд хайрлах хязгааргүй чадавхыг өгсөн. Үүнд хайрлахад бэрх хүмүүсийг, тухайлбал хайрлах нь битгий хэл таныг гадуурхдаг, ашигладаг хүмүүсийг хайрлах чадвар багтсан (Матай 5:44–45-ыг үзнэ үү).
Аврагчийн тусламжтайгаар бид Түүнтэй адил хайрлахыг сурч чадна. Бид нэг нэгнээ хэрхэн жинхэнэ ёсоор халамжлахыг Аврагчаар заалгаснаар энэ нь биднээс зүрх сэтгэлийн өөрчлөлтийг, тэр тусмаа зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийг шаардаж болох юм. Хайрт ах, эгч нар аа, бид Их Эзэний хайрын бэлгийг хүлээн авснаар үнэхээр Түүний арга замаар тохинуулж чадна.
Аврагчийн танд барьж буй хоёр дахь бэлэг бол уучлах чадвар юм. Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон болон танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна. Янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө.
Аврагчийн гурав дахь бэлэг бол наманчлалын бэлэг юм. Их Эзэн биднээс оюун санаа, мэдлэг, сүнс, бүр амьсгалаа хүртэл өөрчлөөсэй хэмээн хүсдэг. Жишээ нь, бид наманчлах үедээ өдрөөс өдөрт бидэнд амьсгал өгдөг Бурханд талархан амьсгалдаг (Мозая 2:21-ийг үзнэ үү). Мөн бид тэрхүү амьсгалыг Түүнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд зориулахыг хүсдэг. Наманчлал бол гайхалтай бэлэг. Энэ үйл явцаас хэзээ ч айж эмээх хэрэггүй. Бид энэ бэлгийг өдрөөс өдөрт, бүр Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэх явцдаа баяр хөөртэй хүлээн авч, ашиглаж, бүр өөрийн болгох хэрэгтэй.
Аврагчийн дөрөв дэх бэлэг бол амлалт бөгөөд мөнх амьдралын амлалт юм. Хүн бүр амилуулагдаж, үхэшгүй байдлыг үзэх болно. Гэвч мөнх амьдрал бол цаг хугацааны хэмжүүрээс илүү агуу зүйл юм. Мөнх амьдрал бол Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүүгийн амьдардаг амьдралын хэв маяг, мөн чанар юм. Эцэг бидэнд мөнх амьдралыг санал болгохдоо, “Хэрэв та нар миний Хүүг дагахаар сонгож байгаа бол, хэрэв Түүнтэй илүү адил болох нь үнэхээр таны хүсэл мөн юм бол цаг нь ирэхээр та нар бидэнтэй адил амьдралаар амьдарч, бидэнтэй адил дэлхийнүүд ба хаант улсуудын дээр тэргүүлэх болно” хэмээн хэлж байгаа хэрэг.
Бид энэ дөрвөн бэлгийг хүлээж авбал эдгээр нь бидэнд бүр илүү их баяр баясгаланг авчрах болно. Иехова бяцхан Есүс болж дэлхийд бууж ирсэн учраас эдгээрийг бид хүртэх боломжтой болсон юм. Тэрээр үхэшгүй мөнхийн Эцэг, мөнх бус эхээс төрсөн. Тэрээр Бетлехемд хамгийн эгэл даруу нөхцөл байдалд мэндэлсэн билээ. Есүс Христ бол Бурханы хамгийн гайхамшигт бэлэг бөгөөд бүх хүүхдэдээ өгсөн Эцэгийн бэлэг буюу (Иохан 3:16-г үзнэ үү).
Бодол санаа, сэтгэл зүрхээ дэлхийн Аврагч дээр төвлөрүүлсэн бид Есүс Христийн харамгүй өгч буй эдгээр бэлгийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Түүнтэй адил хайрлаж, уучилж, илүү адилхан болохын тулд наманчилж, эцэст нь Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахын түлхүүр юу вэ?
Ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих нь үүний түлхүүр юм. Бид Их Эзэний гэрээний замаар амьдарч, тэндээ үлдэхээр сонгодог. Энэ зам нь нарийн төвөгтэй зам биш билээ. Энэ бол энэ амьдрал дахь жинхэнэ баяр баясгалан, ирэх амьдрал дахь мөнх амьдралд хүргэх цорын ганц зам мөн.
Хайрт ах, эгч нар аа, миний хамгийн нандин хүсэл бол Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Есүс Христийн сайн мэдээг сонсох, Түүний сургаалыг анхаарч дагах боломжийг олгох явдал юм. Бид Аврагчийн бидний хүн нэг бүрийг гэх хайранд итгэж, хайрыг нь хүлээн авах болтугай хэмээн би залбирч байна. Тэрээр хязгааргүй, төгс хайрандаа хөтлөгдөн та бидний төлөө цагаатгасан. Тэрхүү бэлэг болох Аврагчийн Цагаатгал нь Түүний бүх бэлгийг биднийх болгох боломжийг олгодог.