Аврагчийн найз нөхөдтэй болох үлгэр жишээ
Бид бүхэнд ганцаардах үе гардаг ч Аврагчийн үлгэр жишээ найз нөхөдтэй болох талаар хэдэн зүйлийг бидэнд заадаг.
Залуу хүний хувьд бид бүхэнд гэрээ орхин сургуульд явах, номлолоос гэртээ эргэж ирэх, найз охин, найз залуугаасаа салах, амьдарч байгаа газрынхаа Сүмийн цорын ганц гишүүн байх, шинэ тойрогт ирэх, ганц бие байх, гэрээсээ хол ажлаар их явдаг хүнтэй гэрлэсэн байх, шинэхэн эцэг эх болох гэх мэт ганцаардах үе олон тохиодог. Амьдралын зарим цаг үед найз нөхөдтэй болох тийм ч амар хялбар байдаггүй.
Гэхдээ энэ нь боломжгүй гэсэн үг биш юм. Бүхий л зүйлийн адил, хариулт нь Аврагчийг дагахад оршино. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Сайн мэдээний бүх зарчмын адил нөхөрлөлд ч гэсэн Есүс Христ бидний Үлгэр жишээ болдог”1 хэмээн хэлсэн. Найз нөхөдтэй болох талаар Аврагчийн үзүүлсэн үлгэр жишээнээс бидний сурч болох хэдэн зүйлийг оруулав.
Тэднийг хайж ол
Есүс найз нөхөрлөлийг үнэлдэг байсан. Дэлхий дээрх тохинууллын ажилд нь Түүнд бусдын тусламж, дэмжлэг хэрэгтэй байсан (бидэнд ч гэсэн хэрэгтэй байдгийн адил). Харин Тэрээр таарах хүнээ хаалган дээр өөрөө хүрч ирэхийг хүлээлгүй, өөрөө гарч тэднийг олсон! Тэр ердийн үед очдоггүй газрууддаа очиж (Лук 5:3–10-ыг үзнэ үү), эргэн тойрноор явж (Марк 1:16; Иохан 1:36-г үзнэ үү), тэр ч бүү хэл хүмүүсийг ирж, Өөрийн байгаа газрыг үзэхэд урьдаг байжээ (Иохан 1:39-ийг үзнэ үү).
Аврагчийн адил шалтгаанаар найз нөхөд хэрэггүй байж болох ч, бид сайн хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэх нь чухал. Хэрэв та амьдралынхаа шинэ үе шатанд шилжиж, найз нөхөдтэй болох хэрэгтэй бол тэднийг хайж ол. Сүмийн болон бусад үйл ажиллагаанд оролцон, өөрийгөө танилцуулж мөн шинэ зүйл хийж үзэж, хүмүүсийг гэртээ урьж, чин сэтгэлээсээ тохинуулах (тохинуулж байгаа хүнд тань найз хэрэгтэй байж болно шүү дээ!) юм бол таны найз нөхөд болж болох хүмүүсээр улам ихээр хүрээлүүлж байгаагаа та олж харах болно.
Бусдын сайн талыг онцол
Есүс Натанаелтай уулзахдаа “Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй” гэж хэлсэн нь надад таалагддаг (Иохан 1:47). Судрын энэ шүлгийн талаар бодох болгонд бусдын сайн талуудыг олж харах, олж харснаа хэлж байхыг надад сануулдаг.
Найз нөхөдтэй болох тал дээр мэргэшсэн “Ноён” Фрэд Рожэрс бусдын сайн талыг олж харах нь мөн Христийнхтэй адил зан чанар болохыг онцолсон. Тэр “Бусдыг үнэлэх нь ариун нандин зан чанар гэдэгт би итгэдэг. Бид өөрсөдтэйгөө хамт байгаа хүнээс сайн сайхныг нь олж харахыг хичээх яг тэр мөчид Бурханы хийдэг тэр зүйлийг хийж байдаг. Тиймээс хөршөө хайрлаж, үнэлснээр бид үнэнхүү ариун нандин зүйлд оролцдог”2 хэмээн хэлсэн.
Найз нөхдийн төлөө залбир
Аврагчийн дэлхий дээрх амьдралын түүхүүдээс бусдын төлөө залбирч байсан нь хамгийн тод томруун үлдсэн байдаг. Нифайчууд “[тэдний] төлөө Эцэгт хандан Христийн залбирсныг [тэд] сонссон тэр цагт бодгалийг [нь] дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй буйза” (3 Нифай 17:17) хэмээн цэдэглэсэн. Бидний залбирал Түүнийхтэй адил сэтгэл хөндөм байж чадахгүй байж болох ч бид цаг зав гарган санаа тавьдаг хүмүүсийнхээ төлөө залбирч чадна.
Найз нөхдийнхөө төлөө залбирахын зэрэгцээ та найз нөхөдтэй болохын төлөө залбирч болно. Та ганцаардал, найз нөхдийн хэрэгцээ гээд “бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлө[х]” (Алма 37:37) юм бол Тэрээр “чамайг сайны төлөө чиглүүлэх болно” мөн сайн найз болж чадах сайн хүмүүс рүү ч бас чиглүүлнэ.
Аврагчид ханд
Есүс Өөрөө ганцаардал, “гашуудлыг танин мэдсэн” байсан тул ганцаардах үед бидэнд ямар байдгийг мэднэ (Мозая 14:3). Тиймээс бид өөрсдөө хамгийн сайн найз байсан ч гэсэн бидэнд ганцаардах үе, цаг мөч тохиох магадлалтай. Гэхдээ ганцаардал бидэнд бие биенээ хайрла гэсэн бурханлаг зарлигийг бас сануулж болно (Иохан 13:34-ийг үзнэ үү).
Хэрэв та яг одоо ганцаардаж байгаа бол Аврагчийн үлгэр жишээг хар. Хэн хэнээс илүү Түүнийг найзаа болго. Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр хэзээ ч таныг ганцаар орхихгүй.