2020
Тодорхой бус дэлхий дэх тодорхой таван зүйл
2020 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Тодорхой бус дэлхий дэх тодорхой таван зүйл

Эдгээр таван үнэн танд аливаа зүйлийг даван туулахад тусалж чадна.

Амьдрал төлөвлөгөөний дагуу явагдах нь ховор. Энэ нь хүн бүрийн хувьд саад, эргэлт, гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Тэгвэл ирээдүй бидэнд юу өгөхийг мэдэхгүй байж, бид түүнд хэрхэн бэлтгэх ёстой вэ?

Аз болоход бидэнд үргэлж итгэн найдаж болох хэдэн зүйл байдаг. Дараах үнэн болох зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өмнөх зам маань харанхуй бөгөөд тодорхой бус санагдсан ч эдгээр нь бидэнд шийдвэр гаргахад удирдамж болж, урагш зүтгэхэд урамшуулах болно.

Тэнгэрлэг Эцэг танд хайртай

Амьдралд юу ч тохиолдсон таныг хайрласаар байх болно. Та бол Тэнгэрлэг Эцэгт агуу үнэ цэнтэй (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү). Та бүр олон дэлхийн үнэ цэнтэй!1

Танд өөрөө тийм их үнэ цэнтэй биш мэт санагдаж болно. Та ганцаардаж, цөхөрч, айдаст автаж байж болно. Та өөрийгөө зохисгүй мэт санаж болно. Харин Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс эгчийн тайлбарласнаар, үнэ цэнтэй байх, зохистой байх гэдэг нь адил зүйл биш юм.2 Бид нүгэл үйлдсэн ч гэсэн агуу үнэ цэнтэй хэвээр байдаг. Энэ бол Аврагч яагаад Цагаатгалыг үйлдэх болсон нэг шалтгаан юм (Сургаал ба Гэрээ 18:11–13-ыг үзнэ үү). Тэр таныг мэддэг, танд хайртай учраас Тэрээр танд эргээд цэвэр болох арга замыг хангаж өгсөн.

Танд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байдаг

Таны энэ дэлхийд ирсэн тодорхой зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болж, Тэдэнтэй хамт амьдрахын тулд буцах явдал юм. Энэ бол Бурханы танд зориулсан зорилго бөгөөд Тэрээр танд үүнийг биелүүлэхэд тусална!

Энэ нь бүх зүйл амар байх болно гэсэн үг биш бөгөөд бид сорилтуудтай тулгарсаар байх болно. Гэвч “цэх шулуун алхдаг тэдний сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа үйлчлэх болно” (Сургаал ба Гэрээ 100:15) гэдэгт бид итгэлтэй байж болно.

Таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө таны төлөвлөсөн зүйлээс өөр санагдаж болох ч энэ төлөвлөгөө таны сайн сайхны төлөө байх бөгөөд таныг мөнхийн аз жаргалд хөтлөх болно гэдэгт та итгэж болно. Амьдралын удирдамж болдог номуудыг, тухайлбал судрууд, таны патриархын адислал, орчин үеийн бошиглогчдын үгс зэргийг уншаарай. Эдгээр зүйл нь танд зориулсан Түүний төлөвлөгөөг илүү сайн ойлгоход тань туслах болно.

Тэгээд Түүний заасныг дага. Бид Түүний зарлигуудад дуулгавартай байх үедээ л амар тайван байж, дэгжих болно (Мозая 2:22-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлснээр “Зоригтой бай.” “Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна.”3

Эцсийн зорилго бол мөнх амьдрал юм

Бидний амьдралдаа туулах зам тодорхой бус байж болох боловч зорьж байгаа газар маань тодорхой. Бид шийдвэр гаргахдаа “Энэ нь юунд хүргэх вэ?” гэж асуудаг байж болно.4 Хэрвээ энэ нь таныг мөнх амьдралд хүргэх замаас холдуулж байгаа бол энэ нь зөв сонголт биш юм.

Заримдаа бид гэрийн даалгавар хийх, үдийн хоолоор юу идэх зэрэг жижиг шийдвэрүүдэд баригдсан байдаг. Бид амьдралынхаа бодит зорилгод буюу тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болоход хараагаа төвлөрүүлэхээ больсон байдаг. Бид үнэхээр тэр зорилго руугаа чиглэн хөдөлж байгаа л бол бүх зүйл дажгүй байх болно. Тиймээс мөнхийн хэтийн төлөвийг баримтал.

Амьдрал бидний төлөвлөснөөс өөрөөр эргэж магадгүй. Үнэндээ, өөр байх болно. Гэвч бид эцэст нь хаана хүрэх вэ гэдэг л хамгийн чухал. Та зөв чиглэлд явж байна гэдгээ бататга. Мөн Их Эзэний тусламжтайгаар бүх зүйл таны төлөө гүйцэлдэх болно. Тэр таныг удирдах болно.

Та бүхэн сонгох эрхтэй

Тэнгэрлэг Эцэг бидний замыг удирдах боловч хийх ёстой бүх зүйлийг маань хэлж өгдөггүй. Тэр бидэнд чөлөөт сонголт өгсөн бөгөөд үүнийг ашиглахыг биднээс хүлээж байдаг.

Учир нь Их Эзэн “Бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; … хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хий[х] … ёстой” (Сургаал ба Гэрээ 58:26–27) хэмээн хэлсэн. Энэ тохиолдолд санаа сэтгэлээ бүрэн зориулж гэдэг нь хичээнгүй, зүтгэлтэй байна гэсэн үг юм.

Заримдаа чөлөөт сонголт эдлэх нь тийм ч таатай байдаггүй. Заримдаа бид юу хийх ёстойгоо хэлүүлэхийг хүсдэг байж магадгүй. Гэвч бодит байдал дээр чөлөөт сонголт бол агуу адислал юм. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн бэлэг бөгөөд биднийг Түүнтэй адил болгодог зүйлсийн нэг билээ. Энэ нь бидэнд хүч өгдөг.

Тиймээс та юу хийхийг хүсэж байна вэ?

Тэнгэрлэг Эцэг биднийг өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг

Бидний хийж болох эдгээр сайн үйлийн нэг нь бидний өөрсдийн хувийн хөгжил байж болох юм. Бид өөрсдийнхөө талаар сайжруулж, суралцаж, ур чадвараа хөгжүүлж болох зүйлс үргэлж байдаг. Мөн бидэнд байгуулж, дагах ёстой гэрээнүүд бас байдаг.5

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд бидний гаргах ёстой өсөлт дэвшлийн ач холбогдлыг тайлбарлахдаа ийн хэлсэн. “Бурхан хүүхдүүдээ селестиел зочных нь өрөөнд шаахайг нь мэрээд байдаггүй, зүгээр нэг сургуультай, дуулгавартай “гэрийн амьтад” шиг болгохыг хүсдэггүй. Бурхан харин хүүхдүүдээ сүнслэг байдлын хувьд өсөж хөгжөөсэй, гэр бүлийн энэ үйлсэд Өөртэй нь хамтран зүтгээсэй хэмээн хүсдэг.”6

Өөрийнхөө байж болох хамгийн сайн нэгэн болж мөнхийн хувь тавиландаа бэлтгэ. Өөртөө хөгжүүлэхийг хүсэж буй ур чадваруудыг болон Бурхантай адил болоход тань шаардлагатай сүнслэг бэлгүүдээ тодорхойл.7 Тэгээд эдгээр зүйлийг хөгжүүлэх төлөвлөгөө гарга! “Сүнслэг булчингуудаа” дадлагаар дамжуулан хүчирхэгжүүл.8

Өмнө байгаа амьдрал тань аймшигтай санагдаж байгаа бол энэ нь хяналтаас гадуур биш гэдгийг санагтун. Та бол ганцаараа биш. Та бол хүчирхэг. Мөн Есүс Христтэй хамт байхад таныг юу ч зогсоож чадахгүй. Тэр танд хэн болохоор төрсөн тэр бүх чадавхдаа хүрэхэд туслах болно.

Эшлэлүүд

  1. Brigham Young, “Remarks,” Deseret News, 1861 оны 3-р сарын 6, х. 2-ыг үзнэ үү.

  2. Жой Д.Жонс, “Хэмжээлшгүй үнэ цэн,” Лиахона, 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141-ийг үзнэ үү.

  3. Томас С.Монсон, “Зоригтой бай,” Лиахона, 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102.

  4. Даллин Х.Өүкс, “Энэ нь юунд хүргэх юм бол?” Liahona, 2019 оны 5-р сар, 60 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–76.

  5. Гари И.Стивэнсон, “Таны дөрвөн минут,” Лиахона, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101–104-ийг үзнэ үү.

  6. Дэйл Г.Рэнланд, “Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106.

  7. George Q. Cannon, “Seeking Spiritual Gifts,” Liahona, Apr. 2016, 80-ыг үзнэ үү.

  8. Хуан Пабло Виллар, “Сүнслэг булчингаа хөгжүүлэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–117-г үзнэ үү.