2020
Тэнгэрлэг Эцэг намайг боловсролтой болоосой хэмээн хүссэн учир шалтгаан
2020 оны 7-р сар


Залуучуудад зориулав

Тэнгэрлэг Эцэгийн намайг боловсролтой болоосой хэмээн хүссэн учир шалтгаан

Таны зөв шударга хүсэл эрмэлзэл юу болохоос үл хамааран Тэнгэрлэг Эцэг тэдгээрт хүрэх арга замыг танд өгөх болно.

Gloria Cornelio

Би бага байхаасаа л Тэнгэрлэг Эцэг минь мөн одоогийн болон ирээдүйн гэр бүл маань надаар бахархаасай гэж үргэлж хүсдэг байв. Өөрийгөө болон амьдралаа сайжруулж дээшлүүлэхэд хангалттай боловсрол эзэмшихийг би хүссэн юм.

Манай Перу улсад сайн боловсрол олж авахад их өндөр үнэтэй бөгөөд зарим газарт ямар ч хүрэлцээгүй байдаг. Манай гэр бүлд ч миний боловсролыг дэмжих бүх нөөц бололцоо байгаагүй. Гэхдээ эцэг эх минь надад шаргуу хөдөлмөрлөж, хичээнгүй байж, Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйвал зөв шударга хүсэл биелдэг гэж сургасан юм. Би шаргуу хөдөлмөрлөхөөр шийдсэн.

Бага болон ахлах сургуульд би сайн сурч, жилээс жилд сайжирсаар байв. Ахлах сургуулиа төгсөөд би Перугийн шилдэг их сургуульд орж, тэтгэлэг авав. Тэнд сурч байхдаа би хэд хэдэн байгууллагад ажиллаж, олон улсын байгууллагад дадлага хийж, олон төрлийн төслүүдийг удирдах боломжтой байлаа.

Дадлага хийж байхдаа би англи хэлээр боловсрол эзэмшвэл илүү сайхан байх юм байна гэж бодов. Тэгээд би Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль руу шилжихээр шийдлээ. Хэцүү санагдсан ч Тэнгэрлэг Эцэг надад зорилгодоо хүрэхэд тусална гэдгийг би мэдэж байсан бөгөөд зүгээр л Түүнд итгэж найдан, өөрийн хийх зүйлийг хийх ёстой байв.

Төлөвлөгөө өөрчлөгдлөө

Би Айдахо дахь БЯИС руу явахад бэлэн байсан ч өргөдөл гаргах явцад би тийшээ шилжихээсээ өмнө номлолд үйлчлэх хэрэгтэй гэсэн хүчтэй өдөөлтийг мэдэрсэн юм. Тэгээд би Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагаж, Перугийн Тружиллод үйлчлэхээр дуудагдсан. Би гэртээ эргэн ирээд, Перугийн их сургуульдаа сурвал боловсролын зэргээ хурдан авах юм шиг санагдсан тул буцаж орохыг хүсэв. Гэтэл би номлолд үйлчлээд, нэг жилээс урт хугацаагаар сураагүй тул тэтгэлгийг маань цуцалсныг олж мэдсэн.

Би маш их сэтгэлээр унаж, цөхрөлд оров. Би юу хийхээ мэдэхгүй байлаа. Их сургуулийн зэрэгтэй болох боломжоо алдах байсан юм бол яагаад номлолд үйлчлэхээр шийдсэнээ ч би ойлгоогүй байв.

Гэвч нэг өдөр би номлолын ерөнхийлөгч маань BYU-Pathway Worldwide хөтөлбөрийн тухай ярьж байсныг саналаа. Тэр биднийг гэртээ харихаараа англи хэлээ сайжруулж, энэ боломжийг ашиглахад урьсан байв.

graduates

BYU-Pathway Worldwide хөтөлбөрийг хэрэгжүүлсэн миний аялал

Номлолын ерөнхийлөгч маань BYU-Pathway Worldwide хөтөлбөрийн тухай надад хэлж байсан нь тохиолдлын зүйл биш гэдгийг би мэдсэн. Би Pathway хөтөлбөрөөр сурч эхлэхдээ бүлгийнхэнтэйгээ уулзахын тулд долоо хоног бүр бараг гурван цагийг замд өнгөрүүлдэг байв. Би их золиос гаргасан ч боловсролтой болох нь надад, мөн Их Эзэнд чухал гэдгийг мэдэж байлаа. Тэдгээр золиос маш олон адислалыг авчирсан.

BYU-Pathway Worldwide бол миний хайж байсан яг тэр боломж байв. Энэ нь надад боломжийн зардлаар боловсролтой болж, ажил хийж, англи хэл дээр суралцахад тусалсан. Мөн би сайн, муу бүх үед намайг зоригтой байж, зорилгодоо хүрэхээр үргэлжлүүлэн хөдөлмөрлөхөд урамшуулдаг сайн найзуудтай болсон. Сүнслэг байдлын хувьд илүү хүчтэй болж, илүү сайн Есүс Христийн шавь болсон.

Эцэст нь би BYU-Pathway Worldwide хөтөлбөрт суралцан, бакалаврын зэрэг авсан хамгийн анхны олон улсын оюутан болсон юм. Боловсрол надад гайхалтай боломжуудыг өгсөн. Би одоо Сүмийн Өмнөд Америкийн баруун хойд бүсийн халамж болон бие даах чадвар хариуцсан мэргэжилтэн бөгөөд мөн Перу дахь BYU-Pathway хөтөлбөрийн сайн дурын номлогч. Би суралцагч бүрд асар их чадавх байгааг олж харж, намайг сурч байхад найзууд маань урамшуулдаг байсны адил тэдэнд урагшлахад нь урам зориг өгдөг. Энэ аяллын туршид Тэнгэрлэг Эцэг миний алхам бүрд тусалсан билээ.

Тэнгэрлэг Эцэг биднийг зорилгодоо хүрээсэй хэмээн хүсдэг

Миний аялал боловсролын талаарх гэрчлэлийг маань хүчтэй болгосон. Би өдөр бүр чадах чинээгээрээ өсөж хөгжин, суралцаж байхаар төлөвлөж байгаа. Бид энэ дэлхийд өсөж хөгжин, соригдож, дуулгавартай байдлаа баталж, Аврагчид найдаж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихуйц зохистой болохоор ирсэн. Бурханы хувьд “бүх зүйл … сүнслэг юм”—боловсрол ч гэсэн (Сургаал ба Гэрээ 29:34-ийг үзнэ үү). Энэ дэлхий дээрх бидний олж авсан бүх туршлага, мэдлэг биднийг Аврагчтайгаа илүү адилхан болоход тусалж, илүү сайн шийдвэр гаргаж, дэлхий дээр илүү сайн үйлчлэл хийж, Түүний мутар дахь илүү сайн зэмсэг болоход бэлтгэх болно.

Боловсрол нь мэдлэг олох, үнэн болон зөв зүйлийг үйлдэж, хамгаалах, Тэнгэрлэг Эцэгийнхээ биднээс хүсдэг, баяр баяслаар дүүрэн амьдралаар амьдрах арга замаар хангадаг.

Тэнгэрлэг Эцэг маань бидний хичээл зүтгэлийг, ялангуяа бид өсөж хөгжихийг мөн Түүнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхийг чин сэтгэлээсээ хүсэх үед адисалдаг гэдгийг би мэднэ. Тэрээр хүүхдүүддээ удирдамж өгөхдөө “өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэх[дэг]” (1 Нифай 3:7) гэдгийг би мэднэ. Тэр биднийг зорилгодоо хүрээсэй хэмээн хүсдэг!

Бид бүгд Их Эзэний бидний амьдралд өгсөн, BYU-Pathway эсвэл өөр бусад боловсролын боломжоор дамжуулан боловсролтой болж, өсөж хөгжих боломж бүрийг ашиглах хэрэгтэй. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг үргэлж удирдан залдаг. Тэр биднийг энэ дэлхий дээр чадах чинээгээрээ бүх зүйлийг сурч мэдээсэй хэмээн хүсдэг. Бид баяр хөөртэйгөөр, хичээнгүйлэн ажиллаж, Түүний зааварчилгаанд найдах юм бол агуу гайхамшгууд бидэнд тохиох болно гэдгийг би мэднэ. Надад гайхамшгууд тохиолдсон.