Зөвхөн цахим хувилбараар
Би Энэтхэгт ариун сүмд ороход хэрхэн бэлдэж байна вэ?
Би үргэлж ариун сүмд орохыг хүсдэг байсан. Бошиглогч энэ цаг үед Энэтхэгт ариун сүм барихыг зарласан тул би тэдгээр ёслолыг энд хүртэх өдрийг хүсэн хүлээж байна.
Би Энэтхэгт өссөн бөгөөд манай гэр бүл мөн би хинду шашинтай байсан. Шүтэж болох олон бурхан бий гэсэн үзэл эргэн тойронд маань үргэлж байдаг байв. Би бага залуу байхдаа бас Христийн шашинтай найзуудтай байсан. Тэд надад цорын ганц Бурхан дэлхийг болон хүмүүсийг бүтээсэн гэж ярьж өгсөн юм. Бусад хүн цорын ганц Бурханд итгэж байхад би яагаад ийм олон бурханд итгэж байснаа гайхаж эхэлсэн.
Би ахлах сургуульд байхдаа зарим муу зуршилтай болсон байлаа. Би маш их уудаг бас бүдүүлэг байсан ба манай гэр бүлийнхэн миний зан байдалд дургүйцдэг байсан. Тиймээс би ажил хийх боломж ихтэй Хайдерабад хот руу нүүж, шинэ амьдрал эхлүүлэв.
Би өөрийнхөө амьдралын хэв маягаас болж гутарч, ганцаардаж эхэлсэн. Гэвч нэг өдөр би хоёр хүнтэй учирсан юм. Тэд өөрсдийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид гэж танилцуулсан бөгөөд Есүс Христийн сайн мэдээний тухай хэлж өгөв. Тэгээд дахин би Өөрийнхөө бүх хүүхдэд аз жаргалын төлөвлөгөөг зохиосон цорын ганц Бурханы тухай ойлгож мэдсэн. Тэдний өгсөн захиас намайг тэр даруй аз жаргал, итгэл найдвараар дүүргэж билээ. Би илүү ихийг мэдэхийг хүссэн.
Би одоо Сүмийн гишүүн болоод долоон жил болж байна. Би өөрчлөгдсөн төдийгүй амьдралдаа гайхамшгууд тохиолдохыг харж, сайн мэдээний талаар маш их зүйлийг сурч мэдсэн. Надад энэ нь баяр баясгалан авчирдаг учраас би дуртай. Гэвч миний үзээгүй сайн мэдээний нэг чухал хэсэг байгаа бөгөөд энэ бол ариун сүм юм.
Анх удаа ариун сүмийн тухай суралцсан тэр мөчөөс эхлэн би тийш явж, Сүнсийг мэдэрч, гэр бүлтэйгээ үүрд мөнх лацдан холбуулж, бас Их Эзэнтэй гэрээ байгуулахыг хүссэн. Гэвч Энэтхэгт ариун сүм байдаггүй бөгөөд надад ариун сүмүүдийн нэг рүү аялах боломж гараагүй. Энэтхэгт хожмын үеийн гэгээнтэн бид маш олуулаа тоолж баршгүй олон удаа залбирч, мацаг барьсан ба хэзээ нэг өдөр Энэтхэгт ариун сүм баригдах болно гэдэгт тэвчээртэй, итгэлтэй байсаар байлаа.
2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Энэтхэгийн Бенгалуруд ариун сүм баригдахыг зарласнаар Бурхан бидний залбирлын хариултыг өгсөн юм. Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Бошиглогчийн үгийг сонсоод, Сүнс миний зүрхийг баяр баясгалангаар, мөн нүдийг минь нулимсаар дүүргэсэн. Би тэр даруй Тэнгэрлэг Эцэгт бидний залбиралд хариулсанд талархсан. Удаан хүлээсний эцэст би хэдхэн жилийн дараа ариун сүмийг харж, ариун сүм рүү орох боломжтой болж байгаадаа маш их баяртай байна.
Би Есүс Христийн Сүмийн гишүүн байгаадаа үнэхээр их аз жаргалтай, бахархалтай байна. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан үнэн болох сайн мэдээг энэ дэлхийд сэргээсэн гэдгийг би мэднэ. Ариун сүм бол биднийг Бурханд илүү ойртох, гэр бүлүүдтэйгээ лацдан холбуулах, мөн зорилгынхоо талаар их зүйлийг мэдэж авч болох газар гэдгийг би мэднэ. Тиймээс Энэтхэгт ариун сүм баригдахыг хүлээхийн хажуугаар би ариун сүмд ороход бэлтгэн, шаргуу ажиллаж байна.
-
Би ариун сүмийн талаар, байгуулах гэрээ, хүртэх ёслолуудынхаа талаар аль болох их зүйлийг мэдэж, залбирсаар байна.
-
Би ариун сүмд орж байсан бусад гишүүнээс сүнслэгээр хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө авч байгаа.
-
Би өвөг дээдсийнхээ нэрсийг ариун сүмд авчирч болохын тулд гэр бүлийн түүхийн ажлыг яаж хийдэг талаар суралцаж байна.
-
Би ариун сүмд бэлтгэх ангид оролцож байна.
Эцэст нь би ариун сүмд орж болох тэр өдөрт бэлэн байхыг хүсэж, үүнийг амьдралынхаа эн тэргүүний зорилго болгосон. Би амлагдсан адислалууд, удирдамж мөн удаан хүлээсэн залбирлуудынхаа хариултыг авч болохын тулд ариун сүмд ороход үргэлж зохистой байхыг хичээж байна. Би тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.