2020
Төлөөлөгчид итгэл найдварын захиас хуваалцав
2020 оны 10-р сар


Төлөөлөгчид итгэл найдварын захиас хуваалцав

Сүмийн удирдагчид цар тахлын үеэр хэрхэн Бурханд ойр байх, хайраар тохинуулах, тэвчээртэй урагш явах тухай үзэл бодлоо илэрхийлэв.

women holding out their arms

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Дэлхийд вирус тархаж байгаагийн хариуд албаны хүмүүс олон нийтийн газар цугларахыг хориглож, хорио цээр тавьж байна. Сургуулиуд хаагдаж, шашны удирдагчид сүмийн цуглаануудыг цуцалсан бөгөөд хүмүүс гадуур гарахдаа хамгаалах зорилгоор амны хаалт зүүх шаардлагатай болж байгаа билээ.

1919 онд болон үүний өмнөх жил тархаж эхэлсэн томуугийн цар тахал хэдэн арван сая хүний амь насыг авсан.1 Сүмийн шинэхэн бошиглогч, ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856–1945) 1918 оны 10-р сард онцгойлон адислагдсан ч 4-р сарын Ерөнхий чуулган хойшлогдсон тул түүнийг 1919 оны 6-р сард дэмжин баталжээ.

Ерөнхийлөгч Грант энэ болон өөр бусад бэрхшээлтэй өдрүүдийн дараах тохинууллынхаа үеэр бидний энэхүү цаг үед ч тохирох нэгэн зөвлөгөө өгсөн. Тэрээр “Бид энэ дэлхийд мэдлэг, мэргэн ухаан, туршлага хуримтлуулж, сургамж авч, зовлон зүдгүүр амсаж, уруу таталтыг туулж, мөнх бус амьдралд ялалт байгуулахаар ирсэн” хэмээн хэлсэн. Хүнд хэцүү хувийн туршлагаасаа олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан тэрээр “Би … хүнд хэцүү цаг үед хожмын үеийн гэгээнтнүүд өөр ямар ч хүнээс илүү тайтгаруулагдан, адислагдаж, амар амгаланг хүлээн авдгийг мэднэ!”2 хэмээн нэмж хэлжээ.

Шинэ коронавирустай амьдарч буй өнөөгийн “хүнд хэцүү цаг үед” бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс тайтгарал, амар амгаланг олж авдаг. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг хайрладаг бөгөөд Тэрээр мөнх бус амьдралын шуурганы үеэр биднийг удирдан залах бошиглогч, төлөөлөгчдийг өнөө үед дуудсан талаар бид мэдэж авах нь өөрөө асар том адислал юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хэдэн гишүүний саяхны ярилцлагын үеэр хуваалцсан зөвлөгөө нь эргэн тойронд маань юу ч болж байсан баяр баясгаланг мэдэрч, ирээдүйгээ итгэл найдвараар харахыг бидэнд сануулсан.3

couple on computer

Гэрэл зургийг Вэлдэн К.Андэрсэн

Бурханы ажил урагшилсаар

Ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) Сүмийг эсэргүүцэлтэй тулгарсан ч урагш явсаар байдаг “жингийн урт цуваатай” нэгэнтээ адилтгасан.4 Ахлагч Дэвид А.Бэднар жингийн цувааны зогсолтгүй урагшлах хөдөлгөөнийг Сүмийн сүнсээр өдөөгдсөн бэлтгэл, хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч байсан түүхтэй холбож тайлбарладаг.

“‘Ариусаж цэвэршээгүй гар энэ ажлыг хөгжин дэвжихийг зогсоож чадахгүй’5 бөгөөд ямар ч цар тахал хөгжил дэвшлийг нь зогсоож чадахгүй” хэмээн тэр хэлсэн. “Өнөө үед вирусээс болж бидэнд тулгараад байгаа асуудлуудын дунд Бурханы ажил хэрэг урагшилсаар байна. … Яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч давж гарна гэдгийг бид мэднэ. Өөрсдийн сайн мэдэх, амьдралынхаа урьдын хэв маягт бид эргэж орохгүй байж болох ч маш олон эерэг өөрчлөлт гарах болно.”

Ахлагч Квинтин Л.Күкийн хэлснээр Сүмийн сүнсээр өдөөгдсөн бэлтгэлийн цагаа олсон жишээнд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг онцлох, Мелкизедек санваарын чуулгыг болон Халамжийн нийгэмлэгийг хүчирхэгжүүлэх, тохинуулал руу шилжих, Ирээд, Намайг дага хөтөлбөрийг танилцуулах, Мормоны Номын видео бичлэгүүд мөн Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр зэрэг нь ордог.

“Бид энэ цаг үеийг эргэж хараад, зүгээр нэг давж гарах хэрэгтэй байсан үе гэдгээр нь биш, харин бэлтгэл ажлын үндэс суурь тавигдсан цаг үе хэмээн харах болно” хэмээн тэр хэлсэн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард үүнтэй санал нэг байв. Ариун сүм, цуглааны байрууд түр хугацаанд хаагдсан ч Сүмийн гишүүдэд урагш үргэлжлүүлэн явахад хэрэгтэй сүнслэг багаж зэмсэг бий.

1941 оны 12-р сарын 7-нд Сүмээс гэр лүүгээ харьж явах үед төрсөн мэдрэмжээ ерөнхийлөгч Баллард мартаагүй. Тэр өдөр Сувдан Эрэг рүү дайрч, Америкийн Нэгдсэн Улс Дэлхийн хоёрдугаар дайнд орох гэж байгааг олж мэдсэн байв. Өнөөгийн олон хүний адилаар тэр ирээдүйдээ санаа зовж, өөрт нь ирээдүй байгаа эсэхэд санаа зовж байлаа.

“Гэвч миний бодсоноор болоогүй” хэмээн тэр хэлсэн юм. Дэлхийн эрх чөлөөт хүмүүс тэр дайныг ялсантай адил бид ч гэсэн коронавирусын эсрэг дайнд ялна. “Бид зүрх сэтгэлээ Тэнгэр дэх Эцэгтээ хандуулан, Түүн рүү болон хүн төрөлхтний Гэтэлгэгчийнх нь хувиар Аврагч руу харах юм бол бүх зүйл сайн сайхан болох цаг ирнэ.

Сүмийн урагш явдаг өөр нэгэн арга зам бол номлолын ажил бөгөөд энэ ажил дэлхийн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд байдалд дасан зохицож байна. COVID-19-өөс болж номлогчийн ажил зогсохоос бүр өмнө Сүмийн удирдагчид сайн мэдээг хуваалцах шинэ арга замыг судалж байсныг ахлагч Дийтр Ф.Угдорф дурдав. Ийн зогссоноос болж хэдэн мянган номлогчийг төрөлх нутагт нь эргүүлэн татах, заримыг нь хугацаанаас нь өмнө номлолоос буулгах, бусдыг нь өөр номлолд томилох зэрэг ажил хийгдсэн.

“COVID-19 нь энэ тал дээр бидний авч буй арга хэмжээг хурдасгаж, нүдийг маань нээсэн” хэмээн тэр хэлсэн. Үүний үр дүнд өмнө нь хаалганы цаана байдаг байсан хотхон, гэр орон, байшин барилгуудын үүд хаалга технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ачаар одоо нээлттэй болжээ.

“Номлогчийн ажил цар тахлыг үл хамааран урагшилсаар байх болно” хэмээн ахлагч Угдорф нэмж хэлэв. “Одоо болон ирээдүйд номлогчийн ажлыг хэрхэн сайжруулах тухайд бид суралцсаар байна. Их Эзэн Бурханы бүх хүүхдийг адислахын тулд Өөрийн ажлыг яаравчлуулахаа амласан (Сургаал ба Гэрээ 88:73-ыг үзнэ үү). Энэ хүнд хэцүү цаг үеийг туулан амьдрахдаа бид яг энэ үйл явцын голд нь байна гэж би бодож байна. Манай эрхэм номлогчид бол өнөө үеийн анхдагчид бөгөөд Есүс Христийн Сүмийг ‘дэлхийн бүх хязгааруудад урагш түгэ[эхийн]’ (Сургаал ба Гэрээ 65:2) тулд сайн мэдээг бидний өнөөгийн нөхцөл байдалд таарсан шинэ арга замаар хуваалцах зам харгуйг тавьж байна.”

Зөвхөн сайн мэдээг хуваалцах шинэ боломж бололцоо нээгдэж байгаа юм биш. Ихэвчлэн хүнд хэцүү цаг үе хүмүүсийн зүрх сэтгэлийг даруусгаж, Бурханы зүг тэднийг хандуулдаг тул хүмүүсийн зүрх сэтгэл ч гэсэн нээгдэж байгааг ахлагч Д.Тодд Кристоффэрсон хэлэв.

“‘Надад банкны дансанд дахь мөнгөнөөс маань өөр илүү чухал зүйл хэрэгтэй байна. Өмнө нь мэддэг байснаасаа арай өөрөөр амьдрах хэрэгтэй юм байна’ гэж тэд арай нээлттэй бодох болсон” хэмээн тэр хэлсэн юм.

Ахлагч Кристоффэрсон нь сайн мэдээтэй холбоотой захиас, мемег олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах, бүрэн цагийн номлогчидтой холбогдон, зааж байгаа хүмүүстэй нь онлайнаар найзлан нөхөрлөх талаар ярих, байнга уулзаад байдаггүй хүмүүстэйгээ холбогдох гэх мэт арга замаар номлогч байх боломжийг хайж олоход Сүмийн гишүүдийг урамшуулан дэмжив.

Олон нийтийн газарт болон сүнслэг байдлын хувьд зай барих

Сүмийн урагшилж байгаа өөр нэгэн арга зам бол COVID-19 зэрэг түр зуурын асуудалд хожмын үеийн гэгээнтнүүд сүнслэг байдлаар хандаж байгаа явдал юм. Бие махбодоо хамгаалахын тулд бид бусдаас зай барьж байгаа бол харин сүнслэг байдлаар хамгаалагдахын тулд Тэнгэр дэх Эцэгтээ болон Түүний Хүүд илүү их ойртдог. Их Эзэнийг сонс хэмээх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг дагаснаар сүнслэг хамгаалалтаа нэмэгдүүлэх боломжийг COVID-19 цар тахал Сүмийн олон гишүүнд олгосон.

Ерөнхийлөгч Нэлсон 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар: “Тодорхой бус байдал, айдсаар хүрээлэгдэх үед Түүний Хүүг сонсох нь бидэнд хамгийн их тус болдог зүйл юм гэдгийг Эцэг маань мэддэг” гээд, “Есүс Христийн шавь байхыг эрэлхийлэхдээ бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай”6 хэмээн нэмж хэлэв.

Хэдийгээр Сүмийн цуглаан явагдахаа больж, ариун сүм хаагдаж, ажлын байргүй болж байгаад бид дургүй байгаа ч гэртээ цагаа илүү ихээр өнгөрүүлэх нь бидэнд “Бурханы хувьд сэрэх боломж” (Алма 5:7-г үзнэ үү) олгож байгааг ахлагч Күк хэлсэн. “Сүүлийн үед болж өнгөрч буй үйл явдлууд хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулахыг биднээс шаардаж буй сүнслэг сэрэмжлүүлэг байж болох юм. Хэрэв тийм бол бид Бурханы хувьд сэрж, гэрээний замаар явахдаа өөрийн амьдралыг төгөлдөржүүлж, бусдын амьдралыг адисалж болох зүйлс дээр төвлөрөх нь асар том адислал байх болно.

Ахлагч Жэффри Р.Холланд үүн дээр нэмээд, “Ийм цаг үе бодгаль руугаа өнгийн харж, харж байгаа зүйл маань таалагдаж байгаа эсэхийг харахад биднийг уриалдаг. Яг энэ мөчид л [бид] үнэхээр хэн гэдгээ мөн юу нь чухал вэ гэдгийг боддог.

Мөн ийм цаг үе биднийг итгэл, үйлчлэл, талархах сэтгэлээ нэмэгдүүлэхэд уриалж, бид “Бурханаас болон Түүнээс бидний үнэгүй авдаг адислалуудаас хамаардгаа эргэцүүлэн бодохыг” сануулдаг хэмээн хэлсэн. “Бид Тэнгэр дэх Эцэгтээ арай илүү талархаж, илүү их баярлаж, Бурхан, тэнгэр элч, гэрээний амлалт, залбирлын ачаар шийдвэрлэсэн олон асуудлаа арай илүү эргэн санах үүрэгтэй.

Талархлын маань төвд “Их Эзэн Адамын бүтээлтээс эхлэн [энэ цаг үе] хүртэл хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар ирснийг” (Моронай 10:3) санахын адислал байдаг. “Хоргодох газар” шаардагдах ямар ч үед Нифай, Алма хоёрын үлгэр жишээг дагаж “[бид] хэнд итгэснээ” мөн Аврагч Есүс Христ “[биднийг] чөлөөлөн гарга[на]” гэдгийг санах ёстой хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд хэлсэн (2 Нифай 4:19; Алма 36:27). Бид бас төлөөлөгч Паулын зааснаар юу ч “биднийг Христийн хайраас салга[ж]” (Ром 8:35) чадахгүй гэдгийг санах ёстой.

Их Эзэн Есүс Христ бол бидний эцсийн “хоргодох газар” (Дуулал 61:1–4-ийг үзнэ үү) болохыг ахлагч Холланд хэлэв. “Өөр юу ч болж байсан, бид тухайн үедээ ухаарахгүй өнгөрч болох ч бид Аврагчийн хайр, нөхөрлөлөөс хэзээ ч салахгүй. Сүнсийг вирус, улсын хил эсвэл эрүүл мэндийн урьдчилсан таамаг боож хашдаггүй.”

woman on a walk talking to women at window

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

“Эелдэг зүйлсийг хийцгээ”

Саяхан Сүмийн хорооноос гаргасан тайланг уншиж байхдаа ахлагч Кристоффэрсон Сүмийн залуу болон өндөр настай ганц бие гишүүдэд нөлөөлөх “албадан тусгаарлалтын” нөлөөний талаар сэтгэл зовнижээ.

“Албадан тусгаарлалт нь ганцаардалд хүргэх бөгөөд ганцаардал нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Үүний хариуд ганцаардаж байгаа хүмүүс “эелдэг сайн зүйлсийг өөр хэн нэгэнд зориулан хийхийг” иргэдийн эрүүл мэндийн зарим дэмжигч зөвлөжээ.

Хожмын үеийн гэгээнтнүүд бусдад, ялангуяа ганцаардсан хүмүүст үйлчилж, туслан, нөмөр нөөлөг болох арга замыг хайж олох хэрэгтэй бөгөөд ганцаардсан гишүүд бусдад үйлчлэх нь тэдний ганцаардлыг нимгэлнэ хэмээн ахлагч Кристоффэрсон хэлсэн юм.

Тэрээр “Тохинуулал дээр анхаарлаа төвлөрүүл. Бид ах дүүгийн барилдлагаа мэдрэхэд нь туслахын тулд бие биедээ зориулан олон зүйл хийж болно. Энэ бол ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийнхэн өөрсдийн санаачилгаар үнэхээр ирж, зөвхөн өөрсдийн зохион байгуулж чадах өвөрмөц зүйлсээ хийх цаг юм.

Мөн дандаа хэн нэгэн рүү зурвас илгээхийн оронд “Утас хэмээх хуучны төхөөрөмж ашиглан хэн нэгэн рүү ярих нь эрүүл мэндэд илүү хэрэгтэй байх болов уу. Зүгээр л ярь, харилц. Тэдэнд өөрийн дуу хоолойг сонсго” хэмээн хэлэв.

Бусдад тусламжийн гараа сунгахаар гаргасан өчүүхэн хүчин чармайлт том өөрчлөлт авчирдаг бөгөөд бид өөрсдөө мэдэхгүй байж болох ч хэн нэгний өдрийг гэрэл гэгээгээр дүүргэж мэдэх юм. “Ганцаардаж байгаа хүмүүст бидний тохинуулал маш их хэрэгтэй” хэмээн ахлагч Күк хэлсэн.

Харин ахлагч Холланд “Сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүмүүстэй харилцан ярилцахад бид өдрийнхөө зарим цагийг тусгайлан зориулбал зохино. Мэдээж, энэ дэлхийд хүн бүхнийг ‘өргө[хийн]’ (3 Нифай 27:14, 15) тулд Түүнийг илгээсэн хэмээн Аврагчийн хэлснээр бид ийн хийснээр өөрсдөө ч үүнээс сэтгэлийн таашаал авдаг.

Өөрсдийгөө болон бусдыг өргөн дэмжих өөр нэгэн арга зам бол ариун сүмүүд нээгдэх өдөрт бэлдэх явдал юм. Цар тахал, засвар, цэвэрлэгээ гээд аль ч үед ариун сүм хаагдах нь “гэр бүлийн түүхийн судалгаа, индексжүүлэлт болон ариун сүмийн үүд хаалга дахин нээгдэх үед хэрхэн илүү олон нэр бэлдэж болох талаар суралцах гайхамшигтай сайхан боломжийг олгодог” хэмээн ахлагч Бэднар хэллээ.

Ариун сүм нээлттэй эсвэл хаалттай байхаас үл хамааран Сүмийн гишүүд зохистой, ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байхыг эрэлхийлсээр байх ёстой.

Их Эзэний биднийг суралцаасай хэмээн хүсдэг сургамжууд

Ахлагч Бэднарын цохон тэмдэглэснээр, хэн ч COVID-19 цар тахалтай тулгарахыг хүсэхгүй ч хожмын үеийн тахал бидэнд ямартай ч тохионо.

“Сэргээгдсэн сайн мэдээний бидэнд өгсөн мөнхийн өнцгөөс харах чадвар, Аврагчийн Цагаатгалаас ирдэг ач ивээлийг хүлээн авснаар мөнхийн адислалд биднийг бэлддэг мөнх бус амьдралын зовлон бэрхшээлээс бид сургамж авч болно. Бид залбирах хэрэгтэй. Бид эрэлхийлэх хэрэгтэй. Бид асуух хэрэгтэй. Бид харах нүд, сонсох чихтэй байх хэрэгтэй. Гэхдээ биднийг одоо болон мөнхөд адислах сургамжуудыг хүлээн авахдаа бид гайхамшигтай замаар адислагдаж болно” гэж тэр хэлсэн.

Дэлхий даяарх гэр бүлд хор хөнөөл учруулж байгаа COVID-19 нь бусдад илүү их санаа тавихыг хүмүүст заасан хэмээн ерөнхийлөгч Баллард хэлсэн юм.

Тэрээр “Гэр бүл, хөршүүд, Сүмийн гишүүд маань ямар үнэ цэнтэй болохыг бид ухааран ойлгож байна. Биднийг илүү сайн сайхан хүмүүс болгох сургамжийг бид одоо авч байна” хэмээн хэлсэн.

Харин одоогийн шуургыг өнгөрсний дараа бид юу хүсэн хүлээж болох вэ? Байдал хэвээр байна гэж ахлагч Угдорф хэлэв. Сүмийн доторх болон гаднах Бурханы хүүхдүүд саад бэрхшээлтэй нүүр тулсаар байх болно.

“Бид сурч боловсрох хэрэгтэй цаг үед амьдарч байна” хэмээн тэр хэллээ. Харин ирээдүйд ирэх саад бэрхшээлийг шийдэх хариулт бол одоогийн саад бэрхшээлийг шийдэх хариулт буюу Есүс Христийн сайн мэдээ юм гэдэг нь бидний авах ёстой хамгийн чухал сургамж юм.

Хожмын үеийн гэгээнтнүүдэд Есүс Христийн сайн мэдээ байгаа тул тэд эерэг, өөдрөг байж, хамаг чадлаараа хийж, “Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 123:17) хэмээн Их Эзэний хэлсэн үгэнд итгэж болно.

Бид өөрсдийн итгэлийг цэвэршүүлж, Их Эзэнд илүү их итгэж найдан, Түүний авралын гайхамшгийг харж чадвал баярлах олон зүйл бидэнд бий хэмээн ахлагч Холланд хэлэв.

Эх сурвалж

  1. William G. Hartley, “The Church Grows in Strength,” Ensign, Sept. 1999, 35-ыг үзнэ үү.

  2. Teachings of Presidents of the Church: Heber J. Grant (2002), 49, 48.

  3. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign, Nov. 2016, 82 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73.

  4. Bruce R. McConkie, “The Caravan Moves On,” Ensign, Nov. 1984, 85.

  5. Joseph Smith, in History of the Church, 4:540.

  6. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign, May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган.