Залуучуудад зориулав
Донтолт, эсэргүүцэл хоёр адилхан уу?
Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.
Донтолтыг илүү сайн ойлгох нь Их Эзэн хэзээ нэгэн цагт биднийг боолчлолоос чөлөөлнө гэдэгт итгэж найдахад бидэнд тусалдаг.
Бидний унасан дэлхийд донтолт нь зарим хүнийг хүчин мөхөстүүлж, амьдралыг нураадаг нь бодит байдал юм. Амьдралаас холдуулах ямарваа зүйлсийг, тухайлбал хоол хүнс, жороор олгодог эм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хов жив, порнограф, худал яриа, мөрийтэй тоглоом, тэр ч бүү хэл биеийн дасгал зэргийг хэтрүүлэн ашиглах юм бол бид өөрсдийгөө донтолтын эргүүлэгт тун амархан автсанаа олж мэднэ.
Би өөрийнхөө хүрээлэл дэх гайхамшигтай, хайраар дүүрэн хүмүүсийг донтолттой тэмцэж байгааг буюу буруу сонголтдоо арай ч дийлдчихээгүйг нь хараад, энэхүү тархи мэдрэлийн өдөөлт, хүслийг илүү сайн ойлгохын тулд сударт болон донтолтын талаарх орчин үеийн судалгаанд хандсан юм.
Донтолтын хогийн ургамал
Донтолтод хандах нь цэцэрлэг арчлахтай адилхан. Бид хогийн ургамлыг нэг удаа түүгээд л боллоо гэж бодож болохгүй. Хогийн ургамал дахин ургана гэдгийг бид мэдэх тул ургамлаа хамгаалахын тулд тэдгээрийг болгоомжтой гэгч нь, тогтмол түүдэг.
Хэрэв бид донтолттой тэмцэж байгаа бол наманчилж, тусламж авсан хэдий ч муу зуршилдаа эргэж орсондоо урам хугарч болох юм. Бид эдгээр уруу таталт амьдралын маань хамгийн аз жаргалтай эсвэл уйтгар гунигтай цаг мөчид нэн хүчтэй байдагт гайхаж, бухимдаж байж болох юм. (Яг л шинэхэн бороо, хүчтэй салхины дараа хогийн ургамал улам эрчимтэй ургадгийн адил).
Донтолт, өөрийн хүслээр эсэргүүцэх хоёрын ялгаа
Сатан биднийг төрөлхийн хилэнцэт хүсэлтэй, эхнээсээ л муу хувь заяатай гэж эсвэл Их Эзэн бидэнд итгэл алдарсан болохыг “номлохын тулд” донтолтыг ашигладгийг би мэдсэн. Чөтгөр бидний урмыг хугалж, хэдэн удаа наманчилсан ч уруу татагдсаар байна гэдгийг онцлохын тулд ичгүүрт автуулан гутаахыг хичээдэг.
Хүмүүс уруу татагддаг олон шалтгаан байдаг ч донтолт нь “сэтгэлийн гүнд байх хангагдаагүй хэрэгцээгээ”1 хангах гэсэн оролдлогоос эхтэй. Тиймээс эсэргүүцэл нь донтолтод хүргэж, донтолт нь нүгэл үйлдэхэд хүргэж болох ч тэдгээр нь өөрийн хүслээр эсэргүүцэхэд биш, харин сул дорой байх үед өсөж, томордог.2
Аз болж сул дорой байдал маань бидэнд ач ивээлийн талаар суралцаж, Есүс Христийн эдгээгч хүчинд итгэх гүн итгэлтэй болох боломж олгодгийг бид мэднэ.3
Боолчлолоос чөлөөлөгдөх хүртэл
Бид Мормоны Номон дээрх Лимхайн болон Алмагийн гэсэн хоёр бүлэг хүнээс донтолтод хэрхэн хандах, урхинаас хэрхэн салах талаар хэд хэдэн ойлголт олж болно.
Тэд хоёулаа удаан хугацаанд боолчлогдож байсан. Аль аль нь боолчлолоос “өөрсдийгөө чөлөөлж чадах зам үгүй байв” (Мозая 21:5). Тэд хоёулаа эцэст нь Их Эзэнээс тусламж гуйсан билээ.
Лимхайн хүмүүс гэм нүглийн улмаас боолчлолд байв. Тэд Их Эзэнээс тусламж гуйхгүйгээр өөрсдийн боолчлогчидтой гурван ч удаа “уурлан” тулалдсан байлаа. Тэд гурван тулааны гурвууланд ялагдсан. Харин тэднийг өөрсдийгөө даруусгахад “Их Эзэн алдсуудых нь учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв; …гэсэн хэдий ч [Тэрээр] тэдний гуйлтуудыг сонсож, мөн тэдний ачааг хөнгөлж эхлэхийн тулд леменчүүдийн зүрх сэтгэлийг уярааж эхлэв” (Мозая 21:15; тодотгол нэмэгдсэн). Дарууссан тул тэд адислагдсан, гэхдээ “Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлөх нь зүйд нийцнэ хэмээсэнгүй” тул нэлээн хожуу болсон.
Алмагийн хүмүүс зөв шударга байж, боолчлогдож байсан хэдий ч “зүрх сэтгэлээ [Бурханд] юүлж байсан болой.” Зөв шударга хүслийг нь мэдэж байсан ч Бурхан тэднийг боолчлолд орж, хэсэг хугацаанд байсных нь дараа чөлөөлсөн. Түүнд итгэх итгэл найдвар алдрахгүй хэвээр байвал “мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед [нь хүртэл] би түүнчлэн хөнгөлнө” хэмээн амласан. Үүний хариуд тэд “баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагд[сан]” (Мозая 24:12, 14, 15).
Тэрхүү хоёр бүлэг хүн эцэст нь хоёулаа чөлөөлөгджээ. Бид ч гэсэн боолчлолд байхдаа Их Эзэнд хандвал “цаашид [Түүний] гэрчлэгчид болон зогсох болно” мөн “Их Эзэн Бурхан өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт [мөн донтолтод] үед зочилдгийг та нар гарцаагүй мэд[нэ]” (Мозая 24:14) хэмээн амласан билээ!
Зоригтой бай
Хэрэв та донтолттой тэмцэж байгаа бол Их Эзэний тусламжтайгаар энэ цаг мөч Христийнхтэй адил шинж чанаруудыг төлөвшүүлэх баялаг хөрстэй адил байх боломжтой гэдгийг санаарай. Та даруу байх тусам тэвчээр, энэрэл, тэсвэр хатуужил, эелдэг байдалд суралцах боломжтой байх болно.
Санваарын удирдагчидтайгаа болон дэмжлэг үзүүлж чадах хүмүүстэй уулзаж, эрх чөлөөг олоход туслах Тэнгэрлэг Эцэгийн олон арга хэрэгслийг ашиглаарай. Их Эзэнд найд. Түүнийг хичээнгүйлэн дагавал Тэрээр энэхүү итгэлийг үгүй хийж, урам зоригийг мохоодог хүнд хэцүү асуудлыг сүнслэг байдлын хувьд шинэчлэгдэх хүчирхэг боломж болгох болгоно.4
Австралийн эхэн үеийн хожмын үеийн гэгээнтэн өөрийн өмнөх амьдралыг одоогийн амьдралтайгаа харьцуулаад, “Өмнөх амьдрал маань цэцэг ч гээд байх юмгүй хогийн ургамлаар дүүрсэн цөл газар байсан. [Харин] одоо хогийн ургамлууд устаж, оронд нь цэцгүүд дэлбээлсэн”5 хэмээн хэлсэн байдаг.
Та бид цэцэрлэгийнхээ хогийн ургамлыг байнга түүснээр “Тайтгарагтун, учир нь маргааш би та нарыг боолчлолоос чөлөөлөх болно” (Мозая 24:16) хэмээх Алмагийн хүмүүст өгсөн амлалтыг хүлээн авах болно.
Хогийн ургамлаа цаашид ч түү. Үр дүнд нь авах ургац тань арвин байна!