Зөвхөн цахим хувилбараар
Сэтгэл санааны хүчирхийллийг таних нь
“Нөхөр минь хүчирхийлэл үйлддэггүй. Тэр над руу орилж, намайг янз бүрээр хэлдэг ч энэ нь хүчирхийлэл биш биз дээ?”
“Их Эзэн ямар ч хэлбэрийн хүчирхийллийн зан үйлийг зэмлэн буруутгадаг”1 гэдгийг бид мэднэ. Бие махбодын хүчирхийлэл зэрэг зарим төрлийн хүчирхийллийг танихад амар байдаг ч сэтгэл санааны хүчирхийллийг таних нь хамаагүй хэцүү байдаг. Хор уршиг нь төөрөгдөл, айдас, ичгүүр, мухардал, өөрийгөө дутуу үнэлэх зэрэгт хүргэж болно.
Сэтгэл санааны хүчирхийлэл гэж нэг нь нэгнийхээ сонгох эрхийг үгүй хийж, сэтгэл санаа, сонголтоор нь тоглох үгс, зан үйлээр дамжуулан нөгөөгөө удирдах оролдлогыг хэлнэ. Сэтгэл санааны хүчирхийлэл нь эхнэр нөхөр, эцэг эх, хүүхэд, найз нөхөд, үерхэж болздог хүн, хамт олон зэрэг ямар ч харилцаанд тохиолдож болдог.
Сэтгэл санааны хүчирхийллийн ямар ямар жишээ байж болох вэ?
Та сэтгэл санааны хүчирхийллийн шинж тэмдгүүдийг мэдсэнээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна. Хүчирхийллийн шинжтэй зан авирууд:
-
Янз бүрийн нэрээр эсвэл доромжилсон байдлаар дуудах
-
Олон нийтийн газарт ичгүүрт байдалд оруулах
-
Таны ололт амжилтыг мөн хийдэг зүйлийг шүүмжилж, дорд үзэх
-
Өөрийнхөө үйлдэлд таныг буруутгах, хариуцлага хүлээхгүй байх
-
Танд тусалсан болохоор одоо та туслах ёстой гэсэн гэмшил төрүүлэх
-
Таныг бусдаас тусгаарлах, цагаа яаж өнгөрөөхийг тань хянах
-
Тодорхой зүйл хийхгүй эсвэл үйлдэхгүй бол сүрдүүлэх
-
Тодорхой зүйл хийж өгөхөөс нааш хүйтэн хандах
-
Таныг хянахын тулд шашны итгэл үнэмшлийг тань ашиглан, арга заль хэрэглэх
Сэтгэл санааны хүчирхийллийг яаж таних вэ?
Хүчирхийллийн шинжтэй зан байдалд болон дотоод сэтгэлд мэдрэгдэх шинж тэмдгүүдийг мэддэг байх нь чухал. Таныг сэтгэл санааны хүчирхийллийн харилцаанд байлгадаг зарим бодол, шийдвэрийг доор оруулав. Үүнд:
-
Хүчирхийлэгчийнхээ зан байдлыг уучлах
-
Хүчирхийлэгчийн зан байдлыг зөвтгөх: “Тэр энгийн үед ингэхгүй—яг одоо их дарамтад байгаа.”
-
Зан байдалд ач холбогдол өгөхгүй байх: “Нэг их сүртэй зүйл биш байсан.”
-
Тэдний зан байдалд өөрийгөө буруутгах: “Хоолоо цагт нь хийж дуусгасан бол тэр над руу уурлаж орилохгүй байх байсан.”
-
Сэтгэл санааны таагүй байдлыг үл тоох. Сэтгэл санааны хүчирхийлэлд анх өртөх үед хүчирхийлэгчийн ойр хавьд байхад таагүй сэтгэгдэл төрж мөн өөрийнхөө талаар сөрөг бодолтой байдаг учраас хүчирхийлэгчээс зайлсхийхийг хүсдэг. Харилцаагаа хадгалж үлдэхийн тулд эдгээр мэдрэмж, таагүй сэтгэгдлийг үл тоодог. Хэсэг хугацааны дараа хүчирхийлэгчийн зан байдалд дасан, тухайн таагүй мэдрэмж алга болж болно.
-
Шашны итгэл үнэмшлийг ашиглан, нөхцөл байдлыг зөвтгөх. Энэ нь манай нийгэмд, цаашлаад Сүмийн гишүүдэд маш нийтлэг ажиглагддаг зүйл юм. Хүчирхийлэлд өртсөн хүн “Их Эзэн бидэнд уучлахыг зарлигласан. Уучлахгүй байх нь нүгэл” гэх мэтээр бодож болно. Уучлах нь зарлиг юм. Гэвч ахлагч Жэффри Р.Холланд “‘Та нарт бусдаас болж тохиолдсон тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналлыг эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй’ гэж Тэр хэлээгүй. ‘Бүрэн уучлахын тулд та нар хор хөнөөлтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл хүч хэрэглэсэн, хөнөөлтэй нөхцөл байдал руу эргэн очих хэрэгтэй’ гэж Тэр хэлээгүй”2 хэмээн Аврагчийн талаар заасан.
-
Өөрийнхөө хэрэгцээг үл хайхрах. Та өөрийнхөө болон бусдын хэрэгцээг нэгэн зэрэг хангаж чадахгүй. Жишээ нь, бусдын сэтгэлийг бодож сэтгэлээр шаналах, мөнгө өгөх боломж муутай ч найздаа мөнгө өгөх гэх мэт.
-
Ямар ч үнэ цэнгүй мэт санагдах. Сэтгэл санааны хүчирхийлэл нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань дарангуйлдаг. Гэсэн ч та бол Бурханы хүү эсвэл охин бөгөөд бурханлаг мөн чанар, хувь заяатай. Таны үнэ цэн агуу бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү).
Хэрэв би сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа бол юу хийж болох вэ?
Заримдаа сэтгэл санааны хүчирхийллийн харилцаа нь тухайн харилцааг таслахаас өөр сонголтгүй тийм хортой байж болно. Гэхдээ энэ нь бүх нөхцөлд харилцааг таслах шаардлагатай гэсэн үг биш юм. Өөрчлөлт гарч болох ба тодорхой оролдлого чармайлт гаргаснаар мөн ихэнх тохиолдолд мэргэжлийн туслалцаа авсны дүнд харилцаа эрүүлжиж болно. Хэрэв та өөрийгөө сэтгэл санааны хувьд хүчирхийлдэг харилцаанд байгаа гэж бодож байвал дараах зүйлс тус болж чадна. Үүнд:
-
Найз, Сүмийн удирдагч, нийгмийн байгууллагын мэргэжилтэн зэрэг та өөрийн туршлагыг хуваалцаж болох итгэлтэй хүнээс тусламж дэмжлэг ав. Тэр хүн таныг сэтгэл санааны хувьд дэмжиж, өөрийгөө эергээр харах боломжийг олгон, тантай хамт цагийг хүчирхийллээс хол зөв өнгөрөөж чадна. (abuse.ChurchofJesusChrist.org хаяг руу орж үзнэ үү. “In Crisis”-ийг дарснаар авч болох тусламжийн шугамуудын жагсаалтыг үзнэ үү.)
-
Хүчирхийллийн зан үйлийг тодорхойлон, цаашдын харилцаандаа тодорхой хязгааруудыг тогтоох замаар хүчирхийлэгч хүнд хил зааг тогтоо. Та дараах зүйлийг хэлж болно. “Чи намайг хүндлэхгүй байгаа мэт санагдаж байна. Би чамтай ярилцмаар байгаа ч намайг илүү хүндэлж, надтай сайхан харьцахгүй бол ярилцахгүй.”
-
Сэтгэл санааны хүчирхийлэл, үүний үр дагавруудын талаар мэдлэгтэй мэргэжлийн зөвлөхөөс туслалцаа ав. Зарим үед хүчирхийлэгчид өөрсдөө ч хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэддэггүй. Тэд тусламж авахад бэлэн байвал өөрчлөгдөж чадна. Хэрэв тухайн харилцаа цааш үргэлжлэхгүй бол Их Эзэний тусламж, мэргэжлийн туслалцаа таны сэтгэлийг засан, эдгээж чадна.
-
Аbuse.ChurchofJesusChrist.org хаягаар орж, тус болох мэдээлэл, эх сурвалжуудыг үзнэ үү.
Таны нөхцөл байдал ямар ч бай таныг хайрлах, танд туслах хүмүүс байгаа гэдгийг ойлго. Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид мөн Ариун Сүнсэнд хандсанаар итгэл найдвар, эдгэрлийг олж авч чадна.