Би порнографыг хэрхэн эсэргүүцэж чадах вэ?
“Порнограф нь бохир заваан байдлаараа аймшигт усны эргүүлэг мэт дэлхийг хамарч байна. Энэ бол хор. Түүнийг бүү үз, бүү унш. Хэрэв та нар үүнийг хийх аваас энэ нь та нарыг устгах болно. Энэ нь та нарыг өөрийгөө хүндлэхгүй байхад хүргэнэ. Энэ нь та нарын амьдралын гоо сайхныг мэдрэх мэдрэмжийг алдагдуулах болно. Энэ нь та нарыг хилэнцэт бодол, магадгүй бүр хилэнцэт үйлдлийн намаг руу татан живүүлэх болно. Үүнээс хол бай. Бохир өвчнөөс зайлсхийхийн адил өөрсдөдөө бүү ойртуул, учир нь энэ нь бас үхлийн аюултай (Гордон Б.Хинкли, “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service” Ensign, 1997 оны 11 сар, 51). Бид “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмссөнөөр” ( Ефес 6:11–17-г үзнэ үү) мөн Их Эзэний хүч чадал дээр тулгуурласнаар өөрсдийгөө ариун журмын эсрэг дайрах дайсны дайралтаас хамгаалж, бодол санаа, үйл хөдлөлөө цэвэр ариун байлгаж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, суралцах материалыг залбирч судал. Та порнографыг эсэргүүцэхэд нь залуу эрэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болох вэ?
Эхлэл 39:7-21; Ром 12:21; 2 Тимот 2:22; Алма 39:9; Моронай 10:30; С ба Г 27:15–18; 121:45–46 (Бид шунах уруу таталтаас даруй зайлсхийж, харин оронд нь өөрсдийн оюун санааг цэвэр ариун бодлоор дүүргэх ёстой)
Исаиа 1:18; Хиламан 12:23; С ба Г 58:42–43 (Хэрвээ бид наманчлах аваас өршөөгдөж чадна)
Матай 5:27–28; Ром 6:12; Алма 39:9; С ба Г 42:23 (Эмэгтэй хүний араас шунах нь ноцтой үр дагавартай нүгэл юм)
1 Нифай 17:3; Mозая 24:14; Aлма 26:12 (Зарлигуудыг сахих бидний хичээл зүтгэлийг Бурхан хүчирхэгжүүлэх болно)
Жэффри Р.Холланд, “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51 мөн “Алхам бүрээ хяна” видео бичлэгийг үзнэ үү.
Квинтин Л.Күк, “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5
Линда С.Рийвс, “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 29
Бодол санааг тань ариун журам чимэн гоёг (2006)
“Пoрнограф,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 151–152
“Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 11–13
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс нэг холбоо үгийг самбар дээр бичээд, нэг залуу эрэгтэйгээс энэ нь түүний хувьд ямар утга учиртай болохыг асуу.
-
Цагаан даавуу (бээлий эсвэл гарын алчуур) мөн жижиг саванд шавар хийж авчир. Цагаан даавуугаа шаварт дүрэх юм бол юу болох талаар залуу эрэгтэйчүүдтэй ярилц. Шавар заваан болох уу эсвэл цагаан даавуу бохир болох уу? Бидний оюун ухаан болон сүнсэнд порнограф ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ хичээлийн эхэнд байгаа ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгсийн талаар ярилц.
Хамтдаа суралц
Порнографын уруу таталтад хэрхэн орохгүй байхад суралцахад нь дараах үйл ажиллагаанууд залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
“Дээш харах нь” видео бичлэгийг үзүүлэх үедээ Давид өөр сонголт хийж болох байсныг харуулж буй хэсэг гарах тутамд бичлэгийг түр зогсоо гэж хэлэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Энэ явдлын дараа Давид хаанд юу тохиолдсон бэ? (2 Самуел 11–12) Энэ нь түүний гэр бүлд хэрхэн нөлөөлсөн бэ? Порнографыг үзэх нь яагаад аюултай вэ? Залуу эрэгтэйчүүдээр Эхлэл 39:7–21-ийг уншуулаад мөн адил төстэй нөхцөлд Иосеф хэрхэн хандсаныг анхаарахыг хүс. Давид хаан болон Иосефын үйлдлийн үр дүнг товчхон харьцуулж дүгнүүл. Порнографыг үзэх нь яагаад Бурханы эсрэг нүгэл вэ? Порнографаас зайлсхийхийн тулд ямар хамгаалалтыг залуу эрэгтэйчүүд эсвэл бусад хүн хэрэглэдэг вэ? Зохисгүй бодол санааг хөөн зайлуулахын тулд ямар сайн үйл ажиллагаа, бодол санаагаар орлуулж болох вэ?
-
Порнограф нь яагаад бодгальд хөнөөлтэй гэж бодож байгааг нь залуу эрэгтэйчүүдээс асуу. Чуулгаараа хамтдаа Итгэлдээ үнэнч байх нь номоос порнографын талаар бичсэн хэсгийг унш. Догол мөр бүрийг дуусгасны дараа, өөр өөрсдийн уншсан зүйлийн ач холбогдлыг ярилцах цаг гаргаарай. (Жишээлбэл, залуу эрэгтэйчүүд порнографыг харж болох газрууд болон нөхцөл байдлын талаар тэдэнтэй ярилц. Порнографт уруу татагдахгүй байхын тулд тэд юу хийж болох вэ? Тэд порнографыг санамсаргүй үзэх юм бол юу хийхээр төлөвлөж болохыг тэднээс хүс.) Гурав дахь догол мөрийн дараа Цагаатгалын хүч чадлын талаар ярилцаж, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь наманчлалын үйл явцад хэрхэн оролцдогийг ярилц. Хэрэв залуу эрэгтэйчүүд порнограф үздэг бол бишоптойгоо уулзахыг тэднээс хүс.
-
Залуу эрэгтэйчүүдийг ирээдүйд 12 настай хүүтэйгээ порнографыг ямар хор хөнөөлтэй мөн үүнээс хэрхэн зайлсхийх талаар ярьж байгаагаар төсөөлөхийг хүс. Чуулгынхны нэг хэсэгт ахлагч Жэффри Р.Холландын “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүйl” хэлсэн үгээс, нөгөө хэсэгт Линда С.Рийвс эгчийн “Христэд төвлөрсөн гэр орон-порнографын эсрэг хамгаалалт” хэлсэн үгээс түүнтэй хийж буй энэ ярилцлагад тус болох мэдээлэл хайж олох даалгавар өг. (Тэд энэ тоймд агуулагдсан видео бичлэгүүдээс нэгийг үзэж болно.) Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Порнографыг үзэх эсэх талаар тэдний одоо хийх сонголт нь хожим нөхөр, аав болсных нь дараах ирээдүйн аз жаргалд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Залуу эрэгтэйчүүдэд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хэн нэг гишүүнд, порнографын талаар өсвөр үеийнхэнд одоо тулгарч байгаа бэрхшээлийн талаар хэлэх боломж гарч байна хэмээн төсөөлөн бодохыг тэднээс хүс. Тэд түүнд юу гэж хэлэх бол? Ахлагч Квинтин Л.Күкийн “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?” хэлсэн үгийн “Бэлгийн ёс суртахуунгүй харьцаа ба цэвэр бус бодол санаанууд” гэж эхэлсэн догол мөрөөс эхлээд 6 догол мөрийн хуулбарыг залуу эрэгтэй бүрд өг. Ахлагч Күк 15 настай хүүгээс юу сурсныг уншаад мөн хуваалцахыг чуулгын гишүүдийн нэг хэсгээс хүс, нөгөө хэсгээс нь ахлагч Күкийн өгсөн зөвлөгөөг олж хуваалцахыг хүс. Гэр орноо порнографаас зайлсхийж “хоргодох газар” болгоход нь залуу эрэгтэйчүүд хэрхэн тусалж чадах вэ?
-
Порнограф үздэг нэг найз байдаг гэж төсөөлөн бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд түүнд хандан юу гэж хэлэх байсан бэ? Залуу эрэгтэй бүрээс Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл”-ийг эсвэл Бодол санааг тань ариун журам чимэн гоёг товхимлын “Нүглээ хаях хүч чадлыг олж авах нь” нэртэй хэсгийг уншихыг хүс. Залуу эрэгтэйчүүд найзтайгаа энэ хэсгээс юу хуваалцаж болох вэ? Порнографаас салж чадахгүй байгаа хүнд өөр ямар судар тусалж болох вэ? (Жишээ нь, энэ тоймд зөвлөмж болгосон судруудыг үзнэ үү.)
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаараа хуваалцахыг хүс. Порнографын эсрэг хэрхэн сөрөн зогсож болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Зохисгүй зүйлсийг харахаас зайлсхийхийн тулд юу хийж байгаагаа хуваалцаж болно.
-
Порнографаас зайлсхийж, хол байхын тулд хувийн төлөвлөгөө гаргахыг чуулгын бусад гишүүнд уриалж болно.
-
Хэрвээ чуулгын гишүүдээс порнограф үзэж байгаа хүн байгаа бол бишоп болон салбарын ерөнхийлөгчтэй уулзахад урьж болно.