Ирээд, Намайг дага
Би бусдыг ариун ёслолын утга учиртай туршлагатай болоход нь хэрхэн тусалж чадах вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Би бусдыг ариун ёслолын утга учиртай туршлагатай болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Аврагч дагалдагчдадаа Түүнийг дурсан санах мөн ариун гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчлэх арга зам болгон ариун ёслолыг танилцуулсан юм. Ариун ёслол нь бидний өмнөөс хийгдсэн Цагаатгал болох Есүс Христийн бие махбод болон цусны золиослолыг бэлгэддэг. Эдгээр шалтгаанаар ариун ёслолын цуглаан нь хамгийн ариун нандин байдаг ба энэ нь хүндэтгэл бишрэлийн тусгал бөгөөд хүчирхэг сүнслэг шинэчлэлийн цаг байх ёстой. Бид аароны санваартны хувьд цугларсан гишүүдэд ариун ёслолын сүнслэг туршлага олж авахад нь туслах боломж байдаг. Бидний зохистой байдал, үлгэр жишээ, болон гэрчлэл маань тэдний туршлагад нөлөөлж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун ёслолын талаар суралцсанаар ариун ёслол нь тэдний хувьд ямар утга учиртайг тунгаан бодож мөн сурч байгаа зүйлийнхээ талаар бусдад заах арга замуудыг төлөвлөснөөр энэхүү хичээлд өөрсдийгөө сүнслэгээр бэлтгэхэд чуулгын гишүүдийг урамшуулан дэмж. Наад зах нь долоо хоногийн өмнөөс бэлтгэж эхлэхийг уриад, дараа нь долоо хоногийн дундуур чуулгын гишүүдэд сануулахаар холбоо барих нь хамгийн үр дүнтэй байх болно.

Би Ариун ёслолыг өөрийнхөө хувьд хэрхэн илүү утга учиртай болгох вэ? хэмээх ням гаргийн хичээлийн тойм нь энэхүү хичээлд зориулсан сайн бэлтгэл болж чадна. Та чуулгын гишүүдийн ням гаргийн ангийн багштай зохицож болох бөгөөд тэд ням гаргийн анги дээрээ ариун ёслолын талаар суралцсаны дараа үүний талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж болно.

Чуулгын цуглаан болохоос хэдэн өдрийн өмнө чуулгын гишүүдийг ариун ёслолын талаар бусдад заахдаа ашиглаж болох богино хэмжээний тойм бэлдэхэд мөн чуулгын цуглаандаа тоймуудаа авчрахад тэднийг урь. (Чуулгын гишүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь төлөвлөгөөндөө гэрээ болон ёслолуудын талаар суралцаж мөн заахдаа үүнийгээ оруулж болно. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь18, 42, 66-р хуудас.)

Чуулгын гишүүд тоймоо бэлтгэж байхдаа “Always Remember Him” видео бичлэг үзэж болно. Аврагч ариун ёслолыг танилцуулах үедээ өгсөн зорилгыг хайж, Матай 26:26–28-ыг болон түүний дотор зүүлт тайлбар болон Библийн лавлах хэсгээс үүнтэй холбоотой Иосеф Смитийн орчуулгыг мөн 3 Нифай 18:1–12-ыг уншихыг тэднээс хүс.

Тоймоо боловсруулж байхдаа тэд дараах асуултуудыг бодож үзэж болно:

  • Ариун ёслолын зорилго юу вэ? Энэ нь юуг бэлгэддэг вэ?

  • Бид хэрхэн Аврагчийг үргэлж дурсан санаж чадах вэ?

  • Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Ариун ёслолоос хүртэхийн тулд бид хэрхэн өөрсдийгөө илүү сайн бэлтгэж болох вэ?

  • Ариун ёслолыг адисалж байхдаа Аароны санваартнууд хэрхэн Аврагчийг төлөөлж чадах вэ?

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа итгэдэг байсан бөгөөд тэдэнд бусдад үйлчилж, заах боломжийг олгодог байсан. Чуулга дахь залуу эрэгтэйчүүд нь ариун ёслолын талаар сурч байгаа зүйлсээ бусдад зааснаар хэрхэн адислагдах вэ?

Чуулгын цуглааныг хөтлөн явуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл пристийн чуулгын бишопын туслах) чуулгын цуглааныг удирдана. Чуулгын цуглааны хөтөлбөрөө урьдчилан бэлдэх нь тустай байх болно.

Суралцах үйл явцаа эхэл

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Чуулгын гишүүдийг цуглааны эхэнд ариун ёслолын залбирлыг С ба Г 20:77, 79 чимээгүй уншиж, ариун ёслолын дуртай дууллынхаа үгсийг бодох хэдэн минут зарцуулахад урина уу.

  • Сургаал ба Гэрээ 11:21; 12:8; 42:14 гэх мэт судруудыг чуулгаараа тоймлон харж, Христийнхтэй адил заах зарчмуудыг товч дүгнэ. Өнөөдөр ариун ёслолын талаарх мэдрэмжүүдээ хуваалцахдаа эдгээр зарчмыг санахад чуулгын гишүүдийг урамшуулан дэмж.

Хамтдаа суралц

Ариун ёслолын талаар бэлтгэсэн тоймуудаасаа нэг нэгэндээ (жижиг бүлэг болгон эсвэл чуулгаараа) заахад чуулгын гишүүдийг урь. Үүнийг хийснийх нь дараа гэрчлэлээ хуваалцаж байхдаа мэдэрсэн зүйлүүдээ ярилцахад нь тэднийг урь. Сурсан зүйлээ бусадтай хуваалцах нь яагаад чухал вэ?

Хэрэв залуу эрэгтэйчүүдийн зарим нь тоймоо бэлтгээгүй бол чуулгын цуглаан дээрээ “Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ” хэсгийн дор байгаа удирдамжийн дагуу бэлтгэх цаг гаргаж өг. Боломжтой бол тэдний заримд нь сурсан зүйлүүдээ бие биетэйгээ хуваалцах цаг олго.

Үйлдэхэд урь

Чуулгын гишүүдийг сурсан зүйлээ хуваалцахад нь урамшуулан дэмжихийн тулд дараах санаануудыг бодож үзнэ үү:

  • Чуулгын гишүүн бүрийг ариун ёслолын сургаалын талаарх ойлголт болон гэрчлэлээ хуваалцаж болох хүмүүсээ тодорхойлоход урь. Жишээ нь: Өөрийн гэр бүл, идэвх султай чуулгын гишүүн, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн анги эсвэл гэрийн багшаар айлчилж очдог гэр бүлүүддээ зааж болно. Чуулгын гишүүн бүрээс хэнийг сонгосноо чуулгадаа хэлэхийг хүс. Гэрчлэлээ биечлэн хуваалцахаас гадна чуулгын гишүүд бас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцаж болно гэсэн санааг санал болгож болно.

  • Чуулгын гишүүд тойргийнхоо цөөн хэдэн гэр бүл дээр зочилж очин, ариун ёслолын талаар заах боломжтой цагийг тохир. (Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл тойргийн номлолын удирдагчид, шинэ хөрвөгчид, зарим сүмийн гишүүн гэр бүл эсвэл ариун ёслолын цуглаандаа тогтмол оролцдоггүй гэр бүлүүд гэх мэт ийм айлчлал хэрэгтэй байгаа гэр бүлүүдийг сонгоход тань тусалж болох юм.) Чуулгын ерөнхийлөгчийн тусламжтайгаар, чуулгын гишүүдийг хамтрал болгон зохион байгуулж, хамтрал бүрийг эдгээр гэр бүлийн нэгэнд айлчлан очиход томил. (Боломжтой бол долоо хоногийн турш чуулгын үйл ажиллагааг эдгээр айлчлалтай холбох хуваарь гарга. Өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд вэбсайт дээрх Сурсан зүйлээ бусадтай хуваалцах нь хэсгийг үзнэ үү.) Хэрэв айлчлах боломж хязгаарлагдмал бол чуулгын гишүүд гэр бүлдээ заахаар томилогдож болно.

Дараагийн чуулгын цуглаанд чуулгын гишүүдийг туршлагаа хуваалцахад урь.