Номын сан
Би хэрхэн ариун ёслолыг өөрийнхөө хувьд илүү утга учиртай болгох вэ?


Би хэрхэн ариун ёслолыг өөрийнхөө хувьд илүү утга учиртай болгох вэ?

Долоо хоног бүрийн ариун ёслолын үеэр бид амьдралаа дүгнэн цэгнэж, Аврагчийн Цагаатгалын тухай тунгаан мөн нүглээ наманчлахын тулд юу хийх ёстойгоо бодож үзэх ёстой. Ариун ёслолоос хүртэхийн тулд бид төгс төгөлдөр байх албагүй харин зүрх сэтгэлдээ наманчлалтай, даруу төлөв байх ёстой. Ариун ёслол нь сайн мэдээний дагуу амьдрахад өөрсдийгөө зориулах хүч чадал, боломжийн эх сурвалж болж чаддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та ариун ёслолыг илүү гүн гүнзгий утга учиртай болгохын тулд юу хийдэг вэ? Танд өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох ариун ёслолтой холбоотой туршлагууд байгаа юу?

Өсвөр үеийнхэн ариун ёслолын ариун нандин чанарыг ойлгосноор хэрхэн адислагдаж болох вэ? Ариун ёслол эхлэхийн өмнө болон ариун ёслолын дундуур өсвөр үеийнхний анхаарлыг сарниулж болох ямар зүйлс байдаг вэ? Тэд эдгээр анхаарал сарниулах зүйлийг хэрхэн даван туулж чадах вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судал. Өсвөр үеийнхэнд ариун ёслолыг илүү гүн гүнзгий утга учиртай болгоход нь туслах ямар туршлагаас та тэдэнтэй хуваалцаж болох вэ?

Maтай 26:26–28; 3 Нифай 18:1–13 (Аврагч ариун ёслолыг эхлүүлэв)

1 Коринт 11:23–29; 3 Нифай 9:20; С ба Г 20:37; 59:8–12 (Ариун ёслолоос зохистой хүртэхэд хэрхэн бэлтгэх вэ?)

Петр Ф.Мэурс, “Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75-78

Дэйл Г.Рэнланд, “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23-26

Шэрил А.Эсплин, “Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 11-р сар, 12-14

Ариун ёслол,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 147-149

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ заасан хүмүүстээ сайн мэдээний хичээлүүдийг өөрсдийн туршлагаас болон эргэн тойрон дахь орчноосоо олж авахад тусалдаг байсан. Тэрээр загасчлах, хүүхэд төрөх болон талбайд ажиллах талаар өгүүлдэг байсан. Өсвөр үеийнхэнд сайн мэдээний зарчмуудыг ойлгоход нь туслахын тулд та танил болсон түүхүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тус болж болох юм.

  • Сайн мэдээний зарчмыг багш нь үнэхээр үр дүнтэй заасан талаар хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • “Би ___________ хийснээр ариун ёслолыг өөрийнхөө хувьд илүү утга учиртай болгож чадна” гэсэн өгүүлбэрийг өсвөр үеийнхнээс гүйцээн бичихийг хүс. Өөрсдийн хариултыг самбар дээр бичээд, хичээлийн туршид уг жагсаалтад нэмж бичихэд тэднийг урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь ариун ёслолыг илүү гүн гүнзгий утга учиртай зүйл болгож сурахад өсвөр үеийнхэнд туслах юм. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Мэддэг хэн нэгэн хүн нь тэдэнд тусгайлан зориулж ямар нэгэн зүйл хийсэн үеийн тухай бодоход өсвөр үеийнхнийг урь. Энэ нь тэдэнд ямар санагдсан бэ? Аврагч Цагаатгалыг бидний хүн нэг бүрийн төлөө гүйцэтгэснийг ойлгоход өсвөр үеийнхэнд туслахын тулд ахлагч Дэйл Г.Рэнландын “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд” хэлсэн үгнээс “Яг одоо ямар зүг рүү” гэж эхэлж байгаа догол мөрийг хамтдаа уншихад урьж болно.   Энэ хэлсэн үгэнд гарч буй эмэгтэй юуг мэдэж авсан бэ? Ариун ёслолыг илүү утга учиртай туршлага болгохын тулд өсвөр үеийнхэн юу хийж чадах вэ? Та ангийн гишүүн бүрд жижиг карт өгч болно. Тэгээд сүүлийн удаа ариун ёслолоос хүртэж байхдаа бодож байсан зүйлсээ жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс. Тэд дараагийн удаа ариун ёслолоос хүртэхдээ Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслах, хүсэж байгаа зарим зүйлээ бас жагсаан бичиж болно.

  • Ариун ёслол хүртээж буй Аврагчийн зургийг үзүүл (Gospel Art Book,54-ийг үзнэ үү). Та нар Матай 26:26–28-ыг уншиж байхдаа өсвөр үеийнхнээс зургийг харж, тэнд байсан бол ямар байх байсан талаар төсөөлөн бодохыг хүс. Ариун ёслол нь Аврагчийг хайрлах хайрыг болон Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн арга замыг хуваалц. Өсвөр үеийнхнээс гэрчлэлээ хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхнийг дараагийн удаа ариун ёслолоос хүртэхдээ өнөөдөр ярилцсан зүйлүүдээ тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэд ариун ёслолын үеэр Аврагчийн амьдралд тохиолдсон өөр ямар үйл явдлуудыг бодож болох вэ?

  • Өсвөр үеийнхнийг ариун ёслолын дуртай дууллаас хуваалцаж (шаардлагатай бол тэд дууны номын ард байдаг гарчгийг харж болно), энэ нь тэдний хувьд яагаад чухал болохыг тайлбарлахад урь. Эдгээр дууллаас нэг юм уу түүнээс олныг дуулж, сонсож, эсвэл уншиж, дуулал бүрийн төгсгөлд байгаа судруудыг унш. Бид энэ дууллуудаас ариун ёслолын талаар юу мэдэж авч болох вэ? Дууллууд нь хэрхэн биднийг ариун ёслолд бэлтгэхэд тусалдаг вэ?

  • Ангийн гишүүн бүрийг энэ тоймд санал болгосон судруудаас нэгийг сонгон уншиж, Их Эзэн биднээс ариун ёслолд бэлтгэхийн тулд юу хийгээсэй гэж хүсэж байгааг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Их Эзэн яагаад ийм арга замуудаар ариун ёслолд бэлдээсэй гэж биднээс хүсдэг вэ? Ариун ёслолыг илүү утга учиртай болгохын тулд хийдэг бусад зүйлээ хуваалцахад тэднийг урь. Дараа долоо хоногийн ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхдээ хийх ямар нэгэн зүйл сонгохыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Өсвөр үеийнхнийг ахлагч Петр Мэурсийн “Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна” эсвэл Шэрил А.Эсплиний залуу эмэгтэйчүүдийн талаар хэлсэн “Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч” үгийг уншихад урь. Тэднээс “Би ариун ёслолыг өөртөө хэрхэн илүү гүн гүнзгий утга учиртай болгох вэ?” гэсэн асуултын хариултыг олохыг хүс. Тэднийг хариултуудаа самбар дээр бичиж, уншсан үгс дээр өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийхээр төлөвлөж байгаа зүйлсээ хуваалцахад урь. 

  • Боломжтой бол ариун ёслолын ширээ рүү болон бэлтгэх өрөөнд ангиараа оч. Аароны санваартанг (багш эсвэл прист) эсвэл бишопыг хэрхэн ариун ёслолд бэлддэг талаар тайлбарлаж мөн энэхүү ёслолын ариун нандин чанарын талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Ариун ёслолд илүү хүндэтгэл бишрэлтэй хандахын тулд тэд юу хийж болох талаар гэрчлэл, бодол саналаа хуваалцахад ангийн бусад гишүүнийг урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд ариун ёслолыг өөрсдийнхөө хувьд хэрхэн илүү утга учиртай болгохоо ойлгосон уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Сайн мэдээг судлах чадварууд

Судрууд дээрх үйл явдлыг төсөөлөн бодох нь. Энэ хэсгийн эхний үйл ажиллагаанд, хэрэв судруудын үйл явдлууд болсон газруудад байсан бол юу мэдэрч, юу хийх байсан талаар төсөөлөн бодоход өсвөр үеийнхнийг урина. Судруудын үйл явдлыг төсөөлөн бодох нь эдгээр түүхийг амьдралдаа хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхэнд тусалдаг. Тэднийг судраас судалж байхдаа үргэлж ийнхүү төсөөлөн боддог байхад урамшуулан дэмж.

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж төрж байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэр мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Дагаж болох арга замуудын талаар залбирч, бодож үзэхдээ Сүнсийг эрэлхийлээрэй.