Бурханы хаант улсыг байгуулахын төлөө эмэгтэйчүүд ба санваар атгагчид хэрхэн хамтран ажилладаг вэ?
Эмэгтэйчүүд Бурханы санваартнуудтай хамтран ажилласнаар үхэшгүй байдал ба мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахад Тэнгэрлэг Эцэгтээ туслах чухал үүрэг гүйцэтгэж чадна. Санваартнууд болон эмэгтэйчүүд санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн удирдлага дор Бурханы хүүхдүүдийг адислахын тулд хамтран зөвлөлддөг. Тэд үүнийг тойрог, гадасны зөвлөлийн хурлууд, гэр бүлүүд болон бусад олон газарт хийж болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Та заахаар бэлтгэхдээ дараах судар ба суралцах материалуудыг залбирч судлаарай. Өсвөр үеийнхэнд юу заавал тустай гэж та бодож байна вэ?
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Ensign эсвэл Лиахона 2010 оны 11-р сар, 129 (Нөхөр эхнэр хоёр гэр бүлээ анхаарч, халамжлах талаар эрх тэгш түншүүдийн хувиар хамтран ажиллах ёстой; догол мөр 6, 7-г үзнэ үү)
Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” Ensign, эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 95–98
Квинтин Л.Кук “ХҮГ эмэгтэйчүүд бахархмаар хүмүүс!” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 18–21
Видео бичлэг: “Tэнгэр элчүүдийн ажил” Удирдлагын сургалтын номын сан
Видео бичлэг: “Гэр орондоо бие биенээ дэмжих нь”
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд танд тусалж болно:
-
Сүм дээр эсвэл бие дааж судалсан нэг зүйлийнхээ үнэнийг дахин нотолсон туршлагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.
-
Хичээлийн нэрийг самбар дээр бич. Асуултын хариултыг бичихийг ангийн гишүүн бүрээс хүс. Дараа нь хоёр хоёроороо ажиллаж хариултуудаа нэг өгүүлбэр болгон нэгтгэ. Нэгтгэсэн өгүүлбэрээ бусадтайгаа хуваалцахад тэднийг урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь Бурханы хаант улсыг байгуулахын төлөө эмэгтэйчүүд болон санваартнууд хэрхэн хамтран ажилладгийг ойлгоход өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлсэн үгийн аравдугаар догол мөрөөс эхлэн уншихад урь. Тэд ерөнхийлөгч Кимбаллын бошиглол биелсэн талаарх ямар нотолгоог харж байсан бэ? Өсвөр үеийнхэн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, энэхүү бошиглолыг биелэхэд хэрхэн тусалж чадах вэ? Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Нэлсоний үгийг дуустал уншаад, эмэгтэйчүүд болон санваартнууд хэрхэн хамтдаа ажиллаж болох арга замуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж. Ангийн гишүүдийг өөрсдийн амьдрал дээрх эмэгтэйчүүдэд зориулан талархлын захиа бичих эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэдгээрийг хуваалцахад урьж болох юм.
-
Тойрогтоо дуудлагатай цөөн эгч болон санваартнуудыг сүмд хамтран ажилладаг туршлагынх нь тухай яриулахаар бишопоос зөвшөөрөл авч урь. Тэд бие биеийнхээ туршлага, мэдлэгээс хэрхэн ашиг тусыг олсон бэ? Өсвөр үеийнхнийг туршлагаасаа хуваалцахад урь.
-
Ахлагч Квинтин Л.Күкийн “ХҮГ эмэгтэйчүүд бахархмаар хүмүүс!” хэлсэн үгийн “Сүм дэх эмэгтэйчүүдийн үүрэг” хэсгийг уншихад өсвөр үеийнхнийг урь. Сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахыг тэднээс хүс. Сүм дэх эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай ойлгоход бусдад туслахын тулд өсвөр үеийнхэн ахлагч Күкийн захиасыг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн аль нэгийг үзүүлж, санваартнууд эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах талаар сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Өсвөр үеийнхнийг эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр орондоо болон тойрогтоо Бурханы хаант улсыг байгуулахад оролцож байхыг харсан туршлагаасаа хуваалцахад урамшуул. Залуу эрэгтэйчүүд олон залуу эмэгтэйчүүд эдгээр видео бичлэгээс сурсан зүйлсээ сүмд хамтдаа үйлчлэхдээ хэрхэн тусгаж болох вэ?
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 6, 7-р догол мөрийг дор бүрнээ унших болон Бурханы мөнхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллах арга замуудыг тодорхойлоход ангийн гишүүн бүрийг урь. Өсвөр үеийнхнээс олж мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Гэр бүлийн тунхаг дахь зарчмуудыг дагадаг эхнэр, нөхрүүдийн жишээг тэд хэзээ харсан бэ? Гэр бүлийн тунхагт дүрсэлсэн гэр бүлийн харилцаанд өөрийгөө бэлтгэхийн тулд тэд одоо юу хийж болох вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сүмд хэрхэн хамтран ажилладгийг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өнөөдөр сурсан зүйлсээрээ юуг хийхээр сүнсээр өдөөгдсөнийг нь өсвөр үеийнхнээс асуу. Тэрхүү өдөөлтийнхөө дагуу ажиллахыг тэдэнд урамшуулан дэмж. Суралцагсдын ойлголтыг шалгаж болох арга замуудыг олохын тулд залбирч, Сүнсийг эрэлхийл.