Номын сан
Гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар би бусдад хэрхэн тайлбарлаж болох вэ?


Гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар би бусдад хэрхэн тайлбарлаж болох вэ?

Ихэнх хүмүүст сайн мэдээний үнэнүүдийг бусадтай хуваалцах боломж гардаг. Өнөөдөр дэлхийд гэрлэлт ба гэр бүлийн талаар зөрчилдөөнтэй олон үзэл бодлууд байдаг учраас бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар хэрхэн тайлбарлахаа мэддэг байх нь чухал юм. Ингэхдээ бид бусад хүмүүс сайн мэдээний үнэнүүдийг ойлгож болохын тулд Ариун Сүнсний удирдамжаар өөрсдийн итгэл үнэмшлээ товчхон бөгөөд энгийнээр тайлбарлах хэрэгтэй.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та гэрлэлт ба гэр бүлийн талаарх итгэл үнэмшлээ бусад хүнд ойлгоход хэрхэн тусалж байсан бэ? Та Сүмийн гишүүн бус найзууддаа мөнхийн гэрлэлт зэрэг ойлголтыг ямар арга замаар тайлбарлаж байсан бэ?

Гэрлэлт ба гэр бүлийн талаарх өсвөр үеийнхний төсөөлөлд ямар туршлага, үзэл санаа нөлөөлж байна вэ? Та гэрлэлт ба гэр бүлтэй холбоотой үнэнүүдийг бусдад тайлбарлахад нь өсвөр үеийнхнийг хэрхэн бэлтгэж болох вэ?

Гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлыг хэрхэн тайлбарлах талаар илүү ихийг ойлгож мэдэхийн тулд доорх материалуудыг ашигла. Бусдад сургаалыг тайлбарлаж байсан таны туршлагууд үүнийг үр дүнтэй заахад тань тусална. Энэхүү тоймын үйл ажиллагаанууд өсвөр үеийнхнийг заахад суралцахад хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129

Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 32–36

Д.Тодд Кристоффэрсон “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” Ensign эсвэл Лиахона, 2015 оны 5-р сар, 35–39

Гэрлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 74–78

“Мөнхийн гэрлэлт” болон “Ариун сүмүүд ба гэр бүлийн түүхийн ажил,” Миний сайн мэдээг номло (2004), 94–96

Аврагчийн арга барилаар заах нь

Есүс Христ заасан хүмүүсээ итгэлээр үйлдэж, Өөрийн заасан үнэнүүдийн дагуу амьдрахад урьсан. Тэрээр Өөрийн бүх сургаалд дагалдагчдадаа бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Та өсвөр үеийнхнийг сурч байгаа зүйлсээ итгэлээр үйлдэхэд хэрхэн урамшуулж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Эдгээр санаа тусалж болох юм:

  • Өсвөр үеийнхнийг гэр бүлийнх нь гишүүн хэрхэн сайн мэдээний зарчмын жишээг тэдэнд харуулсныг хуваалцахад урь.

  • Өөр хэлээр ярьдаг хэн нэгнийг (боломжтой бол, ангийн гишүүнийг) ангидаа ирэхийг мөн тэрхүү хэлээр ярихад урь. Тэдний мэдэхгүй хэлээр ярихыг сонсох нь хэрхэн сүмийн гишүүн танил бус байж болох мөнхийн гэрлэлт, лацдан холболт, эсвэл ceлестиел хаант улс зэрэг үгсийг хэрэглэн сайн мэдээний үнэнүүдийг бусдад тайлбарлахыг сонсож байгаатай адил болохыг тайлбарлахад өсвөр үеийнхнийг урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар бусдад хэрхэн тайлбарлахыг сурахад нь өсвөр үеийнхэнд туслах юм. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Өсвөр үеийнхнээс ижил хүйстний гэрлэлтийн талаарх Сүмийн байр суурийг тайлбарлах шаардлага гарч байсан эсэхийг нь асуу. Тэд хэрхэн тайлбарласан бэ? Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” эсвэл ахлагч Нийл Л.Андэрсэний “Сүнслэг шуурганууд” хэлсэн үгээс сонгосон догол мөрүүдийг уншихад тэднийг урь. Өсвөр үеийнхэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлтийн ач холбогдлын талаар юу олж мэдсэн бэ? Дараагийн удаа гэрлэлтийн талаарх өөрсдийн итгэдэг зүйлсийг хуваалцах боломж гарах үед юу хэлэхээ төлөвлөх эсвэл дүрд тоглон бэлдэхэд өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж.

  • Гэрлэлт ба гэр бүлийн талаар өөр шашинтай хүмүүст байж болох “Би яагаад гэрлэж, хүүхэдтэй болох хэрэгтэй вэ?” эсвэл “Гэрлэлт яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой вэ?” гэх мэт асуултуудыг бодож олоод, самбар дээр жагсаан бичихэд өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхнээс жагсаасан асуултуудаас хэдийг сонгож, судраас хариултыг нь олохыг хүс (жишээ болгон Итгэлдээ үнэнч байх нь гарын авлагын “Гэрлэлт” ба “Гэр бүл” хэсгүүд мөн “Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг” доторх судрын эшлэлүүдийг үзнэ үү). Өсвөр үеийнхнийг сонгосон асуултуудынхаа хариултыг селестиал гэрлэлт эсвэл лацдан холболт зэрэг ойлгоход хэцүү байж болох үг, хэллэгүүдийг хэрэглэхгүйгээр нэг минутад багтаан хариулахад бэлтгэхэд урамшуулан дэмж. Тэдэнд хариултаа хуваалцах хугацаа өг.

  • Өсвөр үеийнхнээр гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын тухай сонины мэдээ бичүүл. Энэ нь сургуулийн сонинд эсвэл блог дээр тавигдахаар богино хэмжээнийх байж болно. Өсвөр үеийнхнийг бэлтгэсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Ангиараа хамтдаа Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Гэр бүл” бүлгийг унш. Өсвөр үеийнхнийг гэр бүлийн тухай сурсан сургаалын заримыг Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд заахаар бэлдэхэд урь. Жишээлбэл, “Гэр бүл яагаад чухал вэ?” гэсэн асуултыг ашиглан тэд хүүхдүүдэд зааж болно. Энэхүү ойлголтыг энгийнээр, товчхон тайлбарлахад туслах тойм гаргахад тэднийг урь. Бишопын болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр өсвөр үеийнхнийг хичээл заахаар зохицуул. Тэднийг хичээлээ заасны дараа, сайн мэдээний энэ зарчмыг хэрхэн заасан тухай ярилцахыг хүс.

  • Бишопын зөвшөөрлөөр бүрэн цагийн номлогчдыг гэрлэлт ба гэр бүлийн сургаалыг бусдад хэрхэн тайлбарладаг тухайгаа ангийнхантай хуваалцуулахаар ангидаа урь. Ангийг хоёр бүлэгт хуваагаад, энэхүү тоймд санал болгосон материалуудыг (эсвэл тэд өөрсдөө олж болох материалаа) ашиглан нэг бүлгийг мөнхийн гэрлэлтийн талаар, нөгөө бүлгийг ариун сүм ба гэр бүлийн түүхийн талаар заахад бэлдэхийг хүс. Өсвөр үеийнхнийг сэдвээрээ энгийн, товчхон тайлбар бэлдсэний дараа судалсан сургаалаа нөгөө бүлгийнхээ нэг хүнд заахад урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд гэрлэлт ба гэр бүлийн ач холбогдлын талаар бусдад хэрхэн тайлбарлахаа ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Жижиг бүлгүүдээр ярилцах нь сонирхол нь буурч, анхаарал нь сарниж байгаа хүмүүсийг ярилцлагад амархан татан оруулдаг ач холбогдолтой” (Teaching, No Greater Call [1999], 72).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээс өсвөр үеийнхэнд юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэр мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.

Хэвлэх