Зарлигуудыг сахих нь сайн мэдээг сурах чадварт маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Сайн мэдээнээс суралцах нь Ариун Сүнсний удирдамжийг шаарддаг. Ариун Сүнс бидний ойлголтыг гэгээрүүлж мөн сайн мэдээний үнэнүүдийг гэрчилдэг. Түүний нөлөөг хүлээн авах зохистой байхын тулд бид зарлигуудад дуулгавартай байх ёстой. Бид сурсан зарчмаа дуулгавартай дагаснаар өөрсдийгөө Их Эзэнээс илүү их үнэнийг хүлээн авахад бэлтгэдэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар ба материалуудыг залбирч судал. Зарлигуудыг сахих нь тэдний сайн мэдээнээс сурах чадварт хэрхэн нөлөөлдгийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд юу туслах вэ?
Даниел 1 (Даниел болон түүний хамтрагчид дуулгавартай байдлынхаа төлөө мэргэн ухаан болон ойлголтоор адислагдсан); мөн түүнчлэн “Бурхан тэдэнд мэдлэгийг өгсөн” видео бичлэгийг үз.
Иохан 7:17 (Хэрвээ бид Бурханы хүслийн дагуу үйлдэх аваас бид сургаалын талаар мэдэх болно)
2 Нифай 28:30; C ба Г 42:61; 50:24 (Хэрвээ бид Их Эзэнийг сонсох аваас бид илүү их гэрэл болон мэдлэгийг хүлээн авах болно)
C ба Г 76:5–10 (Их Эзэн Өөрт нь үйлчилдэг тэднийг хүндэтгэдэг)
Томас С.Монсон “Дуулгавартай байдал адислалыг авчирдаг” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 64–67
Хэнри Б.Айринг “ Амьд гэрчлэл” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 125–28
Ричард Г.Скотт “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ?” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 45–47
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Бусад хичээлүүд дээрээ сурч байгаа зүйлсийнх нь талаар тэдэнд асуулт, санаа бодол байгаа эсэхийг нь асуу. Сурч мэдсэнийхээ үр дүнд олж авсан сэтгэгдэл, туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Самбар дээр “Дуулгавартай байх нь сайн мэдээнээс суралцах чадварт минь хэрхэн нөлөөлдөг вэ?” гэж бичээрэй. Энэ асуултын талаар тунгаан бодох цөөн хэдэн хормыг өсвөр үеийнхэнд өгөөд, дараа нь саналаа хуваалцахыг тэднээс хүс. Хичээлийн туршид энэ асуултын талаар тунгаан бодоход нь тэднийг дэмж.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр зарлигуудад дуулгавартай байх нь тэдний сайн мэдээнээс суралцах чадварт хэрхэн нөлөөлдөг болохыг өсвөр үеийнхнийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Ангийн гишүүдэд ерөнхийлөгч Томас С.Монсоны “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” хэлсэн үгийн эхний 11 догол мөрийн хуулбарыг өгөөд энд өгүүлсэн зүйлийг цөөн хэдэн өгүүлбэрт дүгнэхэд тэднийг урь. Ангийн гишүүд бичсэн дүгнэлтээ нэг нэгэнтэйгээ хуваалцах үед та тэднийг яагаад энэ захиас чухал гэж тэд бодож байгаа тухай хуваалцахад нь тэднийг дэмж.
-
Ангиараа Даниел 1-ийг уншиж эсвэл “Бурхан тэдэнд мэдлэгийг өгсөн” видео бичлэгийг үз. Даниел болон түүний найзууд дуулгавартай байдлаа хэрхэн харуулсан бэ? Тэд хэрхэн адислагдсан бэ? Даниелийнхтай ойролцоо ямар нөхцөл байдлууд өсвөр үеийнхэнд тулгардаг вэ? Мөн өөрсдийн дуулгавартай байдлын улмаас мэдлэг болон ойлголтоор адислагдсан өөр хүмүүсийн талаар судраас олж уншихыг өсвөр үеийнхнээс хүс (1 Нифай 4–т гардаг Нифай эсвэл Иосеф Смит —Түүх 1:11–17 дээрээс Иосеф Смитийн тухай гэх мэт). Өөрсдийн уншсан зүйлийн талаар товч дүгнэлт бичээд, ангийнхандаа түүний сонгосон хүн дуулгавартай байдлынхаа улмаас мэдлэгээр хэрхэн адислагдсан болохыг зааж өгөхийг тэднээс хүс.
-
Өсвөр үеийнхнийг дараах судрын шүлгүүдээс нэгийг нь сонгохыг хүс: Иохан 7:17; 2 Нифай 28:30; С ба Г 50:24. Сонгосон шүлгээ уншаад, энэ нь дуулгавартай байдал болон сайн мэдээнээс суралцах талаар юу зааж байгааг тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэгээд ангийнхнаасаа өөр шүлэг сонгосон хэн нэгнийг олоод, бие биетэйгээ суралцсан зүйлсээ хуваалцахад урь.
-
Өсвөр үеийнхэнд нэг эвдэрхий гар чийдэн өгөөд, асахгүй байгаагийн шалтгааныг олж мэдэхийн тулд шалгахыг тэднээс хүс. Ахлагч Ричард Г.Скоттын “Хувийн амьдралдаа илэрхийлэл болон удирдамжийг хэрхэн хүлээн авах вэ?” хэлсэн үгнээс дараах хэсгийг хуваалц: “Их Эзэнээс сүнслэг өдөөлтийг авч болохын тулд хувь хүн өөрийн оюун санаа, бие махбодоо цэвэр ариун байлгаж мөн зорилгодоо цэвэр ариун байх ёстой. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай сахидаг хүн Түүний итгэлийг хүлээн авдаг. Тийм хүн Түүний сүнслэг өдөөлтөөр юу хийх ёстойгоо мэдэж авах бөгөөд мөн түүнийгээ хийх тэнгэрлэг хүч чадлыг хэрэгтэй үедээ хүлээн авдаг. Бидний дуулгавартай байдал нь сүнслэгээр өгөгдсөн зорилгоо биелүүлэхэд шаардагдах тэнгэрлэг хүч чадлыг хүлээн авах эрхийг бидэнд олгодог (47-р хуудас). Ахлагч Скоттын энэхүү мэдэгдэлд зааж байгаа зарчмыг, эвдэрхий гар чийдэн хэрхэн харуулж байна вэ? “Их Эзэний итгэлийг хүлээн авч” мөн Түүнээс илэрхийллийг хүлээн авахын тулд тэд юу хийх ёстойг тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Тэдний цөөн хэдээс нь бодол сэтгэгдлээ хуваалцахыг хүс.
-
Өсвөр үеийнхнээс ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Aмьд гэрчлэл” хэлсэн үгнээс “Иймээс итгэлийн үр та нарын зүрх сэтгэлд аль хэдийн суулгагдсан ...” гэдэг өгүүлбэрээр эхэлсэн догол мөрөөс “Мөнх амьдралын тухай Их Эзэний амлалт үнэн бодитойг” гэдгээр эхэлсэн догол мөрийг хүртэлх хэсгийг уншихыг хүс. Ерөнхийлөгч Айрингийн дуулгавартай байдал түүний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Ерөнхийлөгч Аирингийн жишээний дагуу ямар зүйлсийг өсвөр үеийнхэн хийж болох вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Зарлигуудыг сахих нь сайн мэдээнээс сурах чадварт нь хэрхэн нөлөөлдөг болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Зарлигуудыг сахих болон сайн мэдээнээс суралцах хоёрын хоорондох уялдаа холбооны талаар тэд өнөөдөр юу сурснаа дүгнэн хэлэхийг өсвөр үеийнхний цөөн хэдээс хүс. Ариун Сүнсээр заагдах чадвараа нэмэгдүүлэхийн тулд тэд юу хийх мөн юу хийхээ болих хэрэгтэй талаар бодохыг тэднээс хүс. Өөрсдийн бодол сэтгэгдлээ өдрийн тэмдэглэл дээрээ бичихэд тэднийг дэмж.