Зорилго тавих нь бие даах чадвартай болоход минь хэрхэн туслах вэ?
Утга учиртай зорилго ба бодож гаргасан төлөвлөгөө нь Их Эзэний биднээр хийлгэх ажлыг гүйцэтгэхэд бидэнд туслах болно. Амьдралдаа зорилго тавих нь бие дааж сурахын нэг чухал хэсэг юм. Энэ нь хүсэж, мөрөөдөхөөс ч илүү ихийг багтаадаг. Ерөнхийлөгч Монсоны зааснаар: “Хүсэх нь үүнийг биелүүлэхгүй. Их Эзэн биднийг бодоосой гэж хүсдэг. Тэр биднийг үйлдээсэй хэмээн хүсдэг. Тэр биднийг хөдөлмөрлөөсэй хэмээн хүсдэг. Тэр бидний гэрчлэлийг хүсдэг. Тэр бидний зүтгэлийг хүсдэг” (“To the Rescue,” Ensign эсвэл Лиахона, 2001 оны 5-р сар, 49). Бид зорилгодоо хүрэхийн тулд залбирч төлөвлөн, хичээнгүйлэн хөдөлмөрлөх үед Их Эзэн бидний хичээл зүтгэлийг баяжуулдаг ба чадавхдаа хүрэхэд бидэнд тусалдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон бусад материалыг залбирч судал. Бие даах чадвартай болохын тулд зорилго тавих нь чухал талаар суралцахад өсвөр үеийнхэнд юу туслах вэ?
Хаадын дээд 18:21; Матай 6:24 (Бид хоёр эзэнд үйлчилж чадахгүй)
Филиппой 3:13–14 (Бид зорилгынхоо төлөө зүтгэж, түүнд хүрэхээр тэмүүлж чадна)
2 Нифай 32:9 (Бид хийх бүх зүйлдээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх ёстой)
Алма 34:32–33 (Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе)
C ба Г 58:27–29 (Бид сайн үйлсэд оролцож байх хэрэгтэй)
М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” Ensign, 2017 оны 5-р сар, 62-65 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 51-54
Квинтин Л.Күк, “Ухаалаг сонголт хий,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 46-49
“Хэрхэн зорилго тавих вэ,” Миний сайн мэдээг номло (2004), 146
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.
-
Өсвөр үеийнхнийг суралцаж байгаа сайн мэдээний үнэнийг бататгасан саяхны туршлагаасаа хуваалцахад урь.
-
Та өсвөр үеийнхэнтэй тавьж байсан зорилгуудынхаа заримаас хуваалц. Үүндээ богино болон урт хугацааны зорилгуудын аль алиныг нь багтаа. Эдгээр зорилгыг тавихаар хэрхэн шийдсэнээ, тэдгээрт хүрэхийн тулд юу хийснээ мөн хичээл зүтгэл амьдралыг тань хэрхэн адисалж байсан талаар тайлбарла. Өсвөр үеийнхнийг өөрсдийн иймэрхүү туршлагаас хуваалцахад урамшуулан дэмж.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь хувийн зорилгоо хэрхэн тавих талаар суралцсанаар илүү бие даах чадвартай болоход нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Өсвөр үеийнхнийг тавьсан зорилгуудаасаа хуваалцахад урь. Зорилгодоо хүрэхэд нь тэдэнд юу тусалдаг вэ? Өсвөр үеийнхнээс ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн “Эргэж очоод, хүлээн ав” үгийн эхний арван догол мөрийг уншаад, түүний өгсөн зорилго тавих зөвлөгөөг самбар дээр жагсааж бичихийг хүс. Өсвөр үеийнхэнд урт хугацааны сүнслэг зорилго тавихад нь сүнслэгээр өдөөж туслахын тулд тэднийг хоёр бүлэгт хуваа. Нэг бүлгийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг, харин нөгөө бүлгийг ““Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл””-ийг уншихад урь. Бүлэг бүр унших материал нь Есүс Христтэй адилхан болж, Түүний сайн мэдээний дагуу амьдрахад төвлөрсөн зорилго тавихад хэрхэн туслах талаар хайж олох ёстой.
-
Ангийн нэг хэсгээс ахлагч Квинтин Л.Күкийн өсвөр насны эрэгтэйтэй ярилцсан тухай түүхийг (“Ухаалаг сонголт хий” хэлсэн үгээс), мөн нөгөө хэсгээс ахлагч Л.Том Пэрригийн хүү нь өндөрт үсэрч сурах дадлага хийж байсан тухай түүхийг (“Raising the Bar” хэлсэн үгээс) уншихыг хүс. Оногдсон түүхээ ангийнхаа бусад гишүүнд товчхон ярьж өгч, зорилго тавих талаар сурсан зүйлээ тайлбарлахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэднээс өөрсдийн амьдралаас үүнтэй ижил төстэй жишээ хуваалцахыг хүс. Зорилго тавьж, түүнд хүрэхдээ илүү үр дүнтэй байхын тулд эдгээр түүхээс сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-
Өсвөр үеийнхнээс тэдний зарим зорилгын талаар, мөн зорилго тавих нь яагаад чухал болох талаар асуу. Тэднийг Миний сайн мэдээг номло номоос “Хэрхэн зорилго тавих вэ” (хуудас 146) хэсгийг уншин, зорилго чухал болох тухай шалтгаануудыг хайж, олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Бишопын зөвшөөрлөөр бүрэн цагийн номлогчдыг, эсвэл саяхан номлолоосоо буусан номлогчийг урьж, номлолын ажилд зорилго тавихын чухлыг тайлбарлаж өгөхийг хүс. Одооноос зорилго тавьж сурах нь илүү сайн номлогчид болоход нь өсвөр үеийнхэнд хэрхэн туслах вэ? Амьдралын өөр бусад үед ч зорилго тавих нь чухал болох тухай өсвөр үеийнхэнтэй ярилцуулахаар тойргийн бусад гишүүнийг урих талаар бодож үзээрэй.
-
Өсвөр үеийнхнийг зорилгуудаа жагсаан бичихэд урь. Миний сайн мэдээг номло номын 146-р хуудсан дахь зорилго тавихад зориулсан удирдамжийг өсвөр үеийнхэнтэй хамт лавлаж үзээрэй. Жагсаасан зорилгоо биелүүлэхэд нь эдгээр удирдамжийн аль нь өсвөр үеийнхэнд туслах вэ? Өөрсдийн зорилгоос нэгийг сонгон, уг зорилгоо биелүүлэхдээ эдгээр удирдамжийг хэрэгжүүлэх арга замуудыг бичихэд тэднийг урь. Хэдэн суралцагчаас бичсэн зүйлсээ хуваалцахыг хүс.
-
Өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээ 58:27–29-ийг уншин, “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулахад” болон “туйлын зөв шударга байдлыг тохиолгоход” туслах зорилгуудын жагсаалт гаргахад уриарай. Жагсаалтаа ангийн өөр гишүүнтэй хуваалцаж, эдгээр зорилгодоо хүрэхийн тулд одоо юу хийж байгаагаа, мөн юу хийж чадах талаараа тайлбарлахад нь тэднийг урамшуулан дэмж. Энэ тоймд санал болгосон нэмэлт судруудыг уншиж, эдгээр судраас зорилго тавих талаар олж авсан нэмэлт мэдлэгээ хуваалцахад тэднийг урь.
-
“Ажил урагшилж байна” видео бичлэгийг үзүүлээд, зорилго тавьж, түүндээ хүрэх талаар уг видео бичлэгээс сурсан зүйлээ бичиж авах цөөн хэдэн хором гаргаж өгөөрэй. Тэднийг санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахад урь. Номлолд үйлчлэх нь Тайлерын сагс тоглох зорилгод саад болж байсан хэдий ч тэр яагаад энэ зорилгоо биелүүлэхийг сонгосон бэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгож, та Хаадын дээд 18:21 болон Матай 6:24-ийг уншихыг хүсэж болох юм). Өсвөр үеийнхнээс сонирхдог нэг зүйлийнхээ талаар бодохыг хүс. Уг зүйл ба өөр нэг зохистой зорилго хоёрын аль нэгийг сонгох хэрэг тэдэнд гарч байсан уу? Тэд Тайлерын жишээнээс юу сурсан бэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд хувийн зорилгоо хэрхэн тавих талаар ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхэнд өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж төрж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд нь урамшуулан дэмж. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.