Сайн мэдээнээс суралцахад сонгох эрх ямар үүрэгтэй вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсөд дээрээ үйлдүүлэх бус харин өөрсдийн төлөө үйлддэг болгон бүтээсэн (2 Нифай 2:26-г үзнэ үү). Энэ зарчим сайн мэдээг сурах бидний чармайлт болон мөнх бус амьдралын маань бүх талуудад хамааралтай юм. Бидний төлөө хэн ч сайн мэдээг сурч чадахгүй тул бид үүнийг өөрсдийнхөө—төлөө сурах ёстой. Сайн мэдээг сурна гэдэг нь бусдаар үйлдүүлэх бус харин өөрөө үйлдэх үйл явц юм. Бид сонгох эрхээ ашиглан үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд Их Эзэн биднийг илүү их гэрэл болон мэдлэгээр адисладаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Доорх материалуудыг судал. Сурахад идэвхтэйгээр оролцох гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд та ямар судрын хэсэг, жишээнүүдийг ашиглаж чадах вэ?
Иохан 7:17 (Бид Тэнгэрлэг Эцэгийн сургаалыг мэдэхийн тулд Түүний хүслийн дагуу хийх ёстой)
Иаков 1:22 (Үгийг зөвхөн сонсогч бус мөн үйлдэгч бай)
1 Нифай 10:19 (Хэрэв бид үнэнийг хичээнгүйлэн эрвэл олох болно)
2 Нифай 2:26 (Бид үйлдүүлэх гэж бус харин үйлдэхийн төлөө байгаа)
С ба Г 50:24 (Бид үнэнийг хүлээн аваад түүн дээрээ үйлдвэл илүү их үнэнийг хүлээн авна)
С ба Г 88:118 (Бид судлахаар болон итгэлээр сурахыг эрэлхийлдэг)
Дэвид А.Бэднар “Итгэлээр суралцахыг эрэлхийл,” Ensign 2007 оны 9 сар, 61–68
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид, өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Эдгээр санаа тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнийг семинар, ариун ёслолын цуглаан, хувиараа судлах цаг эсвэл бусад орчинд сурсан зүйлүүдээ жагсаан бичихийг урь. Ангиараа эдгээр бүх зүйлс хэрхэн авралын төлөвлөгөөтэй хамааралтай байгааг ярилц.
-
Өсвөр үеийнхнийг идэвхтэйгээр оролцсон дуртай хичээлийнхээ тухай хэлэхийг урь (жишээлбэл, гэр бүлийн цуглаан, гэрийн багшийн айлчлал, Ням гаргийн хичээл эсвэл Хүүхдийн Хэсэг дээр). Оролцохын тулд тэд юу хийсэн бэ? Тэдний идэвхтэй оролцоо илүү сайн сурахад нь хэрхэн тусалсан бэ? Сурахад идэвхтэй оролцох өөр ямар арга замууд байна вэ? (Та анги дээр санал оруулж тайлбар хэлэх нь оролцох цорын ганц арга биш гэдгийг сануулж болно)
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхнийг сайн мэдээг сурахад идэвхтэйгээр оролцдог болгон урамшуулахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Сайн мэдээг сурахыг идэвхтэйгээр эрэлхийлсэн судар дээрх хүмүүсийн зарим жишээнүүдийг хуваалцахад өсвөр үеийнхнийг урамшуул (жишээлбэл, 1 Нифай 2:14–16 [Нифай], Сургаал ба Гэрээ 138:1–11 [Жозеф Ф.Смит], болон Иосеф Смит—Түүх 1:10–18 [Иосеф Смит]-ийг үзнэ үү). Өсвөр үеийнхэн эдгээр жишээнүүдийн тухай уншсанаар сайн мэдээг сурах ямар зарчмуудыг олж мэдэж чадах вэ? (Жишээлбэл, Нифай эцэгийнхээ заасан зүйлийн тухай сонсоод, өөрөө мэдэх хүсэлтэй болж, тэгээд тэдгээр хүслүүд дээрээ тулгуурлан үйлдсэн.) Өсвөр үеийнхэн авралын төлөвлөгөөний тухай юу сурахыг хүсэж байна вэ? Тэд эдгээр зарчмуудыг өөрсдийн сурах удирдамж болгон хэрхэн ашиглаж чадах вэ?
-
Өсвөр үеийнхнийг ахлагч Дэвид А.Бэднарын “Итгэлээр суралцахыг эрэлхийл” өгүүллэгийн хоёр дахь гарчиг болох “Итгэлээр сурах: Үйлд, харин өөр дээрээ бүү үйлдүүл” хэсгийг уншихад урь. Сайн мэдээг сурах үүрэг хариуцлагыг нь илүү сайжруулахад нь тэдэнд туслах ахлагч Бэднарын санал болгосон зүйлсийг олохыг хүс. Авралын төлөвлөгөөний тухай бие даан сурахад нь зориулсан түүний зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхийн тулд тэд юу хийж болох вэ?
-
Энэ тойм дахь судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Ангийн гишүүн бүрээр нэгийг уншихаар сонгуулж, дараах асуултын хариултуудыг олоход урь: Сурахдаа идэвх чармайлт гаргаснаар ямар адислалууд ирэх вэ? Тэднийг юу олсноо хуваалцахыг хүс. Тэднийг дараах өгүүлбэрийг тус бүртээ дуусгахыг хүс: “Би … хийснээр сайн мэдээг илүү идэвхтэй суралцахаар төлөвлөж байна.” Цөөн зарим сурагчдаас төлөвлөгөөгөө ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
-
Тэднийг Сургаал ба Гэрээ 58:26–28–ыг уншиж, сайн мэдээг суралцагчийн хувьд Их Эзэний зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх арга замуудыг хайн олоход урь. Тэднийг суралцагчийн хувьд хийх ёстой зарим сонголтуудаа жагсаахыг хүс (хичээл дээр санал бодлоо хуваалцах эсвэл хичээлдээ зориулж сүнслэгээр бэлтгэх зэрэг болно). Эдгээр сонголтын зарим үр дагаврууд нь юу вэ?
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээг сурахад сонгох эрхийн үүргийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цагийг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
-
Сүмийн бусад ангиудад авралын төлөвлөгөөг сурч байхдаа сурсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд өсвөр үеийнхэн юу хийж чадах вэ? Идэвхтэй суралцагч байх хичээл зүтгэлд нь та тэднийг хэрхэн дэмжиж чадах вэ?
-
Сурахыг хичээнгүйлэн эрэлхийлснээс ирсэн адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалц.