Номын сан
Урвалт ба сэргээлтийн үйл явдлуудыг би өөрийнхөө амьдралтай хэрхэн адилтгаж болох вэ?


Урвалт ба сэргээлтийн үйл явдлуудыг би өөрийнхөө амьдралтай хэрхэн адилтгаж болох вэ?

“Энэ нь бидэнд эрдэм болон тус байж болохын тулд бид бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгах” ёстой (1 Нифай 19:23). Судруудыг адилтгах гэдэг нь сударт өгүүлсэн үйл явдал ба нөхцөл байдлыг өөрсдийн амьдрал дахь үйл явдал, нөхцөл байдалтай харьцуулахыг хэлнэ. Урвалт ба сэргээлт нь олон жилийн өмнө тохиолдсон хэдий ч бид эдгээр үйл явдлаас суралцаж мөн өөрсдийн амьдралыг жишиж болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та судруудыг өөрийн амьдралтай адилтгаснаар хэрхэн адислагдсан бэ? Амьдралаа судруудтай адилтгахад танд ямар аргууд тусалсан бэ? Урвалт ба сэргээлтийн ямар үйл явдлууд нь таны амьдралд онцгой нөлөө үзүүлсэн бэ?

Судруудыг адилтгаж сурах нь өсвөр үеийнхнийг хэрхэн адислах вэ? Өсвөр үеийнхний амьдрал ба урвалт, сэргээлтийн тухай тэдний судалж байгаа зүйлсийн хооронд та ямар холбоог харж чадах вэ?

Эдгээр судар ба материалуудыг залбиралтайгаар уншаарай. Юу өсвөр үеийнхнийг өөрсдийн амьдралаа урвалт ба сэргээлтийн үйл явдлуудтай адилтгахад туслах вэ?

1 Нифай 19:23–24 (Бид судруудыг өөрсөдтэйгөө адилтгах ёстой)

С ба Г 61:36 (Их Эзэн нэгд хэлснээ бүгдэд хэлдэг)

Иосеф Смитийн Түүх 1:5–20 (Иосеф Смит Иаковын 1:5-г өөртэйгөө адилтгасан)

”Урвалт “, Итгэлдээ үнэнч байх нь (2004), 200–201

М.Рассэл Баллард “Өнгөрсөн үеэсээ суралцах нь” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 31–34

Видео бичлэг: “Дахин сэргээлт нь миний хувьд ямар утга учиртай билээ”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүст судруудын талаар өөрсдөө бодож, асуултынхаа хариултыг олоход судруудыг ашиглахыг заасан. Сорилт бэрхшээл тулгарсан үед судраас уншсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлж болохыг ойлгоход нь та өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээлүүд эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеиийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Залуу эмэгтэйчүүдийн ангид урвалт ба сэргээлтийн тухай саяхан сурсан зүйлээсээ залуу эрэгтэйчүүдтэй хуваалцах охидыг урь. Үүний дараа Аароны санваарын чуулга дээр урвалт ба сэргээлтийн тухай сурсан зүйлээсээ залуу эмэгтэйчүүдтэй хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Өсвөр үеийнхнийг 1 Нифай 19:23 -г уншаад, “бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан” гэж хэлсэн Нифайн үгс ямар утгатай болохыг ярилц (шаардлагатай бол энэхүү тоймын эхний догол мөрийг тэдэнтэй хуваалц). Сэргээлтийн үйл явдлуудыг өөрсдийнхөө амьдралтай холбох арга замуудыг олоход ангийн гишүүдийг урь.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхэн өөрсдийнхөө амьдралыг урвалт ба сэргээлттэй хэрхэн адилтгаж болохыг ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнийг Иосеф Смит—Түүх 1:5–10 -г уншаад, Иосеф Смитийг 14 настай байхад түүний амьдралд юу тохиолдож байсан тухай мэдэхийг хүс. Тэгээд тэднээс 11-20-г шүлгийг уншин, Иосеф уншсан судраа өөрийн туршлагатай адилтгах юу хийсэн бэ? гэдгийг олуул. Иосеф Смитийн жишээ өсвөр үеийнхэнд судраас илүү сайн суралцахад хэрхэн туслах вэ? Тэд өөрсдийн амьдралыг Иосеф Смитийн туршлагатай адилтгаж болох арга замуудыг бичих цагийг тэдэнд гаргаж өг. Ангийн нэг гишүүнээс бичсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.

  • Самбар дээр “Их урвалт” ба “Хувийн урвалт” гэсэн гарчгууд бич. “Итгэлдээ үнэнч байх нь” номын Урвалт гэсэн сэдвийг уншаад Их урвалт руу хөтөлсөн зүйлс эсвэл Их урвалтын үр дагавруудыг жагсаан бичихийг тэднээс хүс. Жагсаан бичсэн зүйлс нь тэднийг хувийн урвалт руу хэрхэн хөтөлж болохыг ярилцан өөрсдийгөө Их урвалттай адилтгахад нь тэдэнд тусал. Жишээлбэл Христийг нас барсны дараа төлөөлөгчдийг алсан хүмүүс, амьд бошиглогчдыг эсэргүүцдэг буюу шүүмжилдэг хүн бол хувийн урвалтанд орох аюулд байна гэсэн үг. Өөрсдийгөө хувийн урвалтанд оруулахаас хамгаалахын тулд өсвөр үеийнхэн юу хийж болох вэ?

  • Найз нь “Би судар унших дургүй. Судар дээр эртний үед тохиолдсон зүйлсийг бичсэн байдаг шүү дээ. Өнөө үед миний амьдралд энэ ямар хамаатай юм бэ?” гэж хэлвэл тэд юу гэж хариулах вэ? гэж тэднээс асуу. Ахлагч М.Рассэл Баллардын ”Өмнөх үеэсээ суралцах нь” хэлсэн үгийг өсвөр үеийнхэнд хуваан өгч уншуулаад тэндээс найздаа хэлэх хариултаа олохыг хүс.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд урвалт болон сэргээлтийн үйл явдлуудыг хэрхэн адилтгахаа ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Их олон материалаас заах нь чухал бишээ. Нэг дор дэндүү олон санаа заах нь суралцагсдыг будлиулах буюу ядраадаг учраас нэг буюу хоёр гол зарчим дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 99).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлээсээ тэд юуг хийх урмыг авч байгаа тухай өсвөр үеийнхнээс асуу. Тэдний хийх зүйлийг эргэн шалгаарай.

Хэвлэх