Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэж авахад нь би бусдад хэрхэн тусалж чадах вэ?
Өнөө үед олон хүн Бурханы тухай ямар ч ойлголтгүй эсвэл Түүний тухай маш буруу ойлголттой байдаг. Бидэнд бүрэн дүүрэн сайн мэдээ байдаг учраас бид Тэнгэрлэг Эцэгийн тухай хийгээд тэд Түүнтэй ямар холбоотой болохыг ойлгоход нь бусдад тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалуудыг залбиралтайгаар судла. Бусдад заахад тэдэнд юу хамгийн тустай гэж та бодож байна вэ?
Aлма 18:24–40; 22:4–23 (Aммон Аарон хоёр леменчүүдийн хаанд Бурханы тухай заадаг)
Aлма 30:12–15, 37–53 (Корихор Алматай Бурхан оршдог тухай маргадаг)
“Бурхан бол бидний хайртай Тэнгэрлэг Эцэг,” Миний сайн мэдээг номло (2004), 33–34
“Бурхан Эцэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 59–61
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Бурхан Тэргүүтэний тухай сүүлийн үед сурч мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс. Тэдэнд ямар асуултууд байна вэ? Тэд нэг нэгэндээ асуултуудынхаа хариуг олоход нь хэрхэн тусалж чадах вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн тухай юу гэж боддог тухайгаа нэг минутанд бичихийг тэднээс хүс (шаардлагатай бол тэдэнд “Бурхан бол бидний хайртай Тэнгэрлэг Эцэг” Миний сайн мэдээг номло 33–34; эсвэл “Бурхан Эцэг,” Итгэлдээ үнэнч байх нь 59–61-г уншихыг санал болго). Цөөн хэдэн суралцагсдыг бичсэн зүйлсээ хуваалцахад урь. Өөр итгэл бишрэлтэй хэн нэгэнтэй Бурханы тухай ярилцсан туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс (эсвэл та өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно). Энэ ярилцлагаас тэд юу сурсан бэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаанууд нь Бурханы талаарх итгэлээ бусдад тайлбарлаж сурахад нь өсвөр үеийнхэнд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Ангиараа эсвэл жижиг бүлгүүд болж Aлма 30:12–15, 37–53-г дүгнэ. Зарим суралцагсдаас Корихор Бурханд итгэдэггүй байсан шалтгаануудыг харин бусад суралцагсдаас Алма Бурханд итгэдэггүй байсан шалтгаануудыг олохыг хүс. Тэднээс Корихортой ижил бодолтой хүмүүсийг таньдаг уу? гэж асуу. Бурхан оршдог эсэхэд эргэлздэг найздаа туслахад тэднийг дэмж. Найздаа туслах төлөвлөгөөг гаргахад нь тэдэнд туслахын тулд цаг гарга. Тэд ямар туршлагаас хуваалцаж болох вэ? Тэд хэрхэн зохистойгоор гэрчлэлээ хуваалцаж болох вэ?
-
Ангийн хагас суралцагсдаар Aлма 18:24–40-г харин үлдсэн суралцагсдаар Aлма 22:4–23-г уншуул. Аммон болон Аароны жишээнүүдээс тэд заах талаар юу сурдаг вэ? Лемонай болон түүний эцэгт Бурханы тухай ойлгуулахын тулд Аммон, Аарон хоёр юу хийсэн бэ? Яагаад Аммон, Аарон хоёр Лемонай болон түүний эцгээс Бурханы тухай, итгэлийнх нь тухай асууж эхэлсэн бэ? Суралцагсдаас юу сурсан талаар нь асууж мөн Бурханы тухай итгэлээ бусдад тайлбарлах боломж олдвол үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох тухай ярилц.
-
Бишопын зөвшөөрлийг авч нэг буюу хэд хэдэн хөрвөгчдийг ангид урьж авчран, Сүмд нэгдэхээсээ өмнө Бурханы тухай юу гэж боддог байсан мөн сэргээгдсэн сайн мэдээ тэдний итгэлд хэрхэн нөлөөлж, өөрчилсөн тухай хуваалцахыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн тухай хөрвөгчдийн олж авсан шинэ ойлголтыг дэмжих судрын хэсгүүдийг олохыг суралцагсдаас хүс.
Өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Бусдад Тэнгэрлэг Эцэгийн тухай сурахад нь хэрхэн тусалж болохыг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өнөөдөр сурсан зүйлийнхээ улмаас тэд юуг хийхээр өдөөгдсөн тухай асуу. Уг мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Дагаж болох арга замуудын талаар залбиралтайгаар бодохдоо Сүнсийг эрэлхийлээрэй.