Судрууд
Алма 30


Бүлэг 30

Христийг эсэргүүцэгч Корихор, Христийг, Цагаатгалыг, мөн бошиглолын суу билгийг дооглов—Тэрээр Бурхан байхгүй, хүний уналт гэж үгүй, нүглийн шийтгэл гэж үгүй, мөн Христ гэж үгүй хэмээн заав—Христ ирэх болно, мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг хэмээн Алма гэрчлэв—Корихор тэмдэг шаардаж, мөн хэлгүй болгогдов—Чөтгөр тэнгэр элч мэтээр Корихорт үзэгдэж мөн юу хэлэхийг нь түүнд заасан ажээ—Корихор гишгэгдэн мөн үхэв. Ойролцоогоор МЭӨ 76–74 он.

1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Аммоны хүмүүс Жершоны нутагт суурьшуулагдсаны дараа, тийм ээ, мөн түүнчлэн леменчүүд уг нутгаас туугдсаны, мөн тэдний үхэгсэд нутгийн хүмүүсээр оршуулагдсаны дараа—

2 Эдүгээ тэдний үхэгсэд нь тооныхоо агуу ихийн учир тоологдоогүй болой; бас нифайчуудын үхэгсэд нь ч тоологдсонгүй—гэвч улиран тохиох дор тэд үхэгсдээ оршуулсны дараа, мөн түүнчлэн мацаг барилт мөн гашуудал, мөн залбирлын өдрүүдийн дараа (энэ нь Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван зургаадугаар он байв) бүх нутаг даяар үргэлжийн амгалан эхлэв.

3 Тийм ээ, мөн хүмүүс Их Эзэний зарлигуудыг сахихаар мэрийцгээсэн болой; мөн тэд Мосегийн хуулийн дагуу Бурханы ёслолуудыг гүйцэтгэхдээ чанд байв; учир нь тэд биелэгдэх хүртэл нь Мосегийн хуулийг сахихаар сургагдсан байв.

4 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван зургаадугаар оны турш хүмүүс ямар ч үймээнгүй байв.

5 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын арван долоодугаар оны эхлэлд үргэлжийн амгалан байв.

6 Гэвч улиран тохиох дор арван долоодугаар оны төгсгөлд, Зарахемлагийн нутагт нэгэн хүн ирэв, мөн тэр нь Христийг эсэргүүцэгч байв, учир нь тэрээр Христийн ирэлтийн талаар бошиглогчдоор яригдсан бошиглолуудын эсрэг хүмүүст номлож эхлэв.

7 Эдүгээ хүмүүний сүсэг бишрэлийн эсрэг хууль байсангүй; учир нь хүмүүсийг тэгш бус байдалд хүргэх хууль нь Бурханы зарлигуудад туйлын харш байсны улмаас болой.

8 Учир нь сударт ийн өгүүлдэг: Та нар энэ өдөр хэнд үйлчлэхээ сонго.

9 Эдүгээ хэрэв хүмүүн Бурханд үйлчлэхийг хүсвэл, энэ нь түүнд боломжтой байв; эсвээс, хэрэв тэр Бурханд итгэдэг бол түүнд үйлчлэх нь түүнд боломжтой байв; харин тэрээр түүнд итгэдэггүй бол түүнийг шийтгэх хууль үгүй байв.

10 Харин хэрэв тэр аллага үйлдвэл тэрээр үхлээр шийтгүүлдэг байв; мөн хэрэв тэрээр дээрэмдсэн бол бас шийтгүүлдэг байв; мөн хэрэв тэр хулгайлсан бол тэрээр бас шийтгүүлдэг байв; мөн хэрэв тэр садар самууныг үйлдсэн бол тэрээр бас шийтгүүлдэг байв; тийм ээ, энэ бүх ёс бусын төлөө тэд шийтгүүлдэг байв.

11 Учир нь хүмүүс гэмт хэргүүдийнхээ дагуу шүүгдэх ёстой хэмээх нэгэн хууль байв. Гэсэн хэдий ч, хүмүүний сүсэг бишрэлийн эсрэг хууль байсангүй; тиймийн тул, хүмүүн нь зөвхөн үйлдсэн гэмт хэргүүдийнхээ улмаас шийтгүүлдэг байв; тиймийн тул бүх хүн тэгш эрхтэй байв.

12 Мөн энэхүү Христийг эсэргүүцэгч, Корихор гэгч нэртэй тэр, (мөн хууль нь түүнд хүрч чадахгүй байв) Христ байх нь үгүй хэмээн хүмүүст номлож эхлэв. Мөн тэр ийм маягаар номлож, хэлрүүн:

13 Мунхаг бөгөөд хоосон найдвартаа хүлэгдсэн ай та нар, яагаад та нар өөрсдийгөө ийм мунхаг зүйлсээр буулгалдаг билээ? Яагаад та нар нэгэн Христийг хүлээнэв? Учир нь нэг ч хүн ирэх юуны ч тухай мэдэж чадахгүй.

14 Болгоогтун, та нарын бошиглолууд гэж нэрлэдэг эдгээр зүйл, та нарын ариун бошиглогчдоор дамжуулагдсан гэж хэлдэг тэр нь, болгоогтун, тэдгээр нь эцэг өвгөдийн чинь мунхаг уламжлалууд болой.

15 Тэдгээрийн гарцаагүйг та нар яаж мэддэг вэ? Болгоогтун, та нар харахгүй байгаа тэр зүйлийг мэдэж чадахгүй; тиймийн тул та нар Христ гэгч нэгэн байх болно гэдгийг мэдэж чадахгүй.

16 Та нар урагш хараад мөн та нар нүглүүдийнхээ ангижралыг үздэг хэмээн хэлдэг. Гэвч болгоогтун, энэ бол галзуурсан сэтгэлийн нөлөө; мөн та нарын энэ сэтгэцийн гажиг та нарыг үнэн бус зүйлсийн итгэлд хөтөлсөн эцэг өвгөдийн чинь уламжлалуудаас болдог.

17 Мөн тэрээр иймэрхүү илүү олон зүйлийг тэдэнд хэлэв, хүмүүсийн нүглүүдийн төлөө цагаатгал хийгдэх боломжгүй, харин хүн бүр энэ амьдралд өөрийгөө хянахын дагуу аж төрдөг; тиймийн тул хүн бүр өөрийн чадварын дагуу дэгжиж, мөн хүн бүр өөрийн хүчний дагуу ялан дийлдэг; мөн хүмүүний хийсэн юу боловч гэмт хэрэг бус хэмээн тэдэнд өгүүлэв.

18 Мөн тийн тэрээр тэдэнд номлож, олны зүрх сэтгэлийг дагуулан удирдаж, тэднийг ёс бусдаа толгойгоо өргөхөд хүргэв, тийм ээ, олон эмэгтэйг мөн түүнчлэн эрчүүдийг садар самууныг үйлдэхэд хүргэв—хүн үхэхэд түүний төгсгөл нь тэр хэмээн тэдэнд хэлж байв.

19 Эдүгээ энэ хүн түүнчлэн Жершоны нутагт, нэгэнтээ леменчүүдийн хүмүүс асан Аммоны хүмүүсийн дунд эдгээр зүйлийг номлохоор очив.

20 Гэвч болгоогтун тэд нифайчуудын олноос илүү сэрэмжтэй байв; учир нь тэд түүнийг барьж, мөн хүлж, уг хүмүүсийн дээрх дээд прист асан Аммоны өмнө түүнийг авчрав.

21 Мөнхүү улиран тохиох дор тэрээр түүнийг уг нутгаас гаргуулав. Мөн тэрээр Гидеоны нутагт ирж, мөн түүнчлэн тэдэнд номлож эхлэв; мөн энд тэрээр их амжилттай байсангүй, учир нь тэрээр баривчлагдан мөн хүлэгдэж мөн дээд пристийн мөн түүнчлэн уг нутгийн дээрх ерөнхий шүүгчийн өмнө аваачигдав.

22 Мөнхүү улиран тохиох дор дээд прист түүнд хэлэв: Та яагаад Их Эзэний замуудыг гажуудуулан явдаг билээ? Та яагаад энэ хүмүүст, тэдний баяслыг сарниулахаар Христ гэж байх нь үгүй хэмээн заадаг билээ? Та яагаад ариун бошиглогчдын бүх бошиглолын эсрэг ярьдаг билээ?

23 Эдүгээ уг дээд пристийн нэр нь Гиддона байв. Мөн Корихор түүнд хэлэв: Яагаад гэвэл би танай эцэг өвгөдийн мунхаг уламжлалуудыг заадаггүй, мөн яагаад гэвэл энэ хүмүүсийн дээр хүч мөн эрх мэдлийг эзэрхийлэхээр, тэд толгойгоо өргөхгүй байж, харин таны үгсийн дагуу дагуулагдаж болохын тулд тэднийг харанхуй бүдүүлэг байдалд байлгахаар эртний пристүүдээр тогтоогдсон тэр мунхаг ёслол мөн зан үйлүүдийн дор өөрсдийгөө хүлэхийг би тэдэнд заадаггүй болой.

24 Та нар энэ хүмүүсийг чөлөөт хүмүүс хэмээн хэлдэг. Болгоогтун, тэднийг боолчлолд байна гэж би хэлнэ. Та нар эртний бошиглолууд үнэн хэмээн хэлдэг. Болгоогтун, та нар тэдгээрийн үнэнийг мэдэхгүй хэмээн би хэлнэ.

25 Та нар энэ хүмүүсийг эх эцгийнхээ зөрчлийн учир гэмт мөн унасан хүмүүс хэмээн хэлдэг. Болгоогтун, эх эцгийнхээ улмаас хүүхэд нь гэмтэй байдаггүй гэж би хэлнэ.

26 Мөн та нар түүнчлэн Христ ирэх болно хэмээн хэлдэг. Гэвч болгоогтун, нэгэн Христ байх болно гэдгийг та нар мэдэхгүй хэмээн би хэлнэ. Мөн та нар түүнчлэн тэрээр дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдэх болно гэж хэлдэг—

27 Мөн та нар, эцэг өвгөдийнхөө мунхаг уламжлалаар, мөн өөрсдийн хүслийн дагуу энэ хүмүүсийг тийн төөрөгдүүлэн удирддаг; мөн та нар өөрсдийгөө тэдний гарын хөдөлмөрөөр хөрөнгөжүүлэхийн тулд, мөн тэднийг өөрсдийн эрх болон боломжууддаа баясаж зүрхлэхгүй байлгахын тулд, мөн тэднийг зоригтойгоор дээш харж зүрхлэхгүй байлгахын тулд та нар тэднийг бүр боолчлолд байгаа мэтээр дорд байлгадаг.

28 Тийм ээ, тэднийг өөрсдийн хүслийн дагуу буулганд зүтгүүлэх тэдгээр пристээ гомдоох вий хэмээн тэд өөрсдийнхөө юмыг хэрэглэж эс зүрхэлдэг бөлгөө, хэрэв тэд өөрсдийнх нь үгсийн дагуу үл үйлдвээс тэдний Бурхан гэж хэлэх, үл мэдэгдэх биеийг—хэзээ ч харагдаагүй эсвээс мэдэгдээгүй, хэзээ ч байгаагүй эсвээс бас байдаггүй тэрхүү биеийг гомдооно хэмээн өөрсдийн уламжлалууд мөн өөрсдийн зүүд, дур хүсэл, өөрсдийн үзэгдэл мөн хуурмаг нууцад тэднийг итгүүлсэн тэдгээр пристийг буюу.

29 Эдүгээ дээд прист мөн ерөнхий шүүгч түүний зүрх сэтгэлийн хатууг хараад, тийм ээ, тэд түүнийг бүр Бурханыг эсэргүүцэхийг нь хараад, тэд түүний үгсэд ямар ч хариу өгсөнгүй; харин тэд түүнийг хүлүүлж; мөн тэд түүнийг албан тушаалтнуудын гарт хүргэж, мөн бүх нутгийн дээрх засаглагч асан ерөнхий шүүгч болон Алмагийн өмнө аваачиж болохын тулд түүнийг Зарахемла нутаг тийш илгээв.

30 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Алма болон ерөнхий шүүгчийн өмнө авчрагдаад тэрээр Гидеоны нутагт аашилсныхаа адил аашилсаар байв; тийм ээ, тэрээр Бурханыг доромжилсоор байв.

31 Мөн тэрээр Алмагийн өмнө дуу хадаан ярив, мөн пристүүд болон багш нарыг доромжилж, тэднийг хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжих гэсэн шалтгааны учир эцэг өвгөдийнхөө хөгийн уламжлалуудад хүмүүсийг удирддаг хэмээн буруутгаж байв.

32 Эдүгээ Алма түүнд хэлэв: Бид өөрсдийгөө энэ хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжүүлээгүйг та мэднэ; учир нь болгоогтун би Бурханы үгийг өөрийн хүмүүст тунхаглахаар нутгийг тойрч ихэд аялдаг хэдий ч, бүр шүүгчдийн засаглалын эхлэлээс одоог хүртэл өөрийгөө тэтгэхийн тулд би өөрийнхөө гараар хөдөлмөрлөсөөр ирсэн бөлгөө.

33 Мөн сүмд гүйцэтгэсэн олон хөдөлмөр надад буй хэдий ч, би хэзээ ч өөрийнхөө хөдөлмөрт бүр нэг синайны дайтайг ч хүлээн авч байгаагүй; бас миний ах дүүс шүүгчийн суудалд байснаас бусдаар бол тэгж байгаагүй; мөн тэгэхдээ бид зөвхөн ажилласан цагаараа хуулийн дагуу хөлс авч байсан билээ.

34 Мөн эдүгээ, хэрэв бид сүм дэх өөрсдийн хөдөлмөрийн төлөө юу ч хүлээн авдаггүй гэвэл, бид өөрсдөө ах дүүсийнхээ баясалд баярлаж болохын тулд үнэнийг тунхаглахаас өөр ямар ашиг бидэнд сүмд хөдөлмөрлөснөөр ирэх билээ?

35 Тэгвэл та биднийг цалин мөнгө авдаггүйг мэдсээр байж, яагаад өөрөө биднийг цалин мөнгөний тулд энэ хүмүүст номлодог хэмээн хэлж байна вэ? Мөн эдүгээ, тэдний зүрх сэтгэлд ийм баясал төрүүлдэг түүгээр бид энэ хүмүүсийг хуурч мэхэлдэг хэмээн та итгэдэг үү?

36 Мөн Корихор түүнд, Тийм гэж хариулав.

37 Мөн тэгэхэд Алма түүнд хэлэв: Та Бурхан байдагт итгэдэг үү?

38 Мөн тэрээр, Үгүй гэж хариулав.

39 Эдүгээ Алма түүнд хэлэв: Та Бурхан байдгийг дахин үгүйсгэж, мөн түүнчлэн Христийг үгүйсгэх үү? Учир нь болгоогтун, би танд хэлнэ, Бурхан байдгийг, мөн түүнчлэн Христ ирэх болно гэдгийг би мэднэ.

40 Мөн эдүгээ Бурхан байдаггүй, эсвээс Христ ирэхгүй гэсэн ямар нотолгоо танд байна вэ? Зөвхөн таны үгнээс өөр, танд юу ч үгүйг би танд хэлнэ.

41 Гэвч болгоогтун, эдгээр зүйл үнэн гэсэн гэрчлэл болж чадах бүх зүйл надад байдаг; мөн түүнчлэн танд ч тэдгээр нь үнэн хэмээн өөрт чинь гэрчлэл болох бүх зүйл байгаа; мөн та тэдгээрийг үгүйсгэх үү? Эдгээр зүйл үнэн гэдэгт та итгэдэг үү?

42 Болгоогтун, таны итгэдгийг би мэднэ, гэвч та худалч сүнсэнд эзэмдүүлж, мөн таны дотор зай эзлэхгүй байж болохын тулд Бурханы Сүнсийг та холдуулжээ; харин таныг захирах хүчийг чөтгөр агуулдаг, мөн тэр Бурханы хүүхдүүдийг устгаж болохын тулд зальт төлөвлөгөөгөө гүйцэтгэн таныг удирддаг бөлгөө.

43 Мөн эдүгээ Корихор Алмад хэлэв: Хэрэв та надад, би Бурхан байдагт үнэмшүүлэгдэж болохын тулд тэмдгийг, тийм ээ, тэрээр хүчтэй гэдгийг надад үзүүлэх аваас, мөн тэгвэл би таны үгсийн үнэнд үнэмшүүлэгдэх болно.

44 Гэвч Алма түүнд хэлэв: Танд хангалттай тэмдгүүд байсан; та Бурханаа сорих гэж үү? Танд эдгээр бүх ах дүүгийн чинь, мөн түүнчлэн бүх ариун бошиглогчийн гэрчлэл байхад, надад тэмдэг үзүүл хэмээн та хэлэх гэж үү? Судрууд таны өмнө дэлгээстэй байна, тийм ээ, мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гараг Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм.

45 Мөн тийм хэдий ч, та энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрөгдүүлэн удирдаж, Бурхан байдаггүйг тэдэнд гэрчилсээр явах уу? Мөн та эдгээр бүх гэрчийн эсрэг үгүйсгэсээр л байх уу? Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, надад тэмдэг үзүүлэхгүй аваас би үгүйсгэх болно.

46 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма түүнд хэлэв: Болгоогтун, таны зүрх сэтгэл хатуугийн учир, тийм ээ, таны бодгаль устгагдаж болохын тул та үнэний сүнсийг эсэргүүцсээр байгаад гашууднам би.

47 Гэвч болгоогтун, та өөрийн худал бөгөөд зусар үгсээрээ олон бодгалийг устгал руу аваачих арга нь байснаас, таны бодгаль алдагдах нь илүү дээр билээ; тиймийн тул хэрэв та дахин үгүйсгэвэл, болгоогтун Бурхан таныг цохих болно, та дахин хэзээ ч амаа нээхгүй, та дахин энэ хүмүүсийг мэхлэхгүйн тулд та хэлгүй болох болно.

48 Эдүгээ Корихор түүнд хэлэв: Би Бурхан оршдогийг үгүйсгэхгүй, гэвч би Бурхан байдагт итгэдэггүй; мөн түүнчлэн та нар Бурхан байдгийг мэдэхгүй хэмээн би хэлнэ; мөн та нар надад тэмдэг үзүүлэхээс нааш би итгэхгүй.

49 Эдүгээ Алма түүнд хэлэв: Үүнийг би тэмдэг болгон танд өгөх болно, та миний үгсийн дагуу хэлгүй болгогдох болно; мөн Бурханы нэрээр, та дахин ярихгүй байхын тулд хэлгүй болох болно хэмээн би хэлнэ.

50 Эдүгээ Алма эдгээр үгийг хэлэхэд, Корихор Алмагийн үгсийн дагуу ярьж чадахгүй болж, хэлгүй болгогдов.

51 Мөн эдүгээ ерөнхий шүүгч үүнийг хараад, тэрээр гараа сунган мөн Корихорт бичиж, өгүүлсэн нь: Та Бурханы хүчинд үнэмшүүлэгдэв үү? Алма өөрийн тэмдгийг хэний дээр үзүүлээсэй хэмээн та хүссэн билээ? Тэрээр танд тэмдэг үзүүлэхийн тулд бусдыг зовоохыг та хүсэв үү? Болгоогтун, тэрээр танд тэмдэг үзүүллээ; мөн эдүгээ та дахин маргах уу?

52 Мөн Корихор гараа сунгаж мөн бичиж, өгүүлсэн нь: Би хэлгүй гэдгээ мэднэ, учир нь би ярьж чадахгүй байна; мөн би Бурханы хүчээс өөр юу ч үүнийг миний дээр авчирч чадахгүйг мэднэ; тийм ээ, мөн би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан.

53 Гэвч болгоогтун, чөтгөр намайг мэхэлжээ; учир нь тэрээр надад тэнгэр элчийн дүрээр үзэгдэж, мөн надад: Явагтун мөн энэ хүмүүсийг залруул, учир нь тэд бүгд үл мэдэгдэх Бурханы хойноос төөрөлдөн одов хэмээн хэлсэн билээ. Мөн тэрээр надад: Бурхан гэж үгүй хэмээсэн; тийм ээ, мөн тэрээр надад миний юу хэлэх ёстойг заасан. Мөн би түүний үгсийг заасан; мөн тэдгээр нь зуурдын оюунд таалагдах байсан учир би тэдгээрийг заасан; мөн би тэдгээрийг, бүр их амжилтад хүртлээ заасан, үүний хэрээр би тэдгээр нь үнэхээр үнэн хэмээн итгэсэн билээ; мөн үүний учир би үнэнийг, бүр өөр дээрээ энэ их зүхлийг авчрах хүртлээ сөрөн зогссон бөлгөө.

54 Эдүгээ тэр үүнийг хэлээд, тэрээр уг зүхэл өөрөөс нь авагдаж болохын тулд, Бурханд залбирахыг Алмагаас гуйв.

55 Гэвч Алма түүнд хэлэв: Хэрэв энэ зүхэл танаас авагдах юм бол та дахин энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг төөрүүлэн удирдана; тиймийн тул, танд Их Эзэний тааллын дагуу байх болно.

56 Мөнхүү улиран тохиох дор уг зүхэл Корихороос авагдсангүй; харин тэр зайлуулагдаж, мөн хоолоо олохын тулд айлаас айлд гуйлга гуйн явах болжээ.

57 Эдүгээ Корихорт юу тохиолдсон тухай мэдээ тэр даруй бүх нутаг даяар зарлагдав; тийм ээ, Корихорын үгсэд итгэсэн тэдний дээр нэгэн адил шүүлт ирэхгүйн тулд тэд даруй наманчлах ёстой хэмээх зар ерөнхий шүүгчээр уг нутаг дахь бүх хүнд илгээгдэв.

58 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд Корихорын ёс бусад үнэмшүүлэгдэв; тиймийн тул тэд бүгд дахин Их Эзэнд хөрвүүлэгдэв; мөн энэ нь Корихорын маягийг дагах алдсуудыг эцэс болгов. Мөн Корихор айлаас айл хэсч, өөрийгөө тэтгэх хоол гуйж явсан болой.

59 Мөнхүү улиран тохиох дор тэр хүмүүсийн дунд явах зуураа, тийм ээ, өөрсдийгөө нифайчуудаас тусгаарлан мөн Зорам гэгч нэртэй түүгээр удирдуулж, зорамчууд гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн дунд—мөн тэрээр тэдний дунд явах зуураа, болгоогтун, бүр үхэх хүртлээ тэрээр дайрагдан мөн дэвслэгдэв.

60 Мөн тийн Их Эзэний замуудыг гажуудуулагч түүний төгсгөлийг бид харлаа; мөн тийн чөтгөр эцсийн өдөр өөрийн хүүхдүүдийг эс дэмждэгийг, харин тэднийг яаран там руу чирдгийг бид харлаа.