Номын сан
Би хэрхэн илүү сайн удирдагч болж чадах вэ?


Би хэрхэн илүү сайн удирдагч болж чадах вэ?

Есүс Христ бол шударга удирдагчийн төгс төгөлдөр жишээ юм. Түүний Сүмийн удирдагчид өөрсдийн удирдах хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр Түүний жишээг дагадаг. Бид итгэлтэй шавь болохыг нэн түрүүнд хичээснээр бусдад гэрчлэлээ хөгжүүлж, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд илүү ойр дотно болоход тусалж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Христийн адил удирдагч болох өөрийн таньдаг хэн нэгний талаар бод. Тэр хүн удирдагчийн ямар шинж чанаруудыг эзэмшдэг вэ? Түүний удирдлага танд болон бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

Өсвөр үеийнхэн яагаад хэрхэн удирдагч болох талаар суралцах хэрэгтэй вэ? Тэдэнд сүм, гэр орон, орон нутагтаа удирдах ямар боломжууд байгаа вэ?

Бэлдэж байхдаа эдгээр судар, материалыг залбирч, судлаарай. Та өсвөр үеийнхэнтэй юуг хуваалцахаар өдөөгдсөн бэ?

Eгипетээс гарсан нь 18:13–26 (Moсе Иетрогоос хэрхэн илүү үр дүнтэй удирдагч байх зөвлөгөөг авсан)

Maтай 20:20–28; 23:11; C ба Г 50:26 (Христтэй адил удирдагчид өөрсдийн удирдах хүмүүст үйлчилдэг)

Иохан 13:4–15; 3 Нифай 18:16; 27:21, 27 (Есүс Христ бол удирдагчийн үлгэр жишээ юм)

Moзая 2:11–19 (Хаан Бенжамин хүмүүст үйлчилсэн нь)

C ба Г 121:34–46 (Шударга удирдлагын зарчмууд)

Стифэн В.Өвэн, “Агуу удирдагч агуу дагалдагч байдаг,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57–59

Tомас С.Монсон, “Шударга байдлын жишээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 65–68

Tэд Р.Каллистэр, “Залуу эрэгтэйд өгөгдсөн санваарын хүч,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар

Есүс Христийн Сүмийн удирдлага,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 12–15

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн тухай мэддэг зүйлсийнхээ талаар нэг хором бодоод үзээрэй. Түүний заах, удирдах арга замын талаар та юу ажиглаж мэдсэн бэ? Тэр бусдад сурч, өсөж дэгжихэд нь хэрхэн тусалсан бэ? Та өсвөр үеийнхэнд сурч, өсөж дэгжихэд нь туслахдаа Түүний заах, удирдах жишээг хэрхэн дагаж болох вэ? Та тэднийг Христтэй адил удирдагчид болоход нь хэрхэн урамшуулж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм.

  • Өсвөр үеийнхнийг Сүмийн ангиудад сурсан ямар нэгэн зүйлийг сануулсан, саяхан тохиолдсон үйл явдлаасаа хуваалцахад урь.

  • Аврагчийн зургийг харуулж (жишээлбэл: Сайн мэдээний уран зургийн цуглуулга), самбар дээр удирдагч гэж бич. Есүс Христийг төгс төгөлдөр удирдагч гэж бодох үед тэдний оюун санаанд орж ирж байгаа өөр бусад үгийг самбар дээр бичихийг өсвөр үеийнхнээс хүс.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхнийг илүү үр дүнтэй удирдагчид болж сурахад туслах юм. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Ангиараа Maтай 20:20–28-ыг унш. Аврагч Бурханы хаант улсын удирдлагын талаар дагалдагчдадаа юу гэж заадаг вэ? Өсвөр үеийнхнийг дэлхийн удирдагчид ба Сүмийн удирдагчдыг харьцуулан, тэдний хоорондох ялгаатай болон адил төстэй зүйлүүдийг самбар дээр жагсаан бичихэд урь. Аливаа хүн хэрхэн бизнесийн эсвэл орон нутгийн удирдагч болдог вэ? Мөн хэрхэн Сүмийн удирдагч болдог вэ? Удирдагчийн ямар шинж чанарыг дэлхийнхэн үнэлдэг вэ? Мөн Сүмд ямар шинж чанарыг үнэлдэг вэ? Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгон Христтэй адил удирдагчийн зарчмуудыг заадаг судруудыг (энэ тоймд санал болгосон судар гэх мэт) уншихад өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхэнд эдгээр зарчмыг ойлгох нь яагаад чухал вэ? Тэд гэр бүл, Сүмийн үйлчлэл, орон нутагтаа эдгээрийг хэрхэн ашиглах вэ? 

  • Гарын авлага 2-ын 3-р бүлэг буюу “Есүс Христийн Сүмийн удирдлага” бүлгээс Аврагч жишээгээрээ харуулсан, зарчмуудыг зааж буй хэсгүүдийг сонгон ав (3.2.1, 3.3.3, 3.3.4, 3.3.5, 3.3.6 гэх мэт хэсгүүд). Aнгийн гишүүн бүрээс эдгээр хэсгийн нэгийг уншин, өөрийнх нь оногдсон хэсэгт заагдаж байгаа зарчмыг харуулсан түүхийг Аврагчийн амьдралаас бодож олохыг хүс (тэд санаа авч болохын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулгын 34–51-ийг үзэж болно). Та мөн тэднээр Стифэн В.Өүвэний “Агуу удирдагч агуу дагалдагч байдаг” хэлсэн үгийг уншуулаад, Христтэй адил удирдах тухай гарч буй зарчим эсвэл түүхийг олуулж болно. Өсвөр үеийнхнээс гарын авлага, түүхээс юу мэдэж авсныг асуу. Тэд эдгээр зарчмын ямар жишээг амьдрал дээрээ харж байсан бэ?

  • Ангиараа 3 Нифай 27:21, 27-г унш. Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Шударга байдлын жишээнүүд” гэсэн хэлсэн үгээс чихээ хөдөлгөж байсан тухай түүхийг (эсвэл түүний хэлсэн үгийн энэ хэсгийг видео бичлэгээр үзнэ үү) өсвөр үеийнхэнтэй хуваалцах үедээ эдгээр судрын захиасын талаар бодохыг тэднээс хүс. Энэ түүх нь өсвөр үеийнхэнд удирдлагын талаар юу зааж байна вэ? Тэднийг амьдарч байгаа байдлаараа бусдад ямар бодол төрүүлж байгаагаа тунгаан бодоход урь. Ангийн өөр нэгэн гишүүний жишээгээр адислагдаж байсан тохиолдлоосоо хуваалцахад тэднийг урамшуул. Тэд нэг нэгнээсээ удирдагчийн өөр ямар шинж чанаруудыг олж хардаг вэ?

  • Ангийн нэг гишүүнээс үүргэвч үүрэхийг хүс. Үүргэвчийг хүнд болтол нь ном гэх мэт зүйлсээр дүүргэ. Энэ үүргэвч нь удирдагчийн дуудлагыг хэрхэн төлөөлж болохыг өсвөр үеийнхнээс асуу. Өсвөр үеийнхнийг Eгипетээс гарсан нь 18:13–26-г уншаад, илүү сайн удирдагч болох талаар Иетрогоос Мосегийн хүлээн авсан зөвлөгөөг эрэлхийлэхэд урь. Хэрвээ Мосе энэ зөвлөгөөг дагаагүй бол юу тохиолдох байсан бэ? Өсвөр үеийнхнээс гадасны өсвөр үеийнхний чуулганыг зохион байгуулах үүрэг оногдсон гэж төсөөлөн бодохыг хүс. Тэд энэ нөхцөлд Иетрогийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тэдэнд өөрсдийн төсөөлж буйгаар өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөх цаг гаргаж өг. Тэд хэнээс тусламж хүсэх вэ? Тэд тухайн хүмүүсээс юу хийж өгөхийг хүсэх вэ?

  • Ахлагч Тэд Р.Каллистэрийн “Залуу эрэгтэйд өгөгдсөн санваарын хүч” хэлсэн үгэнд заасан удирдлагын хэдэн зарчмаас хэсэг хэсгийг цаасан дээр бич. Ангийн гишүүн бүрд нэг нэг цаас өгөн, уг өгүүллээс оногдсон зарчмынхаа талаар мэдээлэл эрж хайхыг тэднээс хүс. Ахлагч Каллистэрээс удирдлагын талаар сурсан зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь. Эдгээр зарчимтай холбоотой хувийн жишээнээсээ хуваалцахад тэднийг урамшуул.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд хэрхэн илүү сайн удирдагч болохыг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээ судлах ур чадварууд

Зарчмуудыг олох нь. Зарчим гэдэг нь бидний үйл хөдлөлийг удирддаг мөнхийн үнэн юм. Зарим үед зарчмууд нь судруудад эсвэл бошиглогчийн үгсээр тодорхой илэрхийлэгддэг бол заримдаа эдгээр нь түүх, жишээгээр илэрхийлэгддэг. Та өсвөр үеийнхэнд Христийнхтэй адил удирдах зарчмуудын талаар заахдаа дараах “Би эдгээр судраас илүү сайн удирдагч болоход туслах юуг сурч байна вэ? Энэ хэсэгт Аврагчтай хэрхэн илүү адил болохыг надад зааж байгаа зүйл байна уу?” гэх мэт асуултыг тавьснаар эдгээр зарчмыг таньж мэдэн, суралцахад туслаарай. Судруудаас суралцах үедээ зарчмуудыг хайж эрэлхийлэхэд тэднийг урамшуул.

Видео бичлэг: “Зургуудыг ашиглах нь”

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйл дээрээ тулгуурлан өсвөр үеийнхэн юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Суралцагчид үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.