Номын сан
Би Есүс Христийн Цагаатгалын тухай бусдад заахдаа зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ?


Би Есүс Христийн Цагаатгалын тухай бусдад заахдаа зүйрлэлийг хэрхэн ашиглаж болох вэ?

Цагаатгалынх шиг биет бус, сүнслэг үзэл баримтлалыг ойлгоход нь бусдад туслахын тулд үүнийг ямар нэг бодитой, хүмүүст танил болсон зүйлтэй харьцуулах нь зүйтэй. Их Эзэн болон Түүний бошиглогчид зааж байгаа хүмүүстээ сүнслэг зарчмуудыг ойлгуулахын тулд хүмүүст танил болсон зүйлс эсвэл туршлагуудыг олонтоо хэрэглэсэн байдаг. Бид эдгээр зүйрлэлийг судалснаар Цагаатгалыг өөрсдөө сайн ойлгож авах ба үүнийг бусдад илүү үр ашигтай зааж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Цагаатгалыг илүү сайн ойлгоход ямар зүйрлэлүүд эсвэл үзүүлэнт хичээлүүд тусалсан бэ?

Цагаатгалын тухай бусдад заах ямар боломж өсвөр үеийнхэнд байдаг вэ? Зүйрлэлүүдийг ашиглах нь илүү үр өгөөжтэй заахад тэдэнд хэрхэн тус болох вэ?

Исаиа 1:18 (Исаиа наманчлалын тухай заахын тулд цас, ноосыг зүйрлэл болгон ашигласан)

Maтай 11:28–30 (Аврагч бидэнд өгдөг Өөрийн тусламжийг буулгатай зүйрлэжээ)

Лук 15:11–32 (Үрлэгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл)

2 Нифай 1:15 (Лихай гэтэлгэлийг Бурханы хайрын мутарт тэврүүлэхтэй зүйрлэжээ)

Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–94

Д.Тодд Кристоффэрсон, ”Гэтэлгэл,“ Ensign эсвэл Liahona, 2013 оны 5-р сар, 109-112

Даллин Х.Өүкс, “Цагаатгал ба итгэл,” Ensign, 2010 оны 4-р сар, 30–34

Видео бичлэг: “Зуучлагч” мөн Мормоны Номын танилцуулга-ыг үзнэ үү.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч энгийн түүх, сургаалт зүйрлэл, амьдралын бодит жишээнүүдийг эргэн тойрноосоо олж хуваалцдаг байсан нь сайн мэдээний үнэнүүдийг илрүүлж олоход заадаг хүмүүст нь тусалдаг байжээ. Та Аврагчийн арга барилаар заахад нь өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ? (Сайн мэдээг Аврагчийн арга барилаар заах нь, 4–5-ыг үзнэ үү.)

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхэнд хэдэн минутын туршид, янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судар судлах, семинар, Сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа харилцдаг туршлага гэх мэт) өсвөр үеийнхэнд сурч байгаа зүйлсийнхээ хоорондын уялдаа холбоог ойлгоход тусал. Өдөр тутмын амьдрал сайн мэдээтэй хамааралтай болохыг олж харахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Доорх санаанууд танд тусалж болох юм.

  • Багш, удирдагч, эцэг эхчүүд өсвөр үеийнхэнд Цагаатгалыг ойлгоход нь туслахын тулд юу хийснийг тэднээс асуу.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь Цагаатгалын тухай бусдад заахдаа зүйрлэлүүдийг ашиглаж сурахад нь өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • “Зуучлагч” видео бичлэгийг үзүүл. Ерөнхийлөгч Боид К.Пакэрын ашигласан янз бүрийн зүйрлэлүүдийг жагсаахад бие даан ажиллаж (зээлдүүлэгч, өртөн, өр гэх мэт), эдгээр зүйрлэлийн төлөөлж байгаа юмсыг бичихэд өсвөр үеийнхнийг урь. Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, ерөнхийлөгч Пакэрын зүйрлэлийг ашиглан Цагаатгалын тухай бие биедээ заахыг тэднээс хүс. Энэ зүйрлэл Цагаатгалыг илүү сайн ойлгоход өсвөр үеийнхэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Цагаатгалын тухай заахад ашиглаж болох судрууд дахь зүйрлэлийн жишээнүүдийг (жишээ нь, энэ тоймд санал болгосон судрууд) бодож, хуваалцахыг тэднээс хүс. Тэд эдгээр зүйрлэлээс Цагаатгалын тухай юу мэдсэн бэ? _____ нь ______тай [той, тэй] адилхан юм гэж самбар дээр бич. Эхний хоосон зайг Цагаатгалтай холбоотой ямар нэг зарчмаар (наманчлал, уучлал, амилалт гэх мэт), харин хоёр дахь хоосон зайг уг зарчмыг бусдад заахад ашиглаж болох тэдний мэдэх ямар нэг зүйлээр бөглөхийг тэднээс хүс. Энэхүү заах аргыг ашиглах боломжийг өсвөр үеийнхэнд хэд хэдэн удаа олго.

  • Ангийг хоёр бүлэг болгон хуваа. Ахлагч Жэффри Р.Холландын ярьсан, ах дүү хоёрын хавцлын хад руу авирсан тухай түүхийг уншиж, хэлэлцэхийг нэг бүлэгт даалга (“Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа” хэлсэн үгээс). Нөгөө бүлгээс ахлагч Даллин Х.Өүксийн ярьсан, салхинд далийж ургасан модны тухай жишээг уншиж, хэлэлцэхийг хүс (“Цагаатгал ба итгэл” нийтлэлийг үзнэ үү). Судалсан зүйрлэлээсээ Цагаатгалын тухай ойлгож мэдсэн зүйлээ нөгөө бүлэгтээ заахыг бүлэг бүрээс хүс. 

  • Ахлагч Кристоффэрсоны ”Гэтэлгэл“ хэмээх хэлсэн үгнээс Жийн Валжийн, Сара хоёрын талаарх түүхүүдийг давтан уншихад өсвөр үеийнхнийг урь. Тэд эдгээр түүхээс Цагаатгалын талаар юу сурч авсан бэ? Тэд бусдад заахдаа эдгээрийг хэрхэн ашиглах вэ? Тэд Цагаатгалын талаар бусдад заахдаа үүнтэй адил ямар туршлагуудыг өөрсдийн амьдралаас жишээ татаж болох вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Цагаатгалын тухай бусдад заахдаа зүйрлэлүүдийг хэрхэн ашиглахыг ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэвт илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Ур чадвартай багш ‘Өнөөдөр би хичээл дээрээ юу хийх билээ?’, ‘Өнөөдөр би юу заах билээ?’ гэж боддоггүй, харин ‘Өнөөдөр хичээл дээр суралцагчид маань юу хийх билээ?’ 'Би мэдэх ёстой зүйлсээ олж мэдэхэд нь суралцагчдадаа хэрхэн туслах билээ?' гэж өөрөөсөө асуудаг” (Виржини Х.Пеарс, Teaching, No Greater Call [1999], 61).

Үйлдэхэд урь

  • Заах талаар өнөөдөр юу сурч мэдсэн тухайгаа бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Цагаатгалын тухай бусдад заахын тулд тэд юу хийхээр төлөвлөж байна вэ? Боломжтой бол хичээлийн үеэр бие биедээ заах боломжийг тэдэнд олго. Эсвэл бусад цуглаан дээр болон гэр орондоо заах боломжийг тэдэнд зориулан төлөвлө.

  • Өсвөр үеийнхэн Цагаатгалын тухай бусдад зааснаараа амьдралыг нь хэрхэн адисалдаг тухай гэрчлэлээ хэл.