Номын сан
Сайн мэдээг заахад Ариун Сүнс надад хэрхэн тусалдаг вэ?


Сайн мэдээг заахад Ариун Сүнс надад хэрхэн тусалдаг вэ?

Бид сайн мэдээг заах үедээ Ариун Сүнс бол жинхэнэ багш гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ариун Сүнс биднээр дамжуулан зааж, гэрчилж, тайвшруулж мөн бусдад сүнслэгээр нөлөөлөх Ариун Сүнсний зэмсэг болон үйлчлэх нь бидэнд нэр төрийн хэрэг юм. Бид Сүнсийг хүлээн авахуйц зохистой амьдарч, бусдад заахаар бэлтгэхдээ Түүний удирдамжийг эрэлхийлэн залбирч мөн тэд Түүний нөлөөг мэдрэхэд нь туслах уур амьсгалыг бий болгох ёстой.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Сүнсээр зааж байгаагаа та хэрхэн мэдэх вэ? Өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох сүнслэгээр заасан туршлага танд байгаа юу?

Сайн мэдээний тухай бусдад заах ямар боломжууд өсвөр үеийнхэнд байдаг вэ? Сүнсээр сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэд ойлгож байна уу? Зааж байхдаа Сүнсийг дагах нь чухал гэдгийг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Эдгээр судар болон материалуудыг залбиралтайгаар уншаарай. Өсвөр үеийнхэнтэй юу хуваалцах хэрэгтэй гэж та сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Иохан 15:26; С ба Г 50:13–22; 52:9 (Тайтгаруулагч үнэнийг заахаар илгээгдсэн юм)

2 Нифай 33:1–2 (Ариун Сүнс бидний үгсийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг)

Aлма 17:3 (Мозаягийн хөвгүүд хүч ба эрх мэдэлтэйгээр заахаар бэлтгэсэн)

С ба Г 11:21; 84:85 (Бид Бурханы үгийг олж авахаар эрэлхийлэх аваас Сүнс бидэнд юу хэлэхийг зааж өгнө)

С ба Г 42:11–17 (Бидэнд Сүнс байхгүй бол бид заах нь үгүй)

Даллин Х.Өүкс “ Сүнсээр зааж судлах нь, ” Ensign, 1997 оны 3-р сар, 6–14

Maтвей О.Ричардсон “ Сүнсний арга замаар заах нь,” Ensign ба Лиахона 2011 оны 11-р сар, 94–96

Хөрвүүлэлт дэх Сүнсний хүч,” Миний сайн мэдээг номло (2004), 102–104

Аврагчийн арга барилаар заах нь

Заасан хүмүүстээ тунгаан бодож, гүнзийгээр мэдрэх асуултуудыг Аврагч асуусан байдаг. Тэр тэднээс асуулт асууж, бодол санаагаа илэрхийлэх боломжийг олгодог байв. Тэр тэдэнд хайртай байсан учраас тэд хувийн бодол санаагаа нээлттэй хуваалцдаг байв. Өсвөр үеийнхнийг хувийн мэдрэмж ба бодол санаагаа хуваалцахад нь та хэрхэн тусалж чадах вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутын туршид өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээлүүд, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд яаж тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Сүмийн хичээлүүд, семинар эсвэл гэр бүлийн үдэш дээр Сүнсийг мэдэрсэн тухайгаа эргэн санахыг тэднээс хүс. Сүнсийг урихын тулд зааж буй багш нь юу хийсэн бэ?

  • Бусдад сайн мэдээг заах боломжуудыг жагсаан бичихийг суралцагсдаас хүс. Жагсаалтандаа тэд сайн мэдээг албан ёсны бус, төлөвлөгөөгүй цаг мөчид бас албан ёсоор заах талаар оруулахад нь та сүнслэгээр нөлөөл. Самбар дээр “Сүнсээр заана гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж бич. Суралцагсдыг хичээлийн туршид энэ асуултыг өөрсдийн жагсаан бичсэн заах боломжуудтай холбон үзэж хэрхэн үүнд хариулах вэ? гэж бодохыг хүс. Хичээлийн төгсгөлд тэднийг өөрсдийн бодлоо хуваалцахад урь.

Хамтдаа суралц

Сүнсээр сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг өсвөр үеийнхэн ойлгоход дараах үйл ажиллагаанууд туслах болно. Ариун Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнээр дараах асуултуудын нэгийг сонгуул: Сүнсээр заах нь яагаад чухал вэ? Багш нар биднийг Сүнс хэрхэн адисладаг вэ? Бидний заадаг хүмүүсийг Сүнс хэрхэн адисладаг вэ? Зааж байхдаа Сүнсийг урихын тулд би юу хийх ёстой вэ? Суралцагч бүрийг Сүнсээр заах тухай судрын хэсгийг уншиж (энэхүү тоймд санал болгосон судрын хэсгүүдийг), сонгосон асуултынхаа хариултыг судраас олохыг хүс. Уншсан судрын хэсэг болон олсон хариултынхаа тухай хуваалцах боломжийг тэдэнд олго.

  • Өсвөр үеийнхэнд Сүнсээр заах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд ахлагч Даллин Х.Өүксийн “ Сүнсээр зааж судлах нь” хэлсэн үгнээс эсвэл Teaching, No Greater Call, -ын 40–48-р хуудаснаас залбиралтайгаар сонгон заана уу. Суралцагсдыг хэдэн жижиг бүлэг болгоод бүлэг бүрээс эдгээрийн нэг хэсгийг хамтдаа уншин, Сүнсээр заалгахын тулд юу хийх ёстойг жагсаан бичихийг хүс. Бүлгүүдийг сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцан мөн бусад бүлгүүдийн ярих зүйлээс жагсаалтан дээрээ нэмж бичихэд урь. Ирээдүйд бусдад заах шаардлага гарвал өнөөдрийн сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэх тухай тунгаан бодохыг тэднээс хүс.

  • Тэднийг Матвэй О.Ричардсоны “Сүнсний нөлөөний дагуу заах нь” хэлсэн үгийг уншаад “Сүнс хэрхэн заадаг вэ?” мөн “Бид заахдаа Түүний жишээг хэрхэн дагах вэ?” гэдэг асуултанд хариулт олохыг хүс. Уншсан зүйлийнхээ тухай бусадтайгаа хуваалцахад урь. “Сүнсийн нөлөөний дагуу” заасан багштай адил ямар туршлага тэдэнд байдаг вэ? Тэд дараагийн удаа заахдаа уг багшийн жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Миний сайн мэдээг номло ” номын Хөрвүүлэлт дэх Сүнсний хүч (102–104-р хуудас) хэсгийг хувилж суралцагч бүрт өг. Энэ сэдвийг дор бүрнээ уншаад “Сүнсээр заах гэдэг” нь юу гэсэн үг болохыг ойлгохыг хүс. Ойлгосон зүйлийнхээ тухай хуваалцахыг урь. Үүнийг бүрэн цагийн номлолд үйлчлэхээс өмнө одоо сурах нь яагаад чухал вэ? гэдгийг асуу. “Бие даан судлах” ба “Судраас судлах” үйл ажиллагаануудыг бие даан өөрсдөө хийхэд нь тэднийг дэмж (боломжтой бол хичээл дээр судлах цаг гаргаж өгч болно). Эдгээр судрыг унших явцад нь тэдэнд төрсөн сүнслэг өдөөлтүүдийг тэмдэглэн авч, дараагийн хичээл дээр бусадтайгаа хуваалцахад урь.

Өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Сүнсээр хэрхэн заахыг тэд ойлгосон уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Ангид чимээгүй болоход бүү сандар. Асуултанд хариулахын тулд хүмүүс бодох хэрэгтэй байдаг. Та асуулт асууж мөн сүнслэг туршлага хуваалцсаны дараа эсвэл уг хүнд өөрийгөө илэрхийлэх нь хэцүү байгаа үед түр хүлээх хэрэгтэй” (Teaching, No Greater Call [1999], 67).

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлийнхээ улмаас тэд юуг хийх урмыг авч байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэр мэдрэмжүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг уриал. Дагаж болох арга замуудын талаар залбиралтайгаар бодохдоо Сүнсийг эрэлхийлээрэй.