Би хэрхэн Бурханы гэрчлэгч болж зогсох вэ?
Бид баптисм хүртэх үедээ “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж” (Мозая 18:9) зогсох гэрээнд ордог. Дэлхийн жишгүүд Бурханы зарлигуудаас хазайсаар байгаа тул бид итгэлээ байнга хамгаалах шаардлагатай болсоор байна. Ингэхдээ бид үнэнийг хамгаалахын тулд зоригтой мөн хайраар дүүрэн зогссон Аврагчийн үлгэр жишээг дагах ёстой. Хэрэв бид “Гэтэлгэгчийн хадан дээр” сууриа тавих юм бол эцсийн өдөр “хүчит салхи” “[биднийг] доош чирж дийлэх хүчгүй байх болно … [бид] дээр нь босгогдсон … хадны учир болой” (Хиламан 5:12).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч судал. Өсвөр үеийнхнийг Бурханы гэрчлэгч болж зоригтой зогсоход нь юу урамшуулан дэмжих вэ?
1 Нифай 8:24–34 (Амьдралын модны тухай болон агуу, нүсэр барилгын талаарх Лихайн үзэгдэл)
Ром 1:16–17 (Сайн мэдээнээс битгий ич)
1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ нь бай)
1 Петр 3:12–17 (Бидний итгэлийн талаар асуух хүмүүст хариулахад үргэлж бэлэн бай)
С ба Г 100:5–8 (Бурханы үгийг тунхагладаг хүмүүст өгөгдсөн амлалт)
1 Нифай 17:48–55; Мозая 13:1–9; 17:1–4; Моронай 1:1–3 (Хавчлага дарамтыг үл тоон сайн мэдээнд үнэнч үлдсэн хүмүүсийн жишээ)
Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 66–69
Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 6-9
Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 18-21
Видео бичлэг: “Бүдүүлэг үггүй клуб”
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөл байдалд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та нар тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнээс ангиас гадуур саяхан тэдэнд тохиолдсон сурах болон заах туршлагаас хуваалцахыг хүс. Өмнөх долоо хоногуудад заагдсан зарчмууд тэдэнд хэрхэн тусалсан бэ?
-
Ангид хоёр соронз авчирч, соронз хэрхэн бие биеэ татаж байгааг тайлбарла. Дараа нь нэг соронзыг эргүүлж тавиад хэрхэн бие биеэ түлхэж байгааг тайлбарла. Өсвөр үеийнхнээс эдгээр соронзыг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгсийг тайлбарлахад хэрхэн ашиглаж болохыг асуу: “Нэгэн үед сүмийн жишгүүд болон нийгмийн жишгүүдийн хооронд ялгаа бараг байдаггүй байлаа. Харин одоо том ангал бий болж, энэ нь улам томорсоор байна” (“Санваарын хүч,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 66).
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь өсвөр үеийнхнийг эсэргүүцэл, хавчлагыг үл тоон Бурханы гэрчлэгч болж зогсоход нь урамшуулан дэмжих болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Ангиараа 1 Нифай 8:24–34-ийг уншиж, өсвөр үеийнхнээс Лихайн уг үзэгдэл тэдний амьдралтай хэрхэн холбогдож байгааг асуу. Эсэргүүцэл эсвэл шүүмжлэлтэй тулгарах үедээ хэрхэн итгэлдээ үнэнч зогссон туршлагаа хуваалц. Өсвөр үеийнхнээс үүнтэй төстэй туршлага байвал хуваалцахыг хүс.
-
Ангийн гишүүдийг хавчлага дарамтыг үл тоон, сайн мэдээнд үнэнч үлдсэн хувь хүмүүсийн түүхийг судраас хуваалцахад урь (энэ тоймд байгаа судруудад зарим жишээ байгаа). Ангиараа эдгээр хүний түүхийг унш. Ангийн гишүүд эдгээр жишээнээс тэдний амьдралтай холбоотой юуг сурсан бэ? Уг ярилцлагын үеэр өсвөр үеийнхэн энэ тоймд санал болгосон бусад судрыг судалж байж болно.
-
Ангийн гишүүдийг “Бүдүүлэг үггүй клуб” видео бичлэгийг үзэж, үүнээс Бурханы гэрчлэгч болж зогсоход нь тэднийг урамшуулж дэмжсэн үгсийг хайж олоход урь. Тэд итгэл, жишгийг нь сорьсон ямар нөхцөл байдлуудтай тулгардаг вэ? Тэд итгэлээ хамгаалахын тулд юу хийж байна вэ? Тэд уг видео бичлэг дээрх жишээг хэрхэн дагах вэ?
-
Ангийг гурав хуваагаад, бүлэг бүрд уг тоймд байгаа хэлсэн үгсээс нэгийг өг. Бүлэг бүрээс хэлсэн үгийг уншиж, хэн нэгнийг сайн мэдээний үнэнийг хамгаалахад зоригжуулахдаа хуваалцаж болох хүчирхэг өгүүлбэрүүдийг жагсаан бичихийг хүс. Бүлэг бүрд эдгээр өгүүлбэрийг бусадтай хэрхэн хуваалцаж болох талаар ангийнхантайгаа хуваалцах боломж олго. Жишээлбэл, тэд зургаар эшлэл хийж, долоо хоногийн дундуур ангидаа ярилцсан зүйлсийнхээ сануулга болгон үүнийгээ ангийн бусад гишүүнтэй хуваалцаж болно.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Бурханы гэрчлэгч болж зогсох сүнслэг удирдамжийг мэдэрч байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхэн өнөөдөр сурсан зүйлээсээ юу хийх мэдрэмж авч байгаа талаар тэднээс асуу. Тэрхүү мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж. Тэднийг үүний дагуу үйлдэж байгаа эсэхэд хяналт тавих аргуудыг бодож ол.