Номын сан
Хэрвээ би зарлигуудыг дагавал Тэнгэрлэг Эцэг ямар ямар адислалыг өгнө хэмээн амладаг вэ?


Хэрвээ би зарлигуудыг дагавал Тэнгэрлэг Эцэг ямар ямар адислалыг өгнө хэмээн амладаг вэ?

Тэнгэрлэг Эцэгийн зарлиг бүр нь амлагдсан адислалыг дагуулдаг. Бид зарлигуудыг дуулгавартай дагаснаар аюулаас хамгаалагдан эрх чөлөө, хувийн хөгжил дэвшил, мөн бусад олон сүнслэг болон материаллаг адислал хүлээн авдаг. Эцэст нь бидний дуулгавартай байдал Тэнгэрлэг Эцэгийн дэргэдэх мөнх амьдрал руу хөтөлдөг. Эдгээр адислалыг таньж мэдэх нь биднийг болон бусдыг зарлигуудыг дагахад дэмжиж чадна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Сайн мэдээнд суралцагчийн мөн сайн мэдээний багшийн хувьд, амлагдсан адислалуудыг таньж мэдэх нь яагаад чухал вэ? Тэнгэрлэг Эцэгийн танд амласан адислалууд сайн мэдээний дагуу амьдрах хүсэлд тань ямар нөлөө үзүүлсэн бэ?

Өсвөр үеийнхэн бошиглогчдын болон судруудын үгсээс Бурханы амлалтыг ялган танихыг сурснаар хэрхэн адислагдах вэ?

Ямар судар болон хэлсэн үгс Бурханы дуулгавартай хүмүүст амласан адислалуудыг таньж мэдэхэд өсвөр үеийнхэнд туслах вэ?

Исаиа 58:6–11 (Мацаг барих хуулийг дагаснаар ирэх амлагдсан адислалууд)

Иeремиа 7:23–24; C ба Г 1:14–15; 58:29–33 (Дуулгаваргүй байдлын үр дагаврууд)

Maлахи 3:10–12 (Аравны нэгийг төлснөөр ирэх амлагдсан адислалууд)

C ба Г 14:7; 82:10; 130:20–21 (Дуулгавартай байдлын адислалууд)

C ба Г 20:77, 79 (Ариун ёслолын залбирлууд)

C ба Г 59:9–20 (Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар ирэх амлагдсан адислалууд)

C ба Г 89:18–21 (Мэргэн ухааны үгсийг дагаснаар ирэх амлагдсан адислалууд)

Л.Витни Клэйтон, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” Ensign, 2017 оны 5-р сар, 97-99 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88-87

Жэффри Р.Холланд, “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114–117

Вон Г.Кийч, “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг,” Ensign, 2015 оны 11-р сар, 115–117 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110-112

Дуулгавартай байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 108–109

Хүмүүст адислалуудыг амла,” Миний Сайн Мэдээг Номло (2004), 224

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заасан бүх хүндээ, ямар ч үед үлгэр жишээ болж мөн багш нь байсан. Тэрээр тэдэнтэй хамт залбирснаар хэрхэн залбирахыг тэдэнд заасан. Тэднийг хайрлаж, үйлчилсний адил бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэрээр тэдэнд заасан. Таны хайр мөн Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах жишээ таны зааж байгаа өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн минутад өсвөр үеийнхний янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл, эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний хамаарлыг олж харахад нь та нар өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Өнгөрсөн долоо хоногт зарлигуудыг дагахын ач холбогдлын талаар ойлгоход нь тусалсан туршлагаасаа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.

  • Судрууд дахь зарлигууд ба амьд бошиглогчдын үгсийг, амлагдсан адислалууд эсвэл сэрэмжлүүлгүүд олонтоо дагалддаг болох; мөн өөрсдөө болон өөрсдийн заах тэдний төлөө тэдгээрийг ялгаж таних нь зарлигуудыг дагахад биднийг болон бусдыг уриалах болно гэдгийг ойлгоход өсвөр үеийнхэнд туслаарай. “Тэргүүн Зөвлөлөөс залуучуудад өгсөн захиас” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос уншсанаар уг амлагдсан адислалуудыг хэрхэн таньж мэдэхийг өсвөр үеийнхэнд харуул. Ямар нэгэн амлагдсан адислалыг сонсох бүрдээ гараа өргөхийг өсвөр үеийнхнээс хүс. Эдгээр амлалт нь өсвөр үеийнхэнд яагаад чухал вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхэнд дуулгавартай байдлаас ирэх адислалуудыг таньж мэдэхэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Ахлагч Л.Витни Клэйтон дуулгавартай байж итгэлээ хөгжүүлснийхээ дараа адислал хүлээн авсан хүмүүсийн тухай судрын хэд хэдэн жишээг дурдсан. Ангийнхаа өсвөр үеийнхэнд хамгийн их ач холбогдолтой байж болох зарим судрын түүхийг уншина уу (энэ үгийн төгсгөлд байгаа судрын эшлэлүүдийг үзнэ үү). Энэ хүмүүс дуулгавартай байснаараа хэрхэн адислагдсан бэ? Тэднийг дуулгавартай байхад итгэл ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Ахлагч Клэйтоны үгийг уншаад, дуулгавартай байх энгийн үйлдлүүдийг хийхэд дагалдаж ирдэг адислалуудыг олоход өсвөр үеийнхнийг урь. Тэд “өдөр бүр хийх итгэлийн энгийн үйлдэл”-ийг илүү чанд дагаж мөрдөхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ? 

  • Өсвөр үеийнхнийг “өөрийгөө тэнцэхгүй” байх гэж голж байгаа найзаа бодож олоход урь. Найз нь сайн мэдээний жишгүүдийг хэт өндөр мөн өөрийгөө хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй гэж мэдэрч байж болно. Ахлагч Холланд “Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно” хэмээх хэлсэн үгэндээ найзтайгаа хуваалцаж болох ямар зөвлөгөөг өгсөн бэ? Ахлагч Холланд зарлигуудыг дагахын тулд бүх чадлаараа хичээж байгаа тэдэнд ямар ямар адислалыг амласан бэ? Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Тэд мөн уг хэлсэн үгэн дэх зөвлөгөөг найзтайгаа хуваалцаж эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьж болно.

  • Ангийн цөөн гишүүнээс биднийг аюулаас хамгаалдаг хаалтыг эсвэл хашлагыг самбар дээр зурахыг, харин үлдсэн гишүүнээс уг зураг юуг төлөөлж байгааг таахыг хүс. Эдгээр хаалт зарлигуудтай юугаараа адил вэ? Ангийн нэг гишүүнийг ахлагч Вон Г.Кийчийн “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг” хэлсэн үгэн дэх хаалтын талаар өгүүлсэн түүхийг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс (эсвэл ахлагч Кийчийн энэ түүхийг өгүүлж буй видео бичлэгийг хэсгийг үзүүл). Өсвөр үеийнхнийг хоёр хоёроороо баг болж, хамтарч ажиллаад, зарлигууд биднийг хэрхэн аюулаас хамгаалдаг болохыг ойлгоход туслах өөр харьцуулалт гаргаж ирэхэд урь. Тэд зарлигуудыг сахиснаар хэрхэн адислагдаж, аюулаас хамгаалагдаж байсан бэ?  

  • Самбарын нэг талд нь “Зарлиг тушаалууд”, нөгөө талд нь “Амлагдсан адислалууд” гэж бич. Өсвөр үеийнхнээс Их Эзэн Өөрийнх нь зарлигийг дагадаг хүмүүст амласан адислалуудын тухай судрын шүлгүүдийг олохыг хүс. Жишээлбэл энэхүү тоймд дурдагдсан судруудыг уншиж болох юм. Шаардлагатай бол аль нэгэн зарлигийн талаарх судруудыг олохын тулд Сэдэвчилсэн удирдамжийг хэрхэн ашиглахыг тэдэнд зааж өгнө үү. Тэднээс судалсан зарлигууд болон амлагдсан адислалуудаа самбар дээр бичихийг хүс. Эдгээр адислалын талаар уншихад зарлигуудын талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?

  • Өсвөр үеийнхнээс сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг эсвэл Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос нэг бүлгийг сонгон уншаад, биднийг зарлигуудыг дагасан үед Их Эзэний үйлчлэгчийн амладаг адислалуудыг хайж олохыг хүс. Өсвөр үеийнхэн бүрд олж мэдсэн зүйлсээ хуваалцах боломж олго. Эдгээр амлагдсан адислалын нэгийг хүлээн авсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урамшуул.

  • Ангиараа Миний сайн мэдээг номло номын “Хүмүүст адислалуудыг амла” хэсгийг унш (224–225-р хуудас). Өсвөр үеийнхнээс хэн нэгэнд заах хэрэгтэй байж болох нэг зарлигийн талаар бодон, “Хүмүүст адислалуудыг амла” хэсэг дэх зааврын дагуу уг зарлигийг ангийнхаа хэн нэгэнд зааж, дадлага хийхийг хүс. Хэдэн өсвөр үеийнхнийг туршлагаа хуваалцахад урь.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр ойлгож авсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн дуулгавартай нэгэнд өгнө хэмээн амласан адислалуудыг хэрхэн ялгаж танихыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сайн мэдээг судлах чадварууд

Сэдэвчилсэн удирдамжийг ашиглах нь. Энэхүү бүлгийн эхний үйл ажиллагаагаар ямар нэг зарлигийн талаар судруудаас олохын тулд Сэдэвчилсэн удирдамжийг ашиглахад өсвөр үеийнхнийг урьдаг. Өсвөр үеийнхнийг хувиараа суралцах үед Сэдэвчилсэн удирдамжийг бие даан ашиглаж чаддаг болоход нь тэдэнд туслаарай. Цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан сэдэв дундаас хүссэн сэдвээ хайж, сэдэв болгоны дор байгаа холбогдох судруудыг хэрхэн олохыг тэдэнд үзүүл. Илүү бүрэн гүйцэд ойлголт авахын тулд холбогдох судруудыг олж, судлахад нь тэднийг урамшуул.

Үйлдэхэд урь

Хувиараа сайн мэдээнээс суралцах үедээ амлагдсан адислалуудыг олж мэдэхийг өсвөр үеийнхнээс хүс. Дараагийн хичээл дээр олж мэдсэн зүйлээ хуваалцахад нь тэднийг дэмж.