Номын сан
Би зарлигуудыг дагахад нь бусдыг хэрхэн дэмжиж чадах вэ?


Би зарлигуудыг дагахад нь бусдыг хэрхэн дэмжиж чадах вэ?

Хожмын үеийн гэгээнтэн мөн сайн мэдээний багш нарын хувьд бид сайн мэдээний дагуу амьдрах жишээ болох ёстой. Бидний үлгэр жишээ зарлигуудыг дагахад бусдад сүнслэгээр нөлөөлж чадна. Аврагч Өөрийн дагалдагчдад, “Та нар бол дэлхийн гэрэл мөн” хэмээн хэлдэг (Mатай 5:14). Сайн мэдээний дагуу амьдарснаар бидний мэдрэх амар амгалан болон баяр хөөр нь бидний үйл хөдлөл, үг яриа болон гэрчлэлийн хүчээр илэрдэг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Зарлигуудыг дуулгавартай дагадаг бусдын жишээ танд хэрхэн нөлөөлж байсан бэ? Зарлигуудын дагуу амьдрах таны хичээл зүтгэл сайн мэдээний илүү үр нөлөөтэй багш болоход тань хэрхэн тусалсан бэ?

Бусдад үлгэр жишээ болох ямар боломжууд өсвөр үеийнхэнд байна вэ? Бусдыг зарлигуудыг дагахад дэмжих үедээ тэднийг эдгээр боломжоо ашиглахад нь туслахын тулд та юу хийж чадах вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Тэдний жишээ болон гэрчлэл зарлигуудыг сахихад нь бусдыг дэмжих болно гэдгийг өсвөр үеийнхэнд ойлгуулахад юу туслах вэ?

Maтай 5:14–16; 1 Tимот 4:12; Aлма 17:11; 39:11 (Сайн үлгэр жишээ үзүүлэхийн ач холбогдол)

Aлма 4:19 (Ариун гэрчлэлийн хүч)

Томас С.Монсон, “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун,” Ensign, 2015 оны 11-р сар, 86-88 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75-77

Л.Том Пэрри, “Төгс хайр айдсыг зайлуулдаг,” Ensign эсвэл Liahona, 2011 оны 11-р сар, 41–44

Анн М.Дибб, “Босч зогс мөн гэрэлт,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 5-р сар, 117–119

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүсээ Өөрийнх нь заасан үнэний дагуу итгэлээр үйлдэж мөн амьдрахад урьдаг байсан. Сайн мэдээний дагуу амьдрах нь сайн мэдээг заах хүчирхэг арга зам гэдгийг өсвөр үеийнхнийг ойлгоход нь туслахын тулд та ямар боломжуудыг заахдаа ашиглаж болох вэ?

Зураг

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл эсвэл найзуудтайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь та нар тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:

  • Сүмийн хичээл, цуглаанууд дээрээс тэд ямар зарлигуудын талаар олонтоо сонсож байгааг өсвөр үеийнхнээс асуу. Эдгээр зарлигийг яагаад онцлон авч үзэж байна гэж тэд бодож байна вэ? Тэд юу сурч байна вэ? Тэдэнд ямар асуулт байна вэ?

  • Зарлигуудыг дагахад нь дэмжихийг хүсэж байгаа өөрсдийн мэдэх хэн нэгний талаар (нэрийг нь танилцуулахгүйгээр) бодохыг өсвөр үеийнхнээс хүс. Ангиараа хамтдаа хүмүүсийг сайн мэдээний дагуу амьдрахад нь юу урамшуулдаг талаар ярилц. Өсвөр үеийнхний жишээ, туршлага, гэрчлэлүүд тэдний хайртай хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөхөд хэрхэн тусалж болох вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд зарлигуудыг сахихад нь бусдыг хэрхэн дэмжиж болохыг ойлгоход өсвөр үеийнхэнд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун” үгийг хэлэхэд сүнслэгээр нөлөөлсөн  Матай 5:16 ба 1 Тимот 4:12 судруудыг уншихад урь. Эдгээр шүлэг тэдний үлгэр дуурайл үзүүлэх хүчний талаар юу зааж байна вэ? Ерөнхийлөгч Монсоны үлгэр жишээ нь бай хэмээн биднээс хүссэн зан чанарыг хэлсэн үгээс нь хайж олоход өсвөр үеийнхнийг урь. Тухайн зан чанарыг үлгэр жишээ болгон харуулж байсан хүний талаар хуваалцаад, уг туршлага тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай ярилцахыг тэднээс хүс. Өсвөр үеийнхэн гэр орондоо болон онлайнаар харилцахдаа мөн сургууль, орчин тойрондоо илүү сайн үлгэр жишээ үзүүлэхийн тулд юу хийж болох вэ? 

  • Энэхүү тоймд байгаа үлгэр жишээний талаарх судруудаас өсвөр үеийнхэн бүрд хуваарилан өгч, өөр судрын шүлэг уншсан хэн нэгнийг олж, сурсан зүйлсээ бие биетэйгээ хуваалцахыг тэднээс хүс. Өсвөр үеийнхэн оногдсон судар бүрийн талаар сонсож дуустал энэ үйл ажиллагааг үргэлжлүүл. Сайн мэдээг заахад үлгэр жишээ үзүүлэх нь яагаад чухал вэ? Албан болон албан бусаар тэдэнд байгаа заах боломжуудыг самбар дээр жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс.

  • Ахлагч Л.Том Пэрригийн “Төгс хайр айдсыг зайлуулдаг” хэлсэн үгээс дараах хэсгийг хуваалц: “Бид Түүний жишээг дэлхийд үзүүлэхийн хэрээр бидний амьдрал сайн сайхан бөгөөд ариун журмын жишээ болох ёстой. Бидний хийдэг сайн үйлс нь Аврагч болон Түүний сүмийн нэр хүндэд нөлөөлдөг. Сайн үйлс хийж, үнэнч шударга, нэр хүндтэй хүн байснаар та нарын амьдрал Христийн гэрлийг илтгэн харуулдаг.” Өсвөр үеийнхнээс хэн нэгний сайн үлгэр жишээ тэднийг сайн мэдээний дагуу амьдрахад нь урамшуулсан туршлагуудаа хуваалцахыг хүс эсвэл “Та нарын гэрэл тийнхүү гэрэлтэг” видео бичлэгийг үзүүл. Тэдний үлгэр жишээ бусдад ямар нөлөө үзүүлж байгааг тунгаан бодохыг тэднээс хүсээд, сайн үлгэр жишээ үзүүлснээрээ зарлигуудыг сахихад нь бусдыг урамшуулах хувийн зорилго тавихад тэднийг урамшуулан дэмж.

  • Бурханы аль нэг зарлигийг дагахаар сонгосон үеийнхээ талаарх хувийн туршлагаас хуваалц. Хуваалцаж байхдаа та дараах зааварчилгааг дагана уу. Тухайлбал: Сүнсээр өдөөгдөөгүй тохиолдолд ариун нандин туршлагуудынхаа талаар ярихгүй, туршлагаа худал чимж ярихгүй мөн анхаарлыг өөртөө татах зорилгоор туршлагаа ярьж болохгүй ба өмнөх гэм нүгэл, алдаа дутагдлаа ярьж болохгүй. Эдгээр зааварчилгааны талаар өсвөр үеийнхэнтэй ярилцаад, зарлигуудыг сахих тухай хувийн туршлагаасаа хуваалцах үедээ уг зааварчилгааг дагахыг хүс. Яагаад хувийн туршлагыг зарлигуудын талаар бусдад заах үр дүнтэй арга зам гэж бодож байгаа талаар өсвөр үеийнхнээс асуу. 

  • Aлмa 4:19-ийн утга агуулгыг хураангуйлахыг ангийнхнаас хүс (тэдэнд тусламж хэрэгтэй бол 4-р бүлгийн оршлыг уншихыг санал болго). 19-р шүлгийг хамтдаа уншаад, “шударга гэрчлэлийг үзүүлэх” гэдгийг ямар утгатай гэж бодож байгаа талаар мөн энэ нь Сүмийн гишүүдийг зарлигуудыг дагахад нь хэрхэн урамшуулж болох талаар өсвөр үеийнхнээс асуу. Өсвөр үеийнхэнд бусдын (эцэг эх, багш, удирдагчид эсвэл бусад өсвөр үеийнхэн гэх мэт) гэрчлэл нөлөөлж байсан уу? Судрууд дээрх гэрчлэлийн жишээнүүдийн талаар бодохыг өсвөр үеийнхнээс хүс (жишээлбэл, Матай 16:13–19; Мозая 3:17Алма 5:45–487:13С ба Г 76:22–24). Тэдгээрийг хамтдаа уншаад, эдгээр гэрчлэлийг яагаад сүнслэгээр өдөөсөн гэж бодож байгаагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. (Тэмдэглэл:Энэхүү үйл ажиллагаа нь бусдад сайн мэдээг заах үедээ гэрчлэлээ хэрхэн хуваалцах талаар өсвөр үеийнхэнд заах боломж юм. Энэ сэдвийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг  Аврагчийн арга барилаар заах нь [2016], 11-ээс үзнэ үү.)

  • “Үдэшлэгээс гарч яв” видео бичлэгийг үзүүл эсвэл өсвөр үеийнхнийг Анн М.Дибб эгчийн “Босч зогс мөн гэрэлт” (Самсон, Даниел, Жоанна эсвэл Карений түүх) хэлсэн үгэн дээрх түүхүүдээс нэгийг уншихад урь. Зарлигуудыг сахих эсвэл зөрчихөд бусдад нөлөөлдөг жишээний талаар сурсан зүйлсээ ярилцахыг тэднээс хүс. Өсвөр үеийнхэнд хэн нэгэнд дуулгавартай байхад нөлөөлсөн эсвэл хэн нэгэн тэдэнд дуулгавартай байхад нь нөлөөлсөн ямар туршлага байна вэ?

Өсвөр үеийнхнээс өнөөдөр ойлгож авсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Зарлигуудыг сахихад нь бусдыг хэрхэн урамшуулан дэмжиж болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Суралцагчдын хэлэх зүйлсийг чин сэтгэлээсээ сонсож бай. Таны жишээ тэдэнд нэг нэгнийгээ сонсож сурахад туслах болно. Хэн нэгний хэлсэн зүйлийг та ойлгохгүй байвал “Би сайн ойлгосонгүй ээ. Дахиад тайлбарлаж өгөхгүй юу?” эсвэл “Хэлсэн зүйл дээрээ жишээ татаж болох уу?” гэх мэтээр асууж болно” (Teaching, No Greater Call [1999], 64).

Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урь

Өөрсдийн мэдэх хэн нэгнийг зарлигуудыг сахихад нь урамшуулан дэмжихийн тулд хийж чадах зүйлсийнхээ талаар бодоход өсвөр үеийнхнийг урь. Дараагийн хичээл дээр өөрсдийн туршлагаас хуваалцахыг тэднээс хүс.

Хэвлэх