Бусадтай сайн мэдээ хуваалцах ямар үр дүнтэй арга замууд байдаг вэ?
Сайн мэдээ хуваалцах нь хожмын үеийн гэгээнтэн бүрийн үүрэг юм. Бид сэргээгдсэн сайн мэдээний талаар бусдад ярьж өгөх боломжийн төлөө залбирч мөн эрэлхийлэх хэрэгтэй. “[Бидний] доторх найдварын талаар [биднээс] асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн байж чадна” (1 Петр 3:15).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбирч судал. Өсвөр үеийнхнийг сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар ойлгоход нь юу туслах вэ?
Maтай 28:19–20 (Аврагч Өөрийн дагалдагчдад сайн мэдээг бүх үндэстнүүдэд заахыг зарлигласан)
Ром 1:16 (Есүс Христийн сайн мэдээнээс Паул ичээгүй)
1 Tимот 4:12 (Итгэгч хүмүүсийн жишээ бай)
1 Петр 3:15 (Сайн мэдээний асуултуудад хариулахад бэлэн бай)
C ба Г 1:23 (Сул дорой бөгөөд энгийн хүмүүс сайн мэдээг тунхагладаг)
C ба Г 11:21 (Бурханы үгийг олж авахыг эрэлхийлснээр сайн мэдээг тунхаглахад бид бэлтгэх ёстой)
C ба Г 33:8–10 (Бид амаа нээх хэрэгтэй)
C ба Г 88:81 (Хөршдөө сэрэмжлүүлэхийг бидэнд зарлиг болгосон)
C ба Г 100:5–8 (Ариун Сүнс бидний юу хэлэх ёстойг хэлж өгч мөн сайн мэдээний үнэний гэрч болох болно)
Хуакин Э.Коста, “Сүмийн найз нөхөд, сонирхогчдод хандаж хэлэхэд,” Ensign, 2017 оны 5-р сар, 112–114 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102-104
Дийтр Ф.Угдорф, “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” Ensign, 2016 оны 11-р сар, 19–22 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3-6
Уялдаа холбоог бий болго
Хичээл бүрийн эхний цөөн хэдэн хоромд өсвөр үеийнхэнд янз бүрийн нөхцөлд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, сүмийн бусад хичээл, эсвэл найз нартайгаа хамт туулсан туршлага гэх мэт) зүйлсийнх нь хоорондох уялдаа холбоог гаргахад туслаарай. Та өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаанууд тусалж болох юм:
-
Өсвөр үеийнхнийг нэг найзынхаа үгс болон үйл хөдлөлөөс сайн мэдээний зарчим сурч мэдэж байсан үеийнхээ талаар хуваалцахад урь.
-
Сайн мэдээг хуваалцахад тохиолдсон саяхны туршлагуудаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Та бас “I’ll Go Where You Want Me to Go” видео бичлэгийг үзүүлэх талаар эсвэл ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” хэлсэн үгэн дэх “Танил захиас” гарчигтай хэсэгт гардаг түүхийг хуваалцах талаар бодож үзэж болно. Тэд сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахад туслах эдгээр туршлагаас юу мэдэж авч байна вэ?
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхэнд сайн мэдээг хэрхэн үр дүнтэй хуваалцахыг сурахад нь туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангийнхандаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Ахлагч Хуакин Э.Коста Сүмийн найз нөхөд, сонирхогчдод хандаж хэлэхэд хэлсэн үгэндээ өөрийн хөрвөлтийн түүхийг ярьсан. Бид ахлагч Костад сайн мэдээг танилцуулсан эмэгтэй болон түүнд заасан номлогчдоос сайн мэдээг хуваалцах талаар юу сурч болох вэ? Сайн мэдээг хуваалцах үр дүнтэй арга замыг заасан ахлагч Костагийн хөрвөлтийн түүхээс богинохон хэсгийг тоглон үзүүлэх төлөвлөгөө гарган хосоороо ажиллахыг өсвөр үеийнхнээс хүс. Сайн мэдээг хуваалцах өөр ямар үр дүнтэй аргууд байж болох вэ?
-
“Бид яагаад сайн мэдээг хуваалцах хэрэгтэй вэ?” мөн “Бид сайн мэдээг хэрхэн хуваалцах хэрэгтэй вэ?” гэсэн хоёр асуултыг самбар дээр бич. Өсвөр үеийнхнийг хоёр бүлэг болгон хуваан, тэднээс эдгээр асуултад хариулт өгөх судруудыг олохыг хүс (энэхүү хичээлд санал болгосон судруудыг үзнэ үү; хэрэв шаардлагатай бол, уншиж байгаа судраа баттай сайн ойлгохын тулд нэгээс дээш удаа уншихыг өсвөр үеийнхэнд урамшуулан хэл). Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцаж мөн самбар дээрх асуултынхаа доор зохих хариултуудыг бичихийг хүс. Өсвөр үеийнхнээс сайн мэдээг хуваалцахаар хичээж зүтгэх явцад хэрэгжүүлэх нэг зүйлийг самбар дээр бичсэн хариултуудаас сонгохыг хүс.
-
Ахлагч Рассэлл М.Нэлсоны “Итгэгчдийн үлгэр жишээ бай” хэлсэн үгийн “Гишүүн номлогчид” хэсгийг уншуул. Тэднээс сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцахад туслах зөвлөгөөг эрэлхийлэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлсээ мөн түүнийг хэрэгжүүлж болох тодорхой арга замын талаар хуваалцахыг хүс. Боломжтой бол ярилцсан зүйлсийн аль нэгээр дадлага хийх цагийг ангидаа гаргаж өгөөрэй.
-
“Итгэл бишрэлээ хуваалцах нь” видео бичлэгийг үзүүлэн, хүмүүс сайн мэдээг хуваалцахдаа технологийг хэрхэн ашиглаж байгааг ажигласан арга замуудын талаар хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэд өөр ямар арга замуудын талаар юу бодож байна вэ? Найз нөхөдтэйгээ болон гэр бүлийн гишүүдтэйгээ сайн мэдээг хуваалцахдаа технологийг ашиглаж болох арга замуудыг төлөвлөх цагийг ангидаа гаргаж өгөөрэй.
Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээг хэрхэн хуваалцахыг ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Өсвөр үеийнхнийг хичээлдээ сурсан зүйлсээ ашиглан бусадтай сайн мэдээг хуваалцах боломжуудын төлөө залбирахад урь. Тэднийг дараагийн хичээлүүд дээр туршлагаасаа хуваалцахад урь.