Төгс бэлэг
Олон жилийн өмнө, Христийн мэндэлсний баяр болохоос гурав орчим хоногийн өмнө миний нөхөр Роб хоёр эгчийгээ унтлагынхаа өрөөнд Христийн мэндэлсний баярын бэлгээс хоёрыг нууцаар задалж байхыг олж харжээ. Тэгээд тэр хоёр доторхыг нь өнгийж харсныхаа дараа бэлгүүдээ буцаагаад боогоод тавьчихжээ. Робын эгч нар түүнд “Хэрвээ чи ээжид хэлэхгүй бол бид хоёр үүнийг яаж хийдгийг чамд зааж өгнө шүү” гэж хэлсэн байна.
Гацуур модны доор сагсан бөмбөгийн хэмжээтэй, өөрийнх нь нэрийг бичсэн бэлэг байхыг Роб хараад, эцэст нь уруу татагдан бууж өгчээ.
Гэвч бэлгээ унтлагынхаа өрөө рүү нууцаар авч орох үед нэг л сонин хөнгөхөн санагдсан байна. Тэрээр болгоомжтойгоор бэлгээ задалтал, дотор нь хов хоосон, ганцхан зурвас л байв. Тэр зурвас дээр “Чамайг юу хийж байгааг би мэдэж байгаа шүү. Христийн мэндэлсний баяраа сүйтгэж болохгүй. Хайртай шүү. Ээж нь” гэсэн байлаа. Энэ нь түүнд сайн сургамж болсон бөгөөд Христийн мэндэлсний баярынхаа бэлэг рүү шагайдаг агуу дүрсгүйтэл нь үүгээр төгсгөл болжээ.
Христийн мэндэлсний баярын тухай бодох үед сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамж, гайхамшигт дүр зургууд мөн тэнгэр элчүүдийн эгшиг дуу, мартагдашгүй үнэрүүдийг бодоод үзээрэй. Бидний олонхын хувьд Аврагчийнхаа төрснийг тэмдэглэх Христийн мэндэлсний баярын ариун нандин байдал буюу хүүхэд наснаас зүрх сэтгэлд маань хадгалагдан үлдсэн дурсамжууд илүү дотно байдаг. Эдгээр ариун мэдрэмж биднийг хэзээ ч орхидоггүй.
Бид уг мэдрэмжийг Аврагч бөгөөд Гэтэлгэгчийг маань хаадын Хаан, эздийн Эзэнээр дэлхийд ирэхэд олон зууны турш яригдсан маш олон бошиглол нь бүгд тэр нэгэн одтой шөнийн тэнгэр доор биелсэн, Бетлехемийн жижигхэн тэвшний тухай эргэцүүлэн бодох болгонд мэдэрдэг.
Христийн мэндэлсний баяр нь зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан гэж олон удаа сонсож байсан ч бид бүгд зүрх сэтгэлдээ хүүхдүүд биш гэж үү? Нэгэн ээж есөн настай охиныхоо хамт Христийн мэндэлсний баяраар дэлгүүр хэсээд завгүй явж байв. Тэднийг нэгэн их дэлгүүрийн үнэт эдлэлийн тасгаар яаран орох үед охин нь асар том сурталчилгааны хуудас лангууны дээр өлгөөтэй байхыг анзаарчээ. Түүн дээр том улаан үсгээр “Өгөхөө хэзээ ч больдоггүй бэлэг” гэж бичсэн байв.
Охин зарыг уншаад, хэсэг зуур бодсоноо инээмсэглэв. Ээждээ бахархалтайгаар “Ээж ээ, өгөхөө хэзээ ч больдоггүй бэлэг гэж юу болохыг би мэднэ” гэж хэлжээ.
“За, тэр чинь юу вэ?” гэж ээж нь хүмүүсийн дундуур түргэн алхах зуур асуув.
Охин нь цайлган сэтгэлээр “Тэр бол Есүс!” гэж хэлэв.
“Үгүй дээ, хонгор минь. Тэр чинь очир алмазыг хэлж байгаа юм” гэж ээж нь буруу хариулав.
Исаиа бидэнд “Бяцхан хүүхэд тэднийг удирдана” 1 хэмээн сануулдаг.
Би интернэтийн нэг хайлтын системийг ашиглаж байгаад, “Өгөхөө хэзээ ч больдоггүй бэлэг” гэсэн үгтэй зар сурталчилгаа олон мянга байдгийг олж мэдсэн. Бид яаж ч хичээсэн, бидний бэлэглэдэг ямар ч материаллаг бэлэг мөнх настай байдаггүй.
Эсрэгээрээ, миний итгэж байгаачлан, өгөхөө хэзээ ч болиогүй хоёр хүний тухай Христийн мэндэлсний баяртай холбоотой нандин дурсамжаасаа би та бүхэнтэй хуваалцъя. Тэд бол Алдо, Элеанор Хармон нар буюу ээж, аав хоёр минь байсан юм.
Тэр жил жижигхэн хотод маань цас ихтэй өвөл болж байлаа. Гэвч аавыг маань хамгийн сайхан гацуур модыг гэр бүлээрээ хайж олохоор явахад юу ч саад болоогүй юм. Модоо гэртээ авчран, сууринд нь байрлуулаад, мөчрүүдийг нь бөөрөнхий гэрэл, тоглоом чимэглэл, саа туузаар сэтгэл догдлон чимэглэв. Эгэл жирийн гэр маань албан ёсоор Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхэд бэлэн болсон байлаа.
Тоглоомын зар сурталчилгаа бүхий сэтгүүл шуудангаар ирэх үед, би ах эгч дүү нарынхаа хамт Христийн мэндэлсний баярын эрдэнэсийг хүсэн, хуудаснуудыг эргүүлж гарлаа. Цагаан гаатай жигнэмэг, жимсний бялууны үнэр гэрийг маань дүүргэж, 12-р сар хуанли дээр аажмаар гарсан байлаа. Бид хөршүүдийнхээ үүдэнд гэнэтийн бэлгүүдийг үлдээж, Христийн мэндэлсний баярын хөөр баяраар дутаж байгаа гэр бүлүүдэд үйлчлэхийг хичээв.
Шөнө болгон орондоо орсны минь дараа, ээж маань унтлагын өрөөндөө ганцаараа нэлээд цагийг зарцуулж байлаа. Оёдлын машиных нь дуу чимээ л сонсогддог байв. Тэр бидний ихэнх хувцсыг оёдог байсан болохоор би нэг их зүйл бодсонгүй.
Гэвч Христийн мэндэлсний баяр ойртох тусам ээж маань улам их ядарсаар байлаа. Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ээж өвдөөд орноосоо босоогүй. Эмч түүнийг дор хаяж долоо хоногийн хугацаанд хэвтрийн дэглэм сахих ёстой гэж аавд хэлсэн бөгөөд миний санаа зовж, сэтгэл гонсгойж байлаа. Ээжгүйгээр Христийн мэндэлсний баярыг бид яаж тэмдэглэх юм бэ? Христийн мэндэлсний баяр гэж санагдах уу? Түүнээс гадна, Христийн мэндэлсний баярын оройн хоолыг хэн хийх вэ?
Аав маань ээжийг хайрлан асрах үедээ Христийн мэндэлсний баярын оройн хоолыг хийх үүрэг өөрт нь оногдож байгааг ойлгосон юм. Би дахиад л санаа зовж эхлэв! Хэдийгээр аав маань маш ухаалаг, авьяаслаг хүн байсан боловч хоол хийх нь түүний сайн сурсан зүйл биш байлаа.
Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ээжийгээ ид шидийн мэт эдгээж, баярын өглөө бид яг урьдынх шигээ гэр бүлээрээ гацуур модоо тойрон цугларч өнгөрүүлэхийн төлөө би өвдөг сөгдөн залбирав. Хайрт ээж маань маш их өвдсөн хэвээр орондоо байхыг хараад, Христийн мэндэлсний баярын өглөө бидний сэтгэл гонсойж билээ. Биднийг бэлгээ задлахад, миний онцгой бэлэг бол арван хоёрдугаар сарын тэр олон шөнийн турш ээжийн минь надад зориулан гараар оёсон иж бүрэн хүүхэлдэйн хувцаснууд байсныг хараад би гайхширсан билээ. Би ээж рүүгээ гүйн очиж, хүзүүгээр нь тэврэн авахыг тэсгэлгүй яарсан. Тэр миний төлөө асар их золиос гаргасан.
Тэр жил Христийн мэндэлсний баярт ээж маань оролцох боломжгүй байсан тул хайрт аав маань аль болох бүгдийг хэвийн байлгахын төлөө боломжтой бүх зүйлийг хийсэн билээ. Тэрээр үүнийг амжилттай хийж чадсан. Оройн хоолны дараа, намайг ах эгч дүү нарынхаа хамт хүүхэлдэй болон түүний шинэ хувцаснуудаар тоглож байх үед хайрт аав маань галын дэргэдэх сандал дээр унтчихсан байж билээ. Хайртай ээж минь нэлээд амарсны дараа тэнхэрч, бүх зүйл эргээд сайхан болсон. Миний амьдралд эцэг эх маань өгөхөө хэзээ ч больдоггүй бэлэг байсаар ирсэн.
Энэ үгийг хэсэг хугацаанд бодож үзэцгээе. Өгөхөө хэзээ ч больдоггүй бэлгийг төгс бэлэг гэж үзэхгүй гэж үү? Нэгдүгээрт, төгс бэлэг нь бэлэг өгсөн хүний талаар ямар нэг зүйлийг илчилдэг. Хоёрдугаарт, энэ нь бэлэг хүлээн авч буй хүний хэрэгцээний талаар ямар нэг зүйлийг харуулдаг. Эцэст нь, тухайн бэлэг үнэхээр төгс бэлэг юм бол цаг хугацаа өнгөрсөн ч үүрд мөнх үнэ цэнээ хадгалсаар байдаг юм.
Бидний хайрт Аврагч, бүр дэлхийн Аврагч маань энэ гурван шалгуурыг хангаагүй гэж үү? Есүс Христийн төрсөн болон үйлчлэл, цагаатгах золиослолын бэлэг нь Өгөгчийнх талаар ямар нэг зүйлийг илчилж байна уу? Мэдээжийн хэрэг. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”2 Бидний Тэнгэр дэх Эцэг маань Өөрийнх нь хүүхдүүд болох бидний төлөө гэсэн цэвэр хайраар Өөрийн Хүүг золиослол болгожээ.
Есүс Христийн бэлэг нь Тэнгэрлэг Эцэг маань бидэнд яг юу хэрэгтэй байгааг мэдэж байсныг харуулж байна уу? Дахиад л тийм болох нь тодорхой! Бид мөн чанартаа унасан нэгэн тул бидэнд Аврагч, Гэтэлгэгч зайлшгүй хэрэгтэй байсан. Нифайн зааснаар, Есүс Христ бол “энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг.”3
Ингээд төгс бэлгийн эцсийн шалгуур юу вэ? Энэ нь үнэ цэнээ үүрд мөнхөд хадгалдаг байх ёстой. Мормоны Ном бидэнд Есүс Христийн Цагаатгал хэмжээлшгүй бөгөөд мөнхийн болохыг тодорхой заадаг.4
Үнэт эдлэлийн дэлгүүрийн зар сурталчилгааны хуудсыг санаж байна уу? Тэр бяцхан охин жинхэнэ бэлэг гэж юу болохыг зөн совингоороо мэдэж байсан. Энэ харанхуй дэлхийд бид үнэт эдлэлээс илүүтэй Дэлхийн гэрлийн зүг хардаг. Аврагч маань Өөрөө ийнхүү заасан байдаг юм.
“Тиймийн тул, дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ.”5
“Би бол харанхуйд гялалзагч гэрэл.”6
Есүс Христ бол өгөхөө хэзээ ч больдоггүй төгс бэлэг юм гэдгийг би гэрчилж байна. Бид энэ үнэнийг зүрх сэтгэлдээ энэ удаагийн Христийн мэндэлсний баяраар болон үүрд мөнх хадгалах болтугай. Тэр амьд. Есүс Христийн ариун нэрээр, амен.