Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христийн мэндэлсний баярыг анхаарлынхаа төвд оруулах нь


2:3

Христийн мэндэлсний баярыг анхаарлынхаа төвд оруулах нь

Бид гэр бүлийнхэн болон хайрт хүмүүстэйгээ хамт цугларч, Аврагч Есүс Христийн мэндэлснийг дурсан санаж, Түүний амьдрал болон хязгааргүй Цагаатгагч золиослолд талархдаг жил бүрийн энэ улиралд би дуртай. Энэ онцгой улирлаар хаа сайгүй байх тоолж баршгүй олон сануулгад би дуртай бөгөөд хүйтэн Англид эсвэл бүгчим халуун Арабын алинд ч байсан гэсэн хүүхэд наснаасаа мэдэрдэг байсан Христийн мэндэлсний баярын өмнөх баяр хөөр, хүлээлтийг одоо ч гэсэн мэдэрдэг.

Та нарын олонхтой адил би өнгөрсөн долоо хоногт Христийн мэндэлсний баярын гэрлээ асаах гээд аль нэг гэрэл нь шатчихаад бусад гэрлийг асаахгүй саад болоод байгааг олох гэж бөөн юм болсон. Шатсан гэрлийг олоод солих үед бүх гэрэл ассан бөгөөд тэрхүү жижиг ялалт маш их амар амргалан, баяслыг өгсөн.

Христийн мэндэлсний баяр дөхөх үеэр миний хийх дуртай нэг зүйл бол бусад гэрлээ унтраачихаад, гацуур модныхоо дэргэд суугаад, жижиг цагаан гэрлүүдээр чимсэн модоо ширтэн, хараагаа бүрэлзүүлэх явдал байсан юм. Фокус нь алдагдсан нүдэнд маань гялалзсан улаан чимэглэл тоглоомонд ойсон гэрэл бүрийн тусгал нь тэлж, зөөлөрдөг байлаа. Үр дүн нь гайхамшигтай. Ихэнх тохиолдолд ард нь хөгжим эгшиглэн, “Их Эзэнийг ирэх болоход дэлхий баярлагтун”1 мөн “Түүний нэрийг Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” 2 хэмээн тунхагладаг байв.

Харааныхаа фокусыг модон дээрээ төвлөрүүлж байгаад гэрлийг ойртуулж, холдуулах нь надад Аврагчийн маань тэнгэрлэг номлолыг дахин нэг сануулдаг бөгөөд яг ийм нам гүм үед анхааралд минь энэ нь тодордог юм. Тэрээр “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”3 гэж хэлжээ. Түүний төрсөн ариун шөнийн тухай тунгаан бодох үедээ, Төрсөн Ганц Хүүгээ дэлхий рүү илгээн 4 байж Эцэгийн өгсөн баяр баясгалан, найдвар, хайрын бэлэгт талархах талархлаар дүүрдэг.

Иймэрхүү бясалгал, эргэцүүллийн нам гүм мөчүүд Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл завгүй байдаг бидэнд тун ховор байж мэднэ. Арван хоёрдугаар сард үдэшлэг, концерт, цугларалт, бэлэг дагалдан ирдэг. Цагийн хуваариуд дүүрч, заримдаа бидний өөрсдөдөө ноогдуулсан үүргүүд нь энэ улирлын баяр баясгаланг нэмэгдүүлэхийн оронд биднээс холдуулдаг.

Тиймээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан зүйл маш чухал юм: “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой. Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдох, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм.”5

Энэ бол бидэнд анхаарлаа юун дээр төвлөрүүрэх тухай залбиран бодох төгс боломж юм. Та энэ удаагийн Христийн мэндэлсний баярын улирлаар юунд итгэн найдаж байна вэ? Энэхүү ариунаас ариун өдрүүдэд та бүхэн хамтдаа цугларах үед таны өөртөө болон хайртай хүмүүстээ зориулж чин сэтгэлээсээ хүсэж буй зүйл юу вэ?

Хоёр долоо хоног хагасын дараа Христийн мэндэлсний баярын өдөр болно. Та цагийн хуваарь дээрээ дараагийн хоёр долоо хоног хагаст юу төлөвлөсөн байгаагаа бодож үзнэ үү. Та хэтэрхий олон зүйлийг хийхээр амласнаас мөн хараахан хийх хэрэгтэй бүхнээсээ болоод сэтгэлээр унаж байгаа байж мэднэ. Таны цагийн хуваарь хэт дүүрсэн байна уу? Зарим соёлын уламжлал, шахалт дарамт нь таныг хэт их сэтгэлийн дарамтад оруулж, Христийн төрөлтийн баяр баясгаланг хүлээн авч, түүний талаар эргэцүүлэн бодоход саад болж байна уу? Та энэ удаагийн Христийн мэндэлсний баярын өдөр тутмын хуваариа хэрхэн хялбаршуулж мөн дараагийн удаа хэрхэн сайжруулан төлөвлөж болох вэ?

Бид энэ улиралд анхаарах зүйлсээ анхаарч чадалгүй алдаж мөн үнэхээр тэвшний өмнө өвдөг сөгдөж, шинээр төрсөн Хааныгаа шүтэн биширч, Түүнд хувийнхаа бэлгийг авчирч өгөх чадваргүй болтлоо дэндүү ихийг хийх гэж хэт завгүй байж, ядрахаас болгоомжлох ёстой.

Залуу ээжүүд, бид бүгд бас та хийх ёстой зүйлстээ дарагдаж байна уу? Та бүхний анхаарал юун дээр төвлөрсөн байна вэ? Магадгүй энэ жил та Христийн мэндэлсний баярын ил захидал илгээгээгүй эсвэл хэвлэл мэдээллээр урамшуулагдан өөрөө хийхийг хүссэн зүйлээ хийхээ больсон байж болно. Цаг эсвэл мөнгөөр хэмжигдэх аль ч зардлууд нь таны Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэх, Түүний мэндэлсний баярын баяр хөөрийг мэдрэх тодорхой хэсгийг сарниулдаг.

Залуу аавууд аа, мөн бусад ах нар аа, та бүхний анхаарал юун дээр төвлөрсөн байна вэ? Магадгүй энэ жил та илүү олон гар хийцийн бэлэг болоод үйлчлэлийн бэлэгтэйгээр Христийн мэндэлсний баярыг хялбарчлан тэмдэглэж болно. Яагаад гэвэл, энэ бүгдийг худалдан авах дарамт болон зардлууд өндөр бөгөөд шаардлагагүй байдаг буюу ингэх нь таны Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлж, Түүний мэндэлсний амар тайван байдлыг мэдрэх чадварыг сарниулдаг.

Христийн мэндэлсний баярын үеэр ариун сүмд үйлчлэх нь онцгой утга учиртай байж болно. Ариун сүм нь бидний фокусыг тааруулж, баяр баясгаланг нэмэгдүүлж, гэр бүлүүдийг маань энд болон хөшигний нөгөө талд ч гэсэн нэгтгэдэг юм. Таны эрэлхийлж буй Христийн мэндэлсний баярын амар тайванг өгч чадахгүй байгаа энэ баярын өөр нэгэн үйл ажиллагааны оронд ариун сүмд үйлчлэх талаар бодож үзнэ үү. Эдгээр ариун ёслол нь нандигнан хүндэтгэдэг тэдэнд зориулагдсан амар тайван, болон санваарын хүчийг олгодог бөгөөд бид мэндэлснийг нь тэмдэглэж буй Эцэгийн Төрсөн Ганц Хүү буюу “Алагдсан Хурганы”6 ачаар энэ нь боломжтой болсон юм.

Христийн мэндэлсний энэ баяр ойртох тусам бүгдээрээ чухал зүйлсийг илүү их хийж, чухал биш зүйлсийг бага хийцгээе. Уй гашууг үүрч, элэг нь эмтэрсэн бүхнийг эдгээж, хоригдлууд дээр айлчилж, өлсгөлөнг хооллож, нүцгэнийг хувцаслаж, дуугүй, гадуурхагдсан, мартагдсан, басамжлагдсан хүмүүсийн төлөө дуу хоолойгоо өргөж, Назарын Есүсийн ажлыг хийхийг эрэлхийлье.7

Христийн мэндэлсний баяраар зовж байгаа та бүхэнд зориулж хэлэхэд, та бүхэн зөвхөн өөрсөд тань зориулсан Аврагчийн хайрын бэлгийг олж авах болтугай. Энэ мөчид олон хүн хайртай нэгнээ өвчин, өндөр нас эсвэл гамшигт ослоор алдаж байгаа. Олон хүн Христийн мэндэлсний баярын үеэр алдсан хүмүүсээ дурсан санаж мөн тэднийх нь нас барсны ой болж байж ч магадгүй. Зарим нь хайртай хүмүүсийнхээ хийсэн сонголтоос болж энэ үед гашуудаж байгаа. Зарим нь ганцаардмал, гэр бүлгүй, үймээн шуугиан мэдэрч эсвэл ямар нэгэн шалтгаанаар өмнө нь тэмдэглэдэг байснаасаа тэс өөр Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх гэж байгаа.

Энэ улиралд танд зориулсан онцгой бэлэг байгаа гэдэгт итгээрэй. Тунгаан бодож, залбирч, мөн Түүний мэндэлсэн өдрөөр ямар ч амьдралыг баяр баясгалангаар дүүргэх боломжтой байх тийм хайрын нигүүлслийг мэдэрч; тайван, ганцаараа байх үеийг эрэлхийлнэ үү. Нэг л өдөр “тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно”8 гэсэн амлалт бий. “Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. … Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.”9

Тосон дэн барьсан Есүс Христ

Нам гүм байж, амьсгалах, гайхширахад цаг гаргана уу. Дээшээ харагтун. Түүний агуу бэлэг болох өөрийнхөө хэн гэдгийг мэдэж авах ба энд байгаа сорилтууд түр зуурынх, мөн энд байгаа баяр баясгалан ирээдүйд ирэх баяр баясгалангийн дөнгөж эхлэл гэдгийг мэдэж авахад анхаарлаа төвлөрүүлнэ үү. “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

“Мөн эдүгээ, Бурхан Эцэгийн мөн түүнчлэн Их Эзэн Есүс Христийн, мөн тэднийг гэрчилдэг Ариун Сүнсний ач ивээл та нарт оршин байж мөн үүрд үлдэхийн тулд бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхийг би та нарт уриалж байна.”10 “Тийм ээ, Их Эзэн, аз жаргалын энэ өглөө Төрсөн Нэгэн, Таныгаа бид мэндчилж байна. … Ирцгээ, Түүнийг шүтэн биширцгээе!”11 гэж бид хэлж болохын тулд болой.

Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Joy to the World,” Hymns, no.201

  2. “For unto us a child is born,” Messiah, George Frideric Handel (1741).

  3. Иохан 8:12.

  4. Иохан 3:16-г үзнэ үү.

  5. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74.

  6. Илчлэлт 13:8.

  7. Лук 4:18-ыг үзнэ үү.

  8. Илчлэл 21:4.

  9. Илчлэлт 7:16–17.

  10. Ифер 12:41; налуу бичилт нэмэгдсэн.

  11. “Oh, Come, All Ye Faithful,” Hymns, no. 202, налуу бичилт нэмэгдсэн.