Амар амгалангийн сайн мэдээ
Христийн мэндэлсний баярын улирлаар бүхий л Христэд итгэгч дэлхийнхэн “Амар амгалангийн Ханхүү” Есүс Христийн төрснийг тэмдэглэдэг билээ. Тэнгэр элч Түүнийг мэндэлсэн тухай мэдүүлсэнд бид бүгд баяртай байдаг.
“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. …
“Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—
“Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”1
Чарльз Диккэнсийн хүүхдүүддээ зориулж бичсэн дараах үгс бол Христэд итгэгчдийн Аврагчийг хүндэтгэдэг арга замын сайн жишээ юм.
“Хайрт хүүхдүүд минь, би та нарыг Есүс Христийн түүхийн талаар нэгэн зүйл мэдэж аваасай гэж ихэд хүсэж байна. Учир нь хүн бүр Түүний тухай мэдэж авах хэрэгтэй. Хэн ч ийм сайн, сайхан сэтгэлтэй, даруу бас гэм буруутай бүх хүний өмнөөс ингэж харамсаагүй юм”
гэж Диккэнсийн удиртгал эхэлдэг. Тэгээд төгсгөхдөө:
“Бидэнд хорон мууг үйлддэг тэдэнд хүртэл үргэлж сайныг үйлдэх нь Христийн сургаал гэдгийг санаарай! Хөршөө өөрсдийн адил хайрлаж мөн бусад хүнийг өөрсдөдөө тийнхүү хандаасай гэж хүсдэгчлэн тэдэнд үйлдэх нь Христийн сургаал юм. Эелдэг даруу, нигүүлсэнгүй, уучламтгай байж, эдгээр чанарыг зүрх сэтгэлдээ чимээгүй хадгалж, мөн эдгээр чанар болон залбирлаар, түүнчлэн Бурханы хайраар сайрхалгүй, харин бүх зүйлд зөвийг үйлдэхээр даруухнаар хичээснээр Түүнд хайртайгаа үргэлж харуулдаг байх нь Христийн сургаал юм. Хэрэв бид үүнийг хийж, өөрсдийн Их Эзэн Есүс Христийн амьдрал, сургаалуудыг санаж, эдгээрийн дагуу үйлдэхээр хичээх юм бол Бурхан бидний гэм нүгэл, алдаа дутагдлыг уучилж, Амар амгаланд амьдарч, үхэх боломжийг бидэнд олгоно гэдэгт бат итгэж болно.”2
Диккэнсийн бичсэнээр, “бидний Их Эзэн Есүс Христийн амьдрал, сургаал” биднийг амар амгалан руу хөтөлдөг. Төлөөлөгч Паул Аврагчийн сургаалыг “амар тайвны сайн мэдээ”3 хэмээн тунхагласан.
Амар амгалан гэдэг үг сударт олон утгатай байдаг. Есүс “амар амгалан та нарт байг“ гэж хэлэхдээ “үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үр дүн нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болно”4 хэмээх бошиглогч Исаиагийн тунхагласан амар амгаланг дүрслэн хэлсэн нь ойлгомжтой. Аврагч энэ бошиглолийг гүйцэлдүүлсэн. “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ5 хэмээн Тэр тайлбарласан юм.
Их Эзэн Есүс Христ өөрийн төлөөлөгчдөд хандан “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ”6 хэмээх сүүлийн заавраа өгчээ.
Үүний дараа удалгүй Аврагч шинэ дэлхийн зөв шударга хүмүүс дээр айлчилж очихдоо “Мөн бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно”7 хэмээх Исаиагийн үгсийг эш татсан.
Аврагч хувь хүний амьдралын амар амгалангийн тухай заасан нь гэр бүл, улс үндэстэн, дэлхийн амар амгаланд ч мөн адил хамаатай юм.
Аврагч болон Түүний төлөөлөгчдөд хувь хүний зөв шударгаас өөр дэлхийг амар амгалан болгох ямар ч хөтөлбөр байгаагүй. Тэд Ромын засаглал болон орон нутгийнх нь харгис дэглэмийг эсэргүүцэхийн тулд хичээж чармайгаагүй. Тэд хувийн зөв шударга байдлыг номлож, Бурханы хүүхдүүд дайснуудаа хайрлаж,8 “бүх хүнтэй эвтэй амьдрах ёстой”9 гэж зааж ирсэн.
Дайн, зөрчилдөөн нь ёс бусаас үүдэлтэй бол амар амгалан нь зөв шударгын үр дүн юм. Сайн мэдээний адислалууд бүх хүнд зориулагдсан ба Бурханы зарлигуудыг сахих нь амар амгалан байх арга зам юм.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр ийн сургажээ.
“Дэлхийн хүсэн хүлээдэг амар тайван гэж дайсагнахаа больсон мөчийг хэлэх ч хүмүүс амар тайван нь зөвхөн Бурханы тогтоосон нөхцөлийн дагуу хүн төрөлхтөнд ирдэг гэдгийг ойлгодоггүй. …
“… Хэрэв бид хүний болон дэлхийн арга замд найдах юм бол үймээн самуун, төөрөгдлийг олно. Гэвч хэрэв бид Бурханд хандах аваас амгалан бус сэтгэлдээ амар амгаланг олох юм. …
“Энэхүү амар тайван нь биднийг дэлхийн үймээн самуунаас хамгаална.”10
Бид орчин үеийн илчлэлтээс “Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун”11 хэмээн уншдаг.
Амар амгалан нь Аврагчийн бидэнд өгсөн амлалт бөгөөд амар тайван байх нь бидний зорилго билээ. Энэ амлагдсан амар амгалан бол Түүний зарлигуудыг дагаснаар ирдэг сайн сайхан, амар амгалангийн мэдрэмж юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийнхүү хэлсэн.
“Амар амгалан бол зөв шударгын үр жимс юм. Үүнийг мөнгөөр юм уу бараагаар худалдаж авах мөн ямар нэг зүйлээр солилцох боломжгүй. Үүнийг олж авахын тулд төлөөсийг нь төлсөн байх ёстой”12 хэмээн хэлжээ. Бид “Сайн мэдээний өгдөг амар амгалан сайхан”13 гэж дуулж, өөр нэгэн гайхалтай дууллаар
“Энх тайвнаар зэрэгцэн оршъё
Энэ нь надаас эхлэг”14 хэмээн уянгалаг залбирлаа дуу болгодог.
Бид улс үндэстнүүдийг бүрдүүлж буй хүмүүсийн дунд нийтийн зөв шударга байдлыг тогтоохоос нааш үндэстнүүдийн дунд амар амгаланг тогтоож чадахгүй. Дэлхийн II дайны цөвүүн он жилүүдэд ахлагч Жон А.Видцөү:
“Амар тайван нийгмийг бий болгох цорын ганц арга зам бол энх тайвныг хайрлагч, бүтээгч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бий болгох явдал юм. Христ болон Түүний Сүмийн сургаалаар дамжуулан хувь хүн бүр гартаа дэлхийн энх тайвныг атгасан байдаг.
“Энэ нь надад дэлхийг энх тайван байлгах хариуцлага хүлээлгэдэг ба та нарын хүн нэг бүрд бас ийм хариуцлага хүлээлгэдэг. Энэ үүргийг өөр хэн нэгэнд шилжүүлэх боломжгүй”15 гэж заасан.
Гуч орчим жилийн дараа өөр нэг ерөнхий удирдагч Элдрэд Ж.Смит үүнтэй адил үнэнийг заасан юм.
“Хэрэв хүн бүр сэтгэлдээ амар тайван бол гэр бүл нь амар тайван. Хэрэв гэр бүл бүр амар тайван бол улс үндэстэн амар тайван. Хэрэв улс үндэстнүүд амар тайван бол дэлхий амар тайван.
‘Энх тайвнаар зэрэгцэн оршъё. Энэ нь надаас эхлэг’ гэж зөвхөн дуулах биш, үүний дагуу амьдарцгаая. Үүнийг миний мөн таны зорилго болгоё.”16
Христийн мэндэлсний баярын дуртай түүхүүдийн маань нэг нь 30 гаруй жилийн өмнө Deseret News сонин дээр хэвлэгдсэн байв. Энэ нь 11 настай охины тухай түүх ба тэр хүсэн хүлээсэн бэлгээ аваагүйдээ зовж шаналахдаа юуг сурч мэдсэн тухай, Христийн мэндэлсний баярын үеэр бэлэг өгөх замаар тэмдэглэдэг зүйлийнхээ утга учрыгойлгох үед ямар амар амгаланг мэдэрсэн тухай энэ түүхэнд өгүүлдэг. Би үүнийг онцгойлон хүүхэд, өсвөр үеийнхэнтэй хуваалцмаар байна.
11 настай охин удаан хүсэн хүлээсэн хүүхэлдэйгээ аваагүйдээ гунигтай байв.
Ээж нь “Чи том болчихоод” гэж тайтгаруулахыг хичээж байлаа. Би үнэхээр Христийн мэндэлсний баярыг тэмдэглэж болохооргүй том болсон гэж үү? гэж охин гайхан бодов. Аав нь түүнд ингэж тайлбарлажээ.
“Хайрт, бяцхан охин минь. Өсөж том болох үед зовлон шаналал, баяр баясгалантай зүйлс их тохиолдоно. Үгүй ээ, хүүхэд минь чи Христийн мэндэлсний баярыг тэмдэглэж болохооргүй том болсон гэсэн үг биш. Чамд маш чухал зүйл тохиолдож байна шүү дээ. Олон зүйлд гүн гүнзгий утга учир байдаг гэдгийг чи хүүхэд байсан үеэсэ илүү сайн ойлгодог болж байна. … Хоньчид болон мэргэд Христ Хүүд бэлэг авчирч өгсөн болохоор бид Христийн мэндэлсний баяраар бэлэг өгдөг гэж чи сонсож байсан ч Христийн мэндэлсний баярын хамгийн анхны жинхэнэ бэлэг юу болохыг би чамд хэлж өгье” гэв.
Дараа нь түүний аав их зовлон зүдгүүр, эсэргүүцлийн дараа ч Өөрт нь үнэнч хэвээр байж, бүр бидний амьдарч буй дэлхийг бүтээхэд тусалсан Ууган Хүүдээ Тэнгэрлэг Эцэг хэчнээн их хайртайг гэрчилсэн юм. Тэр охиндоо Тэнгэрлэг Эцэг хэрхэн бидэнд Хүүгээ буюу Их Эзэн Есүс Христийг бидний Аврагч болгон өгснийг хэлж өгчээ.
Аав нь Мормоны Номоос энэ Хүү хэрхэн “хүмүүний үрсийн дунд тэнгэрээс хүчтэйгээр бууж ирэх … мөн махбодийн асарт орших” талаар, түүнчлэн “Мөн үз, тэрээр уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно; учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу байх болно. Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг хэмээн нэрлэгдэх болно” (Мозая 3:5, 7–8) гэж уншиж өгчээ.
Номоо хаагаад тэр ийн тайлбарлаж өгөв.
“Хэдийгээр Тэнгэр дэх Эцэг маань энэ бүх зүйл Түүний хайрт Хүүг хүлээж байсныг мэдэж байсан боловч Тэр хязгааргүй хайр, мэргэн ухаанаараа Түүнийг дэлхийд өгсөн. Энэ гайхамшигт бэлгийн хоёр дахь хэсэг бол энэ бүхнийг мэдэж байсан Хүү бидэнд мөнх амьдралыг өгөхийн тулд Өөрийгөө сайн дураараа өгсөн явдал юм.”
Олон жилийн дараа энэ бяцхан охин өсөж том болоод ингэж бичжээ.
“Тэр орой би анх удаа Христийн мэндэлсний баяраар хүүхэлдэйгээ тэвэрч унтаагүй юм. Надад тэрнээс илүү чухал сайхан бэлэг байсан. Зүрх сэтгэлд минь нэгэн шинэ, гайхалтай амар амгалан оршиж байв. Би хуучирч, алга болохгүй бас би өөрөө хэзээ ч томдохгүй, харин ч Бурханы тусламжтайгаар хөгжүүлсээр байх тийм бэлгийг олсон. … Тэгээд би … хэзээ нэгэн өдөр жинхэнэ хүүхдүүдтэй болсны дараа Хайрын бэлгийн талаар мэдээгүй зүйлсээ мэдэж авахын төлөө залбирсан.”17
Би өнгөрсөн жилийн Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Есүс Христ бол Бурханы хамгийн гайхамшигт бэлэг бөгөөд бүх хүүхдэдээ өгсөн Эцэгийн бэлэг буюу” 18 хэмээх үгсээр яриагаа өндөрлөж байна.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”19
Христийн мэндэлсний баяраар бидний хийдэг зүйлсэд мөнхийн үнэн байгаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.