Орчин үеийн тэнгэр элч
Оройн мэнд дэвшүүлье, хайрт ах, эгч нар аа. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт үйл явдал болох Бурханы Хүүгийн дэлхийд ирснийг тэмдэглэж байхдаа өнөө орой та нарт хандан үг хэлэх боломжоор адислагдсанаа би мэдэрч байна. Христийн төрөлт, амьдрал, Цагаатгал нь Тэнгэрлэг Эцэгийн маань бид бүгдэд өгсөн бэлэг юм.
Жилийн энэхүү баяр баясгалантай үед Аврагчийн төрөлтийг тэмдэглэх үеэр Бурханы тасралтгүй мөн эцэс төгсгөлгүй хайр зүрх сэтгэлд маань илүү гүн нэвтрэн шингэж, гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ зүрх сэтгэлээ хандуулахад мөн ганцаардсан, уйтгар гунигт автсан эсвэл тайтгарал, амар амгалан хэрэгтэй байгаа хүмүүст илүү мэдрэг хандахад бидэнд тусалдаг.
Лукийн сайн мэдээ Есүсийн төрөлттэй холбоотой үйл явдлын талаар өгүүлэхдээ, ийм нөхцөл байдалд орсон хүмүүст тайтгарал, амар амгаланг өгсөн хэд хэдэн жишээг хуваалцдаг бөгөөд энэ нь намайг үргэлж гайхшируулдаг билээ. Ийм жишээнүүдийг хайрт Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн Хүүг мэндлэхийг зарлахаар тэр шөнө тэнгэр элчүүдээ олноос тусгаарлагдмал байдаг хоньчид руу илгээснээс мөн хоньчид Галил дахь гэрээсээ хол газарт нярай хүүхдээ асарч байсан Мариа, Иосеф хоёр дээр очсон тэр үеүдээс бид харж болно.
Иосеф, Мариа хоёрын тооллогод бүртгүүлэхээр Назараас Бетлехем хүртэл хийсэн урт аялал нь зүгээр нэг тохиолдол биш байсан ба учир нь олон зууны турш дэлхийн Аврагч нь Давидын хот болох Бетлехемд төрөх болно гэж эртний бошиглогчдоор бошиглогдсон байдаг.1 Бид Тэнгэрлэг Эцэг маань Түүний Төрсөн Ганц Хүүгийн төрөлттэй холбоотой бүх нарийн ширийн зүйлийг маш сайн мэдэж, үүнд оролцсон гэдгийг хардаг. “Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж.”2
Би хоньчид болон залуу хос болох Мариа, Иосеф хоёрын нөхцөл байдлын талаар бодож байхдаа, хээр байсан хоньчдод харагдсан тэнгэр элчийн дүр төрх, Мариа, Иосеф хоёрын байсан газар ирсэн хоньчид зэрэг нь хүн тус бүрийн амьдралд хэрхэн амар амгалан, тайвшрал, баяр баяслыг авчирсан бол гэж гайхан боддог.
Хоньчдын хувьд Бурхан тэднийг мэддэг, шинэ төрсөн Бурханы Хургыг харахаар сонгогдсон анхны гэрчүүд гэж тэднийг үнэлдэг хэмээх тэдэнд хэрэгтэй тайвшралыг тэнгэр элчүүд авчирсан байх. Мариа, Иосеф хоёрын хувьд, тэдэнд тохиолдсон тэнгэрлэг гайхамшгийг өөр хүмүүс мэдэж байгаа гэсэн үнэхээр хэрэгтэй байсан тайвшралыг нь хоньчид тэдэнд авчирсан байх.3
Мэдээжийн хэрэг, бидний дунд орчин үеийн хоньчид болох, амьдрахын тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс байдаг. Эдгээр орчин үеийн хоньчдын заримд харуул хамгаалалт, эмнэлэг, түргэн тусламжийн ажилтнууд, 24 цагийн дэлгүүр, шатахуун түгээх станцын ажилчид, мэдээ нэвтрүүлгийн хүмүүс багтдаг. Заримдаа шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс өдрийн цагаар ихэвчлэн ажилладаг хүмүүсээс нийгмийн харилцааны хувьд тусгаарлагдмал мэт санагддаг байж болох юм. Мөн нэмж хэлэхэд, Христийн мэндэлсний баяр, төрсөн өдөр, гэрлэлт, нас баралт гэх мэт чухал өдрүүдийг тэмдэглэх зуураа төрсөн нутгаасаа нүүсэн, шинэ амьдралдаа дасан зохицохыг хичээж байгаа, орчин үеийн Иосеф, Мариа нар бас байдаг.
Христийн мэндэлсний баяр ойртох тусам бид Христийн тухай сайн мэдээ, амар амгалан, тайтгарлыг орчин үеийн хоньчдод өгөхөөр тэдэнд зочлох замаар тэнгэр элчүүдтэй адил болж чадах болов уу хэмээн би боддог. Мөн Бурхан тэднийг хайрлаж, тэднийг харж халамжилдаг хэмээх баталгааг өгөхийн тулд бидний айл саахалт, орон нутагт байдаг орчин үеийн Иосеф, Мариа нарт айлчлан тохинуулах дуудлагадаа хариулснаар бид тэрхүү хоньчид болж чадах болов уу хэмээн би боддог.
Орчин үеийн тэнгэр элчүүд тайтгарал, амар амгалангийн мэдрэмжийг өгч чаддаг болохыг би болон миний гэр бүлийнхэн хэд хэдэн үйл явдлын үеэр мэдэрсэн юм. Өнөө орой би тэдгээр үйл явдлын нэгийг дурсан ярихыг хүсэж байна. 2003 онд бид эх орноосоо Юта руу нүүсэн. Тэр өвөл Юта мужид хэдэн жилийн турш болоогүй хамгийн ширүүн цасан шуурга болсон. Бид далдуу мод, далайн эргийн элсэн дунд өссөн болохоор ийм зүйлийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Манай байшин явган хүний урт замтай Баунтифулын нэгэн толгод дээрх буланд байдаг байв. Хэдхэн хоногийн өмнө би хөршийндөө очихоор алхаж байгаад мөсөн дээр халтирч унан, шуугаа хугалсан байсан учраас цас орж эхлэнгүүт эхнэр маань зориг гарган, машины зам болон явган хүний замыг цас цэвэрлэгчээр цэвэрлэж эхэлсэн юм. Би гэмтлээсээ болоод мэс засал хийлгэж, хоёр сарын турш маш том шохойдсон боолттой явсан. Цас цэвэрлэгчээр цэвэрлэж эхлэхдээ, эхнэр маань машины замын нэг талыг цэвэрлээд, нөгөө тал руу буцахдаа цас цацагч хоолойн чиглэлийг өөрчлөх ёстойг огт мэдэхгүй байв. Тэгээд нөгөө талыг нь цэвэрлэж эхэлтэл цэвэрлэсэн тал руу нь цас цацагдаад байж. Тэрээр эргэж буцан явсан ч цас ийшээ тийшээ цацагдаад л байлаа. Ёстой эх захгүй юм болсон. Тэгээд гадаа хүйтэнд дэндүү удаан байснаас болоод түүний хоёр чих хоёулаа үрэвсэж, бараг 2 сарын турш дүлийрсэн. Үүний хажуугаар арван зургаан настай хүү маань чаргаар гулгаж байгаад нуруугаа гэмтээсэн бөгөөд хэвтэрт байж эдгээх шаардлагатай болж билээ. Ингээд л нэг нь хэвтэрт, нөгөө нь дүлий, дараагийнх нь шохойдуулсан, бүгдээрээ осгох шахаж байлаа. Хөршүүд маань биднийг хараад гайхдаг байсан байх. Нэгэн хүйтэн өглөө эрт таван цагийн үед цонхны цаана дуугарах цас цэвэрлэгчийн чимээнээр би сэрлээ. Цонхоор хартал гудамжны эсрэг талд амьдардаг манай хөрш Блэйн Уильямс ах байж байв. Биднийг үүнийг өөрсдөө хийх боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас далан насыг шүргэж яваа тэрээр дулаан тохилог гэрээсээ гараад, чимээгүйхэн ирж, манай машины болон явган хүний замыг цэвэрлэсэн юм. Тэрээр намуухан, энгийн байдлаар ирээд цас цэвэрлэж байтал над дээр өөр нэг найз болох Даниэл Алмэйда ах манай гэрт ирээд, нүсэр том шохойноосоо болоод машинаа барьж чадахгүй болсон намайг Солт Лэйк рүү ажил руу маань хүргэж өгч байж билээ. Гэр бүлийнхэн маань эдгэрч, бид дахиад өөрсдөө ажлаа хийх боломжтой болох хүртэл тэд өглөө бүр чимээгүйхэн мөн сайхан сэтгэлээр надад тусалсаар байсан. 2003 оны Христийн мэндэлсний баярын тэр хүйтэн үеэр, эрт үед уг хоньчид руу тохинууллын тэнгэр элчүүдийг илгээсэнтэй адил эдгээр тэнгэр элч ахыг бидэн рүү мөн илгээсэн байсан юм. Энэ хоёр ах өөрсдийн хэрэгцээг бодохоосоо өмнө бидний хэрэгцээг бодож, Аврагчийн жишээг дагасан.
Хайрт ах, эгч нар аа, Аврагчийн амьдрал бол хүмүүсийг хайрлан энэрэхийн төгс жишээ байсан. Тэр бусдын төлөө үргэлж Өөрийгөө умартдаг байсан. Түүний амин хувиа үл хичээсэн үйлдлүүд нь амьдралынхаа өдөр бүр хийдэг байсан бүх зүйлд илэрдэг бөгөөд тэдгээр үйлдэл нь тодорхой нэг улирал эсвэл баяр ёслолоор хязгаарлагддаггүй байсан. Бидзүрх сэтгэлээ Аврагч шиг бусад руу эргүүлснээр Христийн мэндэлсний баярын утга учрыг илүү сайн мэдэрч чадна гэдгийг би амлаж байна. Тийнхүү үйлдсэнээр бидний тусламж хэрэгтэй байгаа тэр хүмүүст чимээгүйхэн, сайхан санаагаар туслах хязгааргүй их боломжийг бид олох болно гэдгийг би батлан хэлж байна. Энэ нь бидэнд Аврагчийг илүү сайн мэддэг болоход мөн газар дэлхийд амар тайвныг, хүмүүсийг гэсэн сайхан сэтгэлийг олоход туслах болно. Энэ нь бидний бусдын төлөө мэдрэх хайр, амар тайван байдал болон шинэчлэгдсэн хүчийг ихэнхдээ тодорхойлдог. Аврагчийн мөрийг дагаснаар бид шаахайтай алхааных нь чимээг сонсож, мужааны хүчит мутарт нь хүрэх болтугай. Бид хийж буй бүх зүйлдээ Аврагчийг эрж хайх аваас Христийн мэндэлсний баяр нь зөвхөн нэг өдрийн эсвэл нэг улирлын биш, харин зүрх сэтгэл, оюун санааны төлөв болж, Христийн мэндэлсний баяраар мэдэрдэг баяр баясгалан, хайр үргэлж бидэнтэй ойрхон байх болно. Есүс Христ буюу Бетлехемд төрсөн бяцхан хүүхэд бол чухамдаа дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна.
Та бүгдэд Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр хэлж байна, амен.