Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн 2021 оны онцгой цугларалт
2021 оны 12-р сарын 5, ням гараг
Христийн мэндэлсний баярыг тэмдэглэж эхлэх энэ үед бидний хайрт Тэргүүн Зөвлөл биднийг дахин хамтдаа цуглахыг урьсан. Бидний улс үндэстний уламжлал, ёс заншил харилцан адилгүй боловч нэгдэн, Аврагч Есүс Христийгээ шүтэн биширч, хоёр мянга гаруй жилийн өмнөх Түүний төрөлтийг тэмдэглэж байгаадаа бид бүгд адислагдан, талархаж байна.
Та нарын ихэнх гэр бүлийн адил Бассэттынхны хамгийн дуртай уламжлал бол төрөлтийн түүхийг жүжиглэж үзүүлэх явдал юм. Бидний хувьд Исаиа, Лук, Матай, Нифай, Мормон нарын түүхийг уншиж, Христийн мэндэлсний баярын дууллыг дуулж, Мариа, Иосеф, мөн нялх Есүсийг дүрсэлсэн үзүүлбэр үзүүлэх нь үргэлж биш ч гэсэн сэтгэл хөдөлгөм, сүнслэг үйл явдал байсаар ирсэн.
Жишээлбэл, нэгэн Христийн мэндэлсний баярын өмнөх орой хоньд болж тоглосон манай хөлд орж буй хүүхдүүд бөөн уйлаан майлаан болж билээ. Тэдний бархиран уйлах чимээ хоньчид, тэнгэр элч нар, тэр ч байтугай өлгийтэй нялх хүүхдийг ч уйлуулав. Харин дараа жил нь хонин сүрэгт тоглох хүн олдсонгүй. Хонь л аймшигт, чанга уйлаан майлааны шалтгаан хэмээн бодсон бололтой, хэн ч хонины дүрд тоглох гэж зориглосонгүй. Бас нэгэн жил гэрэлт сэлмийг хоньчдын таяг болгож, өөр нэг жил хэн ч мэргэн хүн эсвэл тэнгэр элчийн дүрд тоглохыг хүсээгүй бөгөөд оронд нь үлэг гүрвэл, далайн гахай гэх мэт Сүнсний баярын хүвцас өмсөхийг хүсэж билээ. Магадгүй бидний тоглолтуудаас хамгийн мартагдашгүй нь, дөнгөж төрсөн хүү маань дээр тавьсан тэвшнээсээ өнхрөн, чулуун зуухан дээр унах гэж байхад нь шалнаас хэдхэн сантиметрийн зайд амжиж барьж авсан тэр үе болов уу. Надаас болж унасан ч гэсэн амжиж барьж авсан нь бас л миний гавьяа байсан.
Аниргүй шөнө гэх үү? Тайван саруул гэж үү? Манай гэр бүлийн тоглодог төрөлтийн түүхийг “Тэвшний дэргэд болдог үймээн” гэж нэрлэвэл илүү зохих байх. Христийн мэндэлсний баяр ойртох үед, бид жинхэнэ амар амгаланг авчирдаг баярын уламжлалтай болж чадах болов уу гэж боддогоо би нуух хэрэггүй л болов уу.
Амар амгалан бол бид бүхний зөвхөн Христийн мэндэлсний баяраар төдийгүй үргэлж хүсдэг сайн сайхан, итгэл найдварыг мэдэрдэг тэрхүү байдал юм. Гэвч өнөөдөр дэлхий даяар амар амгаланг олох нь улам бүр хэцүү болж байгаа мэт санагддаг. Би энэ жил Сургаал ба Гэрээг судалж байхдаа өнөө үеийг дүрсэлсэн нэгэн бошиглолыг санасан юм.
“Мөн тэр өдөр … бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, мөн хүмүүний зүрх сэтгэл мохох болно” 1 хэмээн өнөө үеийг дүрсэлсэн нэгэн илчлэлтийг санасан.
Өнөөгийн дэлхийн үймээн самуунтай үед дэлхийнхэн бүгд хүсдэг агуу амар амгаланг хаанаас олж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.
“Энэхүү будилаан, зөрчилдөөнтэй, ядарч туйлдсан дэлхийд Есүс Христийн сайн мэдээ хамгийн их хэрэгтэй байна.
Бурханы хүүхэд бүр хүмүүсийг эдгээж, гэтэлгэдэг Есүс Христийн захиасыг сонсож, хүлээн авах эрхтэй. Бидний аз жаргалд өөр ямар ч захиас одоо ч мөн ирээдүйд ч ийм чухал байж чадахгүй.” 2
Сэргээлтийн захиас бол Христийн мэндэлсний баярын захиас юм. Хоньчдыг тэвшин дэх нялх хүү рүү хөтөлсөн одны гэрэл бол алгуурхан доош бууж ирэн Иосеф дээр тогтсон гэрлэн баганатай ижил бөгөөд энэ хоёр үйл явдал хоёулаа Христийг дэлхийд тунхаглах агуу их баяр баясгалангийн баярт мэдээг дуулгахын өмнө болсон.
Бидний зовлон зүдгүүрт ертөнцөд өгсөн Исаиагийн “Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Энхийн Жонон гэж дуудна” 3 хэмээх захиас хүчинтэй хэвээр.
Ахлагч Квинтин Л.Күк, “Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн хамгийн эрхэм цол хэргэмүүдийн нэг бол ‘Энхийн Жонон’ [Исаиа 9:6] юм. … Түүний хаанчлал амар тайван, хайрын хамт сүндэрлэх болно” 4 хэмээн заасан.
Бид энэ жил Лук номын үгсийг уншиж байхдаа “үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан”, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” 5 хэмээснийг эргэцүүлэн бодно байх гэж найдаж байна. Би эдгээр үгийг тунгаан бодоод, үүнийг “газарт одоо Амар тайван байна” хэмээх тунхаглал гэж үзэх нь зүйтэй юм болов уу гэж бодсон. “Амар тайван ирлээ!” гэж тэд хашхирсан болов уу. Учир нь үнэхээр тэр шөнө, энгийн нэг малын саравчинд “Энхийн Жонон” дэлхийд мэндэлсэн юм.
Христийн мэндэлсний баярын анхны тэр өдөр тэнгэр элч нар амар амгалан ирснийг тунхагласан билээ. Тэдний өмнө Иаков “бид Христийг мэдсэн, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсан … мөн зөвхөн бид ч бус, харин биднээс өмнө байсан бүх ариун бошиглогчид түүнчлэн түүний сүр жавхланд найдаж байсан ажээ” 6 хэмээн тунхагласан.
Исаиа дахин бидний цаг үеийг бошиглон “Амар тайвныг сонордуулж, сайн мэдээ авчрагчийн хөл уулсын дээр юутай үзэсгэлэнтэй” 7 хэмээн бичсэн байдаг.
Тэгвэл амар тайвныг зарладаг тэрхүү сайхан хүмүүс нь хэн бэ? Аврагч Галил, мөн Өгөөмөр нутаг дахь шавь нартаа “энхийг сахигч бүгд адислагдах болно, учир нь тэд Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгдэх болно” 8 гэж тунхагласан.
Үүнээс гадна хаан Бенжамин “Мөн эдүгээ, та нарын хийсэн гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө” 9 хэмээн заасан.
Та мөн би, бидний хүн нэг бүр Есүс Христийн гэрээний хүүхдүүд билээ. Тэрээр энхийг сахигч бүгд Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгдэх болно хэмээн тунхагласныг санагтун. Тиймээс, бид Бурханы хүүхдүүд бөгөөд амар тайвныг тогтоогсод байх ёстой. Энэ бол бидний гэрээний үүрэг юм. Та мөн би алсын зайнаас болон биеэр уулзахдаа эелдэг байдал, сайн үйлс, үг хэллэгээрээ гэр орон, цуглаан, олон нийт, тэр ч байтугай дэлхий даяар амар тайвныг тогтоогч байхаар хичээснээр өнөөгийн зовлонт дэлхийд өөрчлөлтийг авчирдаг. Түүний талаар үг болон үйлдлээрээ гэрчлэхдээ итгэлтэйгээр “амар тайвныг зарлацгаая.”
Дахин Лукаас уншъя:
“Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.
Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив.
Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.” 10
Үүний нэгэн адил, “одоо бүгдээрээ шууд очиж,” “хүүхдийн тухай” амар тайвны захиасыг мэдүүлцгээе. Энэ бол номлогчдын бидний хайртай хүмүүс, найз нөхдөд заадаг мөн үйлчлэлийн номлогчдын Аврагчийн адил үйлчлэхдээ хуваалцдаг амьд захиас юм. Энэ бол эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, Есүс Христийн сайн мэдээнээс олж болох итгэл найдвар, амар амгалангаас хүртэхэд урьж мөн хуваалцахдаа тунхагладаг бидний тэр захиас юм.
Бассэттынхны Христийн мэндэлсний баяр болгоноор төрөлтийн түүхийг бөөн дуу шуугиан болж жүжигчилж үзүүлэх гэж хичээдэг тухай эргэн ярихад, яагаад бид тэнгэр элч нар агуу баяр баясгалангийн сайн мэдээг авчирсан тэр онцгой шөнийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүд, ач зээ нараа урамшуулж, энэ уламжлалыг хадгалан үлдэхийг оролддог вэ?
Хариулт нь энгийн бөгөөд бахдам сайхан юм. “Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.” 11
Тийм ээ, дэлхий бүхэлдээ үймээн самуунд автаж, мөн хүмүүний зүрх сэтгэл мохож буйг бид харж байна. Бид сорилт бэрхшээлтэй тулгарч, эсэргүүцэлтэй нүүр тулж, үймээн самууны дунд байсан ч гэсэн өөрсдийгөө болон эргэн тойрныхоо бүх хүнийг Энхийн Жонон, бүр Их Эзэн, Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийг сүр жавхлантай эргэн ирэхэд бэлтгэн энэ баярын өдрүүдэд төдийгүй үргэлжид амар тайвныг тууштай зарлацгаая. “Бурханы хүүхэд бүр Есүс Христийн эдгээгч, гэтэлгэгч захиасыг сонсож, хүлээн авах эрхтэй” хэмээх ерөнхийлөгч Нэлсоны үгийг давтан хэлье.
Бид энэ Христийн мэндэлсний баярын өдрүүдийг төдийгүй, үргэлж Аврагчийнхаа төрөлт, амьдрал, үйл хэргийг баярлан тэмдэглэхдээ амар тайвныг тогтоогсод байх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.