Христийн мэндэлсний баярын сүнс
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт
2021 оны 12-р сарын 5, ням гараг
Хайрт ах, эгч нар аа, энэхүү дэлхий даяарх Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтын үеэр та нартай хамт байгаадаа би талархаж байна. Тансаг аялгуу болон үгс бидний зүрх сэтгэлд хүрч байна. Эдгээр нь Христийн мэндэлсний баярын жинхэнэ сүнс болох Их Эзэн Есүс Христийг шүтэн биширч, хайрлахад ирдэг баяр баясгаланг авчирлаа. Бид Түүнийг гэх хайр, сүсэг бишрэлээрээ холбогдсон билээ.
Түүний хэн байсныг болон хэн гэдгийг мэдэхэд тусалдаг судруудыг унших бүрд Түүнийг шүтэн бишрэх мэдрэмж минь өсөн нэмэгддэг. Судруудыг уншиж, залбирснаар Есүс бол Иехова бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн маань удирдлаган доор бүхнийг бүтээсэн Бүтээгч байсныг би олж мэдсэн. Энэ талаар Паул:
“Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан
эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв.
Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.
Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм.
Учир нь Бурхан, тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гээд бас “Би Түүний Эцэг болж, Тэр Миний Хүү болно” гэж айлдсан юм бэ?
Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэр элч Түүнд мөргөгтүн” 1 гэж дүрсэлжээ.
Бетлехемд Есүсийг мэндлэх үед тэнгэр элч нар дуулж, бошиглосны дагуу Бурханы Хүүг мөнх бус амьдралд ирж буйг хүндэтгэн, нэгэн шинэ од тэнгэрт гэрэлтсэн юм.
Тэрээр бидний дээрээс сүндэрлэн байвч, мөнх бус амьдралд төрөх үеийнх нь эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлаас Түүний бидэнд хэр ойрхон буйг мэдэрч болно. Тэрээр Эцэгийн баруун мутар дахь сэнтийнээсээ бууж, мөнх бус амьдрал хүлээн авахыг сонгосон. Тэрээр Эцэгийнхээ энэ дэлхийд төрөх охид, хөвгүүдийг нэг бүрчлэн хайрладаг учраас ийнхүү үйлдсэн билээ. Тэрээр таныг болон намайг хайрладаг болохоор үүнийг үйлдсэн.
Есүс ямар ч нөхцөл байдалд төрж болох байсан. Гэвч Тэрээр жижигхэн тосгоны эгэл даруу орчинд мэндэлсэн юм. Хоньчид Түүнийг угтан авч, дараа нь хэдэн мэргэд Түүнийг шүтэн бишрэх сүнслэг өдөөлтдөө хөтлөгдсөн. Улс төрийн удирдагч Есүсийг хөнөөхийг тушаасан бөгөөд амьд авч үлдэхийн тулд Түүнийг харь нутагт хүргэх шаардлагатай болж байв. Тэнгэр элч Түүний мөнх бус эцэг эхэд нутагтаа буцаж болно гэж хэлсэн үед л тэд Есүсийг Назарт аваачжээ. Тэрээр олон түмэнд тохинуулж эхлэхээсээ өмнө, бараг 30 жил тэнд өсөж торнин, мужааны ажил хийж байв.
Та нар яагаад Бурханы төгс Хүүг ийм үүрэг даалгавар гүйцэтгүүлэхээр илгээх шаардлагатай байсан юм бол гэж надтай адил гайхаж магадгүй. Тэр Өөрийнхөө дуудлагыг хэрхэн даруухнаар хүлээн авснаа дүрсэлснийг нь санаарай.
“Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм.
Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн.
Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.” 2
Тэр хайр, даруу байдлаа харуулсан. Эцэгтэйгээ хамт хүч чадалтай, сүр хүчит байр сууринд байсан гэдгээсээ үл хамааран Есүс загасчин, татвар хураагч, тэрс шашинтан зэрэг эгэл хүмүүсийг дэлхий дээрх шавиараа сонгосон юм.
Тэрээр уяман өвчтэй, өвдөж зовсон, тахир дутуу, дорд үзэгдсэн хүмүүст номлож байв. Тэрээр дээд тэнгэрээс ирсэн гэдгээсээ үл хамааран хүмүүсийн хамгийн дордыг нь хайрлаж, хүлээн авсан. Тэр тэдэнд үйлчилж, тэднийг хайрлаж бас өргөн дэмжсэн.
Дэлхий дээрх тохинууллынхаа эцсийг хүртэл Тэр зүйрлэшгүй хайраар улам их хайрлаж, илүү хүлээцтэй хандаж байв. Эсэргүүцэл, үзэн ядалттай тулгарсан ч эдгээр нь биелүүлэхээр дуудагдсан, биелүүлнэ хэмээн хүлээн зөвшөөрсөн байсан үүргийнх нь нэгэн хэсэг гэдгийг Тэр мэдэж байсан. Энэ нь мөнх бус амьдралд ирэх бүх хүний үйлдсэн нүгэл, сул дорой байдлын улмаас зовж шаналах явдал байв.
Иаков Есүс Христийн Цагаатгалын талаар заахдаа:
“Ай Бурханы маань ариун чанар хичнээн агуу их билээ! Учир нь тэрээр бүх зүйлийг мэддэг, мөн түүний мэдлэгээс гадуур нэгээхэн ч зүйл эс орших буюу.
Мөн хэрэв тэд түүний дууг анхааран сонсвоос бүх хүмүүнийг аварч болохын тулд тэрээр дэлхийд ирнэ; учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, мөн хүүхэд аль алиных нь болой.
Бүх хүмүүний дээр амилуулалт тохиож болохын тулд мөн агуу их хийгээд шүүлтийн өдөр бүгд түүний өмнө зогсож болохын тулд, тэрээр үүнийг тэвчих бөлгөө” 3 гэж хэлснийг та нар санаж байгаа.
Бетлехемд малын тэвшин доторх бяцхан хүү бол Аврагч болгохоор Эцэгийн илгээсэн Бурханы Хүү байсан. Тэрээр бие махбодтой төрсөн, Эцэгийн Цорын ганц Хүү байсан билээ. Тэр бол бидний Үлгэр жишээ.
Христийн мэндэлсний баярын сүнстэй байхын тулд бид бусдыг Түүнтэй адил хайрлахыг хичээх ёстой. Тэрээр “Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун” 4 хэмээн танд бас надад хэлсэн.
Та Христийн мэндэлсний баярын сүнсийг надтай адил эдгээр үгээс мэдэрч болно. Би дэлхийн Аврагчийн үлгэр жишээг санаж, тунгаан бодох бүрдээ Ариун Сүнсний нөлөөллөөс ирдэг гэрэл гэгээ, өөдрөг мэдрэмжийг мэдэрдэг.
Их Эзэн бидэнд тохиолдох зүйлсэд туслахад бэлэн байдаг нь миний хувьд хамгийн сайхан, чихэнд чимэгтэй захиас юм. Мормон ийн заажээ.
“Учир нь болгоогтун, үүрдээс үүрдэд оршихын учир, Бурхан бүх зүйлийг мэдэхийн учир, болгоогтун, тэрбээр хүмүүний үрсэд тохинуулуулахаар, Христийн ирэлтийн талаар; мөн Христээр сайн юм болгон ирэхийг мэдүүлэхээр тэнгэр элчүүдийг илгээсэн болой.
Мөн түүнчлэн, Христ ирэх болно хэмээн зарлан Бурхан өөрийн амаар бошиглогчдод тунхагласан билээ.
Мөн болгоогтун, тэрбээр хүмүүний үрсэд сайн болох зүйлийг тунхагласан олон янзын аргууд байсан; мөн сайн болох бүх зүйл Христээс ирдэг; өөрөөр бол хүмүүн нь унасан байсан, мөн тэдэнд ямар ч сайн зүйл ирэх аргагүй байсан билээ.
Иймийн тул, тэнгэр элчүүдийн тохинууллаар, мөн Бурханы амнаас гарсан үг бүрээр, хүмүүн нь Христэд итгэх итгэлээ хөгжүүлж эхэлсэн юм; мөн тийн тэд итгэлээр, сайн юм болгоноос зууран барив; мөн энэ нь Христийн ирэлт хүртэл тийн байсан болой.
Мөн түүнийг ирсний дараа хүмүүн түүнчлэн түүний нэрэнд итгэх итгэлээр аврагдсан юм; мөн итгэлээр, тэд Бурханы хөвгүүд [мөн охид] болно. Мөн Христ амьд нь гарцаагүйн адил тэрбээр эдгээр үгийг бидний эцэг өвгөдөд ярьсан, үүнд хэлрүүн: Та нар хүлээж авах болно хэмээн итгэх итгэлтэйгээр, миний нэрээр Эцэгээс гуйх, сайн болох юм юу боловч, болгоогтун энэ нь та нарт хийгдэх болно.” 5
Энэхүү баярын үеэр та нарын олон нь хэрээс хэтэрсэн мэт санагдах сорилтыг тэвчин гарахын тулд хүч чадал гуйж залбирах болтугай. Эцэг, Аврагч хоёр танд болон таны хайрлаж, үйлчилдэг хүмүүст тайтгарал хийгээд сайн болох зүйлсийн төлөөх гуйлтыг тань сонссон гэдгийг би гэрчилж байна.
Бошиглогч Иосеф Смитэд хариулт ирсэн шиг та нарт ч бас хариултууд нь ирэх болно. Та Иосефын тусламж хүссэн залбирлыг өөрийнхтэйгөө адил таних болно. Та Иосефын залбиралд өгсөн Их Эзэний тайтгаруулагч хариултаас Иосефыг болон таныг хайрлах Түүний хайрыг мэдэрнэ. Иосеф ийн залбирсан.
“Ай Бурхан минь, Та хаана байна вэ? Мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?
Таны гар хичнээн удаан хүлцэн тэвчих юм бэ, мөн таны мэлмий, тийм ээ таны цэвэр ариун мэлмий өөрийн хүмүүсийн мөн өөрийн үйлчлэгчдийн буруу зүйлүүдийг мөнхийн тэнгэрээс болгоогооч, мөн тэдний гуйлтууд сонорт тань хичнээн удаан нэвтрэх юм бэ?” 6
Их Эзэн танд болон надад хариулах байсны адил ийн хариулсан.
“Сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;
Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.
Найз нар чинь чиний дэргэд зогсох бөлгөө, мөн тэд халуун дотно сэтгэлээр мөн нөхөрсөг гараараа чамайг дахин мэндчилэх болно.” 7
Эдгээр амлалтыг танд, надад, бидний хайрладаг хүмүүст баттай өгсөн гэдгийг би мэднэ. Их Эзэн бидний өвдөлтийг мэдэрдэг. Тэр биднийг хайрласандаа ийм сонголт хийсэн. Тэрээр биднийг саад тотгортой тулгарч, бүр үргэлжлүүлэн соригдож байхад хүртэл амар тайванг мэдрэхэд маань хэрхэн туслахаа мэддэг. Тэрээр “халуун дотно сэтгэлээр мөн нөхөрсөг гартайгаар” та нарын дэргэд тэнгэр элч мэт зогсох найз нөхдийг илгээх болно. Биднийг Түүнд итгэх итгэлээрээ хувийн сорилтоо тэвчих үед зүрх сэтгэл маань илүү их хөнгөрч, өөрчлөгдөнө. 8 Түүнчлэн ийн өөрчлөгдсөнөөр, бид өөрсдөө Их Эзэний бусдад тэнгэр элч мэт илгээж болох найз нөхөд нь болох болно.
Түүний гэрчийн хувьд би Бетлехемд мэндэлсэн бяцхан хүү бол Бурханы Хайрт Хүү Есүс Христ гэдгийг гэрчилж байна. Таныг Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн нэрээр итгэлтэйгээр асуух үед Сүнс танд төдийгүй таны хайртай хүмүүст амар амгаланг мэдрүүлэх болно гэдгийг би амлаж байна.
Би та бүхэнд энэ жилийн Христийн мэндэлсний баяраар төдийгүй, үргэлж баяр баяслаар дүүрэн байх болтугай хэмээх ерөөлөө та нарыг хайрлах хайрын хамт өргөж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.