“Та ч бас үүнийг мэдэж чадна”
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт
2021 оны 12-р сарын 5, ням гараг
Хайрт ах, эгч нар аа, хүүхэд насандаа тэмдэглэдэг байсан Христийн мэндэлсний баяр аав ээжийн минь эх нутгийн ёс заншилтай нягт уялдаа холбоотой байсан. Ээж маань Шведээс, аав маань Финландаас Америкийн Нэгдсэн Улсад цагаачлан ирсэн юм. 1 Бид Христийн мэндэлсний баярт бэлдэн, гацуур модоо гараар хийсэн чимэглэлээр гоёж, ээж минь тасралтгүй нарийн боов жигнэдэг байсан. Миний мэдэж байгаагаар, ээж маань Крэйг эгчийн эмээ Ландгрины хамаатан байв. Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ээжийн бэлдсэн бөөрөнхий мах, будааны зутан, төрөл бүрийн талх, бялуу, жигнэмэг зэрэг үндэсний олон янзын хоолоор эхэлдэг байлаа. Христийн мэндэлсний баярын өмнөх орой дуусахад, Жюлтомтен өвлийн өвгөн ирж, бүх хүүхдэд бэлэг авчирдаг байв. Гэхдээ Жюлтомтеныг ирэхээс өмнө ээж минь ах, эгч дүү нарыг маань цуглуулж, аав бидэнд Шинэ Гэрээнээс Христийн мэндэлсэн түүхийг уншиж өгдөг байж билээ.
Аав минь дуу цөөтэй хүн байсан бөгөөд төрөлх хэлээрээ төдийгүй хожим сурсан англи хэлээрээ ч тун бага ярьдаг байсан. Тэрээр чин шударга бас магтаал хүлээн авч чаддаггүй хүн байв. Аав маань гоёж гангардаггүй, энгийн нэгэн байлаа. Христийн мэндэлсний баярын орой тэрээр Лук 2-оос уншиж өгдөг байв. Тэрээр Иосеф, Мариа хоёрыг Бетлехем рүү явсныг болон тэнгэр элч нар хоньчдод үзэгдэж, Есүс төрснийг мөн Мариа энэ бүхнийг зүрх сэтгэлдээ тунгаан бодсон талаар уншдаг байлаа. Аав минь 19-р шүлэг хүрээд, зогсолгүй цааш үргэлжлүүлэн, Мосегийн хуулийн дагуу Мариа, Иосеф хоёр Есүс хүүг Иeрусалимын ариун сүмд авчирсан тухай уншдаг байв.
Аав минь:
“Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв …
Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.
Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр [Мариа, Иосеф хоёр] Түүнийг сүмд авчрах үед
Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад
Эзэнтэн, Та үгийнхээ дагуу зарц намайгаа амар тайван явуултугай.
Учир нь нүд минь Таны авралыг харлаа.
Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ” 2
гэж уншаад, үргэлж түр зогсосхийдэг байв. Тэгээд тэр гэрчлэлээ хуваалцдаг байсан. Тэрээр гэрчлэлээ хуваалцахдаа “Би бяцхан Есүсийг гартаа барьж чадахгүй ч яг л Симеоны мэдэж байсантай адилаар тэр хүүхэд бол Бурхан хүү, миний Аврагч, миний Гэтэлгэгч гэдгийг мэднэ. Тэр бодит. Тэр амьд” хэмээн товчхон хэлдэг байсан. Гэрчлэлээ ийн тунхагласныхаа дараа тэрээр биднийг цэнхэр нүдээрээ нэг бүрчлэн нэвт шувт харж, “Та нар ч бас мэдэж чадна” хэмээн толгой дохин хэлдэг байлаа.
Аав, ээж хоёр маань Бетлехемийн тэр хүү хэн байсныг, өсөж том болоод юуг гүйцэлдүүлэхийг мэддэг байсан. Энэ мэдлэг нь тэднийг өөрчилсөн юм. Тэд хүүхэд биднийг өөрсдийнх нь үгэнд зөвхөн итгээд зогсохгүй, 3 үүнийг мэдсэнээр бас өөрчлөгдөхийг хүсдэг байсан. Эцэг эхийнхээ гэрчлэлээр өдөөгдөн би ч гэсэн “үүнийг мэдэж авах” гэрээний зам дээр гарсан юм.
Намайг 11 настай байхад манайх Шведийн Гётеборгт амьдардаг байв. Номлолын ерөнхийлөгч бүх өсвөр үеийнхнийг Мормоны Номыг уншихад урьсан юм. Би энэ урилгад хамрагдах насанд арай хүрээгүй байлаа. Харин ах минь тэр үед дикон байсан болохоор урилгыг хүлээн авсан. Би үргэлж ах шигээ болж, түүний хийж буйг хийхийг хүсдэг байсан болохоор мөн урилгад нэгдлээ. Аав, ээж хоёр минь ах дүү нарт маань бүгдэд нь өөрсдийн гэсэн судруудыг өгсөн тул би орой болгон судраас уншдаг болж эхэлсэн.
Хэдэн сарын дараа, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх 4 , ерөнхийлөгч Гёста Малм Мормоны Номыг уншиж эхэлсэн өсвөр үеийнхэнд уг номын үнэн эсэхийг Бурханаас асуугаарай хэмээн зөвлөв. Би ч бас тэгж асуухаар шийдсэн. Тэр орой би ахыгаа унтахыг хүлээж байгаад, орноосоо босон, хүйтэн шалан дээр өвдөг сөгдөн залбирч эхэллээ. Удалгүй би “Би чамд энэ үнэн гэдгийг хэлээд л байгаа шүү дээ” гэж хэлэхийг мэдрэх шиг болсон. Үүний зэрэгцээ тайлбарлахын аргагүй амар амгалан надад ирэв. Ариун Сүнсний хүчээр би Мормоны Ном үнэн гэдгийг ийнхүү мэдэж авсан юм. 5
Мормоны Номын удиртгалд амласны дагуу би ч бас “Ариун Сүнсн[ий] хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, эдгээр эцсийн өдрүүдэд Иосеф Смит бол түүний бошиглогч гэдгийг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессиагийн Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болж, энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж ав[сан].” 6 Энэхүү мэдлэг үүний дараах гэрчлэлүүдтэй нийлэн эцэг эхийг минь өөрчилсөн шиг намайг ч бас өөрчилсөн юм.
Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон хэмээх мэдлэг бол сүнслэг бэлэг юм. 7 Энэ бэлэг тодорхой нэг санваарын албатай юм уу аль нэг хүйстэй холбогдоогүй. Харин үүнийг авахад бэлтгэгдсэн хүн бүрд энэ бэлэг боломжтой. Биднийг энэхүү сайхан сүнслэг бэлгийг хүртэхийн тулд Аврагчид алт, гүгэл, мир авчрахыг шаардаагүй. Биднээс өөрсдийгөө өгөхийг л хүссэн. 8 Мормоны Номын бошиглогч Амаликай өөрийн хүмүүст “Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь, та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн … ; мөн Их Эзэн амьдардгийн адил та нар аврагдах болно” 9 хэмээн хэлжээ.
Би өсөж том болохдоо эцэг эхийнхээ үйлчлэлийг харсаар ирсэн. Би тэднийг Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиж байгааг харсан. Би тэднийг гэрийн болон айлчлагч багшийн дуудлагаа итгэлтэйгээр гүйцэтгэн, үйлчилж буй хүмүүстээ тохинуулж байхыг харсан. Би тэднийг ариун сүмийн ёслолуудад оролцож, Сүмийн дуудлагуудыг хүлээн авахыг нь харсан. Жил бүр Христийн мэндэлсний баяраар аав минь Симеоны хамт Аврагч Есүс Христийг гэрчилдэг байв. Он жил өнгөрөхөд аав минь “чи ч бас мэдэж чадна” гэх урилгаа хүргэн, бэрүүддээ, бас ач, зээ нартаа өгч байлаа.
Өсвөр насандаа Мормоны Номын талаар туршлага олж авснаасаа хойш би хэдэн арван жилийн дараа Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэж, Ерөнхий чуулганд үг хэлэхээр томилогдов. Миний эгч 92 настай аавд маань энэ чуулганыг, тэр тусмаа миний үг хэлэхийг үзэхэд нь тусласан юм. Ерөнхий чуулганы дараа би түүний гэрт очоод, “Аав аа, та чуулган үзсэн үү?” гэж асуухад, тэр “Тэгсэн” гэж хариуллаа. “Аав аа, та намайг ярихыг сонссон уу?” гэхэд тэр “Тэгсэн” гэв. “Тийм бол, аав аа, танд ямар санагдсан бэ?” гэж бага зэрэг бачимдангуй асуухад минь, тэр “Өө, дажгүй шүү. Бахархсан гэхэд болно” гэж билээ.
Нэлээд удаан чимээгүй байсны дараа аав надад “Дэйл, би чамд хэлэх нэг юм байна” гэв. Түүнээс магтаал хүлээх зуураа би түүний бодлогоширч байхыг анзаарлаа. Тэр намайг магтахаас илүү чухал зүйлийг тунгааж байв. “Урьд шөнө би нэг зүүд зүүдэлсэн. Би өөрийгөө нас барсан байгаагаар зүүдэлж, Аврагчийг харлаа. Тэр намайг тэврэн авч, нүглүүд чинь өршөөгдсөн гэж хэлсэн. Ямар сайхан байсан гээч” гэж тэр хэлэв. Тэр өөр юу ч хэлээгүй. Гэхдээ түүний царай төрх маш ихийг өгүүлж байв. Тэр Есүс Христийг мэддэг байсан. “Мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таал[лыг]” 10 олсон Бетлехемийн хүү түүний аврал байсан бөгөөд Бурханы Хүү өсөж том болоод түүний гэм нүглийг цагаатгасан гэдгийг тэр мэдэж байсан. Аав минь үүнийг энэхүү зүүднээсээ бүр өмнө мэддэг байсан. Энэ зүүд бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хөгшин настай хүнд үзүүлсэн өр зөөлөн нигүүлсэл болон бэлэг байсан юм. Аав минь энэ явдлаас хойш хоёр сарын дараа таалал төгссөн. Христийн мэндэлсний баярын бүх бэлэг дотроос би аав, ээжийнхээ итгэл, гэрчлэлийг хамгийн их нандигнадаг.
Энэ Христийн мэндэлсний баяраар та нар Тэнгэрлэг Эцэгээсээ дэлхийн Аврагч амьд бөгөөд оршин байдаг гэдгийг мэдэж авах сүнслэг бэлгийг гуйгаарай. Христийн мэндэлсний баярын улирал бол Түүний амьдралын талаар судлах, зан чанарыг нь үлгэрлэн дуурайх сайхан цаг үе байдаг. Та ийн үйлдсэнээр Есүс бол Христ, Бурханы Хүү, бидний нүглийг цагаатгасан гэдгийг мэдэж авч чадна. Энэ мэдлэг бол Жюлтомтены авчирсан ямар ч бэлгээс илүү бөгөөд илүү урт настай. Учир нь энэ таныг өөрчлөх хүчтэй. Аврагч таны сэргээж чадахгүй зүйлийг сэргээж, эдгээж чадахгүй шархыг эдгээн, эвдэрснийг засаж, танд тохиолдсон шударга явдлыг залруулж, эмтэрсэн зүрхийг анагааж чадна гэдгийг та мэдэж авах болно.
Дэлхий дэх эцэгтэйгээ адил би бяцхан Есүсийг гартаа барьж чадахгүйгээ мэдэх ч, Симеоны мэдэж байсантай яг адилаар, тэр хүүхэд бол Бурханы хүү, миний бас чиний Аврагч, та бид хоёрын Гэтэлгэгч гэдгийг мэднэ. Тэр бодит. Тэр амьд” хэмээн товчхон хэлдэг байсан. “Та ч бас үүнийг мэдэж чадна.” Есүс Христийн нэрээр, амен.