Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Үл анзаарагдам бэлгүүд


9:57

Үл анзаарагдам бэлгүүд

Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн 2021 оны онцгой цугларалт

2021 оны 12 дугаар сарын 5

Оршил

Намайг жаахан байхад Ландгрин өвөө, эмээ хоёр манайд зочлон ирдэг байсан нь Христийн мэндэлсний баярын онцлох үйл явдал болдог байв. Тэд жил бүр хуучин машинаараа урт зам туулж ирдэг байлаа. Бид тэдэнд хайртай байсан, мөн бид эмээгийнхээ нутгийн фермэрээсээ цэвэр цөцгий аваад хийдэг байсан швед маягийн бялуунд дуртай байв. Эмээ маань олон цаг зуухны өмнө зогсоод, биднийг дахин идэх зайгүй болтол бялуу хийдэг байв. Дахиад хоёр үеийн хүүхдүүд тэр швед маягийн бялуун дээр найрлаж өсөөд байна. Бид бялуу хийх болгондоо Ландгрин эмээг мөн түүний хайрын бэлгийг дурсан санадаг.

Хамгийн агуу бэлгүүдийн зарим нь бидний цаг хугацаа, авьяас чадварын бэлэг юм. Би эдгээрийг ариун нандин бэлэг гэдэгт итгэдэг.

Бэлгүүд

Энэ бол шинэ бэлэг хүсэн хүлээдэг үе хэдий ч өнөө орой та түр азнаад аль хэдийн хүлээн авсан бэлгүүдээ мөн тэдгээрийг хэн, яагаад өгсөн талаар бодож үзээрэй.

Бурхан бидний хүн нэг бүрд бэлэг өгсөн. Танд бэлэг өгөгдөөгүй мэт санагдаж болох ч та бусдыг адислах мөн Бурханд илүү ойртоход нь туслах сүнслэг бэлгүүдийг Түүнээс хүлээн авсан байдаг. 1

Бурхан танд ямар ямар бэлэг өгсөн бэ?

Үнэнийг хэлэхэд би өөрийгөө бэлэгтэй хүн гэж огт бодож байгаагүй. Би тийм ч дуучин хүн биш, эсвэл бүжигчин, тамирчин, уран бүтээлч, математикч, аль нь ч биш, би зүгээр л маш … энгийн хүн.

Зарим үед би бусдын агуу бэлгүүдийг хараад өөрийгөө өчүүхэн гэж мэдэрч байсан. Гэхдээ би ийм харьцуулалт ямар утгагүй, бүр ямар хор хөнөөлтэй болохыг мэдэж авч байна. Хамгийн чухал нь би Бурханы “үл анзаарагдам бэлгүүд”-ийн ариун нандин хүчийг харж, тэдгээрийг Түүний хайр ба итгэлийн нотолгоо хэмээн баярлах болсон.

Ахлагч Марвин Ж.Аштон, Бурханы сүнслэг бэлгүүдэд “үл анзаарагдам бэлгүүд” багтдаг бөгөөд эдгээрт “асуух; сонсох; намуун, зөөлөн дуу хоолойг анхааран сонсож, ашиглах; уян зөөлөн сэтгэлтэй байх; бусадтай эв нийцтэй байх; хоосон давталтаас зайлсхийх; зөв шударга зүйлсийг эрэлхийлэх; бусдыг шүүхгүй байх; удирдамж авахаар Бурханд хандах; шавь байх; бусдад анхаарал халамж тавих; тунгаан бодох чадвартай байх; залбирал хэлэх зэрэг бэлгүүд байдаг” 2 хэмээн заасан.

Энэ жагсаалт танд бэлгүүдээ шинэ нүдээр харахад тусалж байна уу? Энэ нь надад тусалдаг.

Бид эдгээр үл анзаарагдам бэлгүүдийг таньж мэдэн, илүү сайшаах үед тэдгээр нь бусад бэлгийн адил Бурханы хүүхдүүдийг 3 өргөж, амьдралынхаа хамгийн чухал зорилгуудыг биелүүлэхэд маань тусалдаг. Гэвч харамсалтай нь бид заримдаа бэлгүүдээ гялалзсан, төгс эсвэл бидний хүссэн шиг сайхан биш байхаас эмээж, хойш суун, тэдгээрт талархах эсвэл тэдгээрийг бусадтай хуваалцахаас татгалздаг.

Бид эдгээр үл анзаарагдам бэлэгтээ талархалгүй хандах үедээ Түүний хүүхдүүдийг өргөх, Бурханы хайрыг мэдрэх аливаа боломжийг алддаг. 4

Бэлгүүдийнхээ дууг эгшиглүүл

Ландгрин өвөөгөөс ирсэн өөр нэг бэлгийг би та бүхэнд үзүүлье. Өвөө хийл тоглохийг үргэлж хүсдэг байлаа. Гэсэн ч энэ хийл эгшиглэж ашиглагдалгүй, түүний тавиур дээр, дараа нь миний тавиур дээр олон жилийн турш тоосонд дарагдан үлдсэн юм.

Үүнийг миний зургаан настай ач охин Скарлэттын хийлтэй харьцуулъя. Тэр өнөө орой бидэнтэй өөрийн бэлгийг хуваалцана.

[Скарлэтт хийл тоглож байна]

Баярлалаа, Скарлэтт. Гайхалтай байлаа. Хайртай шүү.

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бэлгүүд бусадтай хуваалцахад зориулагдсан. Скарлэттын хийл үнэтэй биш мөн бид сонсвол хөгжмийн зэмсэг, тоглох арга барилд нь алдаа байгааг анзаарах боловч тэр маань хөгжимдөө зүрх сэтгэлээ зориулдаг учраас тэр бэлгээ хуваалцаж, бусдад баяр баясгалан авчирдаг.

Бурханы танд өгсөн бэлгүүдийг, тэр ч байтугай Түүний өгсөн үл анзаарагдам бэлгүүдийг ашиглахгүй эсвэл талархахгүй бүү орхи. Түүний өгсөн бэлгийг тавиур дээрээсээ ав. Хэрэв та өөртөө итгэлгүй байдлаасаа болж тэдгээрийг ашиглалгүй хадгалсан бол тоосыг нь сэгсрээд, туршаад үз. Тэдгээрийг Бурханд болон Түүний хүүхдүүдэд санал болго. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бэлгүүд нь ашиглагдаж мөн бусадтай хуваалцахын тулд заяагдсан юм. Бурханаас танд өгөгдсөн бэлэг бүхэн төгс бус хэдий ч энэ нь баяр баясгаланг авчирдаг бөгөөд Түүнд зориулах үед магтаалын дуулал болдог.

Хайраар сонсох бэлгээ аваад ганцаардсан найз дээрээ зочил. Танд зөрчилдөөнөөс зайлсхийж, эв нийцтэй байх бэлэг бий юү? Тэдгээр бэлэг нь юу юунаас илүү хэрэгтэй байна. Тэр бэлгийг гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ өг. Сүнслэг байдлын хувьд зовж шаналж буй хүнд хайртай гэдгээ хэлээд гал тогооныхоо ширээнд урь. Урам зориг өгөх хичээл заа. Сайхан үгтэй зурвас бич. Өөрт байгаа бэлгээ ашиглан бусдад тусалж, Сионыг байгуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг хүчирхэгжүүл. Бурханд бүх хүн хэрэгтэй. Тэр хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд бүх төрлийн бэлгийг өгсөн. Зүрхэн дэх хөгжмөө бүү хаа, хайрын тэврэлтээ бүү нуу, уучлалаа бүү харамла.

Түүний бэлгийг хүлээн авах

1832 оны Христийн мэндэлсний баярын үеэр, зовж буй гэгээнтнүүд нутгийн иргэд ба улс төрийн шахалттай нүүр тулсан юм. Бошиглогч Иосеф Смит иргэний дайн болно хэмээн бошиглосон. 5 Энэ нь тийм ч таатай бошиглол байгаагүй нь лавтай.

Харин тэр 12-р сарын 27-нд өөр нэг илчлэлт буюу “амар амгалангийн захиас”-ыг Их Эзэнээс хүлээн авсан юм. 6 Тэр хүнд үед Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдэд өгсөн бэлгүүдээ, тэр дундаа хамгийн чухал нь Аврагч Есүс Христийн бэлгийг буюу мөнх амьдрах найдварыг Иосефт сануулсан.

Тэр жилийн Христийн мэндэлсний баяраар баясах цор ганц арга зам нь Бурханы бэлгүүдийг харж, хүлээж авах явдал байсан ба эхний бөгөөд хамгийн агуу нь Аврагчийн “зүйрлэшгүй бэлэг” 7 билээ. Энэ Христийн мэндэлсний баяраар ч мөн адил юм.

Иосефт өгсөн тэрхүү илчлэлтэд Их Эзэн түүнээс дараах асуултыг асуужээ.

“Учир нь хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ; Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.” 8

Дүгнэлт

Би хүн бүр Бурханы бидэнд өгсөн бэлгүүдийг харж, хүлээн авч чадна гэдэгт, ялангуяа эдгээр бэлгийг өгөгч Бурханд баясаж чадна гэдэгт итгэдэг.

Хүүхэд болон дэлхийд мэндэлж, залуухан ээжээр өлгийдүүлэн, тэвшинд тавигдсан Хүү болох Бурханы Хүүгийн зүйрлэшгүй бэлэгт би талархаж байна. Миний нүглийн төлөө Өөрийн амийг өгөх хүртлээ шат шатаар суралцаж, ач ивээлээс ач ивээлд өссөн тэр Хүүд би талархаж байна. Та бидний нүглийн төлөө, энэ дэлхий дээр амьдарч байсан, амьдарч байгаа мөн ирээдүйд амьдрах бүх хүний нүглийн төлөө Тэр Өөрийн амийг өгсөн.

Бид бүхний дуртай Сүмийн нэгэн дуулалд:

“Дэлхий баярлагтун, Их Эзэн ирлээ; Дэлхий Хаанаа хүлээж авагтун 9 хэмээн дуулдаг.

Христ болох Есүсийн бэлэг агуу их үнээр өгөгдсөн. Бид Түүнийг хүлээн авах уу? Бид Түүнийг амьдралдаа оруулж, Түүнийг ялуулах уу? Яаж? гэсэн асуултууд л үлдэж байна.

Өөрсдийн Хааныг болон Түүний бэлгүүдийг хүлээн авах нь жинхэнэ баяр баясгаланг дэлхий рүү, мөн дэлхий дээр авчрах болно гэдгийг би гэрчилж байна.

Түүний Хүүгийн “зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай” 10 , Есүс Христийн ариун нэрээр, амен.