Христийн мэндэлсний баярын хамгийн агуу бэлэг
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн 2022 оны онцгой цугларалт
2022 оны 12-р сарын 4, ням гараг
“Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ —Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.
Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив.”1
Төлөөлөгч Лукийн бичсэн Шинэ Гэрээн дэх судрын эдгээр энгийн шүлэг өнөө цаг үед дэлхий даяар тэмдэглэж буй Есүс Христийн мэндэлсний тэнгэрлэг үйл явдлын талаарх төсөөллийг бидний оюун санаанд бий болгодог.
Миний эх орон Португалд, судрын энэхүү үйл явдлыг Христийн төрөлтийг дүрсэлсэн хүүхэлдэйн цуглуулгаар дүрсэлж үзүүлэх уламжлал хүмүүсийн дуртай соёл болсон байдаг. Та Христийн мэндэлсний баярын өдрүүдээр эдгээр хүүхэлдэйн цуглуулгыг улс орон даяар янз бүрийн газарт олж харах бөгөөд энэ соёлыг олон гэр бүл дагадаг. Христийн төрөлтийг дүрслэн хийхэд голдуу үүний бодит дэвсгэр зураглалыг бүтээх шинэ хөвд, өвс, чулуу болон бусад байгалийн материалыг цуглуулан ашигладаг.
Христийн төрөлтийг дүрслэх Христийн мэндэлсний баярын энэхүү уламжлалыг бид бага мөн өсвөр насандаа эцэг эхтэйгээ, хожим нь хүүхдүүдтэйгээ нандигнан дагадаг байлаа. Христийн төрөлтийг дүрслэх нь жилийн энэ цаг мөч дэх миний хамгийн дуртай хийх зүйлсийн нэг байсан юм.
Бид Христийн төрөлтийн талаар дүрсэлсэн орчныг бүтээх бүх жижиг хэсгийг модон хайрцагт хадгалдаг байв. Бид ихэнхдээ амьдардаг байсан тосгоныхоо бяцхан хувилбарыг мөн адил дүрсэлдэг байв. Жил бүрийн Христийн мэндэлсний баяраар хэд хэдэн жижиг хэсэг цуглуулгад шинээр нэмэгддэг байсан. Тэдгээр нь тосгоны оршин суугчид, байшингууд, фермерүүд, амьтад, салхин болон усан тээрэм, толгод, хөндий, модод, талбайг дүрсэлсэн байгалийн бусад хэсэг байдаг байлаа. Толины хэсгүүд нь гол мөрнүүдийн урсгалыг харуулдаг байв. Заримдаа бүр гүүр хүртэл хийдэг байсан. Мэдээж тэдгээрийн голд ариун судруудад дурдсан хамгийн чухал дүрслэлүүд болох хонин сүрэг ба “талбайд сүргээ манаад шөнө хээр хоноглож буй хоньчид”2; хоньчдод бүү ай хэмээн, Аврагчийн төрөлтийг тунхаглаж, “бүх ард түмнийг … үлэмж баярлуулах сайхан мэдээг авчирсан” тэнгэр элчүүд3; тэжээлийн онгоцны хажууд зогсох Мариа, Иосеф хоёрын тод дүрслэл байдаг байв.4 Судруудад өгүүлдэг, мэргэдэд агуу баяр баясал өгч, тэдэнд Есүс дээр ирэх аяныг газарчилсан тэрхүү одыг мөн байрлуулдаг байсан.5
Христийн төрөлтийг дүрслэх хүүхэлдэйн цуглуулгыг өрж тавихад гэр бүлийн бүх гишүүн оролцох боломжтой байдаг байв. Өдөр хоног, бүр хэдэн долоо хоног өнгөрөхийн хэрээр цуглуулга бага багаар арвижин, олширч тэдгээрийг тохирох газарт нь өрж тавьдаг байсан.
Энэ өдрүүдийн турш бид Христийн төрөлтийн дүрслэлийг бахдаж, энэ баярыг ихэд утга учиртай болгодог Матай, Лукийн номуудад цэдэглэсэн түүхүүдийг санадаг байв. Түүхүүд нь Мариа, Иосеф хоёрын итгэл, “Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем [гэгддэг], Давидын хот уруу6 зорьсон тэдний аялал; тэндээ очоод байрлах газар олоход тэдэнд тулгарсан бэрхшээлийн талаар өгүүлдэг.
Гэхдээ эцэст нь, Христийн мэндэлсний баяр тохиож, бяцхан Есүсийг тэжээлийн онгоцонд хэвтүүлээд, Есүс Христийн бидний амьдрал дахь ач холбогдол, Түүний бидний төлөө7 хийсэн зүйлс, бүх бэлгээс хамгийн агуу бэлэг нь болох Түүний тухай сэдвүүдээр ярьцгаадаг.
Энэ дуулал баярын уур амьсгалыг тэр чигээр нь мэдрүүлдэг:
“Өө, ихэд цэвэр ариун, цагаахан бяцхан Хүүхэд!
Өө, Мариагийн Хүүхдийн хайр ивээл!
Христийн мэндэлсний баярын гэгээн эхний өдөр
Тэжээлийн онгоцны өвсөнд өлгийдүүлсэн нэгэн!
Бүх насныхан, мөн бүх үндэстний итгэл найдвар
Таны гэрэл цацруулсан төрхөнд тусна!
Өө, алдар суу нь ертөнцийг дүүргэгч Хүүхэд!
Өө, эгэл даруу мэндэлсэн Хүүхэд!
Хоньчид алс холоос хөтлөгдөн ирээд,
Хүндлэл бишрэлийг одны доор зогсоод үзүүлжээ,
Мэргэд өвдөг дээрээ сөхрөн унаад,
Магтаал, хүндлэлийг олны өмнө Танд үзүүлжээ!
Өө, Тэнгэр элчүүдийн дуулах Хүүхэд!
Өө, бидний бяцхан Хаан болсон Хүүхэд!
Бидний гуниг харууслын гавар
Түүний цэвэр тунгалаг, гэрэл цацруулсан нүдэнд бий аж!
Өө, тэнгэр дэх өвийг бидэнд өгөхөөр
Төгөлдөр бус хүмүүст өгөгдсөн үнэт бэлэг ажээ!” 8
Аврагч бидэнд Өөрийнхөө бэлгийн талаар Өөрөө гэрчилсэн. Тэрээр: “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”9 хэмээн хэлсэн юм.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”10
Ямар ер бусын бэлэг вэ; ямар онцгой бэлэг вэ!
Христийн мэндэлсний баяр бол бидний Аврагч, Есүс Христийн төрөлт, амьдрал, Цагаатгал, Амилалтын улмаас бидэнд ирсэн боломж, адислалуудыг тунгаан бодож, тэдний дагуу үйлдэх цаг үе юм.11
Сорилт, бэрхшээлүүд дунд ч амар амгалан, итгэл найдварыг олох12; ялалт, цөхрөлийн аль алинд ч тэнгэрлэг удирдамж хүлээн авах13; энэ мөнх бус амьдралын дараа илүү их зүйл хүлээж байгааг мэдэж, мөн үүнд итгэх үзэл бодол, зорилгыг тээх14; өөрсдийнхөө хэрэгцээг хангах хангалттай нөөц байхгүй үед ч талархалтай байх; ганцаардсан үедээ тайтгарлыг мэдрэх15; нэг их зүйл байхгүй ч бусдад өгч чаддаг байх адислалуудын талаар би боддог.
Есүс Христийн ачаар бидэнд эдгээр болон өөр олон адислал бий! Тийм ээ, бяцхан Есүс Христ мэндэлсэн учир би Христийн мэндэлсний баярын өдөр Түүнийг Христийн төрөлтийг үзүүлсэн дүрслэл доторх тэжээлийн онгоцонд хэвтүүлэхийг ихэд тэсэн ядан хүлээдэг байсан! Бидэнд өгөгдсөн хамгийн агуу бэлэг болох Тэрээр Өөрийн амьдрал, үлгэр жишээ, сургаал, золиосоор агуу үнэт адислалуудыг өгсөн.
Би дараах асуултыг асуудаг: Тиймээс бид тэдгээр бэлгийг бусдын ачааг өргөлцөж, тэдэнд энэ ариун нандин баярын өдрүүдийн уур амьсгалыг мэдрэхэд мөн Христийн мэндэлсний баярын анхны өдрүүдэд тэр хоньчдод тунхагласан сайн мэдээг баярлан хүлээн авахад нь тусалж, дэмжихэд ашиглах ёсгүй гэж үү?
Христ бидний баяр дээр хайр халамж, сайхан сэтгэлийн хажуугаар “Христийн [үл] цөхрөх, цэвэр хайр” болох энэрлийг нэмдэг.16 “Бидний мэдрэмж өөрчлөгдөж болох ч Түүний биднийг гэсэн хайр өөрчлөгддөггүй.”17 Түүний энэ хайр жилийн турш, цаашлаад бидний амьдралын турш үргэлжилдэг.
Христийн мэндэлсний баяраар Христэд илүү их төвлөрөх нь бидний амьдрал дахь Түүний хайрын ач холбогдлыг илүү ихээр үнэлж, эргэн тойрондоо буй хүмүүст үйлчилж, тэднийг хайрлах илүү их чадамжийг бидэнд олгодог.
Бид Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг бий болгох үедээ Христийн Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгадаг. Бид энэ баярын өдрүүдээр дэлхийн Гэрэл болох Есүс Христ дээр төвлөрч, бусдад үйлчилж, өөрсдийн хайр, нигүүлслийг түгээснээр энэ өдрүүдийг гэрэлтүүлэх болтугай.
Тэр ирсэн учраас бидний оршин байгаа нь утга учиртай юм. Тэр ирсэн учраас итгэл найдвар оршин байдаг. Тэр бол ертөнцийн Аврагч бөгөөд бидэнд өгөгдсөн хамгийн агуу бэлэг юм гэсэн өөрийн гэрчлэлийг би хуваалцаж байна. Есүс Христийн нэрээр, амен.