“Үлэмж баярлуулах сайхан мэдээ”
Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн 2022 оны онцгой цугларалт
2022 оны 12-р сарын 4-ний ням гараг
Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе! Захиас, хөгжим, үйлчлэлээрээ дамжуулан Христийн мэндэлсний баярын “үлэмж баярлуулах сайхан мэдээ”-г тунхагласан бүх хүнд баярлалаа.
Олон зуун сая хүн Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг. Дэлхий нийтээрээ ийн тэмдэглэх учиртай билээ. Түүний амьдрал бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу нь байсан мөн байгаа.
I.
Дэлхий ертөнцийн хувьд ч гэсэн Назарын Есүсийн мөнх бус амьдрал энэ дэлхийн түүхэд ямар ч хүнийхээс илүү агуу нөлөө үзүүлсэн юм. Тэрээр олон мянган жилийн турш бошиглогч, яруу найрагчдын гол сэдэв байсаар ирсэн. Барууны ертөнцийн хамгийн агуу урлаг, дуу хөгжим Есүс Христийн төрөлт, амьдрал, номлолыг тэмдэглэхэд зориулагдсан байдаг. Философичид, шашин судлаачид амьдралаа Түүний сургаалыг судлахад зориулсаар ирсэн. Тэдгээр сургаал нь Христийн цэвэр хайрын илрэл болох тоо томшгүй олон энэрэнгүй үйлс бий болоход нөлөөлсөн.
Амьдрал, сургаалд нь зориулсан илүү олон дурсгалын хөшөөтэй хүн Их Эзэн Есүс Христээс өөр үгүй. Үүнд мэдээж Европ, Америк тивүүд дэх агуу сүм хийдүүд багтах ба тэдгээрийн ихэнхийг барихад зуу гаруй жил шаардагдсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан болсон 10-р сарын Ерөнхий чуулган дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм онцгойлон адислагдаж, үйл ажиллагаа явуулж буй 171 ариун сүм, баригдахаар зарлагдсан, баригдаж буй, сэргээн засварлаж буй 129 ариун сүмтэй гэж зарласан. Их Эзэний эдгээр өргөө тив бүрд, дэлхийн 74 үндэстний дунд тархан байрлаж байна. Тэнд бид Есүс Христийг дагахад өөрсдийн амьдралыг зориулдаг.
Үүний төлөө сая сая хүн амьдралаа зориулснаас гадна хамгийн чухал нь сая сая хүн Их Эзэн, Израилын Бурхан Иехова, бидний Аврагч Есүс Христийн үлгэр жишээгээр амьдрахыг хичээсээр байна. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Түүний зүйрлэшгүй үлгэр жишээ бол дэлхий дахинд сайн сайхан, энх тайвныг тогтоох хамгийн агуу хүч [байсан]”1 хэмээн тунхагласан нь огтхон ч хэтрүүлэгтэй мэдэгдэл биш юм.
II.
Бурханы цорын ганц Хүү мэндэлсэн тухай тэнгэрлэг мэдээнээс бид чухал зорилго, бэлгэдлийг харж болно. Бяцхан Христ мэндэлсэн тухай мэдээг дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст өөр өөр онцлог бүхий гурван бүлэг хүн тунхаглаж байсныг бид Шинэ Гэрээнээс уншдаг. Түүнийг мэндэлсэн тухай тэнгэрлэг мэдээг хүлээн авсан хүмүүс маш даруу, ариун, мэргэн хүмүүс байсан.
Эхний зар мэдээ Бетлехемийн ойролцоох толгодод хоноглож байсан хоньчдод өгөгдсөн. Тэнгэр элч, тэнгэрлэг дуучид “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг … Аврагч Эзэн Христ”-ийг тунхагласан.2 Магадгүй хоньчид номхон, дөлгөөн хүмүүс байсан учраас энэхүү сайхан мэдээг хүлээн авахаар сонгогдсон байх. Тиймээс тэд тэнгэрийн захиасыг онцгойлон хүлээн авч, нярай хүү дээр очиж, нүдээр үзсэн. Тэгээд сударт бичсэнээр, тэд “мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.”3 Тэдний хонь хариулах ажлыг мөн хариулж байсан хургыг хожим Аврагч Өөрийн сургаалд жишээ болгон төлөөлүүлэн ашигласан. Түүнчлэн Есүс тохинууллынхаа эхэнд Баптисч Иохан дээр очиход уг бошиглогч “—Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга”4 хэмээн хэлсэн.
Мессиагийн мэндэлсэн талаарх хоёр дахь мэдээ Иерусалим дахь ариун сүмд, Ариун Сүнсний гэрчийг хүлээн авахуйц зохистой бурханлаг амьдралаар амьдарсан хоёр ариун ажилтанд өгөгдсөн юм. Мариа, Иосеф хоёр ууган хүүд зориулсан тахил өргөхөөр нялх Есүсийг ариун сүмд авчрахад Симеон, Анна хоёр хоёулаа Түүнийг Мессиа гэдгийг гэрчилсэн. Сударт Симеон хүүхдийг гар дээрээ аваад “харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болох” “таны аврал”-ыг харах боломжийг олгосонд талархъя хэмээн Бурханыг алдаршуулсан тухай гардаг. “Энэ мөчид эш үзүүлэгч эмэгтэй Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.”5
Гурав дахь бүлэг хүн энэхүү гайхалтай төрөлтийг олж мэдсэн. Иосеф Смитийн бага зэрэг засан өөрчилсөн Библид “зүүн зүгээс Иерусалим руу мэргэн хүмүүс ирж иудейчүүдийн Мессиа болж мэндэлсэн хүүхэд хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ”6 хэмээн гардаг.
Тэдний асуусан асуултаас харахад Их Эзэн ариун нандин зорилгынхоо төлөө тэднийг удирдсан гэдэг нь эргэлзээгүй байна. Библи “Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ”7 хэмээн заадаг. Энэхүү мэргэн хүмүүс өөр газар нутаг, соёл иргэншлээс ирсэн бөгөөд тэдэнд өгөгдсөн энэхүү гэрчлэл нь Мессиа бүх хүний төлөө мэндэлсэн гэсэн сануулга байсан юм. Түүнчлэн өөр нэгэн зорилго байж магадгүй. Херод хааны ёс бус зарлигийн улмаас амь насанд нь аюул учраад байсан бяцхан Христийг авч Египет рүү яаран явж, тэндээ аюулгүй үлдэхэд Мариа, Иосеф хоёрт Мэргэн хүмүүсийн өгсөн үнэ бүхий бэлгүүд тус болсон байж магадгүй юм.8
Христийн мэндэлсний гайхамшигт үйл явдлыг болон үүний ач холбогдлын талаар зөвхөн маш даруу, ариун, мэргэн хүмүүст мэдэгдсэн нь сонирхолтой биш гэж үү? Ахлагч Жэймс Э.Талмэж Jesus the Christ номдоо “Үнэхээр Бурхан Өөртөө хүмүүний бүх анги давхарга, нөхцөл байдалд тохируулан гэрчүүд дуудсан. Тухайлбал: ядуус болон зүдэгсдэд тэнгэр элч нарыг; Иудейн ихэмсэг хаан, бардам тахилч нарт мэргэн хүмүүсийг гэрчлүүлэхээр явуулсан”9 хэмээн бичсэн.
Симеон, Анна хоёрыг санах нь биднийг тэдэнтэй адил байж, Христийн мэндэлсний баяраар Түүний ариун төрөлт болон үүний зорилгын талаарх гэрчлэлээ үлдээхэд нөлөөлдөг.
III.
Бидний хувьд Христийн төрөлтийг тэмдэглэх нь тогтсон зүйл билээ. Үүний захиас нь мөнхийн бөгөөд бидний мэддэг зүйл юм. Адам үүнийг заалгасан. Үүнийг Израилын хөвгүүдэд номлосон. Энэ нь эцэг Лихайн үр удамд илчлэгдсэн. Бошиглогчид Есүс Христийн сургаалыг болон Цагаатгалын гол үнэнийг дахин дахин тунхагласан. Ахин дахин тэд Бурханы хүүхдүүд Бурханыг болон нэг нэгнээ хайрлаж, үйлчилдэг гэсэн Түүний номлолыг тунхаглаж, Түүний тушаалыг заасан. Эрин зууны туршид давтагдсан эдгээр тунхаглал нь үүрд мөнхөд хамгийн чухал захиас юм. Христийг дагалдагчдын хувьд эдгээр тунхаглал өөрчлөгдөхгүй. Тэдгээр нь хүн нэг бүрийн амьдралд шинэчлэгдсээр байх ёстой.
Христийн мэндэлсний баяр бидэнд хайр, нөхөрлөлийн ердийн хэлхээ холбооноос даван гарч өөрсдийгөө зориулах хүслийг төрүүлдэг. “Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай”10 гэсэн тэнгэрлэг тунхаг нь зөвхөн бидний хайрлаж, нөхөрлөдөг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Энэ нь ердийн найз нөхөд, танихгүй хүмүүс, тэр ч байтугай дайснуудад маань чиглэгдсэн. Христийн мэндэлсний баяр бол уучлах, хуучин шархыг эдгээх, ан цав суусан харилцаагаа сэргээх цаг юм.
Энэ бол бардам зан, өдөөн хатгалгыг арилгах, шүүмжлэлийг дарах, тэвчээрээ хөгжүүлэх, хүмүүсийн хоорондын ялгааг арилгах цаг мөч юм. Бид бошиглогч Мосегийн Израилын хөвгүүдэд өгсөн Бурханы дараах зарлигийг дагаж, ижил болон өөр шашинтай бүх хүнтэй чин сэтгэлээсээ нөхөрлөх ёстой.
“Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.
Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла.”11
Христийн мэндэлсний баяр бол бид бүгдээрээ биднийг үхлээс гэтэлгэж, бүх хүн төрөлхтөнд ижил нөхцөлөөр аврал ба өргөмжлөлийн адислалуудыг санал болгодог Цорын ганц Хүүгээ өгсөн Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд гэдгийг санах цаг юм.
Христийн дагагчдын хувьд бид хаана ч байсан бүх хүнээс хамгийн найрсаг, хамгийн халамжтай нь байх ёстой. Бид хүүхдүүддээ хүн болгонд эелдэг, халамжтай байхыг заах ёстой. Мэдээж хэрэг, бидний ёс журмыг алдагдуулж, итгэл, шүтлэгийг маань сулруулах төрлийн холбоо, үйл ажиллагаанаас бид зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ энэ нь итгэгч, үл итгэгч бүх төрлийн хүмүүсийг хамарсан хамтын хүчин чармайлтаас биднийг тусгаарлах ёсгүй.
Хэдэн арван жилийн өмнө ерөнхийлөгч Монсон дараах үгсийг хэлсэн.
“Эртний хоньчид бяцхан Есүсийг эрж хайсан. Харин бид Христ Есүсийг буюу бидний Ууган Ах, Эцэгийн өмнөх бидний Зууч, бидний Гэтэлгэгч, бидний авралын Эх үндэс, Эцэгтэй эхлэлээс хамт байсан, үүрд мөнхөд амьдарч болохын маань төлөө дэлхийн нүглийг Өөр дээрээ авч, хүслээрээ нас барсан Түүнийг эрэлхийлдэг билээ. Энэ бол бидний хайж буй Есүс юм.”12
Хожмын үеийн гэгээнтнүүд бүтэн жилийн турш Есүс Христийн авралын захиасыг тэмдэглэх онцгой эрхтэй. Бидэнд Эцэгийг болон Хүүг гэрчлэх зорилготой Ариун Сүнсний бэлэг бий.13 Бид “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө”14 хэмээн тунхагласан Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд юм. Мөн Израилын Эзэн Бурхан, бидний Аврагч, Есүс Христийн бошиглогчид Түүний сайн мэдээг тунхагласан:
“Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө;
“Ийнхүү Эцэгийн, түүний хүчинд тавьсан мөн түүгээр хийгдсэн тэд бүгд түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болох бөлгөө;
Тэрээр Эцэгийг алдаршуулж, … түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг бөлгөө.15
Тиймээс Түүний сэргээгдсэн Сүмд бид “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг”16 хэмээн тунхагладаг. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.